Сүнс юу айлддагийг сонсогтун!
«[Хурлуудад] Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун» (ИЛЧЛЭЛТ 3:22).
1, 2. Есүс «Илчлэлт» номд дурдсан долоон хурал тус бүрд ямар зөвлөгөө давтан өгсөн бэ?
ЕХОВАГИЙН үйлчлэгчид Есүс Христийн, долоон хуралд айлдсан үгийг анхаарах ёстой. Есүс үгээ сүнсний удирдлагаар айлдсан бөгөөд Библийн «Илчлэлт» номд тэр үгийг нь бичсэн байдаг. Хурал болгонд: «[Хурлуудад] Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун» гэсэн зөвлөгөө өгчээ (Илчлэлт 2:7, 11, 17, 29; 3:6, 13, 22).
2 Ефес, Смирна, Пергам хотын «тэнгэр элчүүд» буюу харгалзагчдад өгсөн зөвлөгөөг бид өмнөх өгүүллээр авч үзсэн билээ. Есүсийн, ариун сүнсээр удирдуулан бусад дөрвөн хуралд айлдсан үгнээс бид ямар сургамж авч болох вэ?
Туатейр дахь тэнгэр элчид
3. Туатейр хот хаана байсан бэ? Юугаараа олонд алдартай байсан бэ?
3 «Бурхны Хүү» Туатейрийн хурлыг магтахын зэрэгцээ бас зэмлэжээ. (Илчлэлт 2:18–29-ийг уншина уу.) Бага Азийн баруунтайгаар урсах Гедез (эртний Герм) голын нэгэн цутгалангийн дагуу Туатейр (одоогийн Акхисер) хотыг барьжээ. Уг хот гар урлалаар ихэд алдаршсан ажээ. Тухайлбал, тэндхийн будагчид алдарт гал улаан, нил ягаан өнгийн будгаа ягаандайн үндэснээс гарган авдаг байжээ. Паулыг Грекийн Филиппой хотод байх зуур христиан болсон Лудиа бол «Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг» хүн байсан билээ (Үйлс 16:12–15).
4. Туатейр хотын хурлыг юуны төлөө магтсан бэ?
4 Есүс Туатейр хотын хурлыг сайн ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийнх нь төлөө магтжээ. Үнэндээ ч, тэдний «эцсийн ажил үйл эхнийхээсээ нь агуу» байсан. Гэхдээ бид сайн үйл хэргээрээ нэр хүндтэй байлаа ч ёс суртахууны асуудалд хэзээ ч хайхрамжгүй хандах ёсгүй.
5-7. а) «Иезебел гэгч эмэгтэй» гэж ямар хүмүүсийг хэлсэн бэ? Түүний нөлөөг яах ёстой байсан бэ? б) Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд Туатейр дахь хуралд Есүсийн айлдсан үгийг анхааран юу хийдэг вэ?
5 Туатейр хотын хурал хуурамч сургаал, шүтээн шүтэх болон садар самуун явдалд хүлцэнгүй ханддаг байжээ. Тэдний дунд «Иезебел гэгч эмэгтэй» буюу Израилийн арван овогт хаант улсын муу хатан Иезебел шиг авирладаг эмэгтэйчүүд байсан бололтой. Туатейрын «эш үзүүлэгч» эмэгтэйчүүд христиануудыг худалдаа наймааг ивээдэг бурхад ба охин тэнгэрүүдийг шүтэх болон хуурамч бурхдад өргөсөн хоол иддэг баярт оролцоход уруу татахыг оролддог байсан гэж зарим Библи судлаач үздэг. Өөрийгөө «эш үзүүлэгчээр» өргөмжилсөн эмэгтэйчүүд бусдыг удирдахыг оролдох явдал өнөөдрийн христиан хуралд бүү байг!
6 Христ «[Иезебел гэгч эмэгтэйг] орон дээр хаяж, тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагах» гэж байсан. Харгалзагчид тиймэрхүү ёс бус сургаал болон нөлөөг хуралд нэвтрэхийг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Түүнчлэн, «Сатаны гүн юмс» үнэхээр бузар гэдгийг ойлгох гэж сүнслэгээр болон биеэр садар самуун үйлдэх юм уу, шүтээн шүтэх явдалд орооцолдох шаардлага христиан хүнд байхгүй. Хэрэв бид Есүсийн сануулгыг анхаардаг бол «юу байгаагаа... бат сахин», нүгэлд захируулахгүй байж болно. Тослогдогсод Бурханд таалагддаггүй үйл хэрэг, хүсэл тачаал, санаа зорилгоос нэгэнт татгалзсан тул дахин амилсныхаа дараа «үндэстнүүдийг захирах эрх мэдлийг» авч, Христтэй хамт тэднийг «хага цохино». Өнөөгийн христиан хуралд бэлэгдлийн одод байдаг. Харин тослогдогсод тэнгэрт дахин амилахаараа «гэрэлт үүрийн цолмон», Есүс Христ буюу Сүйт залуугаа авна (Илчлэлт 22:16).
7 Тэрсэлсэн эмэгтэйчүүдийн бузар нөлөөг зөвшөөрөхгүй байхыг Туатейр хотын хуралд сануулсан. Өнөөдөр Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд тэр хуралд Христийн, сүнсээр удирдуулан айлдсан үгийг анхаарч, Бурхны оноосон байрыг л эзэлдэг. Тэд эрэгтэйчүүдийг захирахыг оролдох юм уу, итгэл нэгтнүүдээ сүнслэг болон махан биеийн садар самуунд уруу татдаггүй (1 Тимот 2:12). Харин ч Бурхныг алдаршуулан үйлчлэхдээ болон сайн үйлээрээ үлгэр жишээ үзүүлдэг (Дуулал 68:11; 1 Петр 3:1–6). Хэрэв хурал «юу байгаагаа», өөрөөр хэлбэл, цэвэр сургаал, биеэ зөв авч явах байдал болон Хаанчлалын төлөөх эрхэм үйлчлэлээ сахидаг бол Христ шийтгэхээр бус, харин гайхамшигтай шагнал өгөхөөр ирнэ.
Сардей дахь тэнгэр элчид
8. а) Сардей хот хаана байсан бэ? Хотын тухай ямар ямар нарийн мэдээ байдаг вэ? б) Сардей хотын хуралд яаралтай тусламж хэрэгтэй байсны учир юу вэ?
8 Сардейн хурал сүнслэгээр үхмэл байсан тул яаралтай тусламж хэрэгтэй байв. (Илчлэлт 3:1–6-г уншина уу.) Сардей бол Туатейр хотоос өмнө зүг 50 шахам километр зайтай газар сүндэрлэх цэцэглэн хөгжсөн хот байлаа. Хот 50 000 орчим хүнтэй, худалдаа арилжаа, үржил шимтэй хөрс, ноосон даавуун бараа болон хивсний ачаар баяжсан ажээ. Түүхч Иосефийн тэмдэглэснээр МЭӨ І зуунд Сардейд иудейчүүд олноороо суудаг байжээ. Хотын тууринаас синагог болон Ефесийн охин тэнгэр Артемист зориулсан сүм олдсон байна.
9. Хэрэв бид Бурханд ор нэр төдий үйчилдэг бол яах ёстой вэ?
9 Христ Сардейн хурлын «тэнгэр элчид»: «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ» хэмээн хэлсэн. Бид төлөвшсөн христиан нэртэй хэрнээ Бурханд үйлчлэх хосгүй завшаанаа огт тоодоггүй, ор нэр төдий үйлчилдэг, сүнслэгээр «үхэх гэж байгаа» бол яах вэ? Тэгвэл Хаанчлалын тухай мэдээний талаар «юу хүлээн авсан болон сонссоноо санаж», Бурханд үйлчлэх хүчин чармайлтаа сэргээх ёстой. Цуглаандаа чин сэтгэлээсээ оролцдог болж эхлэх шаардлагатай нь гарцаагүй (Еврей 10:24, 25). Христ Сардейн хуралд: «Хэрэв чи сэрэхгүй бол би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй» гэж сануулжээ. Энэхүү сануулга өнөөдөр ч гэсэн хэвээрээ юү? Тийм ээ, удахгүй бид тайлан тавих болно.
10. Сардейн хурал шиг хуралд ч цөөн тооны христиан хүний хувьд ямар үг биелэх вэ?
10 Сардейн хурал шиг хуралд ч «хувцсаа хиртүүлээгүй, Христтэй хамт цагаан хувцастай алхах [зохистой]» хүн цөөн ч гэлээ байх нь гарцаагүй. Тэд жинхэнэ христиан хүн гэдгээ цаг ямагт үйл хэргээрээ харуулан, энэ ертөнцийн шашин болон ёс суртахуунаар «хувцсаа хиртүүлээгүй» буюу «бузартаагүй» байдаг (Иаков 1:27). Тийм учраас Есүс «тэдний нэрийг амийн номоос баллахгүй. [Харин] Эцгийнхээ өмнө болоод Түүний тэнгэр элчүүдийн өмнө тэдний нэрийг хүлээн зөвшөөрнө». Христтэй хамт алхахад зохистой хэмээн тунхаглагдсан тослогдогсод буюу Христийн сүйт бүсгүйн анги Бурхны ариун хүмүүсийн зөвт үйлсийг бэлэгддэг гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслана (Илчлэлт 19:8). Тэд тэнгэрт хүртэх гайхамшигт шагналаа бодоод энэ ертөнцийг ялах урам зоригтой болдог. Дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүс ч бас ивээл хүртэнэ. Тэдний нэр ч мөн амийн номд бий.
11. Хэрэв бид сүнслэгээр зүүрмэглэж байвал яах ёстой вэ?
11 Сардей хотын хуралд байсан шиг сүнслэг үхээнц байдалд хэн маань ч орохыг хүсэхгүй. Гэтэл сүнслэгээр зүүрмэглэж байгаагаа мэдвэл яах вэ? Сайн сайхныхаа төлөө даруй арга хэмжээ авах шаардлагатай. Жишээ нь, Бурханд таалагддаггүй үйл хэрэгт татагдах болсон юм уу, цуглаанаа тасалдаг, дэлгэрүүлэхдээ хойрго болжээ гээд төсөөлөөд үзье. Шаргуу залбирч, Еховагаас тусламж гуйцгаая (Филиппой 4:6, 7, 13). Өдөр бүр Библи уншиж, «итгэмжит ухаалаг нярвын» хэвлэлтэй хамтад нь судалбал сүнслэгээр сэргэг байхад тусална (Лук 12:42–44). Тэгсэн цагт бид Христээс магтаал сонссон Сардейн христианууд шиг болж, итгэл нэгтнүүдээ урамшуулж чадна.
Филаделфи дахь тэнгэр элчид
12. Эртний Филаделфид шашны байдал ямар байсан бэ?
12 Есүс Филаделфийн хурлыг магтсан. (Илчлэлт 3:7–13-ыг уншина уу.) Филаделфи (одоогийн Аласехир) бол Бага Азийн баруун бүсэд байдаг, дарс үйлдвэрлэдэг төв, цэцэглэн хөгжсөн хот байв. Гол шүтээн нь дарсны бурхан Дионис байжээ. Филаделфийн иудейн шашинтнууд тэндхийн, христиан болсон иудейчүүдийг Мосегийн хуулийн тодорхой заалтыг сахисан хэвээр байхыг, эргээд мөрддөг болохыг ятгаад бүтээгүй бололтой.
13. Христ «Давидын түлхүүрийг» хэрхэн ашигласан бэ?
13 Христ «Давидын түлхүүртэй» бөгөөд Хаанчлалын эрх ашигтай холбоотой бүхнийг хариуцаж, итгэлийн гэр бүлийнхнийг удирдах эрх мэдлийг авсан билээ (Исаиа 22:22; Лук 1:32). Есүс Филаделфи болон өөр нутгийн христиануудад Хаанчлалын үйл хэрэгт оролцох боломж нээхийн тулд тэрхүү «түлхүүрийг» ашигласан. Тухайлбал, 1919 онд «итгэмжит ухаалаг нярвын» өмнө ямар ч эсэргүүцэгчийн хааж үл чадах, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх «үлэмж том... хаалга» нээсэн юм (1 Коринт 16:9; Колоссай 4:2–4). Харин «Сатаны синагогийн хүмүүсийн» хувьд Хаанчлалтай холбоотой завшаанд хүргэх хаалга хаалттай гэдэг нь ойлгомжтой. Учир нь тэд сүнслэг израильчууд биш юм.
14. а) Есүс Филаделфийн хуралд юу амласан бэ? б) «Сорилтын цагт» унахгүйн тулд яах ёстой вэ?
14 Есүс: «Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно» гэж эртний Филаделфийн христиануудад амлажээ. Дэлгэрүүлэх ажил хийхэд Есүсийн үзүүлсэн шиг тэвчээр гаргах хэрэгтэй болдог. Тэрээр дайсандаа хэзээ ч бууж өгөлгүй, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлсээр байсан. Тийм ч учраас Ехова Христийг тэнгэрт үхэшгүй мөнх амьдруулахаар дахин амилуулсан. Хэрэв бид Еховаг шүтэх шийдвэрээ тууштай баримтлан, сайн мэдээ дэлгэрүүлэн Хаанчлалыг дэмждэг бол «сорилтын цаг» буюу өнөө үеийн сорилтод унахгүй. Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлснээр Христээс авснаа буюу «өөрт байгаагаа бат сахих» болно. Үүний дүнд тослогдогсод тэнгэрийн хосгүй титэмтэй, тэдний үнэнч хамтран зүтгэгчид дэлхий дээр мөнх амьдрах болно.
15. «Бурхны сүм дэх багана» болохыг хүсэгчид юу хийх шаардлагатай вэ?
15 Христ цааш нь: «Би ялагчийг Өөрийн Бурхны сүм дэх багана болгоно. [...] Би түүн дээр Өөрийн Бурхны нэр, тэнгэрээс Миний Бурхнаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурхны хотын нэр, Өөрийн шинэ нэрийг бичнэ» гэж хэлжээ. Тослогдсон харгалзагчид жинхэнэ шүтлэгийг дэмжих ёстой. «Шинэ Иерусалимын» гишүүн байхын тулд тэд Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэн, сүнслэгээр цэвэр байх учиртай. Хэрэв тэд сүр алдарт тэнгэрийн сүмийн багана, тэнгэрт оршин суугч болж, Бурхны хотын нэрийг, Христийн сүйт бүсгүйн хувьд түүний нэрийг хүлээн авахыг хүсдэг бол дээрх шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Мөн «[хурлуудад] Сүнс юу айлддагийг» сонсох чихтэй байх ёстой нь гарцаагүй.
Лаодик дахь тэнгэр элчид
16. Лаодик хотын тухай ямар баримт байдаг вэ?
16 Христ Лаодикийн маадгар хурлыг зэмлэжээ. (Илчлэлт 3:14–22-ыг уншина уу.) Ефесээс зүүн тийш 150 орчим километрийн зайд, Лик голын үржил шимт хөндийд байх Лаодик бол худалдааны томоохон замыг холбосон, аж үйлдвэр хөгжсөн, санхүүгийн төв болсон их баян хот байжээ. Хар ноосоор хувцас хийдгээрээ зартай байлаа. Лаодик анагаахын алдартай сургуультай байсан бөгөөд «Фригийн үнс» гэдэг нүдний эм хийдэг байсан бололтой. Анагаахын бурхан Асклепи хотын гол шүтээний нэг нь байжээ. Лаодикт олон иудей хүн суудаг байснаас зарим нь чамгүй бэл бэнчинтэй байсан бололтой.
17. Лаодикчуудыг ямар учраас зэмлэсэн бэ?
17 Есүс Лаодикийн хуралд «тэнгэр элчээр» нь дамжуулан «итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурхны бүтээлийн Анхдагчийн» хувиар ханджээ (Колоссай 1:13–16). Лаодикчууд сүнслэгээр «хүйтэн ч биш, халуун ч биш» байсныхаа төлөө зэмлэл хүлээсэн аж. «Бүлээвтэр» байсан болохоор нь Христ «тэднийг амнаасаа бөөлжиж гаргах» гэж байлаа. Энэ зүйрлэлийг тэд төвөггүй ойлгосон байх учиртай. Лаодикийн зэргэлдээх Хиерапол хот халуун рашаантай, харин Колоссай хот хүйтэн устай газар байжээ. Лаодикийг усаар хангахын тулд усыг нэлээд хол газраас хоолойгоор гүйлгэдэг байсан тул ус хүрэх газраа очиход бүлээсчихсэн байдаг байлаа. Усыг Лаодикт хүрэх замынх нь тал хүртэл гүүрэн хоолойгоор гүйлгэж, харин нэлээд ойртсон хойно нь цементээр цутгасан чулуун хавтан цооногоор дамжуулдаг байжээ.
18, 19. Лаодикчуудтай адил өнөөгийн христиануудад хэрхэн тусалж болох вэ?
18 Өнөөдөр лаодикчууд шиг хүмүүс халуунд сэрүүцүүлдэггүй, хүйтэнд дулаацуулдаггүй бүлээн устай адил амнаас унадаг! Тийм хүмүүсийг Есүс, «Христийн төлөөх элчин сайд нар» буюу тослогдсон төлөөлөгчдөө болгохыг хүсдэггүй (2 Коринт 5:20). Гэмшихгүй бол тэд Хаанчлалыг тунхаглагч байх хосгүй завшаанаа алдана. Лаодикчууд хичнээн «хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгаагаа мэдэхгүй» энэ ертөнцийн эд баялгийн хойноос гүйж байв. Өнөөдөр тэдэнтэй адилхан хүн сүнслэгээр ядуу, сохор, нүцгэн байхаа больё гэвэл соригдсон итгэлийн «цэвэршүүлсэн алт», зөвт байдлын «цагаан хувцас», сүнслэг хараа сайжруулдаг «нүдний тосыг» Христээс худалдан авах хэрэгтэй. Тэднийг сүнслэг хэрэгцээгээ мэдэрч, «итгэл дотор баян» болоход нь христиан харгалзагчид дуртайяа тусална (Иаков 2:5; Матай 5:3, ШЕ). Түүнээс гадна, харгалзагчид сүнслэг «нүдний тос» түрхэх буюу Есүсийн сургаал, зөвлөгөө, жишээ, сэтгэлгээний хандлагыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Энэ нь «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдалыг» эмчлэх арга юм (1 Иохан 2:15–17).
19 Есүс хайрладаг хүнээ зэмлэдэг, сахилгажуулдаг билээ. Удирдлагад нь байдаг харгалзагчид ч энэрэнгүй сэтгэлээр бас үүнийг хийх учиртай (Үйлс 20:28, 29). Лаодикчууд үзэл бодол болон амьдралын хэв маягаа өөрчлөн, «зүтгэлтэй байж, гэмших» хэрэгтэй байлаа. Бидний дундаас хэн нэг нь Бурханд үйлчлэх ариун үйлчлэлийг хойш тавьсаар үүндээ дасаж байвал яах вэ? Хэрэв тийм бол эхлээд Хаанчлалыг хичээнгүйлэн хайхын чухлыг «харахын» тулд «[Есүсээс] нүдний тос... худалдан авцгаая» (Матай 6:33).
20, 21. Есүсийн «тогшиж байгааг» өнөөдөр ямар хүмүүс зохих ёсоор хүлээн авч байна вэ? Тэдний ирээдүй ямар вэ?
20 «Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно» хэмээн Христ хэлжээ. Есүс хооллох зуураа сүнслэг заавар өгөх нь олонтаа байсан (Лук 5:29–39; 7:36–50; 14:1–24). Харин өнөөдөр лаодикийнхтай адил хурлын үүдийг тогшиж байна. Есүсийг тогшиход нь тэр хурлын гишүүд хариулж, түүнийг хайрлах хайраа сэргээн, дундаа хүлээн авч, түүгээр заалгах болов уу? Хэрэв тэгвэл Христ тэдэнтэй хамт хооллож, тэд ч сүнслэгээр баяжина.
21 Өнөөдөр «өөр хонинууд», зүйрлэн хэлбэл, Есүсийг дундаа оруулдаг бөгөөд үүнийхээ төлөө мөнхийн амьтай болох юм (Иохан 10:16, МБОХ, 1996; Матай 25:34–40, 46). Ертөнцийг ялагч, тослогдогсон хүн бүрд Христ «өөрөө ялж, Эцгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил өөртэй нь хамт сэнтийд нь залрах» завшаан өгнө. Тийм ээ, Есүс тэнгэрт Эцгийнх нь баруун гарт өөртэй нь хамт сэнтийд залрах агуу шагналыг тослогдсон ялагчдад амласан билээ. Харин ялагч өөр хонинууд Хаанчлалын удирдлага дор дэлхий дээр бий болох гайхамшигтай амьдралыг хүсэн хүлээдэг.
Бид бүгдэд сургамжтай
22, 23. а) Долоон хуралд Есүсийн айлдсан үгнээс бүх христиан хүн ямар сургамж авч болох вэ? б) Бид юу хийх шийдвэр төгс байх ёстой вэ?
22 Бага Азийн долоон хуралд Есүсийн айлдсан үг бүх христиан хүнд их ач холбогдолтой гэдэг нь дамжиггүй. Жишээлбэл, Есүс нүдийг нь олоод магтаж байсныг халамжит христиан харгалзагчид анхаарч, сүнслэгээр өсөж байгаа итгэл нэгтнүүд болон хурлыг магтах цагт нь магтдаг. Харин сул байвал сүнслэг «эм» хэрэглэхэд нь хурлын гишүүдэд тусалдаг. Хэрэв бид Христийн долоон хуралд өгсөн зөвлөгөөг Еховагаас тусламж гуйн залбирч байгаад хойшлуулалгүй хэрэгжүүлбэл бидэнд цаашдаа ч ач холбогдолтой байх болно.a
23 Энэ эцсийн өдрүүд бол маадайж суугаад эд баялгаар хөөцөлдөх юм уу, эсвэл өөр ямар нэг зүйлээс болж Бурханд ор нэр төдий үйлчлэх цаг яавч биш ээ. Тиймээс, бүх хурал Есүсийн байранд нь байлгадаг дэнлүү мэт хурц гэрэлтсээр байгтун. Үнэнч христиан болохын хувьд Христийг айлдахад нь анхаарч, сүнс юу айлддагийг сонсдог байхын төлөө үргэлж шийдвэр төгс байцгаая. Тэгсэн цагт бид Еховаг алдаршуулан гэрэлтэж, үүрдийн жаргал эдэлнэ.
[Зүүлт]
a Илчлэлт 2:1–3:22-ыг Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Илчлэлт. Туйлын биелэл нь удахгүй болно!» номын 7—13-р бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан буй («Revelation−Its Grand Climax At Hand!»).
Та хэрхэн хариулах вэ?
• «Иезебел гэгч эмэгтэй» гэж ямар хүмүүсийг хэлсэн бэ? Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд түүнийг дуурайдаггүйн учир юу вэ?
• Сардей дахь хурал ямар байдалтай байсан бэ? Тэндхийн христианууд шиг болохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
• Филаделфийн хуралд Есүс ямар ямар амлалт өгсөн бэ? Тэдгээр нь өнөөдөр ямар ач холбогдолтой вэ?
• Лаодикчуудыг зэмлэсний учир юу вэ? Харин хичээл зүтгэлтэй христианууд ямар ирээдүйтэй вэ?