БҮЛЭГ 11
Хүн яагаад ингэж их зовдог вэ?
1, 2. Хүмүүс юу гэж асуудаг вэ?
ЦУНАМИ нэг тосгоныг сүйрүүлжээ. Буутай этгээд сүмд гал нээсний улмаас олон хүн шархдаж, амиа алджээ. Нэгэн эмэгтэй хавдраар нас барж таван хүүхэд нь өнчин хоцорчээ.
2 Энэ мэтчилэн байгалийн гамшиг, гай зовлон тохиолдоход олон хүн «Яагаад?» гэж асуудаг. Зовлон бэрхшээл, үзэн ядалт ийм их байгаа нь ямар учиртай юм бол? Та бас ингэж бодож байсан уу?
3, 4. а) Хабаккук юу гэж асуусан бэ? б) Ехова юу гэж хариулсан бэ?
3 Бурханд бат итгэдэг хүн ч ийн асууж байсныг Библид тэмдэглэн үлдээжээ. Жишээ нь зөнч Хабаккук: «Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ?» гэж Еховагаас асуугаад «Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна» гэжээ (Хабаккук 1:3).
4 Ехова зөнчийнхөө асуултад хариулаад зогсохгүй нөхцөл байдлыг нь өөрчлөхөө амласныг Хабаккук 2:2, 3-т бичжээ. Бурхан хүмүүсийг маш их хайрладаг. «Тэр та нарт санаа тавьдаг» гэж Библид бий (1 Петр 5:7). Ехова зовлон бэрхшээлийг хэнээс ч илүү үзэн яддаг (Исаиа 55:8, 9). Тэгвэл яагаад ийм их зовлон бэрхшээл байдаг вэ? Энэ асуултын хариуг мэдэж авцгаая.
ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ИХ БАЙДГИЙН УЧИР
5. Зовлон бэрхшээл тохиолдоход шашнууд юу гэж тайлбарладаг вэ? Библид юу гэж байдаг вэ?
5 Зовлон бэрхшээлийн шалтгааныг үйлийн үр гэж тайлбарладаг шашин олон байдаг. Зарим шашин зовлонг ихэнхдээ Бурхны тааллаар болж байна гэж хэлдэг. Гай зовлон гээд хүнд тохиолддог бүхэн Бурхны зурсан зургаар л болдог учраас хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй гэж заадаг шашин ч бий. Хүнийг нас барахад Бурхан өөртэйгөө хамт тэнгэрт байлгахаар авч одлоо гэж үздэг шашин ч байдаг. Жишээ нь жаахан хүүхэд нас барахад Бурханд тэнгэрийн элч хэрэгтэй байсан юм гэдэг. Гэхдээ энэ бүхэн худал. Ехова хэзээ ч муу юм учруулахгүй. «Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» гэж Библид байдаг (Иов 34:10).
6. Зовлон бэрхшээл тохиолдоход хүмүүс яагаад Бурхныг буруутгадаг вэ?
6 Хүмүүс гай гамшиг, золгүй явдал, зовлон бэрхшээл тохиолдоход Бурхан шийтгэж байна гэдэг. Яагаад гэвэл тэд энэ ертөнцийг Бурхан захирдаг гэж боддог. Гэхдээ энэ ертөнцийн захирагч нь Сатан Диавол гэдгийг бид 3 дугаар бүлгээс мэдэж авсан.
7, 8. Энэ ертөнц зовлон бэрхшээлээр дүүрэн байдгийн учир юу вэ?
7 «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж Библид бичжээ (1 Ёохан 5:19). Энэ ертөнцийн захирагч Сатан зэрлэг балмад, харгис хэрцгий нэгэн. Тэрээр «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч» билээ (Илчлэл 12:9). Олон хүн Сатаныг дуурайдаг. Энэ бол өнөөгийн нийгэмд үзэн ядалт, худал хуурмаг, танхай явдал газар авсны нэг шалтгаан юм.
8 Энэ ертөнц зовлон бэрхшээлээр дүүрэн байдгийн өөр нэг шалтгаан нь Адам Ева хоёр Бурханд тэрсэлж нүглийг үр удамдаа дамжуулсан. Хүн нүгэлтэй болсон учраас бусдадаа гай тарьдаг. Нэг нэгнээсээ үргэлж илүү гарахыг боддог. Өөр хоорондоо тэмцэлдэж, дайтаж, бие биенээ дарладаг (Номлогчийн үгс 4:1; 8:9). Бас нэг шалтгаан нь «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» юм (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Өөрөөр хэлбэл зарим хүн байх ёсгүй газраа, цагаа ололгүй байж таараад аваар осолд орох юм уу золгүй явдалд өртдөг.
9. Ехова зовлон бэрхшээлийг арилгахгүй байгаа нь цаанаа их учиртай гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
9 Ехова зовлон бэрхшээл учруулдаггүй. Дайн, гэмт хэрэг, шударга бус явдлаас болж хүмүүс зовдогт Бурхан буруугүй. Бас газар хөдлөлт, хар салхи, үер ус гэх мэт байгалийн гамшиг болдог нь ч Бурхны буруу биш. Тэгвэл танд дараах асуулт төрж болох юм. «Ехова орчлонт ертөнц дэх хамгийн хүчтэй Нэгэн хэр нь яагаад муу муухай бүхнийг таслан зогсоохгүй байгаа юм бэ?». Ехова Бурхан биднийг маш их анхаарч халамжилдаг шүү дээ. Тэгэхээр зовлон бэрхшээлийг арилгахгүй байгаа нь цаанаа их учиртай (1 Ёохан 4:8).
БУРХАН ЯАГААД ЗОВЛОНГ АРИЛГАХГҮЙ БАЙГАА ВЭ?
10. Сатан Еховаг юу гэж гүтгэсэн бэ?
10 Диавол Еден цэцэрлэгт Адам Ева хоёрыг мэхэлжээ. Тэрээр Бурхныг муу захирагч гэж гүтгэсэн. Бас тэднээс сайн юмыг нуудаг хэмээн Адам Ева хоёрт ойлгуулсан. Сатан өөрийгөө Еховагаас илүү сайн захирна, Ехова тэдэнд хэрэггүй хэмээн анхны хосод итгүүлэхийг хүсжээ (Эхлэл 3:2–5; Тайлбар 27-г үзнэ үү).
11. Ямар асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?
11 Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй загнан тэрсэлжээ. Тэд өөрсдийгөө юу нь зөв, юу нь бурууг тогтоох эрхтэй гэж андуу боджээ. Хүнд юу хамгийн сайн гэдгийг Ехова л мэддэг. Тэгвэл Ехова өөрийнхөө зөвийг, тэрслүү этгээдүүдийн бурууг хэрхэн батлах бол?
12, 13. а) Ехова тэрслүү этгээдүүдийг яагаад тэр дор нь устгаагүй вэ? б) Ехова яагаад Сатанд энэ ертөнцийг, хүмүүст өөрсдийгөө захирахыг зөвшөөрсөн бэ?
12 Ехова Адам Ева хоёрыг тэр дор нь устгаагүй. Харин үр хүүхэдтэй болохыг нь зөвшөөрсөн. Мөн хэнд захирагдахаа шийдэх боломжийг Адамын үр удамд олгосон. Яагаад гэвэл Ехова төгс хүмүүсээр дэлхийг дүүргэх санаа зорилготой. Диавол саад учруулахыг яаж ч оролдсон Ехова энэ зорилгоо заавал биелүүлэх байв (Эхлэл 1:28; Исаиа 55:10, 11).
13 Сатан олон сая тэнгэрийн элчийн өмнө Еховагийн талаар маргаан дэгдээсэн (Иов 38:7; Даниел 7:10). Тийм учраас Ехова Сатаны гүтгэлэг худал гэдгийг батлахын тулд Сатанд хугацаа олгосон. Бас хүн төрөлхтөнд Сатаны удирдлага дор өөрсдийгөө захирах засгийн газар байгуулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Бурхны тусламжгүйгээр хүмүүс бие биеэ удирдаж чадахгүй нь батлагдах байв.
14. Цаг хугацаа юуг баталж байна вэ?
14 Хүмүүс бие биеэ захирсаар олон мянган жил өнгөрсөн ч хүн хүнээ удирдаж чадахгүй нь тодорхой болсон. Ийнхүү Сатан худал хэлсэн нь батлагдаж байна. Хүнд Бурхны тусламж зайлшгүй хэрэгтэй. Зөнч Иеремиа: «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийнх нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» хэмээн тун оновчтой хэлжээ (Иеремиа 10:23, ШЕ).
ЕХОВА ЯАГААД ИЙМ УДААН ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
15, 16. а) Ехова яагаад зовлонг арилгахгүй ингэж их удаад байгаа юм бэ? б) Сатаны учруулсан хохирлыг Ехова яагаад арилгаагүй вэ?
15 Ехова яагаад зовлон бэрхшээл, муу муухай бүхнийг арилгахгүй ингэж их удаад байгаа юм бэ? Яагаад гэвэл Сатаныг муу захирагч гэдгийг батлахад цаг хугацаа хэрэгтэй байв. Хүн төрөлхтөн засаглалын бүх л хэлбэрийг туршиж үзсэн ч амжилтад хүрээгүй. Шинжлэх ухаан, техник технологи тодорхой хэмжээгээр хөгжсөн ч шударга бус явдал, гэмт хэрэг, дайн, ядуурал улам л газар авч байна. Хүн Бурхнаар удирдуулахгүйгээр амжилтад хүрч чадахгүй.
16 Сатаны учруулсан хохирлыг Ехова арилгаагүй. Хэрэв арилгасан бол Сатаны засаглалыг дэмжсэн хэрэг болно. Ехова ийм юм хэзээ ч хийхгүй. Сатаны учруулсан хохирлыг Бурхан арилгасан бол хүмүүс юу гэж бодох байсан бэ? Бурханд захирагдахгүйгээр хүн хүнээ захирч чадна гэж бодох байв. Энэ бол том эндүүрэл. Ехова ийм худал хуурмагийг хэзээ ч дэмжихгүй. Учир нь тэрээр «худал ярьдаггүй» (Еврей 6:18).
17, 18. Ехова Сатаны дэгдээсэн тэрс явдлын үр дагаврыг хэрхэн арилгах вэ?
17 Ехова Бурхан Сатан болон хүн төрөлхтний тэрс явдлын үр дагаврыг арилгаж чадах болов уу? Чадалгүй яах вэ! Ехова бүх юмыг хийж чадна. Тэрээр Сатаны дэгдээсэн маргаантай асуудлыг хамгийн тохиромжтой цагт шийдвэрлэнэ. Тэгээд дэлхийг анхны санаа зорилгынхоо дагуу диваажин болгоно. «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ» амилна (Ёохан 5:28, 29). Хүмүүс өвдөж, хөгшрөхийн зовлонг дахин хэзээ ч үзэхгүй. Ехова Сатаны дэгдээсэн самуун явдлын үр дагаврыг Есүсээр арилгуулна (1 Ёохан 3:8). Тэр цагийг Ехова тэвчээртэй хүлээж байгаад бид талархаад баршгүй! Яагаад гэвэл тэвчээртэй хүлээж байгаагийнх нь ачаар бид Еховатай танилцаж, захирагдах эсэхээ шийдэх боломжтой болсон (2 Петр 3:9, 10-ыг уншина). Бид одоо янз бүрийн зовлон үздэг ч зовлонгоо тэвчихэд маань Ехова тусална (Ёохан 4:23; 1 Коринт 10:13-ыг уншина).
18 Ехова биднийг өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүй. Харин ч хүмүүст сонгох эрх чөлөө гэдэг бэлэг өгсөн. Энэ үнэтэй бэлгийг хэрхэн ашиглахыг одоо үзье.
ТА СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХЭРХЭН ЭДЛЭХ ВЭ?
19. Ехова бидэнд ямар хосгүй бэлэг өгсөн бэ? Ийм бэлэг авсандаа яагаад талархах хэрэгтэй вэ?
19 Хүн Еховагаас сонгох эрх чөлөө гэдэг хосгүй бэлэг авснаараа амьтнаас эрс ялгардаг. Амьтад зөндөө хөтлөгдөж амьдардаг бол хүн яаж амьдрахаа, Еховад үйлчлэх эсэхээ өөрөө шийддэг (Сургаалт үгс 30:24–28). Бас хүнийг робот шиг бүтээгээгүй. Бид ямар хүн байх, хэнтэй найзлах, ямар ажил хийх зэргээ өөрсдөө сонгох эрх чөлөөтэй. Ехова биднийг амьдралын сайн сайхныг эдлээсэй гэж хүсдэг.
20, 21. Одоо гаргаж болох хамгийн зөв шийдвэр юу вэ?
20 Ехова биднээс өөрийг нь хайрлаасай гэж хүсдэг (Матай 22:37, 38). Хүү нь «Хайртай шүү» гэж чин сэтгэлээсээ хэлэхэд аав нь баярладаг. Ехова ч мөн ялгаагүй. Тэрээр өөрт нь үйлчлэх эсэхээ шийдэх эрх чөлөөг хүнд өгсөн. Сатан Адам Ева гурав Ехова Бурхныг эсэргүүцсэн. Харин та яах вэ?
21 Еховад үйлчилж сонгох эрх чөлөөгөө зөв эдлээрэй. Еховагийн хүсэл тааллыг биелүүлж Сатаныг эсэргүүцэхээр шийдсэн олон сая хүн байдаг (Сургаалт үгс 27:11). Бурхан бүх зовлонг арилгаж дэлхийг диваажин болгох үед та тэнд байхын тулд яах хэрэгтэй вэ? Хариуг нь дараагийн бүлгээс мэдэж авъя.