Сүнсний дагуу явж, амар тайван, үүрд мөнх амьдрагтун
«Махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу яв» (РОМ 8:4).
1, 2. а) Жолоо барьж явахдаа өөр юм анхаарвал ямар аюултай вэ? б) Сүнслэг зүйлээс өөр юм анхаардаг болбол ямар аюултай вэ?
«ТЭЭВРИЙН хэрэгслийг анхаарал болгоомжгүй жолоодох явдал жилээс жилд нэмэгдэж байна» хэмээн АНУ-ын зам тээврийн яамны сайд дүгнэжээ. Жолоочийн анхаарлыг сарниулдаг нэг хэрэгсэл нь гар утас юм. Машинд мөргүүлсэн эсвэл мөргүүлэх шахсан хүмүүсээс судалгаа авчээ. Тухайн үед жолооч утсаар ярьж явсан гэж судалгаанд хамрагдагсдын гуравны нэгээс илүү нь хэлсэн байна. Жолоо барьж явахдаа өөр ажил амжуулах нь ашигтай юм шиг боловч аймшигтай хор хөнөөлд хүргэж болох юм.
2 Бурхантай тогтоосон харьцаанд маань ийм аюул учирч болзошгүй. Анхаарал нь сарнисан жолооч замын тэмдгүүдийг анзаардаггүй шиг сүнслэг зүйлээс өөр юмыг анхаардаг болсон хүн аюултай зам руу орохдоо амархан. Хэрэв бид христиан амьдралаас хөндийрч, сүнслэг үйл хэргээс холдвол итгэл маань сүйрсэн хөлөг онгоц мэт болох аюултай (1 Тим. 1:18, 19). Элч Паул Ром дахь христиануудыг энэ аюулаас сэрэмжлүүлэн «Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой» гэж хэлсэн (Ром 8:6). Үүгээрээ Паул ямар санаа хэлэх гэсэн юм бол оо? «Махан биеийн бодол санаатай» болохоос зайлсхийж, «сүнсний бодол санаатай» болохын тулд яах хэрэгтэй вэ?
Тэдэнд «ямар ч ял байхгүй»
3, 4. а) Паул ямар тэмцлийн тухай бичсэн бэ? б) Бид яагаад Паулыг ойлгодог вэ?
3 Паул ромчуудад илгээсэн захидалдаа дотроо тэмцэлддэг буюу махан бие бодол санаа хоёр нь зөрчилддөг тухайгаа бичсэн байдаг (Ром 7:21–23-ыг уншина уу). Захидлаас нь харахад, тэрбээр нүгэлд дарлуулсандаа өөрийгөө зөвтгөөд, өрөвдөөд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэвч үнэндээ тийм биш байв. Тэгээд ч Паул «үндэстнүүдийн элчээр» сонгогдсон, сүнсээр тослогдсон, төлөвшсөн христиан байсан (Ром 1:1; 11:13). Тэгвэл яагаад дотоод тэмцлийнхээ тухай бичсэн юм бол?
4 Бурхны хүсэл тааллыг хүссэнээрээ биелүүлж чадахгүйгээ Паул шууд хүлээн зөвшөөрчээ. Үүнийхээ учрыг тэрбээр: «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй» хэмээн тайлбарласан (Ром 3:23). Паул ч Адамын үр удам тул төгс бус, нүгэлтэй хүн байв. Бид Паулыг ойлгодог. Яагаад гэвэл бүгдээрээ төгс бус бөгөөд өдөр бүр дотроо тэмцэлддэг. Түүнээс гадна, анхаарлыг маань сарниулж, «амь уруу хөтөлдөг» замаас гаргах юм зөндөө байна (Мат. 7:14). Гэлээ ч Паулд найдвар байсны адил бидэнд бас найдвар бий.
5. Паул юуны ачаар тэмцэлд ялсан бэ?
5 «Хэн намайг ... ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» гэж Паул бичжээ (Ром 7:24, 25). Тэгээд цааш нь «Христ Есүс дотор байгаа хүмүүс» буюу тослогдсон христиануудад хандсан (Ром 8:1, 2-ыг уншина уу). Ехова тэднийг ариун сүнсээрээ үрчлэн авч «Христийн хамтран залгамжлагчид» гэж дуудах болсон (Ром 8:14–17). Тэд Бурхны сүнс болон Христийн золиосонд итгэх итгэлийнхээ ачаар Паулын ярьж байсан тэрхүү тэмцэлд ялалт байгуулах чадвартай болдог. Тиймд тэдэнд «ямар ч ял байхгүй». Тэд «нүглийн болон үхлийн хуулиас» чөлөөлөгддөг.
6. Бурхны бүх үйлчлэгч Паулын зөвлөгөөг анхаарах хэрэгтэйн учир юу вэ?
6 Паул Бурхны сүнс болон Христийн золиосны талаар тослогдсон христиануудад хандаж бичсэн боловч энэ нь хаана амьдрах найдвартайгаас нь үл хамааран Еховагийн бүх үйлчлэгчид тустай. Паул ариун сүнсээр хөтлүүлэн бичсэн учраас Бурхны үйлчлэгчид бүгдээрээ түүний зөвлөгөөг сайн ойлгож, ажил хэрэг болгох нь зайлшгүй чухал юм.
Бурхан «махан биеийн дотор нүглийг шийтгэсэн» нь
7, 8. а) Мосегийн хууль «махан биеэр мөхөс болсон» гэж юу гэсэн үг вэ? б) Бурхан ариун сүнс болон золиосны үндсэн дээр юу хийсэн бэ?
7 Паул «Ром» номын 7-р бүлэгт төгс бус хүмүүс нүглийн эрхшээлд байдгийг хүлээн зөвшөөрч, 8-р бүлэгт ариун сүнс хэр зэрэг хүчтэйг бичжээ. Христиануудыг нүгэл үйлдэх хандлагатайгаа тэмцэж, Еховагийн хүсэл тааллын дагуу амьдран сайшаалыг нь хүлээхэд Бурхны сүнс хэрхэн тусалдгийг тэрбээр тайлбарласан. Мосегийн хуулийн хийж чадаагүйг Бурхан ариун сүнсээрээ болон Хүүгийнхээ золих тахилын үндсэн дээр хийсэн юм.
8 Мосегийн хууль олон тушаалаараа нүгэлтнүүдийг ялладаг байсан. Түүнчлэн, Мосегийн хуульд захирагддаг Израилийн тэргүүн тахилч нар өөрсдөө төгс бус бөгөөд нүглийн төлөө тохирох тахил өргөх чадваргүй байсан. Тиймээс Хууль нь «махан биеэр мөхөс болсон» ажээ (МБОХ, 1996). Харин Бурхан «өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд ... илгээж», золих тахил болгон өргөснөөр «махан биеийн дотор нүглийг шийтгэсэн». Ийнхүү «Хуулийн хийж чадаагүйг» хийжээ. Үүний дүнд тослогдсон христианууд Есүсийн золиосонд итгэдгийнхээ үндсэн дээр зөвт хэмээн тооцогддог. Тэд «махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явах» тушаалтай (Ром 8:3, 4-ийг уншина уу). Тиймээс «амийн титмийг» авахын тулд дэлхийд амьдрах хугацаандаа эцсээ хүртэл үнэнч байх ёстой (Илч. 2:10).
9. Ром 8:2-т юуг «хууль» гэсэн бэ?
9 Паул «Мосегийн хуулиас» гадна «Сүнсний хууль», «нүглийн болон үхлийн хуулийн» тухай ярьсан (Ром 8:2). Эдгээр хууль нь тодорхой заалт бүхий Мосегийн хуультай адилгүй. Нэгэн бүтээлд «Хууль гэж орчуулсан грек үгээр хүний сайн, муу үйлдлийг удирдах зарчмыг хэлдэг. Энэ үг нь бас хэрхэн амьдрах чиг шугам гэсэн утгатай» гэжээ.
10. Нүгэл болоод үхлийн хууль биднийг хэрхэн захирдаг вэ?
10 Элч Паул: «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж бичжээ (Ром 5:12). Адамын үр удам бид бүгдээрээ нүгэл болон үхлийн хуульд захирагддаг. Нүгэлт махан бие маань цаг үргэлж Бурхны таалалд үл нийцэх, зөвхөн үхэлд хүргэх юм хийх хандлагатай. Паул үүнийг «махан биеийн үйлс» гэж Галатын христиануудад бичсэн. Тэгээд, «Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй» хэмээн нэмж хэлсэн (Гал. 5:19–21). Тэд махан биеийн дагуу явдаг хүмүүс юм (Ром 8:4). Тэдний «үйлдлийг удирдах зарчим» болон «амьдрах чиг шугам» тэр аяараа махан биеийнх ажээ. Тэгвэл садар самуун явдалтай, шүтээн шүтдэг, ид шидээр хөөцөлддөг гэх мэтийн ноцтой нүгэл үйлддэг хүнийг л махан биеийн дагуу явдаг гэх үү? Үгүй ээ, махан биеийн үйлс гэдэгт гэм биш зан хэмээн зарим хүний үздэг хардалт, уур хилэн, өрсөлдөөн, атаархал гэх мэтийн зан авир ч бас ордог. Тэгэхлээр махан биеийн дагуу явдаггүй хүн гэж байна уу?
11, 12. Ехова биднийг нүгэл болоод үхлийн хуулиас чөлөөлөхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ? Бурхны ивээлийг хүртье гэвэл бид яах ёстой вэ?
11 Ехова бидэнд нүгэл болоод үхлийн хуулиас чөлөөлөгдөх боломж олгосон нь ямар сайхан бэ! Есүс: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж хэлжээ. Бид Бурхныг хайрлаж, Есүс Христийн золиосонд итгэдгээ харуулж амьдарвал нүглийн шийтгэлээс чөлөөлөгдөнө (Иох. 3:16–18). Тэр үед Паулын адилаар «Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай!» хэмээн өөрийн эрхгүй дуу алдана.
12 Бид хүнд өвчнөөсөө салж байгаа хүнтэй адил юм. Бүрэн эдгэрье гэвэл эмчийн зааврыг дагах ёстой. Золиосонд итгэсэн бид нүгэл, үхлийн хуулиас чөлөөлөгдөх боломжтой болсон ч нүгэлтэй, төгс бус хэвээрээ байгаа. Сүнслэгээр эрүүл байн, Бурхны ивээлийг хүртэхийн тулд илүү их юм хийх хэрэгтэй. «Хуулийн шаардлагыг» биелүүлэхийн зэрэгцээ сүнсний дагуу явах учиртайг Паул хэлсэн.
Сүнсний дагуу явах нь
13. Сүнсний дагуу явна гэж яахыг хэлдэг вэ?
13 Хүн зорьсон газартаа хүрэхийн тулд урагш алхсаар байдаг. Бид алдаж энддэг ч сүнсний дагуу явахын тулд сүнслэгээр байнга ахиж дэвших учиртай (1 Тим. 4:15). Сүнсээр удирдуулж амьдрахын тулд өдөр бүр хичээж мэрийх хэрэгтэй. «Сүнсээр явбал» Бурхны таалалд нийцнэ (Гал. 5:16).
14. «Махан биеийн дагуу байгчид» ямар хандлагатай вэ?
14 Паул Ромын христиануудад бичсэн захидалдаа, хоёр өөр бодолтой хүмүүсийн тухай дурджээ (Ром 8:5-ыг уншина уу). Энд гардаг «махан бие» гэдэг үгээр зөвхөн бие махбодыг хэлээгүй. Библид «махан бие» гэдгээр заримдаа төгс бус байдлыг хэлдэг. Төгс бус байдал нь махан бие болоод бодол санааг зөрчилдүүлдэг тухай Паул тайлбарласан. Тэрбээр махан бие буюу төгс бус байдалтайгаа тэмцдэг байсан. Гэтэл «махан биеийн дагуу байгчид» огтхон ч тэмцдэггүй. Тэд Бурхны шаардлагыг анхааран үзэж, тусламж гуйхын оронд үргэлж «махан биеийн юмсыг бодож», махан биеийн нүгэлт хүсэлдээ хөтлөгддөг. Харин «Сүнсний дагуу байгчид» «Сүнсний юмсыг» боддог. Өөрөөр хэлбэл, Бурхантай сайн харьцаатай байх, христиан үйл хэрэгт оролцоход тус болох сүнслэг арга хэмжээний тухай боддог.
15, 16. а) Ямар нэг юмыг бодоод байвал юунд хүрэх вэ? б) Өнөөдөр ихэнх хүн юу сонирхдог вэ?
15 Ром 8:6-г уншина уу. Хүн, сайн муу ямар ч юмыг хийхээсээ өмнө эхлээд боддог. Махан биеийн юмсыг байнга бодоод байвал ухаан санаа нь яваандаа тийм л зүйлд төвлөрдөг болно. Тийм хүн оюун бодол, хүсэл сонирхол, сэтгэл мэдрэмжээ махан биеийн юмсад бүрэн эзэмдүүлдэг.
16 Өнөөдөр ихэнх хүн юу сонирхдог вэ? Элч Иохан: «Ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг» гэж бичжээ (1 Иох. 2:16). Садар самуун явдалд дурлах, алдар нэртэй болохыг хүсэх, эд баялагт шунах зэргийг хэлсэн хэрэг ажээ. Ихэнх хүн үүнийг байнга бодож, хүсэж байдаг учраас ном, сонин, сэтгүүл, кино, телевизийн нэвтрүүлэг, Интернет ийм л мэдээллээр хахаж байдаг. Паул «махан биеийн бодол санаа бол үхэл» гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, махан биеийн бодол санаатай байвал одоо Бурхантай тогтоосон харьцаагаа, ойрын ирээдүйд амиа алдана. «Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй» (Ром 8:7, 8).
17, 18. Яавал сүнсний бодол санаатай болох вэ? Үр дүн нь юу вэ?
17 Харин «Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван» юм. Өөрөөр хэлбэл, одоо сэтгэл амар, Бурхантай эв найртай байна, ирээдүйд мөнх амьдарна. Яавал «сүнсний бодол санаатай» болох вэ? Сүнсний юмсыг үргэлж бодон, тийм зүйл рүү анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Ингэвэл аливаа зүйлийг бодож санахдаа «Бурханы хуульд захирагдан», Бурхны үзлээр ханддаг болно. Хорхой хүргэм зүйлтэй нүүр тулахад юу хийх ёстойгоо сайн мэднэ. Шийдвэр гаргах боллоо гэхэд тухайн асуудлыг Бурхны сүнсээр удирдуулан зөв шийдэж чадна.
18 Тэгэхлээр сүнсний бодол санаатай байх нь амин чухал юм. Үүний тулд «оюун санаагаа үйлдэлд бэлтгэж», христиан үйл хэргийг амьдралынхаа хамгийн чухал хэсэг болгох хэрэгтэй. Тухайлбал тогтмол залбирч, Библи уншиж судлан, цуглаанд явж, дэлгэрүүлэх хэрэгтэй (1 Петр 1:13). Махан биеийн нүгэлт хүсэлдээ авталгүй, үргэлж сүнсний юмсыг бодож байцгаая. Ингэвэл сүнсний дагуу явж ивээл хүртэнэ. Учир нь сүнсний бодол санаа нь амь ба амар тайван билээ (Гал. 6:7, 8).
Тайлбарлана уу
• Мосегийн хууль юу «хийж чадаагүй» вэ? Бурхан юу хийсэн бэ?
• «Нүглийн болон үхлийн хууль» гэж юу вэ? Үүнээс хэрхэн чөлөөлөгдөх вэ?
• «Сүнсний бодол санаатай» болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
[12, 13-р хуудасны зураг]
Та махан биеийн дагуу явдаг уу, сүнсний дагуу явдаг уу?