Аврагдах цаг ойрхон байна!
«Цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт [«аврал», ШЕ] ойртож байна» (ЛУК 21:28).
1. МЭ 66 онд юу болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
МАНАЙ эриний 66 оны Иерусалим хот. Цаг төр үймж, хот даяараа бужигнаж байлаа. Та өөрийгөө тэнд амьдардаг христиан байна гээд төсөөл дөө. Ромын прокурор Флорусыг ариун сүмийн эрдэнэсийн санд байсан 17 талантыг хувьдаа авмагц иудейчүүд бослого гаргаж, Иерусалимд байсан Ромын цэргүүдийг устгав. Ингээд тусгаар тогтнолоо зарлав. Ромчууд ч яаралтай арга хэмжээ авлаа. Сирийн захирагч Цести Галл тэргүүтэй 30 000 цэрэг гурван сарын дотор хүрч ирээд Иерусалим хотыг маш хурдан хугацаанд бүслэв. Иудейн босогчид сүмийн хэрэмд бүглээ. Тэгтэл Ромын цэргүүд хот руу нэвтрэн орж сүмийн хэрмийг нурааж эхлэв. Хотынхон сандран үймэлдэж байлаа. Энэ бүхнийг хараад та яах вэ?
2. Христианууд яах ёстой байсан бэ? Тийм боломж хэрхэн бүрдсэн бэ?
2 Хэдэн жилийн өмнө Есүсийн хэлсэн үгийг та санах биз ээ. Есүс: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно» хэмээн анхааруулжээ (Лук 21:20). Дараа нь заавар өгч, «Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог» гэсэн (Лук 21:21). Гэхдээ хотын эргэн тойронд цэргүүд байхад, яаж Иерусалимаас зугтах вэ гэсэн бодол таныг зовоож магадгүй. Тэгтэл хачирхалтай юм болов. Таныг харсаар байтал Ромын цэргүүд бүслэлтээ зогсоох нь тэр! Тэдний довтолгоог «богиносгоно» гэсэн зөгнөл биелжээ (Мат. 24:22). Есүсийн зааврыг дагах боломж одоо л олдож байна. Та Иерусалим болон хотын ойр орчимд байсан бусад итгэл нэгтнүүдтэйгээ хамт Иордан голын цаад уул руу даруйхан зугтлаа.a Хэдэн жилийн дараа, МЭ 70 онд өөр жанжнаар удирдуулсан Ромын арми Иерусалимд хүрч ирээд хотыг газартай тэгшилжээ. Харин та Есүсийн зааврыг ягштал дагасан учраас амь аврагдсан.
3. Христианууд удахгүй юу үзэх вэ? Энэ өгүүллээр юун тухай ярилцах вэ?
3 Тун удахгүй бид үүнтэй төстэй юм үзнэ. Есүс дагалдагчдадаа Иерусалимын сүйрлийн талаар анхааруулж, эсэн мэнд давах аргыг зааж өгсөн. Тэр заавар бидэнд бас хамаатай. МЭ I зуунд болсон уг үйл явдал болон «агуу их гай гамшиг» гэнэт эхлэхэд болох үйл явдлын хооронд төстэй зүйл олон бий (Мат. 24:3, 21, 29). Үнэнч христианууд Иерусалимын сүйрлээр амьд үлдсэний адил, дэлхийг хамарсан энэ гамшгийг «үй олон хүн» эсэн мэнд давна (Илчлэлт 7:9, 13, 14-ийг уншина уу). Ойрын ирээдүйн талаар Библид юу гэж байдгийг мэдэх нь амь настай холбоотой чухал асуудал юм. Тиймд энэ талаар дэлгэрэнгүй ярилцаж, хувь хүнд ямар хамаатайг авч үзье.
АГУУ ИХ ГАЙ ГАМШГИЙН ЭХЛЭЛ
4. Агуу их гай гамшиг яаж эхлэх вэ?
4 Агуу их гай гамшиг яаж эхлэх вэ? «Илчлэлт» номд «агуу их Вавилоны» сүйрлийг дүрслэн бичсэн нь энэ асуултын хариу болдог (Илч. 17:5–7). Бүх хуурамч шашныг янхан эмтэй зүйрлэсний учир юу вэ? Шашны удирдагчид Есүст үнэнч байж Хаанчлалыг нь дэмжихийн оронд хүмүүн удирдагчдыг дэмжиж, улс төрд хүчтэй нөлөөтэй болохын тулд Библийн зарчмыг уландаа гишгэдэг. Ийнхүү улс төрийн удирдагчидтай завхайрдаг. Харин тослогдсон христианууд огт өөр. Тэднийг ариун онгон охинтой зүйрлэдэг (2 Кор. 11:2; Иак. 1:27; Илч. 14:4). Тэгвэл агуу их Вавилоныг хэн устгах вэ? Ехова Бурхан «Өөрийнхөө зорилгыг» «час улаан араатны» «арван эврийн» «зүрхэнд» хийнэ. Арван эвэр гэдэг нь час улаан араатан болох Нэгдсэн Үндэстний Байгууллагыг дэмждэг одоогийн улс төрийн хүчнүүд юм (Илчлэлт 17:3, 16–18-ыг уншина уу).
5, 6. Агуу их Вавилон устгагдахад бүх гишүүн нь устгагдахгүй гэж дүгнэж болохын учир юу вэ?
5 Тэгвэл бүх хуурамч шашин устгагдахад гишүүд нь бүгдээрээ алагдах уу? Үгүй. Зөнч Зехариа тэр үед юу болохыг Бурхны ариун сүнсээр удирдуулан бичихдээ хуурамч шашны гишүүн байсан хүний тухай «Тэр “Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ” гэнэ. Нэг нь түүнд “Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?” гэхэд тэр “Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм” гэнэ» гэжээ (Зех. 13:4–6). Тэгэхлээр зарим удирдагч нь хүртэл шашны байгууллагаасаа гарч, хуурамч шашны гишүүн байсныгаа үгүйсгэх ажээ.
6 Тэр үед Бурхны ард түмэнд юу тохиолдох вэ? Есүс: «Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно» гэж хэлсэн (Мат. 24:22). Дээр ярьснаар, МЭ 66 онд агуу их гай гамшгийг «богиносгосон». Үүний дүнд «сонгогдогсод» буюу тослогдсон христиануудад хот болон хотын ойр орчмоос зугтах боломж олдсон. Ирээдүйд болох агуу их гай гамшгийн эхний үеийг «сонгогдогсдын» төлөө «богиносгоно». Ард түмнийг нь устгахыг Бурхан «арван эвэр» буюу улс төрийн хүчнүүдэд хэрхэвч зөвшөөрөхгүй. Тэр үед хэсэгхэн зуур намжмал байдалтай байна.
СОРИЛТ БА ШҮҮЛТИЙН ЦАГ
7, 8. Бүх хуурамч шашныг устгасны дараа бидэнд ямар боломж олдох вэ? Бурхны үнэнч үйлчлэгчид тэр үед бусдаас хэрхэн ялгарах вэ?
7 Хуурамч шашны байгууллагууд устгагдсаны дараах энэ намжмал цагт юу болох вэ? Бидний зүрх сэтгэл ямар байгаа нь илчлэгдэнэ. Ихэнх хүн «хадан цохионуудтай» зүйрлэм янз бүрийн байгууллагаар хамгаалуулж туслуулахыг оролдоно (Илч. 6:15–17). Харин Бурхны ард түмэн Ехова Бурхнаасаа тусламж хүснэ. Нэгдүгээр зуунд болсон агуу их гай гамшгийг «богиносгоход» бүх иудейчүүд христиан болж амжихгүй нь тодорхой байсан. Харин аль хэдийн христиан болсон хүмүүсийн тухайд Есүсийн зааврыг даган Иерусалимаас зугтах ёстой байлаа. Үүнийг бодож үзвэл, хэсэгхэн хугацаанд үргэлжлэх тэр намжмал үе нь шинэ Гэрчүүд олноороо бий болох цаг биш ажээ. Хэдийнээ Гэрч болсон хүмүүсийн хувьд Еховад хайртайгаа батлан харуулж, Христийн ах дүүсийг дэмжих цаг байна (Мат. 25:34–40).
8 Сорилтын тэр үед яг юу болохыг сайн мэдэхгүй ч амьдрал хэцүү болж, ямар нэг юмаа золиослох хэрэг гарна гэж бодох нь зүйтэй. Нэгдүгээр зуунд христианууд амьд үлдэхийн тулд эд хөрөнгөө орхих, хатуу хүтүү амьдралыг тэвчихэд хүрч байсан (Марк 13:15–18). Бид дор бүрнээ «Би эд хөрөнгөө орхиж чадах уу? Еховад үнэнч байхад хэрэгтэй бүхнийг хийхэд бэлэн үү?» гэж бодох нь зүйтэй. Юу ч болж байсан Бурхнаа шүтсээр байсан эртний зөнч Даниелын жишээг дагадаг хүмүүс тэр үед биднээс өөр байхгүй (Дан. 6:10, 11).
9, 10. а) Бурхны ард түмэн агуу их гай гамшгийн үед ямар мэдээ тунхаглах вэ? б) Дайснууд яах вэ?
9 Энэ бол Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх цаг биш юм. Тэр цаг ард хоцорсон байх болно. Харин «төгсгөлийн» үе эхэлсэн байна! (Мат. 24:14). Бурхны ард түмэн сэтгэл сэрд хийлгэм шүүх мэдээ тунхаглана. Сатаны бузар муу ертөнц бүрмөсөн устгагдах гэж байгааг мэдүүлнэ. Библид энэ мэдээг мөндөртэй зүйрлэн «Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурхныг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа» хэмээн бичжээ (Илч. 16:21).
10 Аймшигт мэдээг дайснууд маань сонсоно. Зөнч Езекиел Магогийн Гог буюу үндэстнүүдийн эвслийн талаар ариун сүнсээр удирдуулан бичихдээ «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ. «Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно. Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм» гэж чи хэлэх болно”» гэжээ (Езе. 38:10–12). Бурхны ард түмэн «ертөнцийн төвд» байгаа мэт бусдаас ялгарна. Үндэстнүүд үүнийг хараад зүгээр суухгүй. Еховагийн тослогдсон үйлчлэгчид болон тэдний хамтран зүтгэгчид рүү улангасан дайрна.
11. а) Агуу их гай гамшгийн үед болох үйл явдлуудын талаар юу санах хэрэгтэй вэ? б) Тэнгэрт тэмдэг үзэгдэхийг хүмүүс хараад яах вэ?
11 Дараа нь юу болох вэ? Нэг үйл явдал хэзээ дуусаад дараагийнх нь хэзээ эхлэхийг Библид тодорхой хэлээгүйг санах хэрэгтэй. Ямар ч байсан зарим үйл явдал давхцах бололтой. Есүс өнөөгийн тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөхдөө «Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана. Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна» гэжээ (Лук 21:25–27; Марк 13:24–26-г уншина уу). Энэ зөгнөл биелэхэд тэнгэрт үнэхээр аймшигтай юм болох уу? Хүлээгээд харах хэрэгтэй. Юу ч болсон, Бурхны дайснууд тэдгээр «тэмдгийг» хараад «айснаасаа ухаан алдах» нь тодорхой.
12, 13. а) Есүс «хүч болон агуу сүр жавхлантайгаар» ирээд юу хийх вэ? б) Бурхны үйлчлэгчид тэр үед яах вэ?
12 Есүс «хүч болон агуу сүр жавхлантайгаар» ирээд юу хийх вэ? Үнэнч хүмүүсийг шагнаж, үнэнч бусыг нь шийтгэнэ (Мат. 24:46, 47, 50, 51; 25:19, 28–30). Есүс үүнийгээ хонь ямааны тухай ёгт үлгэрээр илүү ойлгомжтой тайлбарласныг Матай бичжээ. «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж, Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана» гэжээ (Мат. 25:31–33). Хонь ямаанууд хэрхэн шүүгдэх вэ? Ямаанууд буюу үнэнч бус хүмүүс «мөнх шийтгэлд» орно. Харин хонинууд буюу үнэнч хүмүүс нь «мөнх аминд орох юм» (Мат. 25:46).
13 Ямаанууд устгагдахаа мэдээд яах бол? «Гашуудан уйлна» (Мат. 24:30). Тэгвэл Христийн ах дүүс болон тэдний хамтран зүтгэгчид яах вэ? Есүсийн тушаалыг биелүүлнэ. Есүс: «Эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарын [аврал] ойртож байна» хэмээн айлдсан билээ (Лук 21:28). Тийм ээ, бид аврагдана гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй учраас өөдрөг байх болно.
ХААНЧЛАЛД НАР МЭТ ГИЙНЭ
14, 15. Магогийн Гогийн довтолгоо эхэлсний дараа болох цуглуулах ажил гэж юу вэ? Энэ ажил хэрхэн болох вэ?
14 Магогийн Гогийг Бурхны ард түмэн рүү довтлоход юу болох вэ? «[Хүний Хүү] тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна» гэж Библид бичжээ (Марк 13:27; Мат. 24:31). «Цуглуулах» гэдгээр тослогдсон христиануудыг анх цуглуулж эхэлсэн үеийг хэлээгүй, бас одоо дэлхий дээр байгаа тослогдогсдыг эцсийн удаа тамгалахыг ч хэлээгүй (Мат. 13:37, 38). Эцсийн удаа тамгалах ажил агуу их гай гамшиг эхлэхийн өмнөхөн болно (Илч. 7:1–4). Тэгвэл юуг хэлсэн юм бол? Тэр үед дэлхий дээр байх тослогдсон христианууд шагналаа аваад тэнгэрт гарах цагийг хэлжээ (1 Тес. 4:15–17; Илч. 14:1). Энэ үйл явдал Магогийн Гогийн довтолгоо эхэлсний дараа болно (Езе. 38:11). Дараа нь Есүсийн хэлснээр «зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно» (Мат. 13:43).b
15 Тослогдсон христианууд тэнгэрт гарна гэхлээр махан биеэрээ өөдөө явна гэж ойлгож болох уу? Христ шашны ертөнцөд тэгж ойлгодог хүн олон бий. Тийм учраас Есүсийг дэлхийг захирахаар буцаж ирэхийг нүдээрээ үзнэ гэж тэд боддог. Гэхдээ «Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд» Есүс «тэнгэрийн үүлэн дээр» заларсаар ирэхийг Библид тодорхой бичсэн байдаг (Мат. 24:30). Эндээс харвал үл үзэгдэх зүйлийг хэлжээ. Түүнээс гадна, «махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй» гэж байдаг. Тиймээс тэнгэрт аваачигдах хүмүүс эхлээд «нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар» өөрчлөгдөнөc (1 Коринт 15:50–53-ыг уншина уу). Тэгэхлээр тослогдсон христианууд тэнгэрт махан биетэй очихгүй байх нь ээ. Харин тэднийг хоромхон зуурын дотор цуглуулах ажээ.
16, 17. Хурганы хуримаас өмнө юу болох ёстой вэ?
16 Тослогдсон 144 000 хүн бүгдээрээ тэнгэрт гармагц Хурганы хуримын бэлтгэл ажлын сүүлийн шат эхэлнэ (Илч. 19:9). Гэхдээ энэ баярт үйл явдлаас өмнө нэг юм болно. Тослогдсон 144 000-аас үлдсэн хүмүүсийг тэнгэрт гарахын өмнөхөн Гог Еховагийн ард түмэн рүү довтлохыг санаарай (Езе. 38:16). Ямар ч хамгаалалтгүй мэт харагдах Бурхны үйлчлэгчид яах вэ? «Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. ... Өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун» гэсэн зааврыг дагана (Ш.дэд 20:17). Дэлхий дээр үлдсэн байсан тослогдсон христианууд Магогийн Гогийн довтолгооны дараа бүгд тэнгэрт гарна. Илчлэлт 17:14-т Бурхны ард түмний дайснуудын талаар, «Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм» гэж бичсэн байдаг. Тэгэхлээр Есүс 144 000 хамтран захирагчтайгаа дэлхийд ирж Еховагийн ард түмнийг аварна.
17 Тэгээд Хармагедон болж Еховагийн ариун нэр алдаршина (Илч. 16:16). Ямаатай зүйрлэм бүх хүн «мөнх шийтгэлд орно». Дэлхий дээр цаашид муу муухай юм байхгүй болно. «Үй олон хүн» агуу их гай гамшгийн оргил үеийг эсэн мэнд давна. Эцэст нь «Илчлэлт» номд гардаг сэтгэл хөдөлгөм үйл явдал болох Хурганы хурим болно (Илч. 21:1–4).d Дэлхий дээр үлдсэн бүх хүн Бурхны сайшаалыг хүлээсэндээ баярлан, агуу их хайр энэрлийг нь мэдэрнэ. Хурганы хурим ямар сайхан болох бол оо! Тэр өдрийг үзэхийг бид тэсэн ядан хүлээж байна (2 Петр 3:13-ыг уншина уу).
18. Сэтгэл хөдөлгөм үйл явдлыг хүлээнгээ бид дор дороо юу хийх ёстой вэ?
18 Сэтгэл хөдөлгөм эдгээр үйл явдлыг хүлээнгээ бид дор дороо юу хийх ёстой вэ? Элч Петр ариун сүнсээр удирдуулан дараах зөвлөгөөг бичжээ. «Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурханы өдрийн ирэхийг хүлээ. ... Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн» (2 Петр 3:11, 12, 14). Тиймээс Энхийн Хаан Есүсийг дэмжин, Ехова Бурхнаа үнэнчээр шүтэж явцгаая.
c Тэр үед дэлхий дээр байх тослогдсон христиануудын махан бие тэнгэрт аваачигдахгүй (1 Кор. 15:48, 49). Есүсийн бие алга болсны адил тэдний бие бас байхгүй болох бололтой.
d 45-р дуулалд бас үйл явдлыг болох дэс дараагаар нь бичсэн байдаг. Эхлээд Хаан дайн хийнэ, дараа нь хурим болно.