Харамсах юмгүйгээр үйлчил
«Ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүл» (ФЛП. 3:13).
1-3. а) Зарим хүн хийсэн болон хийгээгүй зүйлийнхээ талаар яадаг вэ? б) Харамсах юмгүйгээр Бурхандаа үйлчлэхийн тулд Паулаас юу сурч болох вэ?
ХҮН гэмшиж харамсахлаараа «Тэгэх минь ч яав даа!» гэж хэлдэг. Тэр үед тэгээд хийчихсэн бол одоо амьдрал өөр байх байсан ч юм бил үү гэж бодох нь жирийн хэрэг. Харин зарим хүн өнгөрснөө хэтэрхий их бодоод шаналж, гуньж гутардаг. Тэгдэг л байж дээ хэмээн харамсдаг юм танд байдаг уу?
2 Зарим хүн алдаж эндэн амьдралдаа том хар толбо үлдээдэг. Тийм ч муу юм хийгээгүй атлаа зөв шийдвэр гаргасан эсэхдээ эргэлздэг хүмүүс бий. Харин өөр нэг хэсэг нь өнгөрснөө мартаж урагшаа харж амьдардаг. Нөгөө зарим нь «тэгээд л хийчих байсан юм» хэмээн үргэлж амаа барьж явдаг (Дуу. 51:3). Та аль нь вэ? Одооноос эхлээд шаналахгүйгээр Бурхандаа үйлчилмээр байна уу? Библид гардаг хэний түүхээс сургамж авч болох вэ? Элч Паулын тухай ярилцъя.
3 Паул ноцтой нүгэл ч үйлдсэн, ухаалаг шийдвэр ч гаргасан хүн. Тэрбээр буруу хэрэг хийсэндээ үнэн голоосоо гэмшдэг байжээ. Гэхдээ Бурхандаа үнэнч байхын төлөө чадах бүхнээ хийхэд хамаг анхаарлаа хандуулж сурчээ. Харамсах юмгүйгээр Бурханд үйлчилдэг байсан Паулаас үлгэр дууриал авцгаая.
ПАУЛ ХАРАМССАН НЬ
4. Элч Паул залуудаа ямар харамсмаар юм хийсэн бэ?
4 Саул гэдэг нэртэй байсан Паул залуудаа фарисай байв. Тэрбээр хожмын цагт амаа барих муухай юм их хийсэн ажээ. Жишээлбэл, Христийн шавь нарын эсрэг өрнөсөн харгис хавчлагыг удирдан манлайлж явсан. Стефаныг алагдсаны дараагаар «Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа» хэмээн Библид тэмдэглэжээ (Үйлс 8:3). «Чуулганыг хоосруулсан» гэж орчуулсан грек үг нь христиан хурал руу «зэрлэг араатан адил» хилэгнэн дайрсан гэсэн утга илэрхийлдэг хэмээн Библи судлаач эрдэмтэн Альберт Барнз хэлжээ. Саул сүсэг бишрэлтэй иудей хүнийхээ хувьд Христийн дагалдагчдыг газрын хөрснөөс арчин зайлуулах үүргийг Бурхнаас авсан гэдэгтээ бат итгэсэн байлаа. Тиймээс христиануудыг мөрдөж мөшгөн «эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов» «алж хядна гэж заналхийлдэг» зэрлэг балмад этгээд байв (Үйлс 9:1, 2; 22:4).a
5. Саул ямар учраас христиануудыг хавчихаа больж Христийн тухай тунхагладаг болсон бэ?
5 Саул Дамаскт очиж, Христийн дагалдагчдыг гэрээс нь чирч гулдран гаргаж Иерусалимд авчран Иудейн Дээд шүүхээр шийтгүүлэх санаатай байв. Гэвч христиан хурлын Тэргүүн саад хийсэн учир төлөвлөгөө нь нуржээ (Еф. 5:23). Саулыг Дамаск орох замд Есүс түүнтэй ер бусын аргаар уулзаж тэнгэрээс гэрэл цацруулахад нүд нь юм харахаа больдог. Дараа нь Есүс Саулыг Дамаск руу явуулж заавар өгтөл тэндээ хүлээхийг тушаажээ. Цааш нь юу болсныг бид мэдэх билээ (Үйлс 9:3–22).
6, 7. Паул ноцтой алдаагаа ухамсарладаг байсан нь юунаас харагддаг вэ?
6 Паул христиан болмогцоо үзэл бодлоо өөрчилжээ. Христиануудын заналт дайсан байхаа больж, харин ч тэдэнтэй мөр зэрэгцэн гал цогтой үйлчилдэг болсон. Гэсэн хэдий ч хожим нь өөрийнхөө тухай «Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан» хэмээн бичжээ (Гал. 1:13). Коринт, Филиппойн христианууд болон Тимотод бичсэн захидалдаа ч өнгөрсөн амьдралдаа харамсаж явдгаа дурссан байдаг (1 Коринт 15:9-ийг уншина уу; Флп. 3:6; 1 Тим. 1:13). Паул эдгээр зүйлийг бичихдээ өөрөөрөө бахархаагүй. Бас юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлаагүй. Ноцтой алдаа гаргаж явснаа сайн ойлгодог байсан (Үйлс 26:9–11).
7 Саул христиануудыг «хавчих аймшигтай ажилд» гар бие оролцож байсан тухай Библи судлаач Фредерик Фаррар бичжээ. Паулын амьдралын энэ бараан үеийг сайтар бодож байж л «ямар их сэтгэлийн зовлон эдэлж, шүүмжлэлийн бай болж байсныг нь төвөггүй ойлгоно» хэмээн тэрбээр цааш нь бичсэн байна. Паулыг янз бүрийн хуралд эргэлт хийхэд анх уулзсан христианууд: «Та чинь биднийг хавчаад байсан нөгөө Паул байна шүү дээ» гэж хэлсэн биз ээ (Үйлс 9:21).
8. Ехова Есүс хоёрын хайр, нигүүлслийг ойлгосон Паул яасан бэ? Бид юунд суралцаж болох вэ?
8 Бурхны нигүүлслийн ачаар л түүнд үйлчлэх болсноо Паул хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс Бурхны нигүүлслийн талаар Библийг бичигчдээс хамгийн олон удаа буюу 14 захидалдаа 90 орчим удаа дурджээ (1 Коринт 15:10-ыг уншина уу). Бурхныг нигүүлслээ үзүүлсэнд нь Паул ихэд талархаж, бусад элчээс «илүү их хөдөлмөрлөсөн юм». Хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч түүнийгээ илчилж, дахин давтахгүй байвал Ехова тэр хүнийг Есүсийн золих тахилын үндсэн дээр уучлахад бэлэн байдгийг Паулын жишээ харуулдаг. Хэрэв та Христийн золиос ч үйлдсэн нүглийг минь цайруулж чадахгүй гэж боддог бол Паулыг санаарай (1 Тимот 1:15, 16-г уншина уу). Христийг заналтай нь аргагүй хавчдаг байсан тэрбээр: «Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүү» хэмээн бичжээ (Гал. 2:20; Үйлс 9:5). Паул харамсахгүйгээр Бурханд үйлчлэхийн нууцад суралцсан. Өөрөөр хэлбэл, өнгөрснөө байн байн бодож өөрийгөө буруутгалгүй Еховагийн төлөө чадах бүхнээ хийх ёстойгоо ойлгосон. Таны тухайд юу хэлж болох вэ?
ТАНД ХАРАМСАХ ЮМ БАЙДАГ УУ?
9, 10. а) Зарим Гэрч юунаас болоод харамсдаг вэ? б) Өнгөрснөө байн байн бодон шаналах нь яагаад сайн биш вэ?
9 Танд одоо ч харамсаж явдаг зүйл байдаг уу? Хамаг хүч, хайран цагаа буруу юманд зориулж байв уу? Хийсэн зүйлээс тань болж бусад хүн хохирч байсан уу? Эсвэл өөр янз бүрийн шалтгаанаар сэтгэл тавгүйтэж харамсдаг байж болох юм. Хэрэв тэгдэг бол яах нь зүйтэй вэ?
10 Сэтгэлийн дарамттай явдаг хүн олон. Тэд алдаагаа дахин дахин бодоод шаналж, гуньж гутардаг. Санаа зовлоо гээд юу ч өөрчилж чадахгүй шүү дээ! Савлуур дээр суусан хүн хамаг хүчээ шавхаж хэдэн цагаар савчаад ч урагшаа явж чадахгүйн адил санаа зовоод дэмий суух нь цаг зав, хүч чадал барахаас цаашгүй. Харин өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийвэл сайн үр дүнд хүрч болох юм. Жишээ нь, уурыг нь хүргэсэн хүнээс уучлалт гуйгаарай. Эвлэрэхийг хичээгээрэй. Яагаад алдсанаа, яавал давтахгүй байхыг бодоорой. Хийсэн хэргийнхээ үр дагаврыг зүгээр л тэвчиж өнгөрөөхөөс өөр аргагүй үе байдаг. Гэхдээ л өнгөрснөө бодон шаналаад байвал Бурхандаа тууштай үйлчилж чадахгүй.
11. а) Яавал Еховагийн хайр энэрэл, өршөөл нигүүлслийг хүртэх вэ? б) Библийн ямар зөвлөгөөг дагавал өөрийгөө буруутган шаналалгүй, тайван амгалан явах вэ?
11 Зарим хүн алдаа гаргаж явснаасаа болоод өөрийгөө Бурхны хувьд үнэ цэнэгүй гэж үздэг. Тэд гаргасан алдаагаа ноцтой гэж бодох юм уу байн байн алддагаасаа болоод Бурхны нигүүлслийг хүртэх эрхгүй юм шиг санадаг. Гэхдээ хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч буруугаа хүлээн зөвшөөрч, дахин давтахгүй байж, Бурхнаас уучлалт гуйх нь чухал (Үйлс 3:19). Хэрэв тэгвэл Ехова өршөөл нигүүлсэл, хайр энэрлээ үзүүлнэ. Үүнийг батлах бодит жишээ олон бий. Чин сэтгэлээсээ гэмшсэн үнэнч, даруу хэнийг ч болов Ехова өгөөмрөөр уучилдаг. Тэдний нэг нь Иов юм. Тэрбээр: «Шороо ба үнсэн дунд гэмшье» хэмээн хэлсэн байдаг (Иов 42:6). Өөрийгөө буруутган шаналалгүй, тайван амгалан явъя гэвэл Библийн зөвлөгөөг дагах учиртай. Библид «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ» гэсэн байдаг (Сур. 28:13; Иак. 5:14–16). Тэгэхлээр Бурханд нүглээ илчилж, өршөөл гуйн залбирч, гэмшсэнээ үйл хэргээрээ батлахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй аж (2 Кор. 7:10, 11). Ийм хүн «өгөөмрөөр уучилдаг» Еховагийн өршөөл энэрлийг хүртэнэ (Ис. 55:7).
12. а) Үйлдсэн нүглээсээ болж шаналж байгаа бол Давидыг дууриан юу хийж болох вэ? б) Ехова «харамссан» гэдгийг юу гэж ойлгох вэ? Үүнийг мэдэх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? (Хавсралт үзнэ үү).
12 Бурхны тусламжийг авъя гэвэл залбирах нь чухал. Давид сэтгэл зүрхээ уудлан итгэлтэйгээр залбирсныг «Дуулал» номд яруу сайхнаар дүрсэлсэн байдаг (Дуулал 32:1–5-ыг уншина уу). Тэрбээр гэм нүглээ нуун далдалснаас болоод сэтгэл зүрх нь шаналж, баяр баясгалангүй болж, тамир тэнхээ нь барагджээ! Харин Бурханд нүглээ хүлээн зөвшөөрсний дараа л тайвширч, санаа нь амарсан. Ехова Давидын залбирлыг сонсож, урамшуулан зоригжуулж, зөв юм хийхэд нь тусалжээ. Та ч бас алдаж эндсэндээ шаналдаг бол эхлээд Еховагаас өршөөл гуйн чин зүрхнээсээ залбирч, алдаагаа засахын тулд шаардлагатай бүхнийг хийгээрэй. Тэгээд, залбирлыг тань Ехова анхааралтай сонсоод уучилсан гэдэгт итгээрэй! (Дуу. 86:5).
ИРЭЭДҮЙГЭЭ БОД
13, 14. а) Бид юуны талаар бодох ёстой вэ? б) Ямар байгаагаа мэдэхийн тулд өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
13 Хүн өнгөрснөөсөө сургамж авдаг нь үнэн. Гэхдээ хэтэрхий их шаналахын оронд одоо ба ирээдүйгээ бодох хэрэгтэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би гаргаж байгаа шийдвэрээсээ болоод хэдэн жилийн дараа амаа барих юм биш биз? Хожим хойно нь харамсахгүйн тулд Бурхандаа үнэнч үйлчилж байна уу?».
14 Агуу их гай гамшиг улам бүр ойртож байна. Тиймээс дараах асуултыг бодож үзэх нь ухаалаг хэрэг болно. «Бурхны төлөө одоогийнхоосоо илүү ихийг хийх боломж надад бий юү? Боломжтой хэр нь эхлэгчээр үйлчлэхээс халгаад байгаа юм биш биз? Туслах үйлчлэгч болоход надад юу саад болж байна вэ? Шинэ хүнийг өмсөх гэж үнэхээр хичээж байна уу? Ехова намайг шинэ ертөнцөд амьдрах зохистой хүн гэж үздэг үү?». Хийгээгүй зүйлээсээ болж хий дэмий санаа зовохын оронд, байгаа байдлаа үнэн зөвөөр дүгнээд, Еховагийн төлөө чадах бүхнээ одоо хийгээрэй. Эс тэгвэл хожим нь харамсана (2 Тим. 2:15).
БУРХАНД ҮЙЛЧИЛДЭГТЭЭ БҮҮ ХАРАМС
15, 16. а) Бурханд үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан хүмүүс юу юу золиосолсон байдаг вэ? б) Хаанчлалын төлөө золиосолсон юмандаа харамсах ёсгүйн учир юу вэ?
15 Та Еховад бүрэн цагаар үйлчлэхийн тулд ямар нэг юмаа золиосолсон уу? Цалин сайтай ажил, ирээдүйтэй бизнесээ орхиод эгэл жирийн амьдарч, Хаанчлалын төлөө илүү их цаг зарцуулдаг болсон байж болох юм. Эсвэл Бетелд үйлчлэх, олон улсын барилгын ажилд оролцох, явуулын харгалзагч, миссионер болохыг хүнтэй суух, хүүхэд төрүүлэхээс илүү чухалд үзэхээр шийдсэн байж мэднэ. Нас ахихын хэрээр иймэрхүү шийдвэр гаргасандаа харамсахын хэрэг байна уу? Цагийг нь ололгүй буруу шийдвэр гаргалаа гэж бодох хэрэг байна уу? Байхгүй!
16 Та Еховаг зүрхнийхээ угаас хайрлаж, хүмүүст туслах гэсэн ирмүүн хүсэлдээ хөтлөгдөөд ийм шийдвэр гаргасан шүү дээ. Бүрэн цагаар үйлчлээгүй байсан бол амьдрал маань арай л дээр байх байсан гэж битгий бодоорой. Харин ч ухаалаг алхам хийсэндээ баярлаарай. Та Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Таны золиосолсон бүхнийг Ехова хэзээ ч мартахгүй. Таныг «жинхэнэ амьтай» болохлоор Ехова төсөөлж байснаас тань хавьгүй илүү ивээл хишиг хүртээнэ! (Дуу. 145:16; 1 Тим. 6:19).
ХАРАМСАХ ЮМГҮЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД
17, 18. а) Паул харамсах юмгүйгээр Бурханд үйлчилж байсны нууц юу вэ? б) Та Паулыг санаж яахаар шийдсэн бэ?
17 Паул харамсах юмгүйгээр Бурханд үйлчилсний нууц нь юу вэ? Түүний хэлсэн үгнээс харвал өнгөрсөн амьдралаа бодож шаналахын оронд шагнал авахын төлөө хичээж мэрийдэг байжээ (Филиппой 3:13, 14-ийг уншина уу). Иудейн шашин шүтдэг байхдаа хийсэн муухай хэргээ байнга бодож шаналдаггүй байсан. Харин мөнх амийн шагнал авах зохистой хүн болохын тулд хамаг хүчээ дайчилжээ.
18 Паулын хэлсэн үгнээс юу мэдэж болох вэ? Өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш дэмий харамсалгүй, ирээдүйн ивээлийг хүртэхийн тулд одоо юу хийж чадахаа анхаарах хэрэгтэй. Өнгөрснөө ор тас мартаж чадахгүй байж магадгүй. Гэхдээ байнга бодоод өөрийгөө зүхээд байх хэрэггүй. Алдаж эндсэнээ мартахыг хичээж, Бурхныхаа төлөө одоо чадах бүхнээ хийн, ямар гайхалтай ирээдүй биднийг хүлээж байгааг бодож явцгаая!
a Саул эмэгтэйчүүдийг хавчиж байсан тухай Библид олон удаа гардаг. Эндээс харвал, эмэгтэйчүүд I зуунд ч дэлгэрүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ (Дуу. 68:11).