Христ хурлаа удирддаг
«Харагтун, үеийн [«эд юмсын энэхүү тогтолцооны», ШЕ] төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» (МАТАЙ 28:20).
1, 2. а) Дахин амилсан Есүс шавь бэлдэхийг тушаахдаа дагалдагчдадаа юу амласан бэ? б) Есүс нэгдүгээр зууны христиан хурлыг хэрхэн идэвхтэй удирдаж байсан бэ?
ДАХИН амилсан, бидний Удирдагч Есүс Христ тэнгэр өөд явахынхаа өмнө шавь нартаа үзэгдэн: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн [«эд юмсын энэхүү тогтолцооны», ШЕ] төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж айлджээ (Матай 23:10; 28:18–20).
2 Есүс шавь нартаа бүр илүү олон шавь бэлдэх авралын ажилд оролцохыг тушаагаад зогсоогүй тэдэнтэй хамт байхаа амласан. Бурхан Христийг дөнгөж бий болоод байсан хурлын бүрэн эрхт Удирдагчаар томилсныг «Үйлс» номд бичсэн эртний христиануудын түүх хөдөлшгүй гэрчилдэг. Есүс дагалдагчдаа бэхжүүлж, тэднийг удирдахын тулд амласан «Туслагч» буюу ариун сүнсийг тэдэнд өгсөн (Иохан 16:7; Үйлс 2:4, 33; 13:2–4; 16:6–10). Тэрчлэн дахин амилсан Есүс шавь нартаа туслуулахаар захиргаандаа байдаг тэнгэр элчүүдийг ашигласан (Үйлс 5:19; 8:26; 10:3–8, 22; 12:7–11; 27:23, 24; 1 Петр 3:22). Түүнээс гадна бидний Удирдагч төлөвшсөн ахлагч нараас бүрддэг удирдах зөвлөлөөр дамжуулан хурлаа удирддаг байсан (Үйлс 1:20, 24–26; 6:1–6; 8:5, 14–17).
3. Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
3 Гэвч Есүс «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн» цаг үе болох өнөө үед хурлаа хэрхэн удирддаг вэ? Түүнд захирагдаж байгаагаа бид яаж харуулдаг вэ?
Эзэн итгэмжит боолтой
4. а) «Итгэмжит ухаалаг боол» гэж хэн бэ? б) Эзэн Есүс «боол»-доо ямар даалгавар өгсөн бэ?
4 Есүс залран байх үеийнхээ шинж тэмдгийг илэрхийлэн: «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ? Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» гэж хэлсэн (Матай 24:45–47). Тэрхүү «Эзэн» нь бидний Удирдагч Есүс Христ бөгөөд тэрээр «итгэмжит ухаалаг боол» буюу дэлхийд амьдарч байгаа тослогдсон христиануудын заримыг газар дээрх бүх эзэмшлийнхээ даамлаар томилсон юм.
5, 6. а) Иоханы үзсэн үзэгдэлд гардаг «долоон алтан дэнлүүний суурь», «долоон од» юу бэлэгддэг вэ? б) «Долоон од» Есүсийн «баруун мутарт» байгаа нь юу гэсэн үг вэ?
5 «Итгэмжит ухаалаг боол» шууд Есүс Христэд захирагддаг нь «Илчлэлт» номоос харагддаг. «Эзний өдрийн» үзэгдлээр элч Иохан «долоон алтан дэнлүүний сууриудын дунд... Хүний Хүү шиг Нэгэн байхыг» харсан. «Тэр баруун мутартаа долоон од барьжээ». Есүс уг үзэгдлийг Иоханд: «Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы [«хурлын», ШЕ] тэнгэр элчүүд бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган [«хурал», ШЕ] юм» хэмээн тайлбарласан (Илчлэлт 1:1, 10–20).
6 «Долоон алтан дэнлүүний суурь» нь 1914 оноос эхэлсэн «Эзний өдрийн» туршид байгаа жинхэнэ христиануудын бүх хурлыг бэлэгддэг. Тэгвэл «долоон од» нь юу вэ? Тэдгээр нь эхэндээ нэгдүгээр зууны хурлуудын төлөө санаа тавьж байсан сүнсээр төрсөн, тослогдсон бүх харгалзагчийг бэлэгддэг байсанa. Тэдгээр харгалзагч Есүсийн «баруун мутарт», өөрөөр хэлбэл, түүний захиргаанд байсан юм. Тийм ээ, Христ Есүс «боолын» ангийг удирдсан. Гэвч эдүгээ тослогдсон харгалзагчдын тоо цөөрчээ. Тэгвэл өнөөдөр дэлхий дахинд байгаа Еховагийн Гэрчүүдийн 93 000 гаруй хурлыг Христ хэрхэн удирддаг вэ?
7. а) Есүс Удирдах Зөвлөлөөр дамжуулан дэлхий дахины хурлуудыг хэрхэн удирддаг вэ? б) Хурлын ахлагч нар ариун сүнсээр томилогддог гэж хэлж болохын учир юу вэ?
7 Өнөөдөр «итгэмжит ухаалаг боолыг» төлөөлсөн Удирдах Зөвлөл нь нэгдүгээр зууных шиг, шаардлага хангасан, тослогдсон харгалзагчдаас бүрдсэн жижиг бүлэг юм. Бидний Удирдагч Есүс Удирдах Зөвлөлөөр дамжуулан төлөвшсөн ах нарыг сүнсээр тослогдсон эсэхийг нь үл харгалзан орон нутгийн хурлуудад ахлагчаар томилдог. Ийн томилоход Еховагаас Есүст өгсөн ариун сүнс чухал үүрэг гүйцэтгэдэг (Үйлс 2:32, 33). Юуны түрүүнд эдгээр ахлагч ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үгэнд байгаа шаардлагуудыг хангах ёстой (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9; 2 Петр 1:20, 21). Хариуцлагатай ах нар Еховад хандан залбирсны дараа ариун сүнсний удирдлагаар ахлагчид нэр дэвшүүлж, томилдог. Түүнээс гадна томилогдсон ах нар сүнсний «үр жимсийг» бусдад мэдэгдэхүйц ил тод илэрхийлэх ёстой (Галат 5:22, 23). Тийм учраас Паулын: «Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» хэмээсэн зөвлөгөөг тослогдсон эсэхээсээ үл хамааран бүх ахлагч хэрэгжүүлэх учиртай (Үйлс 20:28). Эдгээр томилогдсон ахлагч Удирдах Зөвлөлөөс удирдлага заавар хүлээн авч, хурлыг дуртайяа хариулдаг. Тийнхүү Христ өнөөдөр бидэнтэй хамт байж, хурлыг идэвхтэй удирддаг.
8. Христ дагалдагчдаа удирдахдаа тэнгэр элчүүдийг хэрхэн ашигладаг вэ?
8 Есүс өнөөдөр дагалдагчдаа удирдахын тулд бас тэнгэр элчүүдийг ашигладаг. Буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлд бичсэнээр ургац хураах ажил «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн» цаг үед болох ажээ. Эзэн ургац хураах ажилд хэнийг ашиглах вэ? Есүсийн үгээр бол «тариа хадагсад нь тэнгэр элчүүд юм». Есүс: «Хүний Хүү тэнгэр элчүүдээ илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлнэ» хэмээн нэмж хэлсэн (Матай 13:37–41). Түүнээс гадна тэнгэр элч Филипийг удирдан, Этиопын тайган амбаныг олоход тусалсан шиг өнөөдөр Христ тэнгэр элчүүдээ илгээн чин сэтгэлтэй хүмүүсийг олоход нь жинхэнэ христиануудад тусалдаг нь эргэлзээгүй (Үйлс 8:26, 27; Илчлэлт 14:6).
9. а) Христ өнөөдөр хурлаа ямар байдлаар удирддаг вэ? б) Христийн удирдлагаас ашиг тус хүртье гэвэл бид ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?
9 Өнөөдөр Есүс Христ дагалдагчдаа Удирдах Зөвлөл, ариун сүнс болон тэнгэр элчүүдийн тусламжтайгаар удирддагийг мэдэх нь юутай урамтай вэ! Мөрдлөг хавчилт болон өөр бусад нөхцөл байдлын улмаас Еховагийн зарим үйлчлэгч Удирдах Зөвлөлөөс түр зуур тусгаарлагдлаа ч гэсэн Христ тэднийг ариун сүнс болон тэнгэр элчүүдээрээ дамжуулан удирдсаар байдаг. Гэхдээ Христэд дуулгавартай байсан цагт л түүний удирдлага бидэнд тус болно. Христийн удирдлагыг хүлээн авч байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
«Дуулгавартай байж, захирагдагтун»
10. Хурлын ахлагч нарыг хүндэтгэж байгаагаа яаж харуулах вэ?
10 Бидний Удирдагч хурлуудад «хүн бэлгүүдийг» «заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгон» өгсөн (Ефес 4:8, ШЕ, 11, 12). Бид Христэд хэрхэн захирагдаж байгаагаа ахлагч нарт хандах хандлага, үйл хэргээрээ харуулдаг. Христийн өгсөн сүнслэг талаараа төлөвшсөн ах нарт бид «талархах» сэтгэлтэй байх ёстой (Колоссай 3:15). Ахлагч нар ч бидний хүндэтгэлийг хүлээдэг. Элч Паул: «Сайн удирдаж байгаа ахлагч нар... хоёр дахин хүндэтгэл авах зохистой» хэмээн бичжээ (1 Тимот 5:17). Харгалзагчид буюу ахлагч нарт талархал болоод хүндэтгэлээ хэрхэн илэрхийлж болох вэ? Үүнд Паул: «Удирдах үүрэг хүлээсэн хүмүүст дуулгавартай байж, захирагдагтун» хэмээн хариулсан (Еврей 13:17, ШЕ). Тийм ээ, бид тэдэнд дуулгавартай байж, захирагдах ёстой.
11. Ахлагч нарыг хүндэтгэж байгаа байдал баптисм хүртсэнийхээ дагуу амьдарч байгаа эсэхийг маань харуулдгийн учир юу вэ?
11 Бидний Удирдагч бол төгс билээ. Харин түүний өгсөн «хүн бэлгүүд» буюу ахлагч нар төгс биш ээ. Тийм учраас тэд алдах нь бий. Ямартай ч Христийн байгууламжид чин үнэнч байх нь туйлаас чухал. Үнэн чанартаа Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэнийхээ дагуу амьдрах гэдэг нь ариун сүнсээр томилогдсон хурлын хууль ёсны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, түүнд дуртайяа захирагдана гэсэн үг юм. «Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэнэ гэдэг нь ариун сүнс гэж чухам юу болохыг мэддэгээ, мөн Еховагийн санаа зорилгод түүний гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрч байгаагаа олны өмнө зарлан тунхаглана гэсэн үг юм (Матай 28:19). Тийнхүү баптисм хүртсэнээрээ бид ариун сүнстэй хамтран ажилладгаа болон Христийн дагалдагчдад үйлчлэхэд нь саад болох юу ч хийхгүй гэдгээ харуулдаг. Ах нарыг ахлагчид нэр дэвшүүлж, томилоход ариун сүнс чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор ахлагч нарыг дэмжихгүй байгаа хүнийг Бурханд өөрийгөө зориулсан арга хэмжээндээ үнэнч байна гэж хэлж болох уу?
12. Иуда эрх мэдлийг үл хүндэтгэсэн ямар ямар жишээ дурдсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?
12 Библид дуулгавартай байж захирагдахын чухлыг харуулсан олон жишээ бий. Шавь Иуда, хурлын томилогдсон ах нарыг үл хүндэтгэсэн хүмүүст сануулга болгон: «Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корагийн тэрслэлтийн дотор мөхсөн» хэмээн гурван жишээ дурдсан (Иуда 11). Каин Еховагийн хайрын сэтгэлээсээ өгсөн зөвлөгөөг үл ойшоон, үзэн ядалт, аллагын замыг зориуд сонгосон (Эхлэл 4:4–8). Бурхан нэг биш удаа сануулсан ч Балаам үл хэрэгсэн, хялбар олзноос болоод Бурхны ард түмнийг хараахыг оролдсон (Тооллого 22:5–28, 32–34; Дэд хууль 23:5). Кора Израилийн дунд багагүй нэр хүнд, үүрэг хариуцлага хүлээсэн хэдий ч тэр нь түүнд чамлалтай санагдсан. Тэгээд «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүү даруу хүн» болох Бурхны үйлчлэгч Мосегийн эсрэг самуун дэгдээсэн (Тооллого 12:3; 16:1–3, 32, 33). Каин Балаам Кора гурвын аль аль нь гай зовлонд унасан. Эдгээр жишээ Еховагийн хариуцлага хүлээлгэсэн хүмүүсийн зөвлөгөөг дагаж, тэднийг хүндэтгэхэд бидэнд сайн сургамж болох ёстой!
13. Хурлын ахлагч нарт захирагддаг хүмүүсийн хүртэх ашиг тусын талаар Исаиа юу гэж зөгнөсөн бэ?
13 Бид Удирдагчийнхаа өгсөн хурлын удирдлагыг даган, ашиг тус хүртэхийг хүсэхгүй гэж үү? Зөнч Исаиа энэ ашиг тусын талаар: «Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна. Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно» хэмээн зөгнөжээ (Исаиа 32:1, 2). Ахлагч болгон тийм «халхавч», «хоргодох газар» байх ёстой. Ахлагч нарт захирагдах нь хэцүү байлаа ч Бурханд залбирч, хуралд тогтоосон Бурхны хууль ёсны эрх мэдэлд захирагдахын тулд боломжтой бүхнийг хийцгээе.
Ахлагч нар Христэд хэрхэн захирагддаг нь
14, 15. Хуралд удирдах үүрэг хүлээсэн хүмүүс Христэд захирагддагаа хэрхэн харуулдаг вэ?
14 Христиан болгон, ялангуяа ахлагч нар Христэд захирагдах ёстой. Харгалзагчид буюу ахлагч нар хуралд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байдаг. Гэхдээ тэд бусдын «итгэлийг захирч», амьдралд нь хутгалдан оролцдоггүй (2 Коринт 1:24). «Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. Та нар тэгж болохгүй» гэж хэлсэн Есүсийн үгийг ахлагч нар зүрхэндээ хадгалж явдаг (Матай 20:25–27). Ахлагч нар үүргээ биелүүлэхдээ бусдад чин сэтгэлээсээ үйлчлэхийг хичээдэг.
15 «Та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай» хэмээн христиануудад уриалдаг (Еврей 13:7). Удирдагч учраас л ахлагч нарыг дуурайх ёстой юм биш ээ. Есүс: «Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» гэж хэлсэн (Матай 23:10). Ахлагч нар бидний жинхэнэ Удирдагч Христийг дуурайдаг учраас тэдний итгэлийг дуурайх хэрэгтэй (1 Коринт 11:1). Ахлагч нар хурлын гишүүдтэй харьцахдаа Христийн чанаруудыг илэрхийлэхийг хэрхэн хичээдгийг авч үзье.
16. Есүс агуу их эрх мэдэлтэй байсан хэдий ч дагалдагчидтайгаа хэрхэн харьцдаг байсан бэ?
16 Есүс төгс бус хүмүүсээс бүх талаараа харьцуулшгүй давуу байсан бөгөөд Эцгээсээ агуу их эрх мэдлийг хүлээн авсан хэдий ч шавь нартайгаа даруухан харьцдаг байв. Мэдлэгээрээ гайхуулж, ихэрхдэггүй байсан. Дагалдагчдынхаа хэрэгцээг харгалзан үзэж, өрөвч сэтгэлээр ханддаг байлаа (Матай 15:32; 26:40, 41; Марк 6:31). Шавь нараасаа чадлаас нь хэтэрсэн зүйл шаардаж, хэт хүнд ачаа үүрүүлж байсангүй (Иохан 16:12). Есүс «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» хүн байв. Тэрбээр төчнөөн олон хүнийг «сэргээсэн» (ШЕ) нь гайхах зүйл биш ээ (Матай 11:28–30).
17. Ахлагч нар хурлын гишүүдтэй харьцахдаа Христийн даруу занг хэрхэн дуурайх ёстой вэ?
17 Бидний Удирдагч Христ даруу байсан юм бол хуралд удирдах үүрэг хүлээсэн хүмүүс ямар байх ёстой нь ойлгомжтой! Тийм ээ, тэд өөрсдөд нь итгэн хүлээлгэсэн эрх мэдлийг хэтрүүлэхээс болгоомжилдог ба «сайхан үгсээр» өөрийгөө бишрүүлэхийг хичээдэггүй (1 Коринт 2:1, 2, МАБ). Харин ч ахлагч нар Библийн үнэнийг энгийн бөгөөд чин сэтгэлээсээ ярихыг хичээдэг. Түүнээс гадна ахлагч нар бусдад шаардлага тавихдаа «хэрсүү ухаалаг байж», хэрэгцээг нь харгалзан үзэхийг хичээдэг (Филиппой 4:5, ШЕ). Тэд хүний боломж хязгаарлагдмал гэдгийг мэддэг учраас итгэл нэгтнүүддээ хайрын сэтгэлээр ханддаг (1 Петр 4:8). Даруу, дөлгөөн зүрхтэй ахлагч нартай харьцахад үнэхээр сэргэхгүй гэж үү? Мэдээжээр сэргэнэ.
18. Ахлагч нар Есүсийн, хүүхэдтэй хэрхэн харьцдаг байснаас юунд суралцаж болох вэ?
18 Есүсээс балчир хүүхдүүд ч дөлж бишүүрхдэггүй байв. Есүс дээр «хүүхдүүдээ авчирлаа» гэж шавь нар нь хүмүүсийг зэмлэхэд Есүс: «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь» хэмээн хэлээд «хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөжээ» (Марк 10:13–16). Есүс зөөлөн сэтгэлтэй, сайн хүн байсан бөгөөд хүмүүс түүнд татагддаг байв. Тэд Есүсээс цэрвэдэггүй байлаа. Тэр байтугай хүүхдүүд хүртэл түүнтэй төвөггүй харьцдаг байв. Ахлагч нар ч мөн адил халгаж цэрвээд байхаар хүмүүс биш бөгөөд бусадтай сайхан сэтгэлээр, элэгсэг зөөлөн харьцдаг. Хүүхдүүд ч тэдэнтэй төвөггүй харьцдаг.
19. «Христийн оюун ухаантай» байх гэж юу гэсэн үг вэ? «Христийн оюун ухаантай» байхын тулд яах хэрэгтэй вэ?
19 Ахлагч нар Есүс Христийг хэдийчинээ сайн мэднэ төдийчинээ сайн дуурайна. Паул: «Эзний [«Еховагийн», ШЕ] оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?» гэж асуугаад: «Харин бидэнд Христийн оюун ухаан бий» хэмээн нэмж хэлжээ (1 Коринт 2:16). «Христийн оюун ухаан»-тай байна гэдэг Есүсийн сэтгэлгээний маяг болон зан чанарыг мэднэ гэсэн үг юм. Тэгж байж гэмээнэ тодорхой нөхцөл байдалд хэрхэн хандах байсныг нь ойлгох боломжтой болно. Удирдагчаа хэчнээн сайн мэдэх боломж байгааг төсөөлөөд үзэгтүн! Тийм ээ, ингэхийн тулд Евангелийг анхааралтай судалж, Есүсийн амьдрал болоод үлдээсэн үлгэр жишээнийх нь талаар байнга эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ахлагч нар Христэд хэдийчинээ дуулгавартай захирагдана хурлын гишүүд тэдний итгэлийг дуурайхыг төдийчинээ эрмэлзэх болно. Итгэл нэгтнүүдээ Удирдагчийнхаа мөрөөр баяр хөөртэйгөөр явж байгааг харах нь ахлагч нарт бас таатай байдаг.
Христэд үргэлж захирагдагтун
20, 21. Амласан шинэ ертөнцийг хүлээхдээ бид юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?
20 Христэд үргэлж захирагдах нь бидний хувьд амин чухал юм. Эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл ойртох тусам нөхцөл байдал маань МЭӨ 1473 онд Моабын тэгш талд израильчуудад тохиолдсон үйл явдалтай илүү адилхан болж байна. Бурхан зөнч Мосегоор дамжуулан: «Чи [Иошуа] өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очих ёстой» гэж хэлэх тэр үед тэд Амласан газрын босгонд тулж очоод байсан билээ (Дэд хууль 31:7, 8). Иошуаг Израилийн удирдагчаар томилсон байлаа. Амласан газар орохын тулд израильчууд Иошуад захирагдах хэрэгтэй байв.
21 «Та нарын Удирдагч ганц бөгөөд Тэр нь Христ юм» гэж Библи хэлдэг. Бурхны амласан, «зөвт байдал орших» шинэ ертөнц уруу ганцхан Христ л биднийг удирдан авч орно (2 Петр 3:13). Тийм учраас амьдралынхаа бүхий л хүрээнд Христэд шийдвэр төгс захирагдацгаая.
[Зүүлт]
a Энд байгаа «долооод» нь тэнгэр элчүүдийг бэлэгддэггүй. Есүс үл үзэгдэх сүнсэн бүтээлүүдэд зориулж мэдээлэл бичүүлэхийн тулд хүн ашиглах нь юу л бол. Тийм учраас «одод» нь Есүсийн зарлага болсон, хурлын харгалзагчид буюу ахлагч нарыг төлөөлж байгаа юм. Долоогийн тоо бол Бурхны хэмжүүрээр бүрэн төгс байдал гэсэн санааг илэрхийлдэг.
Та санаж байна уу?
• Христ нэгдүгээр зууны христиан хурлыг хэрхэн удирдаж байсан бэ?
• Христ өнөөдөр хурлаа хэрхэн удирддаг вэ?
• Хуралд удирдах үүрэг хүлээсэн хүмүүст захирагдах хэрэгтэйн учир юу вэ?
• Ахлагч нар Христэд захирагддагаа хэрхэн харуулж болох вэ?