Христийн сэтгэлгээний төлөвийг тусгагтун
«Тэсвэр хатуужил ба тайвшралын Бурхан, та нарыг өөр хоорондоо Есүс Христийн адил сэтгэдэг болгох болтугай» (РОМ 15:5, ШЕ).
1. Хүний санааны байдал амьдралд нь хэрхэн нөлөөлдөг вэ?
ХҮНИЙ сэтгэлгээний төлөв буюу санаа нь амьдрал дээр нь илт тусаж байдаг. Тэр хүн салан задгай юу, эсвэл хичээл зүтгэлтэй юу; зөрүүд муйхар уу, эсвэл хамтран ажиллахад бэлэн үү; санаа сайтай юу, эсвэл муу санаатай юу; алив зүйлд хямсгар байдаг уу, эсвэл бүх юманд талархалтайгаар ханддаг уу гэх мэтийн олон зүйлээс уг хүн янз бүрийн нөхцөл байдалд биеэ хэрхэн авч явах хийгээд бусад хүн түүнд яаж хандах нь хамаардаг. Сайн санаатай хүн нилээд хүндхэн нөхцөл байдлын үед ч гэсэн тайван байдлаа хадгалж чаддаг. Харин муу санаатай хүний хувьд бүх юм хэвийн сайн байлаа ч бүгд болж бүтэхгүй байгаа юм шиг санагддаг.
2. Хүнд сайн ч бай, муу ч бай санаа хэрхэн бий болж төлөвшдөг вэ?
2 Сайн санаатай юм уу, эсвэл муу санаатай болж төлөвшиж болно. Ер нь ч санаагаа төлөвшүүлэх хэрэгтэй л дээ. Нэгэн нэвтэрхий тольд: «Нярай хүүхдийн санаа нь хожим төлөвшдөг. Түүнийг хүүхэд эсвэл өөрөө хөгжүүлдэг, эсвэл олж авдаг. Энэ нь хэлний болон өөр ямар нэгэн дадал олж авахтай адил юм» гэж бичсэн байдаг («Collier’s Encyclopedia»). Санаагаа бид хэрхэн төлөвшүүлдэг вэ? Энэ нь олон зүйлээс хамаарах боловч үүнд хүрээлэн байгаа орчин болон харьцаа багагүй үүрэг гүйцэтгэдэг. Мөнхүү нэвтэрхий тольд: «Бид ойр дотно харьцаж байдаг хүмүүсийнхээ санааг аажмаар хүлээн авах буюу шингээдэг» гэж бичжээ. Үүнтэй ямар нэгэн хэмжээгээр төстэй зүйлийг Библид: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» хэмээн олон мянган жилийн тэртээ бичжээ (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33).
Зөв санааны жишээ
3. Сэтгэлгээний төлөвийн хувьд бидэнд хэн үлгэр жишээ болох вэ? Үүнийг хэрхэн дуурайж болох вэ?
3 Есүс Христ бүх л юманд хамгийн сайн жишээ үзүүлсэн шигээ санааны хувьд ч мөн хамгийн шилдэг жишээ үзүүлсэн билээ. Тэрбээр: «Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» гэж хэлсэн (Иохан 13:15). Бид Есүс шиг байхын тулд юуны түрүүнд түүнийг сайн таньж мэдэх хэрэгтэй. «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлал үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн юм» гэж хэлсэн элч Петрийн үгийг сахьж мөрдөхийн тулд бид Есүсийн амьдралыг судалдаг (1 Петр 2:21). Бидний зорилго бол аль болохоор Есүстэй илүү адилхан байх явдал юм. Үүний тулд бид Есүст байсан шиг сэтгэлгээний төлөвийг хөгжүүлэх шаардлагатай.
4, 5. Ром 15:1–3-т бичигдсэн санаа Есүсийн сэтгэлгээний төлөвийн ямар онцлогийг илэрхийлсэн бэ? Христианууд Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
4 Христ Есүсийнх шиг сэтгэлгээний төлөвтэй байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ асуултад хариулахад элч Паулаас ромчуудад илгээсэн захидлын 15-р бүлэг бидэнд тусална. Эхний зүйлүүдэд Есүсийн нэгэн гайхамшигтай чанарын талаар Паул: «Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин „Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув“ гэсний адил байсан юм» гэж бичжээ (Ром 15:1–3).
5 Христианууд Есүсийн санааг дуурайн, зөвхөн өөртөө нийцүүлэх гэж хичээлгүй, бусдын хэрэгцээ шаардлагын талаар даруухнаар санаа тавихад бэлэн болж хүмүүждэг. Тийнхүү бусдад даруухнаар үйлчлэхэд бэлэн байдал нь «хүчтэй» хүмүүсийг ялгаруулж өгдөг. Сүнслэг талаараа аль ч үед амьдарч байсан хүмүүсээс хамаагүй хүчтэй байсан Есүс өөрийнхөө тухай: «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ» хэмээн хэлсэн (Матай 20:28). Христианууд бид мөн адил бусдад, тэр дундаа «хүчгүй» хүмүүст үйлчлэхийг хүсдэг.
6. Муу хэлж, эсэргүүцэж байсан хүмүүстэй Есүсийн харьцаж байсан жишээг бид хэрхэн дуурайж болох вэ?
6 Есүсийн өөр нэгэн гайхалтай сайхан чанар бол бодол санаа нь үлгэр жишээ болж үйл хэрэг нь ямагт эерэг сайн байдаг байсан явдал юм. Тэрбээр Бурханд үйлчлэхдээ орчныхоо буруу сэтгэлгээний нөлөөнд автдаггүй байлаа. Бид ч, мөн адил байх ёстой. Бурхныг үнэнчээр шүтэж байсных нь төлөө муу хэлж, мөрдөн хавчиж байхад нь ч гэсэн Есүс дув дугай, тэвчин өнгөрөөж байсан билээ. Бусдын «сайн сайхны төлөө, түүнийг босгон байгуулахын тулд» хүчин чармайлт гаргагч хүмүүс үл итгэгчид хийгээд тэднийг үл ойлгогч ертөнцийнхний зүгээс талынхны эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг Есүс мэдэж байлаа.
7. Есүс хэрхэн тэвчээр гаргадаг байсан бэ? Бид тийм байхын учир юу вэ?
7 Есүс өөр зүйлүүд дээр ч зөв санаа гаргадаг байсан. Тэрбээр Еховагийн санаа зорилготой холбоотой асуудал дээр хэзээ ч тэвчээр алдаж байгаагүй бөгөөд биелэлийг нь тэвчээртэйгээр хүлээдэг байлаа (Дуулал 110:1; Матай 24:36; Үйлс 2:32–36; Еврей 10:12, 13). Түүнээс гадна, Есүс шавь нартайгаа харьцахдаа тэвчээр алддаггүй байв. Тэдэнд хандан: «Надаас суралц» гэж хэлжээ. Есүс «даруу» байсан учраас түүний сургаал тэдэнд хүч нэмж, урам зориг хайрладаг байсан юм. Тэрбээр «зүрх сэтгэлдээ дөлгөөн» байсан болохоор хэзээ ч их зантай буюу бардам сагсуу байгаагүй (Матай 11:29). Энэ талаар Есүсийг дуурайхыг уриалж Паул: «Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ» гэж бичжээ (Филиппой 2:5–7).
8, 9. а) Амин хувиа хичээх сэтгэлгээний эсрэг тэмцэх хэрэгтэйн учир юу вэ? б) Есүсийн жишээг яг таг дуурайх гэсэн оролдлого маань бүтэлгүйтэхэд хүрвэл сэтгэлээр унах хэрэггүйн учир юу вэ? Энэ талаар Паул ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
8 Бид бусдад үйлчилж, тэдний эрх ашгийг өөрийнхөөсөө дээр тавихыг хүсдэг гэж хэлэхэд амархан. Гэвч хэрэв сэтгэлгээнийхээ төлөвийг чин шударгаар нягталж үзэх аваас зүрх сэтгэл маань бас ч яг тийм биш гэдэг нь тодорхой болдог. Яагаад? Яагад гэвэл: 1) бид Адам Ева хоёроос амин хувиа хичээдэг чанарыг өвлөн авсан, 2) бид амиа бодож, довоо шарлуулахыг хөөрөгддөг ертөнцөд амьдарч байгаа билээ (Ефес 4:17, 18). Амин хувиа хичээдэггүй болж төлөвшихийн тулд өөрсдийнхөө төрөлхийн, төгс бус хандлагын эсрэг чиглэсэн санааг хөгжүүлэх шаардлагатай болдог. Үүний тулд шийдвэртэй алхам, хүчин чармайлт хэрэгтэй.
9 Есүсийн үлдээсэн төгс жишээний дэвсгэр дээр дэндүү тод илэрдэг илэрхий төгс бус байдал маань заримдаа биднийг уйтгар гунигт унагадаг. Есүсийн сэтгэлгээний төлөвтэй болох нь ерөөсөө бүтэхгүй зүйл гэсэн эргэлзээнд ч хүргэж болдог. Гэвч: «Миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Би доторх хүнийхээ хувьд Бурхны хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна» гэж хэлсэн Паулын итгэлийн оч бадраасан үгэнд анхаарлаа хандуулаарай (Ром 7:18, 19, 22, 23). Тийм ээ, Бурхны хүсэл тааллыг хүссэнээрээ гүйцэлдүүлэх гэхэд нь төгс бус байдал нь Паулд нэг бус удаа саад болж байлаа. Гэвч Паулын санаа, өөрөөр хэлбэл Еховагийн тухай, мөн түүний хууль хийгээд түүнтэй уялдан өөрт нь бий болсон чанаруудын талаарх санаа бодол нь үлгэр жишээ байсан юм. Бид ч мөн ийм байж чадах билээ.
Буруу санаагаа засъя
10. Паул ямар санаа хөгжүүлэхийг филиппойчуудад уриалсан бэ?
10 Буруу санаатай хэн нэгэн түүнийгээ засах шаардлага гардаг уу? Гаралгүй яахав. Нэгдүгээр зууны зарим христиан хүнд тийм шаардлага гарсан бололтой. Филиппойчуудад илгээсэн захидалдаа Паул христиан хүн зөв санаатай байх талаар бичжээ. Тэрбээр: «Би хэдийнээ [илүү эртний амилалтаар тэнгэрийн амийг] хүлээн авсан юм уу, эсвэл хэдийнээ төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүсээр юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая» гэжээ (Филиппой 3:12–15).
11, 12. Бидэнд сэтгэлгээний ямар төлөв хэрэгтэйг Ехова хэрхэн хэлж өгдөг вэ?
11 Хэрэв хүн христиан болсноосоо хойш сүнслэг талаараа өсөх шаардлагатайгаа ойлгохгүй бол энэ нь сэтгэлгээний буруу төлөв юм гэдэг нь Паулын үгнээс харагдаж байна. Тэрбээр Христийн сэтгэлгээний төлөвийг дуурайж хүч хүрээгүй юм (2 Петр 1:10; 3:14; Еврей 4:11). Энэ хүний байдал ямар ч найдваргүй гэж хэлж болох уу? Огт үгүй. Хэрэв бид санаагаа өөрчлөхийг үнэхээр хүсвэл Бурхан тусална. Паул цааш нь: «Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ» гэжээ (Филиппой 3:15).
12 Гэхдээ сэтгэлгээний ямар төлөвтэй байхаа Еховагаар хэлүүлэхийг хүсэж байгаа бол бид хүчин чармайлт гаргах ёстой. «Итгэмжит ухаалаг боолын» хэвлэлийн тусламжтайгаар Бурхны Үгийг хичээнгүйлэн судлах нь «өөр бодолтой байгаа» хүмүүст сэтгэлгээний зөв төлөвийг хөгжүүлэхэд тустай (Матай 24:45). «Бурхны хурлыг хариулахаар» ариун сүнсээр томилогдсон ахлагч нар тийм хүмүүст дуртайяа тусална (Үйлс 20:28). Ехова төгс бус байдлыг маань тооцон харгалзаж, хайрлан тусалдаг нь юутай баярлан бахадмаар вэ! Түүний тусламжийг авцгаая.
Бусдаас суралцъя
13. Иовын тухай түүх зөв санааны талаар бидэнд ямар сургамж болдог вэ?
13 Түүхийн жишээнүүдийг сайтар эргэцүүлэн бодох нь санаагаа засахад бидэнд тусална гэдгийг ромчуудад илгээсэн Паулын захидлын 15-р бүлгээс харж болно. Тэрбээр: «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» хэмээн бичжээ (Ром 15:4). Еховагийн эрт цагийн зарим үнэнч үйлчлэгч санаагаа ямар нэгэн хэмжээгээр засах шаардлагатай болсон байдаг. Жишээ нь: Иов ерөнхийдөө сайн санаатай хүн байв. Тэрбээр Ехова муу юм хийдэг гэж үзээгүй бөгөөд өөрт нь учирсан зовлон бэрхшээл Бурханд итгэх итгэлийг нь алдруулаагүй (Иов 1:8, 21, 22). Гэхдээ Иов өөрийгөө зөвтгөх хандлагатай байлаа. Энэ хандлагаа засахад нь Иовд туслуулахаар Ехова Елихуг явуулсан. Үүнд нь Иов гомдоогүйгээр барахгүй санаагаа засах шаардлагатайг даруухнаар хүлээн зөвшөөрч, тэр даруйд уг арга хэмжээг авчээ (Иов 42:1–6).
14. Санаа маань ямар байгаа талаар хэн нэгэн христиан хүн зөвлөгөө өгвөл бид Иовыг хэрхэн дуурайж болох вэ?
14 Хэрэв итгэл нэгтнүүдээс маань хэн нэг нь сайн санааны үүднээс биднийг буруу санаатай байна гэж хэлбэл бид Иов шиг хүлээж авч чадах уу? Түүн шиг, ямар ч байдлаар «Бурхныг буруутгахгүй» байцгаая (Иов 1:22). Хэрэв бид шударга бус шалтгааны улмаас зовлон бэрхшээлд унасан байлаа ч Бурхныг буруутгаж, заалдан гомдоллохгүй байцгаая. Еховад үйлчлэхдээ ямар ч нэр хүндтэй үүрэг гүйцэтгэлээ гэсэн «зохисгүй боолууд» хэвээрээ л байна гэдгээ санан, өөрсдийгөө зөвтгөхгүй байцгаая (Лук 17:10).
15. а) Есүсийн зарим дагалдагч ямар буруу санаатай байсан бэ? б) Петр сайн санаа хэрхэн илэрхийлсэн бэ?
15 Нэгдүгээр зуунд Есүсийн үгийг сонсдог байсан зарим хүний санаа нь буруу байлаа. Нэгэн удаа Есүс ойлгоход хэцүү санааг илэрхийлж хэлсэн. Үүний хариуд «дагалдагчдаас олонх нь: „Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ?“ гэцгээв». Тийн хэлсэн хүмүүс буруу санаатай байсан нь лавтай. Энэ нь тэгээд тэднийг Есүсийн үгийг сонсохоо болиход хүргэсэн. Библид: «Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй» гэж байдаг. Гэхдээ тэд бүгд тийм санаатай байсан уу? Үгүй ээ. Цааш нь: «Тэгээд Есүс арван хоёртоо: „Та нар бас явахыг хүсэж байна уу?“ гэхэд Симон Петр: „Эзэн, бид хэн уруу явах юм бэ?“ гэв» гэж байдаг. Дараа нь Петр асуусан асуултдаа өөрөө хариулан: «Мөнх амийн үгс Танд байна» гэж хэлсэн (Иохан 6:60, 66–68). Ямар сайхан санаа вэ! Библийн зүйлүүдийг тайлбарласан буюу өөрчилсөн байдал нь хүлээн зөвшөөрхийн аргагүй юм шиг санагдвал Петрийнх шиг санаагаар хандаж болохгүй нь юу билээ? Ямар нэгэн зүйлийг шууд ойлгоогүйгээсээ болоод «эрүүл үгсээс» гадуур зүйл ярих юм уу, эсвэл Еховад үйлчлэхээ больчихвол тэнэг хэрэг болно оо доо! (2 Тимот 1:13).
16. Есүсийн үед иудейн шашны удирдагчид ямар жигшүүрт санаатай байсан бэ?
16 Нэгдүгээр зууны иудейн шашны удирдагчдад Есүсийнх шиг сэтгэлгээний төлөв байгаагүй. Тэд Есүсийн үгийг хүлээж авахаас эрс татгалздаг байв. Энэ нь Есүс Лазарыг дахин амилуулахад болсон үйл явдлаас харагддаг. Зөв санаатай бүх хүний хувьд энэ гайхамшиг нь Есүсийг Бурхан илгээсэн гэдгийн маргашгүй нотолгоо байлаа. «Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж: „Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа“ гэцгээв». Тэд яахаар шийдсэн бэ? «Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв». Есүсийг алахаар үгсэн нийлсний зэрэгцээ тэд гайхамшиг үйлдэх чадварынх нь амьд жишээг устгахаар шийдэн: «Ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв» (Иохан 11:47, 48, 53; 12:9–11). Хэрэв бид тийм санаатай болж, чухамдаа баярлавал зохилтой юмандаа уур маань хүрдэг болчихвол юутай гутамшиг вэ! Тэгвэл энэ нь ямар аюултай байх бол оо!
Христийн эерэг санааг дуурайцгаая
17. а) Даниел ямар нөхцөл байдлын дунд аймшиггүй зориг гаргасан бэ? б) Есүс хэрхэн эр зориг гаргаж байсан бэ?
17 Еховагийн үйлчлэгчид эерэг санаатай байдаг. Даниелын дайснууд хуйвалдан, гуч хоногийн турш хаанаас өөр аль нэгэн бурхан юм уу хүнд хандан залбирахыг хориглосон хууль гаргуулж амжихад энэ бол Ехова Бурхантай харьцах харьцаанд нь муугаар нөлөөлнө гэдгийг Даниел ойлгосон. Тэгээд Даниел 30 хоногийн турш залбираагүй юү? Еховад хандан өдөрт гурван удаа залбирдаг залбирлаа заншсан ёсоороо аймшиггүйгээр үргэлжлүүлсээр байв (Даниел 6:6–17). Есүс ч мөн адил дайснуудаасаа айдаггүй байсан. Нэгэн амралтын өдөр Есүс хатингар гартай хүнтэй учирчээ. Хэрэв хэн нэгнийг амралтын өдөр эдгээвэл, энэ нь тэнд байгаа олон иудей хүнд таалагдахгүй гэдгийг Есүс мэдэж байлаа. Амралтын өдөр өвчтэй хүнийг эдгээх нь зөв эсэх талаар саналыг нь асуухад тэд хариу өгөөгүй тул Есүс тэр хүнийг эдгээжээ (Марк 3:1–6). Зөв гэж үзэж байгаа тохиолдолдоо Есүс даалгавраа биелүүлэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй юм.
18. Биднийг ямар учраас эсэргүүцдэг вэ? Эсэргүүцэгчдийн сөргүү санаанд бид яаж хандах ёстой вэ?
18 Эсэргүүцэгчдийнхээ ямар ч сөрөг үйлдлээс мөн адил айх хэрэггүй гэдгийг Еховагийн Гэрчүүд өнөөдөр ухамсарлан ойлгож байгаа. Хэрэв тийм биш байвал энэ нь Христийн сэтгэлгээний төлөвтэй үл нийцэх хэрэг болно. Еховагийн Гэрчүүдийг эсэргүүцэгчид олон бий. Нэг хэсэг нь тэдний талаар буруу ойлголттойгоосоо болоод, нөгөө зарим нь тэднийг буюу дэлгэрүүлдэг мэдээг нь үзэн яддагаасаа болоод эсэргүүцдэг. Тэдний дайсагнасан хандлагаас болоод бид сэтгэлгээний эерэг төлөвөө алдаж үл болно. Бид яаж шүтэхээ хэн нэгнээр заалгах учиргүй.
19. Бид Есүс Христийнх шиг сэтгэлгээний төлөвтэй гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
19 Ямар ч хүнд хэцүү байлаа гэсэн Есүс шавь нартаа болон Бурхны байгууламжид цаг ямагт эерэг сайнаар ханддаг байв (Матай 23:2, 3). Бид түүний жишээг дуурайх ёстой. Тийм ээ, итгэл нэгтнүүд маань ч, бид ч төгс биш шүү дээ. Түүнээс гадна, манай дэлхий дахины Еховагийн байгууллагаас өөр илүү үнэнч, гайхалтай сайн анд нөхдийг бид хаанаас олох билээ? Одоохондоо Ехова өөрийнхөө Үгийг бүрэн төгс ойлгох боломжийг бидэнд олгоогүй байна. Гэхдээ түүнийг биднээс илүү сайн ойлгодог шашны өөр бүлэг байна уу? Тэгэхлээр цаг үргэлж Есүс Христэд байсан шиг сэтгэлгээний зөв төлөвтэй байцгаая. Үүнд олон зүйл хамаарахын зэрэгцээ Еховаг хүлээх чадвар ордог юм. Энэ тухай дараагийн өгүүллээр хэлэлцэх болно.
Та хэрхэн тайлбарлахсан бол?
• Бидний сэанааны байдал амьдралд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
• Христийн сэтгэлгээний төлөвийг дүрслэн хэлнэ үү.
• Иовын санаанаас бид ямар сургамж авч болох вэ?
• Эсэргүүцлийн эсрэг ямар санаатай байх нь зөв бэ?