-
Гашуун зовлонСэрцгээ!—2018 | № 3
-
-
УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Гашуун зовлон
«Софияa бид хоёр 39 жил ханилсан. Тэр минь удтал өвдсөөр нас барсан юм. Тэр хүнд үед найз нөхөд минь намайг эргэж тойрон тусалж, би ч өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байлаа. Гэхдээ бараг бүтэн жил өр өмөрч явсан даа. Сэтгэл санаа үймэрч, сэтгэл хөдлөлөө барина гэдэг тун хэцүү байсан. Ханиасаа хойш гурван жил өнгөрсөн хэдий ч үе үе асар их гуньж гутардаг. Заримдаа зүв зүгээр байж байгаад тийм болохыг яана»—Костас.
Та хайртай эрхэм хүнээ үхэлд алдаж байсан бол Костасын сэтгэлийг ойлгох байх аа. Бидний сэтгэлийг шаналган зовоох зүйл амьдралд бишгүй байдаг. Гэхдээ хань ижил, ах дүү, анд найзаасаа хагацах шиг гашуун зовлон үгүй л болов уу. Сэтгэлийн өвчин шаналлыг судалдаг мэргэжилтнүүд ч үүнтэй санал нийлдэг. Нэгэн сэтгүүлд «Дотнын хүнээ үхэлд алдахаар элэг зүрх өмөрч нөхөж баршгүй гарз хохирол амсдаг» хэмээн нийтэлжээ (American Journal of Psychiatry). Уй гашуугаасаа болоод дааж давшгүй зовлон амсаж яваа хүмүүс: «Хэдий болтол ингэж зовох юм бол? Би дахиж жаргал үзэх болов уу? Яавал сэтгэл тайтгарах бол?» гэж боддог.
Эдгээр асуултын хариуг «Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаарт нийтэлсэн. Хэрэв та дотнын хүнээ алдаад удаагүй байгаа бол уй гашууг тань багахан ч атугай нимгэлэхэд тустай өгүүллийг сэтгүүлийн дараа дараагийн хуудаснаас уншаарай.
Тайвшрахад тустай, амьдралд ойр зөвлөгөө гашуудаж байгаа хэн бүхэнд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
a Эдгээр өгүүлэлд гарч байгаа зарим нэрийг өөрчлөв.
-
-
Хагацал үзсэн хүн яадаг вэ?Сэрцгээ!—2018 | № 3
-
-
УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Хагацал үзсэн хүн яадаг вэ?
Мэргэжилтнүүдийн хэлснээр, хагацал үзсэн хүний сэтгэл олон янзаар хувирдаг аж. Гашуудаж буй сэтгэлээ илэрхийлэх арга нь ч бусдынхтай адилгүй. Тэгвэл зарим нь тэгтлээ их гашууддаггүй, эсвэл сэтгэлээ «барьж» чаддаг гэсэн үг үү? Заавал тийм байна гэсэн үг биш ээ. Эмгэнэн шаналж байгаагаа илэрхийлэх нь тайвшрахад тустай байдаг. Уй гашууг тайлахад «энэ л сайн арга» гэж тогтоох боломжгүй. Тухайн хүний ахуй соёл, зан араншин, үзэж туулсан амьдрал, хайртай хүн нь ямархуу байдалтайгаар нас нөгчсөн гэх зэргээс хамаараад уй гашуугаа тайлах нь өөр өөр байна.
ХЭР ХҮНД БАЙДАГ ВЭ?
Хүн хагацал үзэхлээр сэтгэл санаагаа хэр өөрчлөгддгийг мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ямар бэрхшээл тулгарч, сэтгэл санаа ямар болохыг мэдэж болдог. Яг яадаг вэ?
Сэтгэл санаа тогтворгүй болно. Уйлах, нас барсан хүнээ үгүйлэн санах, сэтгэл санаа огцом өөрчлөгдөх энүүхэнд. Тод томруунаар дурсаж, зүүдлэхлээр бүр нэрмээс болдог. Ер нь хүмүүс эхэндээ цочролд орж, итгэж чаддаггүй. Нөхөр Тимогоо гэнэт алдсан Тийна: «Эхэндээ би нам дэлсүүчихсэн юм шиг болчихсон. Уйлж ч чаддаггүй юм билээ. Дотор давчдаад амьсгалж ч чадахгүй. Болсон явдалд итгэж чадахгүй байсан» хэмээн дурссан юм.
Уурлаж уцаарлана, сэтгэл зовнино, буруутган чичилнэ. «Эрик маань өнгөрснөөс хойш хэсэг хугацааны дараа Ёланда бид хоёр маш их ууртай болсон. Бид өөрсдийгөө тийм ууртай хүмүүс гэж бодоогүй. Бас хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийгээгүй юм шиг санагдаж, өөрсдийгөө буруутгасан» хэмээн 24 настай хүүгээ алдсан Иван хэлжээ. Эхнэр нь өвчиндөө удаан шаналж нас барахад Алехандро: «Эхлээд Бурхан намайг ингэж их зовохыг зөвшөөрч байгааг бодоход би их л муу хүн юм байна гэж бодогдсон. Тэгээд Бурхныг буруутгаад байгаа ч юм шиг санагдаад тэрэндээ ичсэн» гэж хэлсэн юм. Өмнөх өгүүлэлд дурдсан Костас: «София намайг орхисныг бодохлоор хааяа уур хүрдэг байсан. Тэгээд тийм юм бодсон өөртөө уур хүрсэн. Тэрний минь буруу гэж юу байх вэ дээ» гэжээ.
Бодол санаа үймэрч самуурна. Үе үе сонин бодол орж ирнэ. Жишээлбэл, нас барсан хүн нь нүдэнд харагдаж, үг яриа нь сонсогдох шиг болж, дэргэдээ байгаагаар ч төсөөлж мэднэ. Уй гашууд автсан хүний ухаан санаа нь төвлөрөхгүй, юмыг мартаж санана. Тийна: «Хүнтэй ярьж байгаа мөртлөө шал өөр юм бодчихсон байдаг. Тимогийн үхэлтэй холбоотой бодол л эргэлдээд байсан. Ухаан санаагаа төвлөрүүлж ерөөсөө чаддаггүй байсан» гэж ярьсан юм.
Олноос хөндийрч зожгирно. Уй гашуу үзэж байгаа хүн олны дунд ороход хэцүү санагддаг байж мэдэх юм. Костас: «Хосуудын дунд байхлаар би илүү юм шиг санагддаг. Ганц бие хүмүүсийн дунд ч байх газраа олдоггүй юм» гэжээ. «Зовлонгоо ярьж байгаа хүмүүсийг сонсохоос төвөгшөөдөг болчихдог юм билээ. Тэдний зовлон биднийхийг бодвол юу ч биш шүү дээ! Бас зарим нь үр хүүхдээ сайн сайхан явааг ярьдаг. Тэрэнд нь баярладаг л даа. Гэхдээ л яг үнэнийг хэлэхэд, тийм яриа сонсмооргүй байдаг. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдгийг нөхөр бид хоёр ойлгож байсан, гэхдээ яагаад ч энэ байдлыг давах, тэвчих хүсэлгүй байсан юм» гэж Иваны эхнэр Ёланда дурссан юм.
Эрүүл мэнд муудна. Хоолны дуршил, биеийн жин, нойр хэвийн бус болно. Аавыгаа өнгөрснөөс хойш Аарон нойр муутай болжээ. «Би шөнө болгон тогтсон нэг цагт сэрдэг байсан. Аавын нас барсан бодогдоод байдаг» гэж тэрээр хэлсэн юм.
Алехандрогийн бие нэг л муудаад байгаа юм шиг байжээ. «Би хэд хэдэн удаа эмчид үзүүлсэн. Эмч намайг зүгээр байна гэсэн. Тэгэхлээр одоо байгаа зовуурь шаналгаа хэт их гашуудсанаас болоод байгаа юм байна гэж бодсон» хэмээн дурссан юм. Яваандаа бие нь өвдөхөө больсон байна. Хэдий тийм байсан ч Алехандро эмчид үзүүлсэн нь оножээ. Уй гашууд автсан хүний дархлаа сулардаг, архаг өвчин нь сэдэрдэг, бүр нэмж өвчин тусдаг байна.
Чухал ажил амжуулж чадахгүйд хүрнэ. Иван: «Эрикийн нас барсныг ах дүү, найз нөхөддөө төдийгүй, даргад нь мэдэгдэх хэрэгтэй болсон. Хуулийн олон бичиг баримт бөглөх шаардлагатай байлаа. Эрикийн эдэлж хэрэглэж байсан юмыг яах вэ гэсэн асуудал тулгарсан. Бие сэтгэлээр тамирдаж гүйцсэн бид хоёрт энэ бүхнийг анхаарах тэнхээ байгаагүй» гэж дурссан юм.
Зарим хүнд бүр хожим ярвигтай асуудал тулгардаг. Нас барсан дотнын хүнийхээ хийж байсан ажлыг нь хийх хэрэг гардаг. Тийнад ийм юм тохиолджээ. Тэрээр: «Тимо маань ажил хэрэг, мөнгө санхүүтэй холбоотой бүхнийг амжуулдаг байсан юм. Одоо энэ бүхэн над дээр буусан. Энэ нь надад бүр нэрмээс болсон. Хэрээс минь хэтэрсэн юм шиг л санагдсан» гэж ярьжээ.
Дээр дурдсан бие болон сэтгэл санааны зовуурь шаналгааг бодохлоор уй гашууг давна гэдэг амаргүй байх нь ээ. Дотнын хүнээ алдсаны дараа ямар ч хүн зовж шаналах нь ойлгомжтой. Гэхдээ чухам юу болдгийг мэдвэл тайвшрахад нэмэр болно. Хүн бүр яг адилхан гашуудаж зовдоггүйг санаарай. Хагацал үзсэн хүн гашуудсандаа сэтгэл санаа нь огцом өөрчлөгддөг. Үүнийг байх ёстой юм гэж хүлээж авбал арай уужирна.
УЙТГАР ГУНИГ ХЭЗЭЭ АРИЛАХ ВЭ?
Гашуудал хүнд яаж нөлөөлдөг вэ? Үүрд мөнх гашуудна гэж байхгүй. Сэтгэлийн зовлон яваандаа арилна. Гэхдээ бүрмөсөн арилж үгүй болдоггүй. Бас нас барсан хайртай эрхэм хүмүүсээ мартчихна гэсэн үг ч биш. Сэтгэл хүнд байсныгаа бодвол арай гайгүй болдог. Дурсамж сэргэхэд юм уу тэмдэглэлт ой гэх мэтийн онцгой өдрүүдээр гэнэт сэтгэлийн шарх сэдэрдэг. Гэвч аажимдаа сэтгэл санаа нь тогтворжиж, хэвийн амьдралдаа буцаж ордог. Ялангуяа уй гашуугаа давах гэж өөрөө хичээдэг, гэр бүл, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авдаг бол бүр сайн.
Гашуудал хэр удаан үргэлжилдэг вэ? Зарим хүний хувьд хамгийн удаандаа хэдэн сар байдаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санаа нь 1-ээс 2 жил хямрах нь бий. Бүр удаан гашууддаг хүмүүс ч байдаг.a «Миний сэтгэл бараг гурван жил хүнд байсан» гэж Алехандро дурсжээ.
Өөрийгөө битгий хүчлээрэй. Хэдий хэр хугацаа шаардагдана, өөрийнхөө аясаар байгаарай. Уй гашуу хэзээ нэгэн цагт арилна гэдгийг санаарай. Тэгвэл зовлонгоо нимгэлэх арга чарга байдаг болов уу? Урт удаан шаналахгүйн тулд яах вэ?
Сэтгэл санаа огцом өөрчлөгддөгийг байх ёстой юм гэж хүлээж авбал арай уужирна.
a Урт удаан шаналж гашуудсанаас болоод сэтгэл зүйн «архаг» өвчтэй болдог хүн цөөн боловч байдаг. Ийм хүмүүс эмч мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй байж болох юм.
-
-
Уй гашуугаа тайлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?Сэрцгээ!—2018 | № 3
-
-
УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Уй гашуугаа тайлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Уй гашуугаа тайлахад тус нэмэр болох зөвлөгөө олъё гэвэл өч төчнөөн бий. Зарим нь ч ач тустай байдаг. Нэг хүнд тусаа өгсөн зөвлөгөө нөгөөд тохиромжгүй байж мэдэх юм. Энэ нь хүн болгон өөрөөр гашууддагтай холбоотой.
Хэдий тийм ч олон хүнд ач тустай нь батлагдсан хэзээ ч хуучирдаггүй зөвлөгөө байдаг. Сэтгэл зүйчид ч бас ийм зөвлөгөө дандаа өгдөг. Тэдгээр нь үнэндээ мэргэн ухааны эртний ном болох Библид бичигдсэн байдаг.
1: ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ ДЭМЖЛЭГИЙГ АВ
Хагацал үзсэн хүмүүст эмч мэргэжилтнүүд ч үүнийг чухалчлан зөвлөдөг. Гэвч хүн заримдаа ганцаараа байхыг хүсдэг. Тэр бүү хэл, таныг гээд ирсэн хүнд унтууцаж ч мэдэх юм. Ингэх нь ч аргагүй.
Үргэлж хүнээр хүрээлүүлж байх ёстой гэж бүү бодоорой. Бас бусдыг өөрөөсөө битгий түлхээрэй. Хэзээ нэгэн цагт бусдын тусламжийг авах хэрэг гарна шүү дээ. Тиймээс хэзээ дэмжлэг туслалцаа хэрэгтэй, хэзээ хэрэггүйгээ хүмүүст эвтэйхэн хэлээрэй.
Өөртөө тохируулаад хэзээ ганцаараа хэзээ хүнтэй хамт байхаа шийдээрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Нэг нь ойчих аваас нөгөө нь нөхрөө босгож чадна» (Номлогчийн үгс 4:9, 10, ШЕ).
2: ЗӨВ ХООЛЛОЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ
Уй гашууд автан шаналж байгаа хүнд зөв хооллох их тустай байдаг. Олон төрлийн жимс ногоо түлхүү идэж, уургаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.
Ус юм уу биед хэрэгтэй өөр бусад шингэн зүйл сайн уух.
Хоол идэх хүсэл төрөхгүй байвал бага багаар ойрхон идэх. Нэмэлт тэжээл, витамин уух талаар эмчээс зөвлөгөө авсан ч болно.a
Түргэн алхах юм уу өөр ямар нэг дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг болгох ач тустай. Дасгал хийхлээр хайртай хүнийхээ тухай сайтар бодох цаг ч гарна. Нэг бол бодохгүй төсөөрч хөндийрөх цаг ч гардаг.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» (Эфэс 5:29).
3: САЙН УНТАЖ АМАР
Унтаж амрах нь хэзээд чухал байдаг. Ялангуяа уй гашууд автаж, их ядаргаанд орсон хүнд нойр сайн авах бүр ч чухал.
Кофейнтэй юм уу согтууруулах ундаа тохируулж уугаарай. Аль аль нь нойр сэргээх үйлчилгээтэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн, салхи хөөцөлдсөнөөс ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6, АБН).
4: УЯН ХАТАН БАЙ
Хүн болгон гашуудсан сэтгэлээ өөрөөр илэрхийлдэг. Яавал илүү тайвшрахаар байна, түүгээрээ байгаарай.
Зарим хүн гашуудсан сэтгэлээ илэрхийлж дотроо онгойлгохыг хүсдэг байхад зарим нь дотроо хадгалдаг. Хагацсан сэтгэлээ тайвшруулахын тулд яах нь зүйтэй талаар мэргэжилтнүүд янз янзын саналтай байдаг. Та хэн нэгэнд сэтгэлээ уудлан ярья гэхээр нэг л хэцүү байна уу? Дотнынхоо найзад зах зухаас нь ч болов нээж яриарай.
Зарим хүн уйлж сэтгэлээ тайтгаруулдаг байхад зарим нь хэр баргийн нулимс унагаагүй хэр нь тайвширчихсан байдаг.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ» (Сургаалт үгс 14:10).
5: МУУ ЗУРШЛААС ХОЛ БАЙ
Уй гашууд автсан зарим хүн сэтгэлийн зовлонгоо нимгэлэх гэж архинд дурлах юм уу, эм тан зохисгүй хэрэглэдэг. Ингэх нь хүнд тус болохоосоо ус болно. Түр зуур аргацаасан ийм арга хор уршиг л тарина. Тиймээс зовлон шаналлаа тайлах гэж өөртөө гай болох юм битгий хийгээрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэцгээе» (2 Коринт 7:1).
6: ДАНДАА БҮҮ ГАШУУД
Сэтгэлийн зовлонгоо мартах гэж хэсэг хугацаанд завсарлага авах буюу анхаарлаа өөр юманд хандуулах нь ач тустай байдаг.
Шинэ найзтай болох, хуучин найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, шинэ юм сурах, зугаацаж цэнгэхэд хүний сэтгэл түр ч болов сэргэдэг.
Яваандаа байнга гашууддагаа болино. Сэтгэл санаа тань бага багаар эдгэрч байгааг та анзаарч магадгүй. Энэ нь гашуудал тайлагдаж байгаагийн шинж юм.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй. ... Уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг» (Номлогчийн үгс 3:1, 4).
7: ӨДРИЙН ДЭГЛЭМ БАРИМТАЛ
Аль болох хурдан, хэвийн амьдралдаа эргээд ороорой.
Тогтмол цагт унтаж, ажиллаж, бусад үйл хэрэгт оролцдог бол нэг мэдэхэд хэвийн амьдралдаа эргээд орно.
Сэтгэл сэргээдэг үйл хэрэгт оролцон завгүй байвал зовлонгоо мартахад тустай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантай байлгадаг билээ» (Номлогчийн үгс 5:20).
8: ЧУХАЛ ШИЙДВЭРИЙГ ЯАРАН БҮҮ ГАРГА
Хайртай хүнээ алдсан даруйдаа чухал шийдвэр гаргавал хожим амаа барина.
Нүүж суух, ажил албаа солих, нас барсан хүнийхээ эд зүйлсийг хаях гэх мэтийн шийдвэр гаргахаа азнаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» (Сургаалт үгс 21:5).
9: ХАЙРТАЙ ХҮНЭЭ ДУРСАЖ БАЙ
Нас барсан хайртай хүнээ мартахгүйн тулд ямар нэг юм хийх нь сайн байдаг.
Дурсамжтай зураг, сувенирээ цэгцэлж хадгалах юм уу дурсгалын дэвтэр нээгээд сэтгэлд тод үлдсэн үйл явдлаа бичиж тэмдэглэх нь нэг төрлийн эм болдог.
Сайхан дурсамж сэргээх эд зүйлээ хаялгүй, сэтгэлээ үймрэхээргүй болсон үедээ нэг гаргаж харж байгаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Эртний өдрүүдийг сана» (Дэд хууль 32:7).
10: ОРЧНОО СОЛЬ
Амралтаа авах тухай бодоорой.
Заавал урт удаан амралт авалгүй ганц хоёр хоног амран ууланд гарах, музей үзэх, машинаар давхих гэх зэргээр сэтгэлээ сэргээж болно шүү дээ.
Өдөр тутмын үйл хэргээсээ түр зуур хөндийрөх нь уй гашуугаасаа салахад тустай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүнгүй газар очоод жаахан амар» (Марк 6:31).
11: БУСДАД ТУСАЛ
Бусдад тусалж цаг гаргах нь танд ч тустай. Сэтгэл санаа тань нэг л сайхан болсныг мэдэрнэ.
Найз нөхөд, ах дүү нар чинь бас, дотнын хүний тань хойноос гашуудаж байгаа шүү дээ. Тэднийхээ дэргэд байж хань болоорой.
Бусдад тусалж сэтгэлийг нь тайвшруулахын хэрээр та өөрөө эргээд цог золбоотой болж, утга учиртай амьдарна.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (Үйлс 20:35).
12: ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ ДАХИН ТОДОРХОЙЛ
Уй гашууд автсан хүн хамгийн чухал зүйл юу вэ гэдгээ гүн гүнзгий боддог.
Одоог хүртэл хэрхэн амьдарч ирснээ дахин нягтлаарай.
Шаардлагатай гэж үзвэл, эн тэргүүнд тавьдаг зүйлээ өөрчлөөрэй.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Найрын өргөө рүү явснаас гашуудагчийн оромж руу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм» (Номлогчийн үгс 7:2).
Хагацал зовлон үзсэн хүний сэтгэлийг юу ч бүрэн эдгээж чадахгүй нь үнэн. Гэхдээ дээр дурдсан зөвлөгөөг дагах юм уу сэтгэл сэргээх өөр ямар нэг юм хийвэл тайвширдгийг дотнын хүнээ алдсан олон хүний туршлага харуулдаг. Уй гашуугаа тайлах бүх аргыг энд бичсэнгүй. Гэхдээ дээрх зөвлөгөөнүүдээс зарим нэгийг нь хэрэгжүүлээд үзвэл уй гашуугаа тайлахад нэмэр болох болов уу.
a Энэ сэтгүүлд аль нэг эмчилгээг санал болгосонгүй.
-
-
Гашуудаж буй хүнд юу хамгийн тустай вэ?Сэрцгээ!—2018 | № 3
-
-
УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Гашуудаж буй хүнд юу хамгийн тустай вэ?
ҮХЭЛ ХАГАЦАЛ ҮЗСЭН ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙГ СҮҮЛИЙН ҮЕД МЭРГЭЖИЛТНҮҮД АНХААРАН СУДАЛЖ БАЙНА. Өмнө дурдсанаар, мэргэжилтнүүдийн өгдөг үр ашигтай зөвлөгөөнүүд эртний мэргэн ухааны судар болох Библид бичсэнтэй тохирдог. Библийн зөвлөгөөнүүд цагийн аясаар хуучирдаггүй нь эндээс харагддаг. Библид ач тустай зөвлөгөө төдийгүй үхэл хагацал үзсэн хүний сэтгэлийг асар их тайвшруулах мэдээ байдаг.
Нас барсан дотнын хүн тань зовдоггүй гэдэгт итгээрэй
«Үхэгсэд юу ч мэддэггүй» гэж Библийн Номлогчийн үгс 9:5-д байдаг. Тэдний «бодлууд мөхдөг» (Дуулал 146:4). Үүнийг баталж Библийн өөр нэг номонд үхсэн хүнийг тайван нойрсож байгаатай зүйрлэсэн байдаг (Ёохан 11:11).
Халамжит Бурханд бат итгэвэл тайвширна
«ЭЗЭНий [Еховагийн, ШЕ]a мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» гэж Библийн Дуулал 34:15-д байдаг. Бурханд сэтгэлээ уудалж залбирах нь сэтгэл засах эмчилгээ төдий зүйл биш ээ. Залбирах нь тайвшруулах чадалтай Бүтээгчтэйгээ дотно болоход тустай.
Бидэнд сайхан ирээдүй бий
Нас барсан хүмүүс амилж энэ дэлхий дээрээ амьдарч байна гээд төсөөл дөө. Библид энэ тухай олон дахин бичсэн байдаг. Тэр цагт чухам юу болох талаар «[Бурхан] [бидний] нүднээс нулимс бүрийг арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» гэж байдаг (Илчлэл 21:3, 4).
Библийг бичүүлсэн Ехова Бурханд итгэдэг олон хүн хайртай дотнын хүнтэйгээ эргээд уулзана гэсэн найдвар өвөрлөн уй гашуугаа давах хүч тэнхээтэй болдог. 65-тай нөхрөө алдсан Анн: «Нас барсан хайртай хүмүүс маань зовж тарчилдаггүй, харин ч Бурхны ой тоонд байгаа, удахгүй амилна гэсэн амлалт Библид байдаг. Нөхрөө алдсан тухай бодох болгонд энэ найдварын тухай боддог. Үүний ачаар л амьдралдаа тохиолдсон хамгийн гашуун зовлонг давах чадалтай болсон» гэж дурсжээ.
Өмнөх өгүүллүүдэд дурдсан Тийна: «Тимог нас барсан өдрөөс эхлэн Бурхан намайг түшиж тулж байгааг мэдэрсэн. Гай зовлонтой тэр үед намайг гэсэн Еховагийн хайр халамжийг бүрэн дүүрэн мэдэрсэн. Амилах тухай Библид байдаг амлалт миний хувьд үнэхээр бодитой. Үүний ачаар Тимотойгоо эргээд уулзах өдрийг иртэл би сэтгэлийн тэнхээтэй байж чадна» гэж хэлсэн юм.
Библид байдаг мэдээнд итгэдэг сая сая хүн дээрх үгтэй санал нийлдэг. Библид бичсэн зүйл танд зүүд мөрөөдөл шиг санагдаж байж болох юм. Гэхдээ амлалт нь яагаад бодитой, зөвлөгөө нь яагаад ач тустай байдгийг нягталж үзээрэй. Үхэл хагацал үзсэн хүнд Библи хамгийн сайн тус болдгийг та ойлгох болно.
НАС БАРАГСАД ИРЭЭДҮЙД ЯАХ ВЭ? ЭНЭ ТУХАЙ ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭЖ АВААРАЙ
Манай jw.org сайтаас үүнтэй холбоотой видео үзээрэй
Хүн үхээд яадаг вэ? Энэ талаарх Библийн тодорхой хариулт тайвшруулдаг, итгэл бэхжүүлдэг
НОМЫН САН > ВИДЕО гэж орно уу (Видео: БИБЛИ > БИБЛИЙН СУРГААЛ)
ТАНД ДУУЛГАХ САЙН МЭДЭЭ
Муу юм л дуулдах болсон өнөө үед сайн мэдээ байдаг юм болов уу?
БИБЛИЙН СУРГААЛ > АЗ ЖАРГАЛ БА АМАР ТАЙВАН гэж орно уу
a Библийн эх бичигт гардаг Ехова гэдэг нэр Бурхны оноосон нэр юм.
-