Бусдыг гэсэн сэтгэлтэй байя
«Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг» (МАТ. 16:24).
1. Есүс бусдыг гэсэн сэтгэлтэй байхын төгс жишээ үзүүлсэн нь юунаас харагддаг вэ?
ЕСҮС бусдыг гэсэн сэтгэлтэй байхын төгс жишээ үзүүлжээ. Тэрбээр өөрийн хүсэл сонирхол, ая тухыг бус, харин Бурхны хүсэл тааллыг эн тэргүүнд тавьдаг байв (Иох. 5:30). Үхэн үхтэлээ үнэнч байж, эцэст нь тарчлаах шонд хадуулж амиа алдсан. Бусдыг гэсэн сэтгэлтэйгээ ийнхүү баталжээ (Флп. 2:8).
2. Бусдыг гэсэн сэтгэлтэй байна гэж яахыг хэлдэг вэ? Ийм сэтгэлтэй байх ёстойн учир юу вэ?
2 Бид Есүсийн дагалдагч учраас Багшийгаа дууриах ёстой. Бусдыг гэсэн сэтгэлтэй байна гэж яахыг хэлэх вэ? Хүнд туслахын тулд өөрийнхөө эрх ашгийг хойш тавихыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хувиа бодохгүй байна гэсэн үг (Матай 16:24-ийг уншина уу). Хувиа боддоггүй хүн бусдын сэтгэл санаа, хүсэл сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг (Флп. 2:3, 4). Христиан хүн бусдыг гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж Есүс заадаг байсан. Яагаад? Ийм сэтгэл хайраас гардаг. Хайр бол Есүсийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж билээ (Иох. 13:34, 35). Өөрийгөө золиослох сэтгэлтэй итгэл нэгт ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн үйлчилдэг маань ямар их ивээл бэ!
3. Бусдыг гэсэн сэтгэлийг юу хөргөдөг вэ?
3 Гэхдээ л бидэнд нэг дайсан бий. Тэр нь бусдыг гэсэн сэтгэлийг маань хөргөдөг аминч үзэл юм. Адам Ева хоёр яаж аминч болсныг саная. Ева аминч үзэлд автан Бурхан шиг болохыг хүссэн бол, Адам эхнэртээ л таалагдахыг бодсон (Эх. 3:5, 6). Ийнхүү Диавол, Адам Ева хоёрыг жинхэнэ Бурхнаас холдуулжээ. Тэр цагаас хойш хүмүүсийг сорьж, аминч үзэлтэй болгох гэж оролдсоор ирсэн. Тэр байтугай, Есүсийг урхидахыг оролджээ (Мат. 4:1–9). Ихэнх хүн Сатаны урхинд орсон учраас аминч үзэл гаргадаг. Энэ нь олон зүйлээс харагддаг. Бид болгоомжтой байхгүй бол өнөөгийн ертөнцөд газар авсан аминч үзэлд автах аюултай (Еф. 2:2).
4. а) Бид аминч үзлээсээ яг одоо бүрэн ангижирч чадах уу? Тайлбарлана уу. б) Ямар асуултыг авч үзэх вэ?
4 Аминч үзлийг зэвтэй зүйрлэж болох юм. Төмөр эдлэл химийн урвалд орж, исэлдэхлээрээ зэвэрдэг. Зэвэрч эхлэхэд нь л арга хэмжээ авахгүй бол аюултай. Зэвэнд идэгдсээр эцэстээ ямар ч хэрэггүй болдог. Бид төгс бус байдал, аминч үзлээсээ одоохондоо бүрэн ангижирч чадахгүй. Гэхдээ энэ хандлага ямар аюултайг ухамсарлаж, байнга тэмцэх шаардлагатай (1 Кор. 9:26, 27). Аминч зан гаргадаг эсэхээ яаж мэдэх вэ? Үргэлж бусдыг боддог хүн байя гэвэл яах хэрэгтэй вэ?
АМИНЧ ЭСЭХЭЭ БИБЛИЭР ШАЛГАХ НЬ
5. а) Библийг яагаад тольтой зүйрлэж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Аминч үзэл гаргадаг эсэхээ шалгахдаа яах ёсгүй вэ?
5 Бид зүс царайгаа толинд харж, засаж янзалдаг. Дотор хүнээ ч Библи хэмээх толинд харж, алдаа дутагдал байвал засах хэрэгтэй (Иаков 1:22–25-ыг уншина уу). Гэхдээ толинд зэрвэсхэн харвал эвгүй харагдах жижиг зүйлийг анзаардаггүй. Эсвэл толь руугаа эгц харахгүй, хажуу тийш нь болговол өөрийгөө биш, өөр хүнийг харна. Үүнтэй адилаар, аминч үзэл гэх мэтийн гэм дутагдлаа Библиэр шалгая гэвэл гүйлгэж унших учиргүй. Бас бусдын алдааг харах зорилгоор уншиж болохгүй.
6. Төгс хуулиар «байдаг» хүн яадаг вэ?
6 Библийг өдөр бүр уншдаг хэр нь амин хувиа хичээдгээ анзаарахгүй байх нь бий. Яагаад тэр вэ? Иаковын татсан жишээг саная. Тэр хүн толинд зэрвэс хараад өнгөрөөгүй, харин ч сайн харсан. «Харах» гэж орчуулсан грек үг нь нарийн ажиглах, сонжиж харах гэсэн утгатай. Тэгвэл юу нь буруу байсан бэ? «Өөрийгөө хараад эргэхдээ ... ямар байснаа тэр даруйд мартдаг» гэж Иаков цааш нь бичжээ. Тэр хүн өө сэвээ олж харсан ч тэр дор нь засаагүй ажээ. Харин Үгийг хэрэгжүүлдэг хүн «төгс хуулийг няхуур үзэхээр» барахгүй «түүгээр байдаг». Тийм хүн Бурхны Үгэн дэх төгс хуулийг мартдаггүй. Цаг ямагт сахин биелүүлдэг. Есүс бас адилхан утгатай үг хэлсэн. Тэрбээр: «Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна» гэжээ (Иох. 8:31).
7. Амин хувиа хичээдэг эсэхээ Библиэр хэрхэн шалгах вэ?
7 Тэгэхлээр аминч үзэлтэйгээ тэмцье гэвэл эхлээд Бурхны Үгийг анхааралтай унших хэрэгтэй. Ингэж байж дутагдлаа олж харна. Өөр юу хийх хэрэгтэй вэ? Нямбай судлаарай. Библид гардаг үйл явдлыг уншихдаа дотор нь орсон мэтээр төсөөлж бодоорой. «Би яах байсан бэ? Зөв алхам хийх байсан болов уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хамгийн гол нь уншсан зүйлээ эргэцүүлэн бодож ажил хэрэг болгох хэрэгтэй (Мат. 7:24, 25). Хувиа хичээлгүй бусдыг үргэлж боддог байхад тус болох жишээ Библид бий. Саул хаан, элч Петр нарт юу тохиолдсоныг авч үзье.
САУЛ ХААНЫ АМЬДРАЛААС СУРГАМЖ АВАХ НЬ
8. Саул хаан болохдоо ямар хүн байсан бэ? Энэ нь юунаас харагддаг вэ?
8 Аминч үзлээс болоод бусдыг гэсэн сэтгэл хөрдгийг Израилийн хаан Саулд тохиолдсон явдал харуулдаг. Саул төр барьж эхлэхдээ өөрийгөө юман чинээ боддоггүй, даруу хүн байв (1 Сам. 9:21). Зарим израильчууд түүнийг хаан байж чадах эсэхэд эргэлзэн, муу хэлж байсан. Саул Еховагаас авсан эрх мэдлээ хамгаалж, тэднийг шийтгэж болох л байсан. Гэвч тэгээгүй (1 Сам. 10:27). Дараа нь Бурхны ариун сүнсээр удирдуулан аммончуудтай тулалдаад ялалт байгуулдаг. Гэхдээ өөрийгөө өргөмжлөлгүй Еховагийн ачаар ялснаа хүлээн зөвшөөрчээ (1 Сам. 11:6, 11–13).
9. Саул хувиа хичээдэг болсон нь юунаас харагддаг вэ?
9 Зэв төмрийг иддэг шиг, Саул яваандаа бардам болж, хар амиа бодож эхэлжээ. Амалекчуудыг ялсныхаа дараа Еховагийн үгэнд оролгүй өөрийнхөө хүслийг хангасан. Дайснаас олзолсон юмаа Бурхны тушааснаар устгах ёстой байтал шунахайран авчээ. Тэр байтугай, бардам загнаж өөртөө хөшөө босгов (1 Сам. 15:3, 9, 12). Энэ нь Еховад таалагдаагүйг зөнч Самуел уламжлахад Саул өөрийгөө өмөөрч, Бурхны өгсөн заавраас юуг сахиснаа л онцлон дурддаг. Бас буруугаа бусдад тохсон (1 Сам. 15:16–21). Бардам зангийн балгаар, олны дунд нэр нүүргүй болох вий гэж айснаас бус, Бурхны тааллыг алдах вий гэж ердөө бодоогүй (1 Сам. 15:30). Саулын түүх бидэнд ямар сургамжтай вэ?
10, 11. а) Бусдыг гэсэн сэтгэлтэй байхын тулд Саулаас ямар сургамж авах вэ? б) Саулын алдааг давтахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
10 Нэгдүгээрт, өөртөө хэт найдаж болохгүйг Саулд тохиолдсон явдал харуулдаг. Хүн хичээж мэрийхгүй л бол үргэлж бусдыг гэсэн сэтгэлтэй байж чадахгүй (1 Тим. 4:10). Саул эхэндээ бусдыг боддог, Бурхны сайшаалыг хүлээдэг хүн байсан ч хожим нь аминч үзэл гаргах болж түүнтэйгээ тэмцэлгүй явсаар эцэст нь Еховад гологдсон.
11 Хоёрдугаарт, сайн талаа дөвийлгөж, алдаа дутагдлаа үл тоомсорлох учиргүй. Энэ нь толинд харахдаа шинэ хувцсаа сонжсон хэр нь нүүрэн дээр наалдсан юмаа анзаараагүйтэй адил юм. Өөртөө хэт итгэлтэй, бардам болсон Саулын алдааг давтахгүйн тулд аливаа муу хандлагатайгаа тэмцэх шаардлагатай. Хүн зөвлөгөө өгвөл өөрийгөө өмөөрөх, гэм дутагдлаа үл тоомсорлох юм уу бусдыг буруутгахгүй байя. Саул шиг байхын оронд зөвлөгөөг дуртайяа хүлээж авах нь хавьгүй дээр (Дуулал 141:5-ыг уншина уу).
12. Ноцтой нүгэл үйлдсэн бол яах вэ?
12 Ноцтой нүгэл үйлдсэн бол яах вэ? Саул нэр төрөө л бодсоноос биш, Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэргээе гэж бодоогүй. Харин хувиа хичээдэггүй хүн хэчнээн ичгэвтэр санагдаж байлаа ч нүглээ илчилж, шаардлагатай тусламж авдаг (Сур. 28:13; Иак. 5:14–16). Нэг Гэрч эрэгтэй 12 настайгаасаа порно үзэж эхэлжээ. Арав гаруй жил нууцаар үзсэн байна. Тэрбээр: «Эхнэртээ, бас ахлагчдад үнэнээ хэлэх үнэхээр хэцүү байсан. Харин одоо мөрөн дээрээс том ачаа аваад хаячихсан юм шиг л санагдаж байна. Намайг туслах үйлчлэгч байхаа болиход зарим найзын маань урам хугарсан. Итгэлийг нь хөсөрдүүлсэн юм шиг санагдсан байх. Гэхдээ Ехова юу гэж үзэх нь хамгийн чухал шүү дээ. Би порно үзэхээ больсон учраас Еховад таалагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна» гэжээ.
ПЕТР АМИНЧ ҮЗЛЭЭ ЯЛСАН НЬ
13, 14. Петр аминч үзэлтэй байсан нь юунаас харагддаг вэ?
13 Элч Петр Есүсээр заалгаж байхдаа ч бусдыг гэсэн сэтгэлтэй хүн байсан (Лук 5:3–11). Гэхдээ л аминч үзэлтэйгээ тэмцэх шаардлагатай байлаа. Жишээлбэл, элч Иаков Иохан хоёр Есүсээс Бурхны Хаанчлалд өөрийнхөө баруун зүүн талд суулгаач гэж гуйхад Петр ихэд зэвүүцдэг. Есүс өөрт нь онцгой үүрэг оноочихсон байсан болохоор өөрийгөө тэр суудалд сууна гэж бодсон бололтой (Мат. 16:18, 19). Амин хувиа бодож, ах дүүгээ «ноёрхох» ёсгүйг Есүс элч нартаа, түүний дотор Иаков Иохан Петр гуравт анхааруулжээ (Марк 10:35–45).
14 Есүс буруу үзлийг нь засах гэж оролдсон хэдий ч Петр аминч үзэл гаргасаар л байлаа. Нэг удаа Есүс элч нартаа «Та нар ... надаас болж бүгд бүдэрнэ» гэж хэлдэг. Тэгэхэд нь Петр бусад элчийг дорд үзэн, би л ганцаараа үнэнч байж чадна хэмээн өөртөө эрджээ (Мат. 26:31–33). Гэвч хэлсэндээ хүрч чадаагүй. Яг тэр шөнө, амиа алдахаасаа айсандаа Есүсийг танихгүй гэж гурван удаа үгүйсгэжээ. Ийнхүү аминч үзэлдээ дийлдсэн юм (Мат. 26:69–75).
15. Петр дууриавал зохих сайхан жишээ үлдээсэн гэхийн учир юу вэ?
15 Петр аминч үзэл гаргачихдаг байсан ч дууриавал зохих сайхан жишээ үлдээжээ. Тэрбээр өөрөө хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ Бурхны ариун сүнсний тусламжтайгаар аминч үзлээ ялсан. Өөрийнхөө эрх ашгийг хойш тавьж бусдыг хайрладаг, биеэ захирдаг болсон (Гал. 5:22, 23). Үүнийхээ ачаар өмнө нь давж чадахааргүй байсан олон сорилтыг давсан юм. Жишээ нь, нэг удаа элч Паул олны нүдэн дээр Петрийг хатуу зэмлэдэг (Гал. 2:11–14). Тэгэхэд нь Петр муу саналгүй, нэр хүндийг нь унагалаа гэж бодоогүй нь даруу байсны илрэл юм. Тэр байтугай, Паулыг «хайрт ах» гэж үзэн хүндэтгэдэг байв (2 Петр 3:15). Үргэлж бусдыг гэсэн сэтгэлтэй байхад Петрийн жишээ тустай.
16. Бэрхшээл тулгарсан үед хэрхэн өөрийгөө золиослох сэтгэл гаргах вэ?
16 Бэрхшээл тулгарсан үед та яадаг вэ? Петр болон бусад элч шоронд хоригдож, сайн мэдээ дэлгэрүүлснээсээ болоод ташуурдуулсан ч Есүсийн «нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо» баярласан (Үйлс 5:41). Хэрэв та хавчлагад өртвөл Петр Есүс хоёрыг дууриан өөрийгөө золиослох сэтгэл гаргах боломж олдлоо гэж үзээрэй (1 Петр 2:20, 21-ийг уншина уу). Ингэж үздэг бол ямар ч үед тустай. Жишээлбэл, ахлагчид зөвлөгөө өгөхөд гомдож дургүйцэхийн оронд Петр шиг дуртайяа хүлээн авна (Ном. 7:9).
17, 18. а) Сүнслэг зорилго тавьсан бол өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? б) Хувиа хичээх хандлагатайгаа анзаарсан бол яах вэ?
17 Сүнслэг зорилго тавихад Петрийн жишээ тус болдог. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байгаарай. Нэр алдартай болох гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд зорилго тавих нь сайн биш. Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би яагаад чадвараа сайжруулахыг, Еховагийн төлөө илүү их юм хийхийг хүсээд байгаа билээ? Бусдаас магтаал хүртэх гэсэндээ юү? Иаков Иохан хоёр шиг эрх мэдэлд дурлаад тэр үү?».
18 Хувиа хичээх хандлагатайгаа анзаарсан бол үзэл бодол, хандлагаа өөрчлөхөд минь туслаач гэж Еховагаас гуйгаарай. Өөрийгөө биш, Еховаг алдаршуулахад гол анхаарлаа хандуулаарай (Дуу. 86:11). Бас бусдын анхаарлыг өөртөө татахааргүй зорилго тавьж болно. Жишээ нь, сүнсний үр жимсний чанаруудаас илэрхийлэхэд хамгийн хэцүү гэсэн зан чанарыг төлөвшүүлээрэй. Цуглаан дээр биелүүлэх даалгавраа сайтар бэлддэг хэр нь Хаанчлалын танхим цэвэрлэх дургүй бол Ром 12:16-д байдаг зөвлөгөөг дагах зорилго тавиарай (Уншина уу).
19. Бурхны Үг хэмээх толинд хараад алдаа дутагдалтайгаа анзаарсан бол сэтгэлээр унахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
19 Бурхны Үг хэмээх толинд өөрийгөө сайтар хараад алдаа дутагдал, аминч үзэл гаргадгаа анзаарвал сэтгэл тавгүйтэж болох юм. Тийм үед Иаковын татсан жишээнд гардаг хүнийг санаарай. Үгийг хэрэгжүүлдэг тэр хүн алдаа дутагдлаа засах гэж хэр удсаныг, ямар үр дүнд хүрснийг Иаков хэлээгүй. Харин «төгс хуулийг» сахисаар байсныг нь онцолсон (Иак. 1:25). Тэр хүн өө сэвтэйгээ марталгүй, засаж арилгахыг үргэлж хичээдэг байсан. Тиймээс та өөрийнхөө талаар өөдрөг бодолтой байж, бүх хүн төгс бус гэдгийг санаж яваарай (Номлогчийн үгс 7:20-ийг уншина уу). Ехова итгэл нэгт ах дүүст тань тусалдаг шигээ танд ч бас тусална. Хэрэв та Библийн сургаалыг баримталж, бусдыг гэсэн сэтгэлтэй байвал Бурхны сайшаалыг хүлээж, ивээл хүртэнэ.