Итгэлийн хүмүүс болцгооё
«Бид... сэтгэлийн [«амийн», ШЕ] хамгаалалт уруу орох итгэлийн хүмүүс билээ» (Еврей 10:39).
1. Еховагийн үнэнч үйлчлэгч бүрийн итгэлийг яагаад үнэ цэнтэй гэж хэлж болох вэ?
ТА дараагийн удаа Еховаг шүтэгчдээр дүүрсэн Хаанчлалын танхимд ирэхдээ түр саатаад, эргэн тойрныхоо хүмүүсийг ажаарай. Тэдний итгэл илэрч байдаг амьдралын олон талыг бодоод үзээрэй. Танхимд Бурханд олон арван жил үйлчилж буй настангуудыг, өдөр бүр үе тэнгийнхнийхээ дарамт шахалтыг тэвчин тэсвэрлэдэг залуусыг, Бурхнаас эмээгч хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж багагүй хүч гаргадаг эцэг эхчүүдийг харж болно. Мөн үүрэг хариуцлага хүлээсэн хурлын ахлагч нар, туслах үйлчлэгчид ч байна. Тийм ээ, Еховад үйлчлэхийн тулд янз бүрийн бэрхшээл саадыг даван туулж байдаг бүх насны сүнслэг ах эгч нарыг Хаанчлалын танхимаас харж болно. Тэд бүгдийн итгэл хэчнээн үнэ цэнтэй вэ! (1 Пэтр 1:7).
2. «Еврей» номын 10, 11-р бүлэгт бичсэн Паулын сургаал өнөөдөр бидэнд яагаад ашигтай вэ?
2 Итгэлийн чухлыг элч Паулаас илүү сайн ойлгосон төгс бус хүн байсан нь юу л бол. Түүний ажигласнаар, жинхэнэ итгэл бол «сэтгэлийн [«амийн», ШЕ] хамгаалалтад» хүргэдэг ажээ (Еврей 10:39). Гэхдээ л Паул энэхүү найдваргүй дэлхийд итгэл нь дайралт хийгээд сүйрэлд өртдөг гэдгийг мэдэж байсан. Тэр итгэлээ хамгаалах гэж тэмцэж байгаа Иерусалим болон Иудей дэх еврей христосын шашинтнуудын төлөө ихэд санаа зовж байжээ. «Еврей» номын 10, 11-р бүлгийн нилээд хэсгээс Паул тэдгээр ах эгч нарын итгэлийг бэхжүүлж байсан аргыг авч үзэцгээе. Ингэхдээ өөрийнхөө болон бусдынхаа итгэлийг яаж бэхжүүлж болохыг харцгаая.
Бие биедээ итгэцгээе
3. Паул ах эгч нартаа итгэж байсан гэдгийг Еврей 10:39-д бичсэн үг нь хэрхэн харуулдаг вэ?
3 Юуны түрүүнд Паул бусадтай зөв харьцаж байсныг ажиглаж болно. Тэр: «Бид сүйрэл уруу ухралт хийх хүмүүс бус, харин сэтгэлийн [«амийн», ШЕ] хамгаалалт уруу орох итгэлийн хүмүүс билээ» гэж бичжээ (Еврей 10:39). Паул үнэнч итгэл нэгтнүүдээ муугаар биш, сайнаар бодож байв. Тийм ч учраас «бид» гэсэн төлөөний үг хэрэглэсэн байна. Паул зөв хүн байсан. Гэвч тэрбээр, итгэл нэгтнүүд нь хүрэх аргагүй, зөвийн өндөр дээд шатанд зогсож байгаа юм шигээр тэдэнтэйгээ ихэмсэг бардмаар ярьж байгаагүй (Номлогчийн үгс 7:16-тай харьцуулна уу.) Харин ч өөрийгөө тэдний нэг гэж үзэж байв. Паул, захидлыг нь уншигч үнэнч христосын шашинтнуудынхаа хамт, өөрсдийг нь хүлээж байсан аймшигт саад бэрхшээлтэй учирсан ч сүйрэл уруу ухралт хийхээс эрэлхэгээр татгалзаж, итгэлээрээ бат зогсоно гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байсан.
4. Паул ямар шалтгаанаар итгэл нэгтнүүддээ бат итгэж байсан бэ?
4 Паул яаж тийм итгэлтэй байсан юм бол? Еврей христосын шашинтнуудын дутагдлыг харалгүй, нүдээ аниад өнгөрсөн юм уу? Үгүй дээ, харин ч сүнслэг өө сэвээ арилгахад нь туслах тодорхой зөвлөгөө өгсөн. (Еврей 3:12; 5:12–14; 6:4–6; 10:26, 27; 12:5) Тэгээд ч Паулд ах дүүдээ итгэх, ядаж, хоёр сайн шалтгаан байжээ. 1) Паул Еховаг дууриаж, түүний нүдээр Бурхны ард түмнийг харахыг хичээж байв. Өөрөөр хэлбэл итгэл нэгтнүүдийнхээ дутагдлыг төдийгүй сайхан чанарыг нь ч харж, цаашид сайныг хийх боломж бололцоог нь анхаарч үзэх гэсэн үг юм (Дуулал 130:3; Эфэс 5:1). 2) Паул ариун сүнсний хүчинд хязгааргүй итгэж байсан нь түүнийг бусдаас ялгаж өгдөг байв. Тэрбээр, өөрт нь үнэнчээр үйлчлэх гэж хүсэн тэмүүлсэн христосын шашинтан хүнд «хүчний давамгайллаа» өгөхөд нь Еховад хүний сул дорой байдал болон аливаа бэрхшээл саад болж чадахгүй гэдгийг мэдэж байсан (2 Коринт 4:7; Филиппой 4:13). Тиймээс, Паулын ах эгч нартаа итгэж байсан итгэл нь хуурмаг, амьдралаас тасархай эсвэл сохор өөдрөг үзэл байгаагүй. Энэ бол Бичээсэнд үндэслэсэн, бат бөх үндэстэй итгэл байсан юм.
5. Бид яаж Паул шиг итгэлтэй байж болох вэ? Энэ нь юунд нөлөөлөх вэ?
5 Паулын итгэл дагаж дууриамаар байсан нь лавтай. Иерусалим болон Иудей дахь хуралд хандаж хэлсэн түүний урамшууллын үг нь тэдний хувьд их учиртай байсан байх ёстой. Паулын үг еврей христосын шашинтнуудыг эсэргүүцэгч иудейчүүдийн зүгээс гарч буй тэсэх аргагүй доромжлол, ихэмсэг хайхрамжгүй занг эс тоомсорлон, итгэлээрээ бат зогсох шийдвэртэй болоход нь тусалж байв. Бид ч мөн бие биетэйгээ харьцахдаа тэгж болох уу? Бусдынхаа зөвхөн дутагдал, өө сэвийг харах нь хамгийн амархан зүйл (Матай 7:1–5). Харин бидний хэн хэнд маань байдаг хосгүй итгэлийг анхаарч, үнэлбэл бие биедээ илүү ихээр тусалж чадна. Тийм урамшуулал нь итгэлээр өсөхөд илүү хурдан нөлөөлнө (Ром 1:11, 12).
Бурхны Үгийг үйл ажил болгох
6. Паул Еврей 10:38-ыг бичихдээ ямар эхээс иш татсан бэ?
6 Паул Ариун Бичээсийг чадамгай ашиглан, итгэл нэгтнүүдийнхээ итгэлийг бэхжүүлж байсан. Тухайлбал, «Харин Миний зөв хүн итгэлээр амьд байх бөгөөд хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнд тааламжтай байхгүй» гэж бичжээ (Еврей 10:38). Энд Паул зөнч Хабаккукийн үгнээс иш татсан байнаa. Паулын захидлыг уншсан еврей христосын шашинтнууд зөнчдийн номыг сайн мэддэг байсан бөгөөд уг үгийг ч мэдэж байв. МЭ 61 оны үеийн Иерусалим болон тэр хавийн христосын шашинтнуудын итгэлийг бэхжүүлэх гэсэн Паулын зорилгыг харахад Хабаккукийн жишээг сайн сонгожээ. Яагаад?
7. Хабаккук зөгнөлөө хэзээ бичсэн бэ? Тэр үед Иудад нөхцөл байдал ямар байсан бэ?
7 Хабаккук МЭӨ 607 онд болсон Иерусалимын сүйрэл болохоос хорь гаруй жилийн өмнө номоо бичсэн бололтой. Зөнч үзэгдэлдээ Иуда уруу довтолж, Иерусалимыг сүйтгэн, замдаа бүхэл бүтэн ард түмнийг эзлэн авч явсан «догшин шаламгай үндэстэн» болох халдейчүүдийг (буюу бабилончуудыг) харжээ (Хабаккук 1:5–11). Гэхдээ тийм гай зовлон болно гэдгийг Исаиагийн үеэс буюу зуу гаруй жилийн өмнө мэдэгдсэн байсан. Хабаккукийн үед сайхан сэтгэлт Иосиа хааныг Ехой-Аким залгамжилснаар Иудад хууль бус явдал дахин газар авчээ. Ехой-Аким Еховагийн нэрээр ярьсан бүхнийг мөрдөн хавчиж, алж байв (Судрын дэд 36:5; Иеремиа 22:17; 26:20–24). Хабаккук зөнч: «Өө, Ехова, юутай удна вэ!» гэж халаглан хашгирч байсанд гайхах зүйл үгүй (Хабаккук 1:2, ШЕ).
8. Хабаккукийн жишээ ямар учраас I зууны болон өнөөгийн христосын шашинтнуудад ашигтай байж чадсан бэ?
8 Иерусалим сүйрэхэд хир бага хугацаа үлдсэнийг Хабаккук мэдээгүй байсан. I зууны христосын шашинтнууд ч бас Иудейн эд юмсын тогтолцооны төгсгөл хэзээ болохыг мэдээгүй. Өнөөдөр бид ч мөн Еховагийн, энэхүү муу тогтолцоог шүүх «өдөр, цагийг» мэдэхгүй (Матай 24:36). Тэгвэл одоо Еховагийн Хабаккукт өгсөн, хоёр хэсгээс тогтсон хариултыг анхаарч үзэцгээе. Нэгдүгээрт, Ехова төгсгөл цагтаа болно гэсэн баталгааг зөнчид өгсөн. Хүмүүст оройтож буй мэт санагдавч Бурхны хэлсэнчлэн «саатаж хоцрохгүй» (Хабаккук 2:3). Хоёрдугаарт, «зөв хүн итгэлээр амьд байна» гэдгийг Хабаккукт сануулсан байдаг (Хабаккук 2:4). Ямар сайхан, энгийн үнэн бэ! Төгсгөл хэзээ болох нь гол биш, харин итгэлээрээ амьдарч байна уу гэдэг маань л хамгийн гол нь юм.
9. Еховагийн дуулгавартай үйлчлэгчид үнэнч байсныхаа ачаар а) МЭӨ 607 онд б) МЭ 66 оны дараа хэрхэн яаж амьд үлдсэн бэ? в) Бид итгэлээ бэхжүүлэх нь ямар учраас чухал бэ?
9 МЭӨ 607 онд Иерусалимыг сүйрэх үед Иеремиа, түүний бичээч Барух, Ебедмелех болон үнэнч рехабчууд Еховагийн Хабаккукт өгсөн амлалт үнэн гэдэгт итгэсэн. Тэд Иерусалимын аймшигт сүйрлээс зугтан, эсэн мэнд үлдсэн. Яагаад? Ехова тэднийг үнэнч байсных нь төлөө шагнасан юм (Иеремиа 35:1–19; 39:15–18; 43:4–7; 45:1–5 ). МЭ 66 онд Ромын цэргүүд Иерусалим уруу довтолж, дараа нь үл мэдэгдэх шалтгаанаар ухрахад I зууны үеийн үнэнч еврей христосын шашинтнууд Есүсийн зугтах тухай тушаалыг үнэнчээр дагаж байсан болохоор Паулын сургаалыг ч мөн хүлээж авсан биз ээ (Лүүк 21:20, 21). Тэд үнэнч байсан учраас амьд үлджээ. Бид ч бас төгсгөл ирэх хүртэл үнэнч байвал амьд үлдэх болно. Эдүгээ итгэлээ бэхжүүлэх юутай үнэмшилтэй шалтгаан бэ!
Итгэлийн жишээг сэргээн сануулсан нь
10. Паул Моосэгийн итгэлийн талаар хэрхэн бичсэн ба бид Моосэг ямар талаар дууриаж болох вэ?
10 Паул бусдын үзүүлсэн жишээг үр дүнтэй ашиглан христосын шашинтнуудын итгэлийг бэхжүүлсэн. «Еврей» номын 11-р бүлгийг уншихдаа Библид гардаг хүмүүсийн үлгэр жишээг Паул хэрхэн сэргээн сануулсныг анхаараарай. Тэрээр Моосэгийн талаар ийн өгүүлжээ. «Үл Үзэгдэгчийг харсан мэт байсан тул тэвчсэн ажээ» (Еврей 11:27). Өөрөөр хэлбэл, Моосэгийн хувьд Ехова, үл үзэгдэгч Бурхныг харсан мэт бодитой байжээ. Бидний тухайд үүнтэй адил байж болох уу? Еховатай харьцах харьцааны талаар ярихад амархан ч үүнийгээ хөгжүүлж, бэхжүүлэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм ээ, үнэхээр хөдөлмөр хэрэгтэй юм! Бид аливааг шийдэхдээ, тэр ч бүү хэл, энгийн жижиг зүйлийг ч шийдэхдээ Еховагийн тухай юу санадаг, бидний хувьд хэчнээн бодитой байдаг вэ? Тийм л итгэл хамгийн хүнд эсэргүүцлийг даван туулахад тусална.
11, 12. а) Ямар нөхцөлд Эноохын итгэл соригдсон байж болох вэ? б) Ямар урам хайрлам шагналыг Эноох хүртсэн бэ?
11 Эноохын итгэлийг анхаарч үзье. Тэрээр ямар бэрхшээлтэй тулгарч байсныг бидэнд төсөөлөхөд бэрхтэй. Эноох тухайн цагт амьдарч байсан муу хүмүүст оноосон ялын талаарх таагүй мэдээг дэлгэрүүлэх хэрэгтэй байлаа (Иүда 14, 15). Энэ үнэнч хүнийг маш хүчтэй, харгис хэрцгийгээр хавчиж хяхаж байсан бололтой юм. Учир нь дайснууд нь хорлохоос өмнө Ехова түүнийг үхлийн нойроор унтуулан, амьдын хорвоогоос «аваачсан». Тийм болохоор өөрт нь хэлсэн зөгнөлүүд хэрхэн биелснийг Эноох үзээгүй. Гэхдээ л ямар нэг талаараа илүү гэж хэлж болох бэлэг хүртсэн юм (Еврей 11:5; Эхлэл 5:22–24).
12 Паул: «Тэр [Эноох] аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ» гэж бичжээ (Еврей 11:5). Энэ нь ямар утгатай байсан бэ? Эноох үхлийн нойроор нойрсохынхоо өмнө ойрын ирээдүйд сэрэх Диваажин дэлхийнхээ үзэгдлийг үзсэн байж болох юм. Ямар ч байлаа гэсэн Ехова Эноохын үнэнч байдалд нь сэтгэл ханамжтай байснаа өөрт нь мэдүүлсэн. Эноох Еховагийн зүрх сэтгэлийг баярлуулсан юм (Сургаалт үгс 27:11-тэй харьцуулна уу). Эноохын туулж өнгөрүүлсэн амьдралын талаар бодоход сэтгэл хөдлөм биш гэж үү? Та итгэлийн хүн байсан түүний адилаар амьдармааргүй байна гэж үү? Тэгвэл, энэ мэт жишээнүүдийг эргэцүүлэн бодож, бодит хүмүүсийн л жишээ гэдгийг ойлгохыг хичээгээрэй. Өдөр бүр итгэлээрээ амьдрахаар хатуу шийдээрэй. «Итгэлийн хүмүүс» Бурхан амлалтаа биелүүлэх тэр цаг хугацаанаас болоод л Бурханд үйлчилдэггүй гэдгийг санаарай. Үгүй ээ, бид Еховад мөнхөд үйлчилмээр байна! Ингэснээрээ бид энэ тогтолцооны үед төдийгүй ирээдүйд ч хамгийн сайхан амьдарна!
Итгэлээрээ бэхжихүй
13, 14. а) Еврей 10:24, 25-д бичсэн Паулын үг цуглаанаа баяр хөөртэй болгоход бидэнд хэрхэн туслах вэ? б) Юуны түрүүнд ямар зорилгоор цуглаан болдог вэ?
13 Паул христосын шашинтан еврейчүүдэд итгэлээ бэхжүүлэх хэд хэдэн аргын талаар тайлбарлажээ. Үүнээс хоёрыг нь л авч үзье. Еврей 10:24, 25-д христосын шашныхаа хуралд байнга явахыг тэрээр уриалсныг бид мэдэх билээ. Бурхны онгод оруулснаар бичсэн Паулын үг биднийг цуглаан дээрээ идэвхгүй үлбэгэр ажиглагчид төдий байх ёсгүйг анхааруулсан. Паулын бичсэний дагуу цуглаан бол бие биетэйгээ танилцах, бие биеэ Еховад бүрэн дүүрэн үйлчлэхийг урамшуулах, зоригжуулах боломж ажээ. Бид зөвхөн авахын тулд бус мөн өгөхийн тулд тэнд очдог. Энэ нь цуглааныг маань улам баяр хөөртэй болгоход дөхөм болдог (Үйлс 20:35).
14 Гэхдээ, юуны түрүүнд бид Ехова Бурхнаа шүтэх гэж цуглаанд явдаг. Бид хамтдаа залбиран, дуулж, «амны үр жимс»-ээ өгөх ба бусдынхыг анхааралтай сонсох буюу хариулт тайлбар болон үг яриагаараа Еховагаа магтан алдаршуулдаг (Еврей 13:15). Хэрэв бид цуглаан болгон дээр уг зорилгоо санан үүнийхээ дагуу байвал итгэл маань бэхжинэ.
15. Ямар учраас Паул христосын шашинтан еврейчүүдийг үйлчлэлдээ барьцтай байхыг уриалдаг байсан бэ? Ямар учраас энэ нь бидний үед хэрэглүүштэй вэ?
15 Итгэлээ бэхжүүлэх өөр нэг арга бол дэлгэрүүлэх ажил юм. Паул: «нийтэд тунхагладаг найдвараа гуйвалтгүйгээр бат барьцгаая. Учир нь тэр амлалтдаа үнэнч билээ» хэмээн бичжээ (Еврей 10:23, ШЕ). Бид хэн нэгнийг ямар нэг юмнаас тавилгүй бариарай гэж сануулна гэдэг нь тэр үүнийг орхих, гараасаа алдах аюул байна гэсэн үг ээ. Христосын шашинтан еврейчүүдийг үйлчлэлээ орхиосой гэж Сатан хүсэж, хавчиж байсан нь эргэлзээгүй. Тэр орчин үеийн христосын шашинтнуудыг ч гэсэн тэгээсэй л гэж хүсдэг. Түүний үзүүлж буй дарамт шахалтыг даван туулахын тулд яах хэрэгтэй вэ? Паул юу хийснийг харцгаая.
16, 17. а) Үйлчлэлд зайлшгүй шаардлагатай байсан эр зоригийг Паул хаанаас авч байсан бэ? б) Хэрэв үйлчлэлийн аль нэг хэлбэр бидэнд аймаар санагддаг бол ямар ямар арга хэмжээ авч болох вэ?
16 Тэсалоникийн христосын шашинтнуудад тэр: «Харин бид Филиппойд нэгэнтээ зовсон бөгөөд тэд биднийг үзэхгүй байсан боловч, та нарын мэдэж байгаачлан маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурхны сайн мэдээг та нарт ярих зориг бидэнд бидний Бурхан дотор байсан юм» гэж бичжээ (1 Тэсалоник 2:2). Паул болон түүнтэй хамт байгсдыг «үзэхгүй байсан» гэдгийг яаж ойлгох вэ? Зарим эрдэмтдийн үзэж буйгаар Паулын бичсэн энэ үг нь гутаан доромжилсон, шившигтэй байдлаар, эгдүүцмээр хандах гэсэн утгатай ажээ. Филиппойн эрх мэдэлтнүүд тэднийг саваагаар жанчиж, шоронд хориод хөлийг нь дөнгөлсөн (Үйлс 16:16–24). Энэ зовлон Паулд хэрхэн нөлөөлсөн бэ? Миссионерийн аялалын дараагийн хот болох Тэсалоникийн ард иргэдийн өмнө Паул ухралт хийдэг, хулчгар хүн байсан уу? Үгүй ээ, түүнд «зориг байсан» юм. Тэрээр айдас хүйдсийг ялж, цааш нь зоригтойгоор дэлгэрүүлсэн юм.
17 Паул яаж зоригтой болж байсан бэ? Энэ нь түүний салшгүй нэг чанар байв уу? Түүний хэлснээс үзвэл «бидний Бурхан дотор» зоригтой болж байжээ. Библийн орчуулагч нарт зориулсан нэг гарын авлагад дээрх хэллэгийг «Бурхан бидний зүрх сэтгэлээс айдас хүйдсийг арилгав» гэж хөрвүүлж болно гэж дурджээ. Хэрэв та үйлчлэлийн тухай бодохоороо айдаг, эсвэл үйлчлэлийн тодорхой нэг хэлбэр аймаар санагддаг бол яагаад энэ тухай гуйж болохгүй гэж? Зүрх сэтгэлээс минь айдас хүйдсийг арилгана уу гэж түүнээс гуйгаарай. Дэлгэрүүлэхэд тань шаардлагатай эр зориг гуйгаарай. Түүнчлэн, амьдралд хэрэгжүүлж болох өөр арга хэмжээг аваарай. Тухайлбал, та айж эмээдэг тэр хэлбэрээрээ дэргэрүүлэхдээ үүнийг сайн чаддаг хэн нэгтэй дэлгэрүүлэхээр тохироорой. Энэ нь албан байгууллага, ажил хэргийн дэвсгэр нутагт, гудамжаар, албан бусаар, эсвэл утсаар дэлгэрүүлэх гэх мэт байж болох юм. Таны хамтрагч эхний үедээ яриаг эхлэхээр зөвшөөрч ч юуны магад. Тэгэхээр нь ажиглан хараад сураарай. Дараа нь зориг гарган өөрөө эхлэх гээд оролдоод үзээрэй.
18. Үйлчлэлдээ эр зоригтой байвал ямар ивээлүүдийг хүртэх вэ?
18 Хэрэв та эр зоригтой болж чадвал энэ бүтнэ гээд төсөөлөөд үз дээ. Та цөхрөлгүй оролдсоор, урам хугарахгүй бол өөрөөр хэзээ ч тохиолдохгүй тийм таатай явдлууд таныг үйлчлэлд хүлээх болно (25-р хуудсыг харна уу). Та хувьдаа хэцүү байсан зүйлийг даван туулаад Еховад таалагдлаа гэдгээ мэдээд сэтгэл хангалуун байх болно. Та айдас хүйдсээ даван туулахдаа түүний тусламжийг авч, ивээлийг нь хүртэх болно. Итгэл тань ч бэхжинэ. Тийм ээ, өөрийн итгэлийг бэхжүүлэнгээ бусдынхыг яаж бэхжүүлж болох вэ? (Иүда 20, 21).
19. question missing
19 Өөрийн болон бусдын итгэлийг цаашид ч бэхжүүлэгтүн. Үүний тулд Бурхны Үгийг чадварлаг ашиглаж, судалж, Библид гардаг хүмүүсийн итгэлийн үлгэр жишээг сэргээн санаж, христосын шашинтны цуглаанд бэлдэн, оролцож мөн үнэ цэнтэй дэлгэрүүлэх үйлчлэлд оролцоорой. Энэ бүхэн өөрийн тань болон бусдын итгэлийг байгуулна. Ингэснээрээ та «итгэлийн хүмүүсийн» тоонд орно гэдгээ санаарай. Түүнчлэн, ийм хүмүүсийг гайхамшигтай шагнал хүлээж байна гэдгийг санаарай. Харин тэд «сэтгэлийн [«амийн», ШЕ] хамгаалалт уруу орох» хүмүүс билээ. Таны итгэл бэхжиж, Ехова таныг үүрд амьд байлгах болтугай!
[Зүүлт]
a Паул Септуагинт орчуулгын Хабаккук 2:4-өөс иш татжээ. Тэнд, «хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнд тааламжтай байхгүй» гэсэн үгээр орсон байна. Гэтэл бидний үед хүрч ирсэн эртний еврей гар бичмэлийн алинд нь ч энэ мэдээлэл байдаггүй. Септуагинтыг өөр хаа ч байхгүй нэн эртний еврей гар бичмэлд үндэслэсэн байх гэж таамагладаг. Юутай ч Паул Бурхны ариун сүнсээр хөтлөгдөж байсныхаа хувьд Еврей номдоо энэ үгийг оруулсан байна. Тэгэхлээр, үүнийг Бурхан зөвшөөрсөн гэсэн үг.
Та юу гэж хариулах вэ?
◻ Паул еврей христосын шашинтнуудад итгэж байснаа хэрхэн илэрхийлсэн бэ? Бид үүнээс юунд суралцаж болох вэ?
◻ Паул зөнч Хабаккукийн номоос иш татсан нь яагаад цагаа олсон бэ?
◻ Библид байдаг итгэлийн ямар жишээнүүдийг Паул сэргээн сануулсан бэ?
◻ Итгэлээ бэхжүүлэх ямар аргуудыг тэрээр зөвлөсөн бэ?