Та, Есүсийнх шиг үйл ажиллагаа явуулах санаа бодолтой болсон уу?
«Есүс эрэг дээр гарахдаа тэнд цугласан үй олон хүнийг хараад өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (МАРК 6:34).
1. Хүмүүс сайхан зан чанар гаргадаг нь ямар учраас ойлгомжтой вэ?
ТҮҮХИЙН туршид олон хүн гайхалтай сайхан зан чанар илэрхийлсээр ирсэн. Үүний учир ойлгомжтой. Ехова Бурхан бол хайр, сайхан сэтгэл, өгөөмөр зан болон бидний өндрөөр үнэлдэг бусад зан чанаруудтай. Хүмүүс Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Энэ нь юуны учир олон хүн хайрлах хийгээд сайхан сэтгэл, өрөвч зан болон Бурханд байдаг бусад зан чанарыг илэрхийлэх чадвартайг, мөн тэрчлэн ихэнх хүнд мөс нь үг хэлээд байдгийг ойлгоход тусладаг (Эхлэл 1:26; Ром 2:14, 15). Гэхдээ л зарим хүн бусад хүнийг бодвол эдгээр чанарыг илэрхийлэхдээ илүү уриалгахан байдгийг та зөвшөөрнө биз дээ.
2. Зарим хүн Христийг дууриаж байна гэж бодоод ямар сайн үйл хийдэг вэ?
2 Магадгүй та, өвчтэй хүмүүсийг байнга эргэж тойрч асардаг, тахир дутуу хүмүүсийг энэрэн өрөвддөг, ядууст өглөг өгдөг хүмүүсийг таньдаг байж болох юм. Түүнчлэн, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн уяман өвчтэй хүнийг эмчлэх хөдөлмөр эмчилгээний газар юм уу, өнчин хүүхдийн асрамжийн газар хамаг амьдралаа зориулагсад, найдваргүй өвчтнийг эмчлэх эмнэлэгт сайн дураараа ажиллагсад, мөн орон гэргүй хүмүүс болон дүрвэгсдэд туслахыг хичээгсдийн талаар бодоод үзэцгээе. Тэдний зарим нь христосын шашинтнуудад үлгэр дууриал үлдээсэн Есүсийг дууриаж байна гэж бодож байж ч магадгүй. Христ өвчтэй хүмүүсийг эдгээж, өлсгөлөн хүмүүсийг хооллодог байсныг бид Евангелиэс уншдаг (Марк 1:34; 8:1—9; Лүүк 4:40). Есүс хайр, өрөвч сэтгэл, энэрэнгүй занг илэрхийлэхдээ «Христийн санааг» тусгасан бөгөөд ингэхдээ тэнгэрийн Эцгийгээ дууриаж байжээ (1 Коринт 2:16, МАБ).
3. Есүсийн үзүүлж байсан сайн үйлсийг зөв ойлгохын тулд юуг анхаарч үзэх хэрэгтэй вэ?
3 Гэхдээ л Есүсийн хайр, өрөвч сэтгэлд уярсан тэдгээр хүмүүсийн олонх нь өнөөдөр «Христийн санааны» гол учрыг мэдэхгүй өнгөрч буйг та ажигласан уу? «Марк» номын 6-р бүлгийг анхааралтай авч үзэхэд олон юм тодорхой болно. Хүмүүс өвчтөнүүдийг эдгээлгэхээр Есүс дээр авчирдаг байсныг тэндээс бид уншдаг билээ. Есүс өөр дээр нь ирсэн, өлсөж ядарсан мянга мянган хүнийг хараад хооллосон тухай тэр л бүлгээс олж мэддэг (Марк 6:35—44, 54—56). Өвчтэй хүмүүсийг эдгээж, өлсгөлөн хүмүүсийг хооллож байснаас нь Есүсийн их хайр, өрөвч сэтгэл харагддаг хэдий ч Есүс зөвхөн өвчнөөс эдгээж, хүмүүсийг хооллохын тулд л тэдэнд тусалж байсан гэж хэлж болох уу? Еховаг дууриан хайр, сайхан сэтгэл, энэрэл үзүүлж байсан Есүсийн төгс жишээг яаж илүү сайн дууриах вэ?
Сүнслэг хэрэгцээг анхаарч үзэх нь
4. Марк 6:30—34-т ямар үйл явдлын тухай бичсэн байдаг вэ?
4 Есүс, юуны түрүүнд, эргэн тойрныхоо хүмүүсийн сүнслэг буюу оюун ухааны хэрэгцээг бодоод өрөвдсөн. Энэ хэрэгцээ нь бие махбодын хэрэгцээг бодвол илүү чухал ач холбогдолтой байсан. Энэ талаар Марк 6:30—34-т мэдээлдэг. Тэнд бичигдсэн үйл явдал МЭ 32 оны Өнгөрсний баярын өмнөхөн Галилийн тэнгисийн эрэг дээр болсон ажээ. Элч нар бүрэн дүүрэн ойлгомжтой шалтгааны учир сэтгэл нь хөөрсөн байв. Тэд өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэх ажлаа дуусгамагц өөрсдөдөө тохиолдсон явдлыг ярих гэсэн оргилуун хүсэлтэйгээр Есүс дээр буцаж ирцгээсэн. Гэтэл ард олон хуран цугласан байжээ. Есүс болон элч нарт идэж, амрах боломж олгохооргүй тийм олон хүн байв. Есүс элч нартаа: «Та хэд өөрсдөө цөлд оч. Жаахан амар» гэжээ (Марк 6:31). Тэд Кафарнаум хавиас завинд сууж Галилийн тэнгисийн нөгөө эргийн нам гүм газрын зүг сэлүүрдэв. Гэтэл хүмүүс эрэг дагуу гүйсээр тэднээс урьтаж очжээ. Тэгэхэд нь Есүс яасан бэ? Ганцаараа амгалан тайван байхад саад боллоо гэж уурласан уу? Хэрхэвч үгүй!
5. Өөр уруу нь ирсэн ард олныг хараад Есүст ямар сэтгэгдэл төрсөн бэ?
5 Есүс эдгээр мянга мянган хүн, түүний дотор өвчтэй хүмүүс болон өөрийг нь хүслэн болж хүлээсэн хүмүүсийг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн (Матай 14:14; Марк 6:44). Есүс юуны учир өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөж, хэрхэн яаж хариу үйлдэл хийснийг Марк: «Есүс... тэнд цугласан үй олон хүнийг хараад өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» хэмээн бичжээ (Марк 6:34). Есүс төчнөөн олон хүнээс гадна өөр зүйлийг харж байв. Тэрбээр сүнслэг хэрэгцээтэй хүмүүсийг харж байсан юм. Тэд, бэлчээрт нь тууж аваачдаг хамгаалах хоньчингүй, сүргээсээ төөрсөн арчаагүй хонь мэт байсан. Халамжтай хоньчид байх ёстой шашны цэвдэг сэтгэлтэй удирдагчид, үнэн хэрэгтээ, жирийн ардыг үзэн ядаж, сүнслэг хэрэгцээг нь хайхралгүй орхисныг Есүс мэдэж байв (Иезекиел 34:2—4; Иохан 7:47—49). Есүс бол хүмүүстэй тэс өөрөөр харьцаж, хийж болох хамгийн сайн сайхан бүхнийг хийж өгч байсан. Тэр тэдэнд Бурхны Хаанчлалын талаар зааж эхлэв.
6, 7. а) Есүс хүмүүсийн хэрэгцээг анхаарч үзэхдээ эн тэргүүнд юуг чухалчилсныг Евангели хэрхэн илчилдэг вэ? б) Дэлгэрүүлж, зааж сургахад нь Есүст юу нөлөөлсөн бэ?
6 Тэгвэл одоо эн тэргүүнд юунд анхаарлаа хандуулах хийгээд юуг хамгийн чухал гэж үзэх вэ? гэсэн хоёр зэрэгцээ зүйлийг авч үзье. Энэ тухай Лүүк бичсэн байдаг. Лүүк бол эмч хүн байсан ба бусдын эрүүл энхийн асуудлыг илүү ихээр сонирхдог байжээ. «Олон түмэн Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан уулзаж Бурхны хаанчлалын тухай яриад, өвчтэй хүмүүсийг нь эдгээв» (Лүүк 9:11; Колоссай 4:14). Есүс гайхамшиг үзүүлэх болгондоо тийн үйлддэг байсан гэж хэлээгүй ч гэсэн энэ тохиолдолд Лүүк эн тэргүүнд юунд анхаарал хандуулсан бэ? Есүсийн, хүмүүст зааж байсан зүйлд.
7 Мөн адил юунд анхаарал төвлөрүүлсэн талаар Марк 6:34-т бичсэн байдаг. Энэ зүйл гол төлөв Есүс ямар байдлаар өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхэд хүрсэн бэ гэдгийг тодорхой харуулдаг. Тэрбээр хүмүүст зааж сургахдаа сүнслэг хэрэгцээг нь анхааран үздэг байсан. Есүс үйлчлэлийнхээ эхэнд: «Би Бурхны хаанчлалыг өөр хотуудад дэлгэрүүлэх учиртай. Үүний тулд Би илгээгдсэн билээ» гэж хэлсэн (Лүүк 4:43). Дэлгэрүүлэх ажил бол Есүсийн хувьд зүгээр нэг хэвшил болсон зүйл бөгөөд тэрбээр Хаанчлалын мэдээг үүргийнхээ дагуу л тунхаглаж байсан гэж бодвол эндүүрсэн хэрэг болох байсан. Үгүй дээ, хүмүүсийг хайрлах хайр, өрөвч сэтгэл нь л түүнийг сайн мэдээ дэлгэрүүлэхэд хүргэсэн. Өвчин туссан, албидад эзэмдүүлсэн, ядуу зүдүү, өлсгөлөн хүмүүст Есүс үлэмж сайн үйл хийж өгсөн нь Бурхны Хаанчлалын тухай үнэнийг мэдэж, хүлээн авч, хайрлахад нь туслахын учир байв. Еховагийн эрх мэдлийг зөвтгөж, хүмүүсийг мөнхийн ивээлээр хангах нь Хаанчлалын үүрэг тул тэрхүү үнэн бол эрхэм чухал зүйл байсан.
8. Есүс дэлгэрүүлэх, зааж сургах ажилд хэрхэн хандаж байсан бэ?
8 Хаанчлалын тухай идэвхтэй дэлгэрүүлэх нь Есүсийн, дэлхий дээр ирэх болсон гол шалтгаан байжээ. Есүс дэлхий дээрх үйлчлэлийнхээ төгсгөлөөр Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л дэлхийд ирсэн. Хэн боловч үнэнийх байвал Миний дууг сонсоно» гэж хэлсэн (Иохан 18:37). Өмнөх хоёр өгүүллээс бид Есүсийг халамжтай, хүрэхэд төвөггүй, бусдын сэтгэлийг ойлгодог, итгэмтгий, хамгийн гол нь хайртай хүн байсан гэж үзсэн билээ. «Христийн санааг» жинхэнээр нь ойлгохыг хүсвэл түүний хувийн шинж чанарыг мэдэж авах хэрэгтэй. Дэлгэрүүлэх, багшлах ажлыг эн тэргүүнд тавихад нь «Христийн санаа» Есүст нөлөөлсөн тухай ухаарч ойлгох нь ч бас чухал.
Тэрбээр бусдыг гэрчлэх ажил хийхэд нь түлхэц болдог байсан
9. Хэний хувьд дэлгэрүүлэх болон сургах ажил нэн түрүүнд байх ёстой байсан бэ?
9 Хайр болон өрөвч сэтгэлийн илрэл болсон дэлгэрүүлэх, сургах ажил нь зөвхөн Есүсийн хувьд л урьтал болгодог зүйл байсангүй. Тэрээр дагалдагч нараа өөртэйгөө адилхан мөн чанартай байж, өөрийнх нь хувьд чухал зүйл тэдний хувьд ч чухал байх хийгээд үйл хэргийг нь дууриахад тэдэнд түлхэц болдог байсан. Тухайлбал, Есүс 12 элчээ сонгосны дараа тэд юу хийх ёстой байсан бэ? Марк 3:14, 15-д: «Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэд өөртэй нь байж, тэднийг тунхаглуулахаар илгээх, албидыг хөөх эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм» хэмээн бичжээ. Элч нарын хувьд ямар нэгэн тусгай үйл хэрэг өөр бусад үйл хэргээс илүү чухал байсан гэж хэлж болох уу?
10, 11. а) Есүс элч нараа үйлчлэлд илгээхдээ юу хийхийг тушаасан бэ? б) Есүс элч нарыг үйлчлэлд илгээхдээ анхаарлаа юунд голлон хандуулсан бэ?
10 Есүс тодорхой хугацааны дараа элч нартаа өвчтэй хүмүүсийг анагаах, албидыг хөөх хүч өгсөн (Матай 10:1; Лүүк 9:1). Дараа нь тэр тэднийг «Израилийн гэрийн төөрсөн хонинууд» уруу илгээсэн. Яах гэж тэр вэ? Тэдэнд Есүс: «Явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхагла, яригтун. Өвчтэй хүмүүсийг эдгээ, үхэгсдийг амилуул, нойтон хамууг арилга, албинг зайлуул» гэж тушаасан (Матай 10:5—8; Лүүк 9:2). Тэд тэгээд юу хийсэн бэ? «Тэд зүг бүрт явж, [1] хүмүүс гэмших ёстойг тунхаглав. [2] Олон албинг зайлуулж, өвчтэй олон хүнд тос түрхэн эдгээжээ» (Марк 6:12, 13).
11 Сургах үйл хэрэг тэр болгон эн тэргүүнд тавигддаггүй болохоор урьтал болгодог хийгээд түлхэц болдог тухай асуудалд үндэсгүйгээр их ач холбогдол өгч байгаа юм биш үү? (Лүүк 10:1—9). Гол төлөв эхлээд сургасан тухай, дараа нь эдгээсэн тухай өгүүлсэн байдгийг дутуу үнэлж болохгүй. Хам сэдвийг нь аваад үзье. 12 элч илгээхээсээ өмнө Есүс олон түмнийг өрөвдсөн. «Тэгээд Есүс бүх хот тосгодоор явж синагогт нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, алив өвчин эмгэгийг эдгээж явлаа. Есүс хүмүүсийг хараад өрөвдсөн аж. Учир нь тэд хоньчингүй хонь мэт дорой агаад зовж туйлдсан байлаа. Тэр дагалдагчдадаа: „Ургац арвин арвин, харин ажилчид нь цөөхөн байна. Тиймээс ургац хураах ажилчдыг явуулахыг ургацын Эзнээс гуйцгаа“ гэж хэлэв» гэж байдаг (Матай 9:35—38).
12. Есүсийн болон элч нарын үзүүлсэн гайхамшгууд ямар нэмэлт зорилготой байсан бэ?
12 Элч нар Есүстэй хамт байснаар «Христийн санааг» ямар нэг хэмжээгээр өөрийн болгож чадсан билээ. Ард олныг жинхнээсээ хайрлаж, өрөвдөх нь юуны түрүүнд тэднээс Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж, сургахыг шаарддаг бөгөөд тэгэхдээ энэ нь тэдний хийдэг хамгийн чухал сайн үйлсийн нэг гэдгийг элч нар мэдэрсэн. Үүнд зохицсон өвчтэй хүмүүсийг эдгээх зэрэг бүгдэд илэрхий сайн үйлүүд нь хүмүүст зөвхөн туслах зорилго агуулаагүй юм. Гайхамшгаар эдгээж, гайхамшгаар хоол хүнс бий болгосон нь хэн нэгнийг татсан байж болохыг төсөөлөхөд бэрх бишээ (Матай 4:24, 25; 8:16; 9:32, 33; 14:35, 36; Иохан 6:26). Гэхдээ эдгээр үйлс хүмүүст бие махбодийн хувьд тус болоод зогсохгүй нүдээр үзсэн гэрч нарыг Есүс бол Бурхны Хүү ба Мосегийн зөгнөн хэлсэн «зөнч» мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд түлхэц болсон (Иохан 6:14; Дэд хууль 18:15, ШЕ).
13. «Дэд хууль» номын 18:18-д ирээдүйн «зөнчийн» ямар үүрэгт анхаарал хандуулсан байдаг вэ?
13 Есүсийг «зөнч» хэмээн дурьдсан нь ямар учраас анхаарал татах болов? Зөгнөлд зөгнөгдсөнөөр «зөнчид» ямар гол үүрэг оногдож байсан бэ? Өвчтэй хүмүүсийг гайхамшгаар эмчлэн, өлсгөлөн олныг өрөвдсөндөө хооллосон гэж алдарших ёстой байсан уу? «Дэд хууль» номын 18:18-д (ШЕ): «Би тэдний төлөө чам [Мосе] шиг нэгэн зөнчийг тэдний ах дүү нарын дундаас босгох бөгөөд би үгээ түүний аманд үнэхээр оруулж, тэрээр тушаасан бүхнийг минь тэдэнд заавал хэлэх болно» гэж байдаг. Ингэхлээр, элч нар нарийн мэдрэмж болон сайхан сэтгэлд суралцах явцдаа «Христийн санаа» нь дэлгэрүүлж, хүмүүсийг сургахыг шаарддаг гэдгийг ойлгожээ. Тэд хүмүүст үүнээс илүү юу ч хийж чадаагүй. Үүний үр дүнд өвчин эмгэгтэй, ядуу гуйлгачин хүмүүс хүний амьдралын ахархан хугацаа болон ганц хоёрхон удаа хоол идсэнээр хязгаарлагдахгүй үүрдийн ашиг тусыг хүртэж чадсан юм (Иохан 6:26—30).
Өнөө цагт «Христийн санааг» хөгжүүлэх нь
14. «Христийн санаа» дэлгэрүүлэх ажилтай маань ямар холбоотой вэ?
14 Есүст төдийгүй Паулын: «Харин бидэнд Христийн санаа байгаа юм» гэж бичиж байсан тэр Есүсийн анхны дагалдагч нарт байсан «Христийн санаа» нь зөвхөн нэгдүгээр зууны үеийн хүмүүст л байсан биш гэдэг нь ойлгомжтой (1 Коринт 2:16, МАБ). Бид ч гэсэн сайн мэдээг дэлгэрүүлж, дагалдагчдыг бэлтгэх ёстой гэдгээ бэлхнээ хүлээн зөвшөөрдөг (Матай 24:14; 28:19, 20). Гэлээ ч гэсэн энэ ажлыг хийхэд бидэнд юу түлхэц болдог вэ гэдгийг эргэцүүлэн бодох нь ашигтай байхсан. Зөвхөн хүлээсэн үүрэг маань биднийг ийм ажил хийхэд хүргэх ёсгүй. Үйлчлэх ажилд оролцдогийн маань гол шалтгаан бол Бурхныг хайрлах хайр юм. Харин Христийг жинхэнээр дууриах гэдэг нь юуны түрүүнд өрөвдөх сэтгэлээсээ болоод сайн мэдээг дэлгэрүүлж, хүмүүсийг сургана гэсэн үг юм (Матай 22:37—39).
15. Үйлчлэхийн тулд бид ямар учраас энэрэх сэтгэлтэй байх хэрэгтэй вэ?
15 Итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй, ялангуяа мэдээнд маань хайхрамжгүй юм уу эсэргүүцэж ханддаг, эсвэл бидэнтэй ярилцах дургүй хүмүүсийн төлөө санаа тавих нь тийм ч амар хэрэг биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ, хэрэв бид хүмүүсийг хайрлаж, өрөвдөхөө боливол христосын шашинтны үйлчлэлд оролцоход хамгийн чухал түлхэх хүч болдог зүйлээ алдана. Бид бусдыг яаж өрөвддөг болох вэ? Хүмүүсийг Есүсийн нүдээр харахыг хичээх хэрэгтэй. Тэд түүний нүдэнд «хоньчингүй хонь мэт дорой агаад зовж туйлдсан» байлаа (Матай 9:36). Энэ үг өнөөдөр амьдарч буй олон хүнд тохирохгүй гэж үү? Шашны хуурамч удирдагчид тэдний төлөө санаа тавьдаггүй бөгөөд тэднийг сүнслэгээр нь сохор болгожээ. Ийм болохоор хүмүүс Библид байдаг найдвартай удирдлага зааврыг ч, дэлхий дээр, Бурхны Хаанчлалын удахгүй бий болгох Диваажингийн тухай ч мэддэггүй билээ. Тэд Хаанчлалд үл найдан, ядуурал гуйланчлал, гэр бүлийн хэрүүл уруул, өвчин эмгэг, үхэл хагацал мэтийн өдөр тутмын бэрхшээлтэй тулгарч байдаг. Харин бид, чухам тэдэнд хэрэгтэй, одоогоор тэнгэрт захирч буй Бурхны Хаанчлалын тухай аврах сайн мэдээг дэгэрүүлдэг билээ!
16. Ямар учраас бид хүмүүстэй сайн мэдээг хуваалцахыг хүсэх ёстой вэ?
16 Бид эргэн тойрондоо байгаа хүмүүсийн сүнслэг хэрэгцээний тухай эргэцүүлэн бодохоор тэдэнд Бурхны хайрын сэтгэлээс үүдэлтэй санаа зорилгынх нь тухай ярихын тулд чадах бүхнээ хийх хүсэл төрдөггүй гэж үү? Тиймээ, өрөвч сэтгэл биднийг хөдөлгөх ёстой. Хүмүүсийг Есүс шиг өрөвдөж байгаа маань бидний дууны өнгө, нүүрний хувирал, сургах байдлаар илэрдэг. Энэ бүхэн бол үгээ «мөнх амийн зөв хүсэлтэй» хүмүүст илүү сонирхолтойгоор хүргэхэд маань тусалдаг (Үйлс 13:48, ШЕ).
17. а) Хүмүүсийг хэрхэн хайрлаж, энэрч болох вэ? б) Сайн үйл хийх үйлчлэлд оролцох хоёрын аль нь чухал вэ? Яагаад?
17 Бид бүх зүйл дээр хайр, өрөвч сэтгэлээ үзүүлэх ёстой нь гарцаагүй. Үүнд хувь заяандаа гутарсан, өвдөж шаналсан хүмүүс болон ядуучуудад сайхан сэтгэлээр хандах ба тэдний гай зовлонг боломжийнхоо хэрээр нимгэлэх гэсэн оролдлого орно. Түүнчлэн, дотны хайрт хүмүүсээ алдсан хүмүүсийн уй гашууг үг яриа болон үйл хэргээрээ тайлах гэсэн хичээл зүтгэл маань ч орно (Лүүк 7:11—15; Иохан 11:33—35). Гэхдээ энэ мэт сайн үйл нь буяны ажил эрхэлдэг хүмүүсийнх шиг хайр, сайхан сэтгэл, энэрлийн гол илрэл болох ёсгүй. Харин, Бурханд тааламжтай чанарт хөтлөгдөн дэлгэрүүлэх, сургах чиглэлээр гаргасан хүчин чармайлтууд хавьгүй урт хугацааны ач тусыг үзүүлнэ. Есүс: «Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга байдал, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа эдгээр нь та нарын биелүүлэх ёстой нь мөн бөгөөд ингэхдээ бусад юмаа ч бүү орхигдуул» гэж иудейн шашны удирдагчид нарт хэлснийг санацгаая (Матай 23:23). Есүс чухал хэрэгцээг хангахад нь хүмүүст туслах юм уу, эсвэл тэднийг амь өгөх сүнслэг үнэнд сургах хоёрын аль нэгийг сонгож байсангүй. Есүс аль алиныг нь хийдэг байсан. Гэхдээ сургаснаас үзүүлэх сайн үйл нь хүмүүст үүрд тусалдаг болохоор үнэнд сургах нь түүний хувьд хамгийн чухал байсан нь ойлгомжтой (Иохан 20:16).
18. «Христийн санаа» гэж юу болохыг авч үзэх нь биднийг юунд өдөөх ёстой вэ?
18 «Христийн санаа» гэж юу болохыг бидэнд нээсэн Еховад бид талархах хэрэгтэй! Евангелийн ачаар нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн чухам юу бодож, мэдэрч, ямар чанартай байсан, юу хийж, юуг эн тэргүүнд тавьдаг байсныг илүү сайн мэдэж болно. Христийн тухай Библид илчилсэн бүхнийг уншин, түүнийгээ эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэх үү гэдэг бол биднээс шалтгаална. Хэрэв бид үнэхээр Есүс шиг байхыг хүсвэл юуны түрүүнд төгс бус байдал маань зөвшөөрөх хэмжээнд бүхнийг түүн шиг бодож, мэдэрч, дүгнэх хэрэгтэй. «Христийн санааг» хөгжүүлж, түүнийхээ дагуу үйл хэргээ явуулцгаая! Тэгсэн цагт бид амьдралын хамгийн сайн замаар замнаж, бусдад байж л болох хамгийн сайнаар хандах ба бид ч, өөр хүмүүс ч Есүсийн төгс төгөлдрөөр дууриасан, өрөвч зөөлөн сэтгэлтэй Ехова Бурханд илүү ойртон дотносох болно (2 Коринт 1:3; Еврей 1:3).
Та юу гэж хариулах вэ?
• Библид бичсэнээр, Есүс хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг гол төлөв яаж анхаардаг байсан бэ? Энэ нь юу өгүүлнэ вэ?
• Есүс дагалдагч нартаа заавар өгөхдөө анхаарлаа юунд илүүтэй хандуулсан бэ?
• Хийж байгаа бүхэндээ «Христийн санааг» яаж илэрхийлэх вэ?