Хаадын жишээг дагагтун
«Тэрээр... энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой» (ДЭД ХУУЛЬ 17:18, 19).
1. Христиан хүн хэн шиг байж болох вэ?
ӨӨРИЙГӨӨ хаан юм уу хатан гээд төсөөлөхөөр санаанд тань нэг л буухгүй байж магадгүй. Ер нь, Давид Иосиа Хезекиа Иехошафат нарын сайн хаан мэтээр өөрийгөө төсөөлдөг Библи сонирхогч юм уу, жинхэнэ христиан хүн байна гэж үү? Гэхдээ бид аль нэг талаар тэдэн шиг байж болох бөгөөд байх ч учиртай юм. Тэр нь юу вэ? Чухам ямар учраас энэ талаар тэднийг дуурайх учиртай вэ?
2, 3. Ехова, хааны талаар юу урьдчилан харсан бэ? Хаан юу хийх ёстой байсан бэ?
2 Ехова израильчуудыг хаантай болохыг зөвшөөрөхөөсөө бүр эрт буюу Мосегийн үед, хожим ард түмэн нь хаантай байхыг хүснэ гэдгийг мэдэж байжээ. Тийм ч учраас Бурхан ариун сүнсээрээ Мосед онгод оруулж, Хуулийн гэрээнд үүнтэй холбоотой заавар бичүүлжээ. Энэ нь хаадад зориулсан заавар байлаа.
3 Бурхан: «ЭЗЭН Бурхнаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод... „Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнийх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя“ гэвэл чи заавал ЭЗЭН Бурхныхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. [...] Тэрээр хаан ширээнд залрангуутаа... энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд» юм хэмээжээ (Дэд хууль 17:14–19).
4. Хаадад зориулсан Бурхны зааварт юу юу багтдаг байсан бэ?
4 Тийм ээ, Еховагийн, ард түмэндээ сонгосон хаан өнөөгийн та бидэнд байдаг Библийг хуулан бичих ёстой байв. Тэгээд хуулж бичсэнээ өдөр бүр тогтмол унших учиртай байжээ. Гэхдээ энэ нь ой сайжруулах дасгал биш, харин Бурхны үгийг судлах, үр ашигтай хэрэг байв. Хаан хүн Еховагийн тааллыг олъё гэвэл зүрхээ зөв хөгжүүлж, тэр хэвээр нь байлгахын тулд тийнхүү судлах ёстой байлаа. Түүнчлэн, улс гүрнээ амжилттай удирддаг, хэрсүү хаан байхын төлөө Бурхны онгод оруулан бичүүлсэн үгийг судлах хэрэгтэй байжээ (Хаадын дэд 22:8–13; Сургаалт үгс 1:1–4).
Хаадын адилаар судлагтун
5. Давид хаан Библийн хэдий хэмжээний хэсгийг хуулж, уншсан бэ? Түүнд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
5 Давид Израилийн хаан болоод юу хийх ёстой байсан гэж та бодож байна вэ? Библийн эхний таван ном буюу «Эхлэл», «Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого», «Дэд хууль» номыг хуулах ёстой байсан. Давид нүд гараа чилээн байж, Хуулийг хуулан бичсэн нь түүний оюун ухаан хийгээд зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлсөн байх учиртай гэдгийг бодоод үзээрэй. Түүнчлэн Мосе «Иов» ном, 90, 91-р дууллыг бичсэн байж магадгүй. Давид эдгээрийг ч бас хуулж бичсэн байж мэднэ. Тэрчлэн түүнд «Иошуа», «Шүүгчид», «Рут» зэрэг ном байсан байж болох юм. Тэгэхээр Давид хаанд уншиж, өөрийн болгоход чамлахааргүй Библийн хэсэг байжээ. Дуулал 19:7–11-д Бурхны Хуулийн тухай бичснийг нь үзвэл тэрээр хаан хүний хийх ёстой бүхнийг хийжээ гэж дүгнэх бүрэн үндэс бий.
6. Есүс өвөг эцэг Давидынхаа адилаар Судрыг хүндэтгэдэг байсан гэдэгт хэрхэн итгэлтэй байж болох вэ?
6 Их Давид буюу «Давидын хүү» Есүс ч бас адилхан жишээ үзүүлсэн. Тэрээр нутгийнхаа синагогт долоо хоног бүр очдог заншилтай байжээ. Тэнд очоод Судраас уншиж, тайлбарлахыг сонсдог байв. Түүнээс гадна Есүс өөрөө олны өмнө Бурхны Үгийг чанга дуугаар уншаад утгыг нь тайлбарладаг байсан (Лук 4:16–21). Есүс Судрыг хичнээн сайн мэддэг байсныг мэдэхэд амархан. Та Евангелийг уншаад, Есүсийн хэдэн удаа «бичигдсэн байдаг» гэж хэлснийг, эсвэл Судрын зүйлийг өөр аргаар иш татаж байсныг анхаараарай. Жишээлбэл: Есүсийн «Ууланд айлдсан номлол»-ыг «Матай» номд тэмдэглэснээс үзвэл тэрээр Еврей Судраас 21 удаа иш татсан байдаг (Матай 4:4–10; 7:29; 11:10; 21:13; 26:24, 31; Иохан 6:31, 45; 8:17).
7. Есүс шашны удирдагчдаас ямар ялгаатай байсан бэ?
7 Есүс Дуулал 1:1–3-т: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй... хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. [...] Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» хэмээн зөвлөснийг дагадаг байсан. Харин тэр үеийн шашны удирдагчид өөрсдийгөө «Мосегийн суудалд суулгасан» хэрнээ «Еховагийн хуулийг» үл тоомсорлодог байсан нь Есүсээс ямар их ялгаатай байж вэ! (Матай 23:2–4).
8. Иудейн шашны удирдагчид Библи уншиж, судаллаа гээд ямар ч нэмэр байгаагүйн учир юу вэ?
8 Есүс Библи судлахыг таалдаггүй байсан юм уу даа гэж санагдахаар зүйлийг зарим хүн гайхаж байж мэдэх юм. Есүс тэр цагийн зарим хүнд: «Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй» гэж хэлснийг Иохан 5:39, 40-д бичсэн байдаг. Ингэж хэлэхдээ иудейчүүдийг Судар судлахыг нь болиулах гээгүй, харин тэдний хоёр нүүр гаргадаг булхай буюу ам ажлынх нь зөрөөг илчилсэн юм. Тэд Судрын мэдлэг мөнхийн аминд хүргэнэ гэдгийг мэддэг байсан. Гэхдээ судалж байсан тэрхүү Судар нь тэднийг Мессиа буюу Есүс уруу ч бас хүргэх учиртай байлаа. Гэтэл иудейчүүд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэд Судрыг чин сэтгэлээсээ судалдаггүйн дээр сурах дургүй байсан болохоор судаллаа гээд ямар ч нэмэр байсангүй (Дэд хууль 18:15; Лук 11:52; Иохан 7:47, 48).
9. Есүсийн элч нар болон эртний зөнчид ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
9 Есүсийн шавь нар, тэр дундаа элч нарын хувьд энэ асуудал огт өөр байлаа! Тэд «авралд хүргэх мэргэн ухааныг өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг» судалж байв (2 Тимот 3:15). Үүгээрээ тэд «анхааралтай судалж, лавладаг» эртний зөнчидтэй адилхан байсан юм. Тэр зөнчид Судар судлахыг богинохон хугацаанд эрчимтэй үзэх, эсвэл хэдхэн сар, ганцхан жилийн хэрэг гэж үзээгүй юм. Элч Петрийн тэмдэглэснээр «тэд үргэлж нягтлан судалж байсан» ба ялангуяа Христ болон түүний хүн төрөлхтнийг аврах үүрэгт ямар «алдрууд» орсныг анхаарч байжээ. Петр эхний захидалдаа Библийн арван номоос 34 удаа иш татсан байдаг (1 Петр 1:10, 11, ШЕ).
10. Хүн бүр Библи сонирхон судлах ёстойн учир юу вэ?
10 Тэгэхээр эртний Израилийн хаад Бурхны Үгийг анхааралтай судлах даалгавартай байсан нь илэрхий байна. Есүс ч энэ жишээг бас дагасан. Христтэй хамт дэлхийг захирах хүмүүс ч гэсэн Бурхны Үгийг судлах ёстой байлаа (Лук 22:28–30; Ром 8:17; 2 Тимот 2:12; Илчлэлт 5:10; МБОХ, 1996; 20:6). Хаанчлалын ивээлийг хүсэн хүлээж буй бүх хүн хаадын энэхүү жишээг эдүгээ дуурайх учиртай (Матай 25:34, 46).
Хаадын болоод таны хийх ёстой зүйл
11. а) Бие даан судлахтай холбоотой ямар бэрхшээл гардаг вэ? б) Өөрөөсөө ямар ямар асуулт асуух нь зөв бэ?
11 Жинхэнэ христиан бүр бие даан Библи судлах ёстой гэдгийг онцлон тэмдэглэе. Еховагийн Гэрчүүдтэй Библи анх судалж эхлэх үед л бие даан судлах шаардлагатай юм биш ээ. Элч Паулын үед зарим христиан бие даан судлахаа аажмаар хайхрахаа больжээ. Тэдэн шиг болохоос хүн бүр зайлсхийх ёстой. Тэд «Бурхны үгсийн эхний үндэснүүдийг» тухайлбал, «Христийн тухай анхдагч ойлголтыг» сурсан байлаа. Гэвч цааш нь судлаагүйн улмаас «төлөвшилт уруу тэмүүлж» чадаагүй юм (Еврей 5:12–6:3). Иймээс бид христиан хуралд нэгдээд удсан ч бай, үгүй ч бай, өөрөөсөө: «Би Бурхны Үгийг бие даан судлахдаа яаж ханддаг вэ? Паул тухайн цагийнхаа христиануудын төлөө „Бурхны жинхэнэ мэдлэгээр өсөөсэй“ гэж залбирч байжээ. Тэгвэл би ч бас тийм хүсэлтэй гэдгээ харуулдаг уу?» гэж асуух хэрэгтэй (Колоссай 1:9, 10).
12. Бурхны Үгэнд ямагт дурлах нь яагаад чухал бэ?
12 Библийг нямбай судалж хэвших чухал арга бол Бурхны Үгэнд дурлах явдал юм. Бурхны Үгнээс баяр баясгалан эдэлдэг болохын тулд тогтмол, зорилготойгоор эргэцүүлэн бодож байхыг Дуулал 119:14–16-д зөвлөдөг. Гэрч болоод хэчнээн ч удсан байлаа гэсэн дээрх зөвлөгөө хүн болгонд хамаатай гэдгийг цохон тэмдэглэе. Тимотын жишээ үүний чухлыг харуулдаг. Тэрээр христиан хурлын ахлагч болчихоод, «Христ Есүсийн сайн цэрэг адил» үйлчилж байсан ч гэлээ Паул түүнд «үнэний үгийг зөв заагч» болохын төлөө «чадах бүхнээ хийхийг» (ШЕ) уриалжээ (2 Тимот 2:3, 15; 1 Тимот 4:15). «Чадах бүхнээ хийх» гэдэгт бие даан тогтмол судлах орох нь тодорхой.
13. а) Библи судлах нэмэлт цаг хэрхэн гаргаж болох вэ? б) Библи судлах цагаа нэмэхийн тулд ямар ямар өөрчлөлт хийж болох вэ?
13 Библийг тогтмол судалж зуршихад тустай өөр нэг алхам бол цаг гаргах юм. Та энэ асуудалд яаж ханддаг вэ? Та юу ч гэж хариулсан, бие даан судлах цагаа нэмбэл өөрт минь тустай гэж боддог уу? «Яаж цаг гаргах юм бэ?» гэж та гайхаж байж магадгүй. Жишээ нь: Зарим хүн Библи үр дүнтэй судлах цагаа нэмэхийн тулд ердийнхөөсөө эрт босдог. Тэд 15 минут Библи унших юм уу, ямар нэг сэдвийг бие даан судалдаг. Долоо хоногийнхоо хуваарийг бага зэрэг өөрчилбөл өөр нэг боломж гарна шүү. Жишээлбэл: Та бараг өдөр болгон сонин унших юм уу, оройдоо зурагтаар мэдээ үздэг бол долоо хоногийн ядаж нэг л өдрийг өөрчилж болохгүй юу? Тэр цагаа Библи гүнзгийрүүлэн судлахад зориулж болох юм. Хэрэв та мэдээнд зарцуулдаг байсан цагаасаа 30 минутыг бие даан судлахад зориулбал жилд 25 цаг олж авна. Библи уншиж, бие даан судлахад зориулсан нэмэлт 25 цаг хэчнээн тустай байхыг бодоод үз дээ! Өөр нэг зөвлөгөө гэвэл, та ирэх долоо хоногт өдөр болгон тухайн өдөр хийсэн ажлаа дүгнэж үзээд юуг нь хасаж, юуг нь богиносгож болохыг тооцон, тэр цагаа Библи уншиж, судлахад зориулаарай (Ефес 5:15, 16).
14, 15. а) Библийг бие даан судлахдаа зорилго тавих нь яагаад чухал бэ? б) Библи уншихын тулд ямар ямар зорилго тавьж болох вэ?
14 Библи судлалаа яаж амар хялбар, илүү сонирхолтой болгох вэ? Өмнөө зорилго тавих хэрэгтэй. Ямар ямар бодитой зорилго тавьж болох вэ? Библи уншиж дуусгах нь олон хүний хувьд тэргүүн зэрэгт тавих хамгийн сайн зорилго байж болох юм. Та Библийн зарим хэсгийг уншаад, түүнийхээ ач тусыг хүртсэн байж магадгүй. Тэгвэл одоо Библийг уншиж дуусгах зорилго тавьбал ямар вэ? Эхлээд дөрвөн Евангелийг, дараа нь Христиан Грек Судрын үлдсэн хэсгийг уншиж дуусгах зорилго тавьж болно. Энэ зорилгоо биелүүлэн Грек Судрыг уншиж дуусгавал ач тус хүртэж, сэтгэл хангалуун болно. Тэгээд Мосегийн бичсэн бүх номыг болон «Естер» номыг дуусталх түүхэн номуудыг унших дараагийн зорилго тавьж болно. Энэ зорилгодоо хүрчихвэл Библийн үлдсэн хэсгийг уншиж дуусгах гэдэг бодитой зорилго болохыг та ойлгоно. Нэг эмэгтэй 65 настай байхдаа Гэрч болжээ. Тэгээд Библийнхээ хавтасны дотор талд нь хэзээ уншиж эхэлснээ тэмдэглээд, дараа нь уншиж дууссан хугацаагаа бас тэмдэглэдэг болжээ. Ингээд тэр эмэгтэй Библийг таван удаа эхнээс нь дуустал уншчихаад байгаа аж! (Дэд хууль 32:45–47). Тэрээр Библи уншихдаа компьютерийн дэлгэцнээс юм уу компьютерээс хэвлэсэн хуудсыг бус, харин Библийг гартаа барьж байгаад уншдаг гэнэ.
15 Зарим хүн Библи уншиж дуусгах зорилгодоо хүрээд Библи судлалаа улам үр өгөөжтэй, ач тустай болгон үргэлжлүүлэх өөр алхам хийдэг. Нэг арга бол Библийн аль нэг номыг уншихынхаа өмнө уг номын тухай нэмэлт материал унших явдал юм. «Судар бүр Бурхны онгод оруулснаар байгаа бөгөөд тустай», «Судрыг ойлгох нь» зэрэг номоос Библийн ном бүрийн түүхийн ямар үед бичигдсэн, бичлэгийн хэв маяг, ач холбогдол зэргийн тухай нарийн мэдээлэл авч болноa.
16. Библи судлахдаа юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
16 Судлахдаа Библи судлаач эрдэмтэн гэгдэх зарим хүмүүс шиг байхаас зайлсхийх хэрэгтэй. Тэд Библийг хүний туурвисан ном зохиол мэт үзэн, эх бичгийг задлан шинжлэхэд хэтэрхий анхаардаг. Зарим нь ном болгоныг тодорхой бүлэг хүмүүст л зориулан бичсэн гэж үзээд, уг номыг бичсэн хүн нь чухам ямар зорилго өвөрлөн, ямар санаа илэрхийлэх гэснийг таамаглахыг зорьдог. Иймэрхүү тайлбарын хүрээнд Библи жирийн нэг түүхийн ном юм уу, эсвэл шашны хөгжлийг тусгасан бүтээл мэт харагддаг. Зарим эрдэмтэн Библийн үг үсэгт хэт анхаарч, хэл бичгийн судалгаа хийдэг. Тэд үг зүйг нарийвчлан судалж, Бурхны хэлсэн мэдээг биш, еврей болон грек хэлний үгийн утгыг иш татаж, үгийн гарал язгуурыг гүнзгий тайлбарладаг. Ингэж судалбал бат итгэлтэй болж, итгэлээ үйлээрээ харуулна гэж үү? (1 Тесалоник 2:13).
17. Библийг бүх хүнд зориулсан гэж үзэж болохын учир юу вэ?
17 Библи судлаач эрдэмтдийн дүгнэлт бат үндэслэлтэй юү? Библийн ном болгон ганцхан гол санаатай бөгөөд тодорхой бүлэг хүмүүст л хамаатай гэдэг үнэн үү? (1 Коринт 1:19–21) Бурхны Үг бол нийгмийн гарал, давхаргаас хамаарахгүйгээр бүх насны хүнд үүрдийн ач холбогдолтой ном билээ. Библийн зарим номыг эхлээд Тимот, Тит гэх зэрэг тодорхой хүнд, эсвэл Галатын христианууд юм уу, Филиппой хотын хурлынханд гэх мэтээр бүлэг хүмүүст хандаж бичсэн байсан ч гэлээ эдүгээ бид эдгээр номыг судалж болохоор барахгүй судлах ч ёстой. Эдгээр ном бүх хүнд чухал ач холбогдолтой бөгөөд олон сэдвийг хөндсөн байдгаас гадна янз бүрийн хүнд ач тустай юм. Тийм ээ, Библийн мэдээг бүх нийтэд зориулсан бөгөөд ийм ч учраас дэлхий дахины олон үндэстний хэлээр хөрвүүлснийг ойлгоход түвэггүй биз ээ (Ром 15:4).
Танд болоод бусдад ач тустай
18. Бурхны Үгийг уншихдаа юу бодох нь зөв бэ?
18 Библийг судлах тусам ойлгож, нарийн ширийн зүйлүүдийн хоорондын нягт уялдаа холбоог мэдэх нь маш ач тустай болохыг та ухаарна (Сургаалт үгс 2:3–5; 4:7). Еховагийн Үгээрээ дамжуулан илэрхийлсэн бүхэн санаа зорилготой нь салшгүй холбоотой байдаг. Иймээс Библи уншихдаа мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнээд Еховагийн санаа зорилготой холбон бодож байгаарай. Ямар нэг үйл явдал, санаа, зөгнөл Еховагийн санаа зорилготой ямар хамаатай болохыг эргэцүүлээрэй. «Энэ нь Еховагийн талаар юу өгүүлж байна вэ? Хаанчлалаар дамжин биелэх Бурхны санаа зорилгод ямар хамаатай вэ?» гэх мэтийн асуултыг өөрөөсөө асууж, «Мэдсэн зүйлээ би хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Бусдад Библи зааж, зөвлөгөө өгөхдөө үүнийг хэрхэн ашиглаж болох вэ?» гэх зэргээр эргэцүүлэн бодоорой (Иошуа 1:8).
19. Сурсан зүйлээ бусдад ярих нь хэнд тустай вэ? Тайлбарлана уу.
19 Бусдад санаа тавих нь ганцхан талын ач тустай юм биш ээ. Библи уншиж, судлахад олон шинэ юм сурч, хэрсүү ухаан суудаг. Гэрийнхэнтэйгээ болон бусадтай ярихдаа эдгээрийг яриандаа оруулж, тэдний сэтгэлийг сэргээхийг хичээгээрэй. Хэрэв цагаа олж зөв яривал хэлж ярьсан тань заавал үр дүнгээ өгнө. Сурч мэдсэнээ, эсвэл таны сонирхлыг татсан зүйлийг чин сэтгэлээсээ, урамтай сайхан яривал бусдын сэтгэлд илүү хоногшино. Түүнээс гадна, ингэж ярих нь өөрт тань ч бас хэрэгтэй. Хүн сурч мэдсэн, уншиж судалсан зүйлээ шинэ дээр нь ашиглах буюу бусдад хэлж ярих зэргээр давтвал илүү тогтоодог болохыг эрдэмтэд ажиглажээb.
20. Библийг ахин дахин унших нь ямар ач тустай вэ?
20 Библийг уншиж дуусгах болгонд шинэ мэдээлэл заавал олдог. Урьд нь тийм чухал санагддаггүй байсан зүйл гүн сэтгэгдэл төрүүлэх болно. Тэдгээрийг та илүү гүнзгий ойлгодог болно. Энэ нь Библи бол хүний зохиосон ном биш бөгөөд ахин дахин судалж, ач тусыг нь хүртэж баймаар эрдэнэс мөн гэдгийг нотолдог. Хаан хүн, тухайлбал, Давид «амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш [Бурхны Үгийг] унших ёстой» байсныг санаарай.
21. Бурхны Үгийг гүнзгийрүүлэн судалснаар ямар шагнал хүртэх вэ?
21 Тийм ээ, Библийг гүнзгий судлах цаг гаргадаг хүн сүнслэг эрдэнэс олж, хэрсүүжиж, асар их ач тус хүртдэг. Бурхантай тогтоосон харьцаа нь улам бэхжиж, ойр дотно болдог. Түүнчлэн тэд гэр бүлийнхэндээ, христиан хурлын ах эгч нартаа, Еховаг хараахан шүтээгүй байгаа бусад хүмүүст ч илүү эрхэм хүн болдог (Ром 10:9–14; 1 Тимот 4:16).
[Зүүлт]
a Библи судлахад зориулсан эдгээр гарын авлагыг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргаж олон хэлээр хэвлэсэн.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1993 оны наймдугаар сарын 15-ны дугаарын 13, 14-р хуудсыг үзнэ үү (англи).
Санаж байна уу?
• Израилийн хаад юу хийх ёстой байсан бэ?
• Есүс болон түүний элч нар Библи судлах ямар жишээ үзүүлсэн бэ?
• Библийг бие даан судлах цагаа нэмэхийн тулд ямар ямар өөрчлөлт хийж болох вэ?
• Бурхны Үгийг судлахдаа хэрхэн хандах ёстой вэ?
[14-р хуудасны хавсралт]
«Гартаа бариад»
«Хэрэв... Библийн үгийг үсгийн дэс дараагаар бичсэн түүвэр олъё гэвэл Интернетээс илүү сайн зүйл байхгүй. Гэхдээ Библийг уншъя, судалъя, ойлгоё, эргэцүүлэн бодъё гэвэл гартаа бариад унших нь хамгийн сайн. Энэ бол Библийг оюун ухаан зүрх сэтгэлдээ шингээх цорын ганц арга мөн» гэж Нью-Йорк мужийн Сити Их сургуулийн гавьяаны амралтандаа гарсан профессор Гертруд Химмэлфарб хэлжээ.