Үнэнч ахмадууд аа—Ехова та нарыг өндөр үнэлдэг
БУРХНЫ ард түмэнд үйлчлэхийг завшаан гэж үздэг ахлагчид дэлхий даяар бий. Ехова бидэнд ахлагчдыг өгсөн нь ивээл юм! Гэхдээ саяхнаас өөрчлөлт гарсан. Ямар? Настай ахлагчид хариуцлагатай үүргээ залуу ахлагчдад шилжүүлэх ёстой болсон.
Дүүрэг хариуцагчаар үйлчилдэг юм уу манай байгууллагын сургуулиудад багшилдаг ахлагчид 70 нас хүрвэл, Салбарын хорооны зохицуулагч эсвэл ахлагчдын зөвлөлийн зохицуулагч гэх зэргийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг ахлагчид 80 нас хүрвэл ажлаа залуу ахлагчдад шилжүүлэхээр болсон. Хайрт ахмадууд маань энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсан бэ? Тэд Еховад, байгууллагад нь үнэнч гэдгээ баталсан!
Салбарын хорооны зохицуулагчаар 49 жил үйлчилсэн Кен: «Энэ шийдвэрийг би 100 хувь дэмжсэн. Залуу хүнийг салбарын зохицуулагч болгож өгөөч гэж би өглөө нь залбирсан юм» хэмээн ярьж байна. Ийнхүү дэмжсэн Кен шиг үнэнч ахмадууд дэлхийн өнцөг булан бүрд бий. Тэд ах дүү нартаа дуртайяа үйлчилж ирсэн болохоор эхэндээ сэтгэл дундуур байсан нь мэдээж.
Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч байсан Эсперандио: «Эхлээд жаахан гонсойсон. Гэхдээ эрүүл мэнддээ санаа тавих шаардлагатай байсан л даа» хэмээн өгүүлэв. Тэрээр одоо ч хурлынхандаа туслан, Еховад үнэнч үйлчилж байна.
Тэгвэл олон жил явуулын ажил хийсэн ахлагчид шинэ томилолт аваад яасан бол? Явуулын үйлчлэлд 38 жил зүтгэсэн Аллан: «Би өөрчлөлтийн тухай анх сонсоод шоконд орсон» хэмээжээ. Гэсэн хэдий ч, залуу эрчүүдийг шинэ ажилд сургахын чухлыг ойлгосон бөгөөд Ехова Бурхандаа үнэнч үйлчилж байна.
Явуулын ахлагчаар болон Библийн боловсрол олгодог сургуулийн багшаар нийтдээ 40 жил үйлчилсэн Рассел болон түүний эхнэр өөрчлөлт гарахад сэтгэлээр унажээ. Рассел: «Бид завшаанаа өндөр үнэлдэг байсан. Тэгээд ч энэ ажлаа үргэлжлүүлэх хангалттай эрч хүчтэй гэж боддог байлаа» гэжээ. Тэд мэдлэг туршлагаа хурлынхандаа зориулж баяр хөөр бэлэглэж явна.
Танд ийм юм тохиолдоогүй ч дээрх хүмүүсийн сэтгэлийг ойлгох хэрэгтэй. Үүний тулд «2 Самуел» номонд бичсэн үйл явдлыг авч үзье.
ДАРУУ БӨГӨӨД БУУРЬ СУУРЬТАЙ БАЙХ НЬ
Абсалом өөрийн эцэг Давид хааны эсрэг босжээ. Тэгэхэд Давид Иерусалимаас дүрвэж Иордан голын зүүнтээд орших Маханаимд очдог. Дүрвэгсэд хоол хүнс гэх мэтийн хэрэгцээтэй зүйлээр гачигдаж байв. Тэгтэл юу болсон бэ?
Тэр нутгийн өгөөмөр сэтгэлтэй гурван хүн тэдэнд ор дэвсгэр, хоол хүнс, сав суулга авчирч өгчээ. Тэдний нэг нь Барзиллаи байв (2 Сам. 17:27–29). Абсаломын удирдсан бослогыг дарсны дараа Давид Иерусалим руугаа буцахаар болж, Барзиллаи түүнийг Иордан хүртэл үдэв. Давид Барзиллаиг Иерусалим руу хамт явахыг ятгажээ. Хоол хүнсээр хангахаа ч амлав. Гэвч Барзиллаи хаанаар тэжээлгэхээргүй «ихэд баян хүн» байлаа (2 Сам. 19:31–33). Давид амьдралын туршлагатай энэ эрхэм хүнийг дэргэдээ байлган үнэтэй зөвлөгөөг нь сонсохыг хүссэн. Тэгээд ч хааны ордонд ажиллаж, амьдарна гэдэг үнэхээрийн завшаантай хэрэг шүү дээ!
Барзиллаи хэр чадлаа мэддэг, буурь суурьтай хүн байв. Тэрээр: «Би одоо 80 настай болов. Би сайн мууг ялгаж чадах уу?» гэж асуудаг. Юу хэлэх гэсэн юм бол? Өдий насалсан Барзиллаи мэргэн ухаантай байсан нь мэдээж. Тийм учраас Рехобоам хаанд зөвлөгөө өгсөн «ахмадуудын» нэгэн адил сайн зөвлөгөө өгч чадах нь ойлгомжтой (Х.дээд 12:6, 7; Дуу. 92:12–14; Сур. 16:31). Тэрээр: «Би сайн мууг ялгаж чадах уу?» гэсэн нь өтөл насныхаа зовлонг хэлсэн хэрэг. Барзиллаи амт мэдрэхээ больж, чих нь хатуурчээ (Ном. 12:4, 5). Тиймд өөрийнх нь оронд Кимхам гэдэг залууг Иерусалим руу авч яваач гэсэн саналыг хаанд хэлсэн. Кимхам нь Барзиллаин хүү байсан бололтой (2 Сам. 19:35–40).
ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨХ НЬ
Барзиллаин гаргасан шийдвэрийг бодож үзвэл өгүүллийн эхэнд гарсан нас сүүдэртэй холбоотой өөрчлөлт цагаа олсон. Гэхдээ бид өөрчлөлт оруулахдаа ганцхан Барзиллаи шиг хүмүүсийг бус, дэлхий дахинд буй үнэнч ахлагчдын нөхцөл байдал, чадал чадварыг харгалзан үзсэн. Ийнхүү асуудалд бодитой хандах шаардлага гарсан нь тэдний сайн сайхныг бодсонтой холбоотой.
Олон жил хийсэн ажлыг нь залуу ахлагчид авбал манай байгууллагын үйл ажиллагаа улам эрчимжихийг ахмадууд маань шууд ойлгодог. Барзиллаи Кимхамыг, элч Паул Тимотыг сургасан шиг, манай ахмадуудын ихэнх нь залуу ахлагчдыг сургасаар ирсэн (1 Кор. 4:17; Флп. 2:20–22). Тэдний сургасан ахлагчид Бурхны «бэлэг» гэдгээ батлан, «Христийн биеийг барьж байгуулж» байна (Эф. 4:8–12; Тооллого 11:16, 17, 29-тэй харьцуулаарай).
ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ НЬ
Хариуцлагатай үүргээ хүлээлгэж өгсөн хүмүүс өөр янз бүрийн аргаар Еховад үйлчлэх боломжтой.
«Шинэ томилолт авснаар хурлынхаа эмэгтэй гишүүдийн Гэрч биш нөхрүүдэд санаа тавих боломж гарч байна» гэж 19 жил явуулын ахлагч байсан Марко ярьж байна.
Явуулын ажлыг 28 жил хийсэн Жералдо: «Идэвхгүй болсон хүмүүст тусалж, аль болох олон Библийн хичээлтэй болох гэсэн зорилгыг бид өмнөө тавьсан» гэлээ. Жералдо болон түүний эхнэр одоогийн байдлаар нийт 15 хичээлтэй ажээ. Бас идэвхгүй байсан нэлээд хэдэн хүн цуглаанд ирдэг болсон байна.
Дээр дурдсан Аллан: «Одоо бид хоёр дэлгэрүүлэх ажилд илүү олон цагаар оролцож чаддаг болсон. Олон нийтэд, албан газруудаар, хөршүүддээ дэлгэрүүлж байна. Хөршийн маань хоёр хүн манай цуглаанд ирсэн» гэлээ.
Шинэ томилолт авсан үнэнч, чадварлаг эрчүүд өөр нэг онцгой аргаар Бурхны байгууллагад хувь нэмрээ оруулах боломжтой. Хурлынхаа залуу эрчүүдэд үнэлж баршгүй туршлагаа хэлж өгвөл Еховагийн ажлыг дэмжиж байгаа хэрэг юм. Дээр дурдсан Рассел: «Ехова авьяаслаг, шижигнэсэн залуучуудыг сургаж, өөртөө үйлчлүүлж байна. Тэд урам зоригтой зааж сурган, санаа тавьдаг учраас ах дүү нар их юм сурч, сэтгэл нь сэргэдэг!» гэжээ («Хүч чадлаа дайчлахад нь залуучуудад туслаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).
ЕХОВА ҮНЭНЧ ТАНЫГ ӨНДӨР ҮНЭЛДЭГ
Та хариуцлагатай ажлаасаа чөлөөлөгдсөн бол өөдрөг байхыг хичээгээрэй. Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, өдий төдий хүнд тус болсон шигээ хойшид ч тийм байгаарай. Таныг итгэл нэгтнүүд тань хайрласаар ирсэн, хайрлах ч болно.
Хамгийн гол нь та Еховаг баярлуулсан. «Ариун хүмүүст үйлчилсэн, одоо ч үйлчилж байгаа» таныг болон таны үйл хэрэг, хайрыг Ехова мартахгүй (Евр. 6:10). Зөвхөн урьд хийсэн бүхнийг төдийгүй таалалд нь нийцүүлэхийн тулд одоо ч хүчин чармайлт гаргаж байгааг тань мартахгүй хэмээн амлажээ. Тиймээс та Еховад маш их үнэ цэнтэй гэсэн үг!
Дээр ярилцсан өөрчлөлтөд хамрагдаагүй эрчүүдэд энэ асуудал ямар хамаатай вэ?
Шинэ томилолт авсан настай ах нартай байнга уулзаж ярилцаж байвал олон жилийн туршлагатай тэднээс их юм сурна. Тиймээс зөвлөгөө авч байгаарай. Саналыг нь сонсоорой. Шинэ үүргээ үнэнчээр яаж биелүүлж, туршлагаа хэрхэн хэрэгжүүлж байгааг нь ажиглаарай.
Та шинэ томилолт авсан ахмад, туршлагатай Гэрч ч байж болно. Эсвэл тэдэнтэй мөр зэрэгцэн үйлчилж, туршлагаас нь суралцаж буй эрэгтэй эмэгтэй Гэрч ч байж болно. Аль нь ч байсан, нэг чухал зүйлийг хэзээд санаж яваарай. Олон жил үйлчилж ирсэн, одоо ч үйлчилж байгаа тэр үнэнч эрчүүдийг Ехова өндөр үнэлдэг!