«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
1-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 1, 2
«Ехова бүхнийг бүтээсэн нь»
it-1 527-528
Бүтээл
Эхний өдөр Бурхныг «Гэрэл бий болог» гэж хэлэхэд гэрлийн эх булаг тодорхой харагдахгүй байсан ч цацарсан гэрэл үүлэн давхаргыг нэвтэлсэн бололтой. Орчуулагч Ж. В. Ватсын «Аажмаар гэрэл бий болов» гэж орчуулсанчлан аажмаар гэгээ орсон биз ээ (Эх 1:3, «A Distinctive Translation of Genesis»). Бурхан гэрэл болон харанхуйг ялгаж, гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө хэмээн нэрлэсэн. Энэ нь дэлхий тэнхлэгээ эргэн нарыг тойроход дэлхийн баруун зүүн хоёр талд гэрэл харанхуй хоёр ээлжилдэг бодит байдалтай тохирдог (Эх 1:3, 4).
Хоёр дахь өдөр Бурхан «усыг уснаас салгаж» огторгуйг бий болгосон. Усны зарим хэсэг дэлхий дээр үлдсэн ч их хэмжээний ус дээшээ өргөгдөж, энэ хоёр усны хооронд огторгуй бий болсон. Бурхан энэ огторгуйг Тэнгэр гэж нэрлэсэн. Гэхдээ огторгуйн дээгүүрх ус нь сансрын од юм уу тэнгэрийн өөр эрхсийг тойрдог гэж бичээгүй учраас зөвхөн дэлхийтэй холбоотой нэр юм (Эх 1:6–8).
Гурав дахь өдөр Бурхны гайхамшигт хүчээр газрын ус хуримтлагдаж хуурай газар ил гарсан бөгөөд Бурхан үүнийг Эх газар гэж нэрлэсэн. Мөн энэ өдөр Бурхан санамсаргүй юм уу хувьслын аргаар биш бодисын атомд амийн хүчийг оруулж өвс ургамал, үрт ургамал, үрт жимсний модыг бий болгосон. Энэ гурван төрлийн ургамал дор бүрнээ «төрөл төрлөөрөө» үржих чадвартай байв (Эх 1:9–13).
it-1 528 ¶5-8
Бүтээл
Эхлэл 1:16-д «бүтээх» гэсэн утгатай еврей үг бара-г хэрэглээгүйг бас анхаарууштай. Түүний оронд «хийх» гэсэн утгатай еврей үг аса-г хэрэглэсэн. Нар, сар, одод нь Эхлэл 1:1-д дурдсан «тэнгэр»-т багтдаг учраас Дөрөв дэх өдөр болохоос бүр өмнө бүтээгдсэн байсан. Дөрөв дэх өдөр Бурхан эдгээр тэнгэрийн эрхсийг «хийсэн, ШЕ» гэдэг нь газар болон түүний дээгүүрх огторгуйд өөр аргаар нөлөөлдөг болгосон гэсэн утгатай. Бурхан «огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог» гэдгээр гэрэлтүүлэгчдийг агаар мандалд байгаа мэт танин мэдэх боломжтой болсныг хэлсэн бололтой. Мөн эдгээр гэрэлтүүлэгчээр «тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог» гэсэн учраас цаашид хүмүүст янз янзын аргаар удирдлага болох үүрэгтэй байх ажээ (Эх 1:14).
Тав дахь өдөр амьтдыг бүтээжээ. Бурхан нэг амьтныг хувьсган өөрчилж өөр амьтан бий болгохыг зориогүй. Харин ч амьтад, жигүүртэн шувууд Бурхны хүчээр бүтээгдсэн. «Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв» гэж бичигдсэн байдаг. Бурхан бүтээсэн зүйлүүддээ баярлаж тэдгээрт «үржин олшир» хэмээсэн. Төрөл бүрийн амьтдад «төрөл төрлөөрөө» өсөн үржих чадварыг Бурхан өгсөн учраас Бурхны айлдсан ёсоор тэд өсөн үрждэг (Эх 1:20–23).
Зургаа дахь өдөр «Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов». Энэ нь өмнөх өдрүүдийн, Бурхны бүтээх ажилтай адил сайхан байжээ (Эх 1:24, 25).
Бурхан Зургаа дахь өдрийн сүүлд тэнгэрийн элч нараас арай дорд боловч амьтдаас агуу, шал өөр төрлийн нэгэн зүйлийг бүтээжээ. Энэ бол Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн юм. Эхлэл 1:27-д «эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв» гэж товч тэмдэглэсэн боловч, ижил явдлыг бичсэн Эхлэл 2:7–9-ийг үзвэл Ехова Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амийн амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд оршигч болж, түүнд диваажин гэр болон хоол хүнс хангаж өгсөн гэж бичсэн байдаг. Ингэхдээ Бурхан тоос шороонд байдаг элементүүдээр бүтээх ажлыг хийж, дараа нь эрэгтэй хүнийг бий болгож, Адамын хавиргаар эмэгтэй хүнийг бүтээсэн (Эх 2:18–25). Эмэгтэй хүнийг бүтээхэд хүн гэдэг «төрөл» бүрэн бүтэн болсон (Эх 5:1, 2).
Эрдэнэс хайх нь
it-2 52
Есүс Христ
Хамтран Бүтээгч биш. Гэхдээ бүтээх ажилд Хүү нь оролцсон гээд Эцэгтэйгээ хамтран Бүтээгч болоогүй. Бурхнаас гардаг агуу хүч буюу үйлдэх хүчээр аливаа бүхэн бүтээгддэг (Эх 1:2; Ду 33:6). Ехова амьтай бүхний Эх булаг учраас үзэгдэх ба үл үзэгдэх амьд бүх бүтээл нь Бурхны ачаар амьд байдаг (Ду 36:9). Тиймээс Хүү нь хамтран Бүтээгч биш, Еховагийн ажилчин байсан. Есүс өөрөө ч, Библийн бусад бүх зүйлд гардаг санаанд нийцүүлж, бүтээх ажлыг Еховад хамааруулсан (Мт 19:4–6).
1-Р САРЫН 13–19
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 3–5
«Анхны худал үгний аймшигт хор уршиг»
w00 11/15 25-26
Анхны хүмүүн хосоос ямар сургамж авч болох вэ?
Ева нүгэл үйлдэхээс өөр аргагүй байсан уу? Огт үгүй! Өөрийгөө Евагийн оронд тавиад үз дээ. Бурхан болон Адамын хэлснээс шал өөр юмыг могой хэлсэн. Нэгэн танихгүй хүн таны итгэж хайрладаг хүнийг үнэнч шударга биш хэмээн гүтгэвэл танд ямар санагдах вэ? Ева могойтой арай өөрөөр харьцаж, могойг жигшин, уурлан хилэгнэж, үгийг нь сонсох учиргүй байв. Могой хэн болоод Бурхны зөв болон Евагийн нөхрийн хэлсэн үгэнд эргэлзээ төрүүлдэг байна аа? Ева шийдвэр гаргахаасаа өмнө тэргүүллийн зарчмыг хүндэтгэн, зөвлөгөө авах хэрэгтэй байсан. Бид ч Бурхны зааснаас өөр юмыг сонсвол эхлээд заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ Ева Соригчийн үгэнд итгэж, сайн мууг өөрөө шийдэхийг хүссэн. Сайн мууг өөрөө шийднэ гэж бодох тусам энэ нь Евад илүү их таалагдсан. Буруу хүслээ шууд хаях юм уу өрхийн тэргүүнтэйгээ зөвлөлдөхийн оронд түүнийгээ өөгшүүлсээр Ева нүгэл үйлдсэн (1 Коринт 11:3; Яаков 1:14, 15).
Адам эхнэрийнхээ үгэнд орсон нь
Ева удалгүй Адамыг уруу татаж нүглийнхээ хамсаатан болгосон. Адам бат бэх байр суурьтай байлгүй Евагийн үгэнд орсны шалтгаан юу байж болох вэ? (Эхлэл 3:6, 17). Тэрбээр хэнд үнэнч байхаа шийдэх хэрэгтэй байсан. Хайрт хань Евагаас авхуулаад бүх юмыг өгсөн Бүтээгчдээ үнэнч байх уу? Одоо яах ёстойг зааж өгөөч гэж Еховагаас гуйх уу? Эсвэл эхнэрийнхээ араас орох уу? Хориотой жимсийг идэж Евагийн авахыг хүссэн зүйл нь хоосон гэдгийг Адам мэдэж байв. Элч Паул Бурхнаар удирдуулан «Адам хууртаагүй, харин Ева хууртаад нүгэлтэн болсон» хэмээн бичжээ (1 Тимот 2:14). Тиймээс Адам Еховаг санаатайгаар эсэргүүцэхээр шийдсэн. Эхнэрээсээ хагацна гэсэн айдас нь тэр хэцүү нөхцөлийг Ехова өөрчилж чадна гэдэгт итгэх итгэлээс нь том байсан бололтой.
w12 9/1 4 ¶2
Бурхан эмэгтэйчүүдэд үнэхээр санаа тавьдаг уу?
Бурхан эмэгтэйчүүдийг хараасан уу?
Үгүй. Харин «эртний могой» буюу «Диаволыг» «хараасан» (Илчлэл 12:9; Эхлэл 3:14). Адам Еваг «захирна» гэж Бурхны хэлсэн нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг захирахыг зөвшөөрнө гэсэн үг биш байв (Эхлэл 3:16). Тэрбээр зөвхөн бодит байдлыг хэлж, анхны хүмүүн хос нүглээсээ болж ямар үр дагавар амсахыг зөгнөсөн юм.
w04 1/1 29 ¶2
Эхлэл номын онцлох санаа—I
3:17—Газар хараагдсан нь ямар утгатай вэ? Хэдий болтол хараагдсан бэ? Газар хараагдсан гэдэг нь газар хагалах ажил маш хүнд болно гэсэн утгатай. Адамын үр удам зангуу ба халгай ургадаг хараагдсан газрын үр нөлөөг биеэрээ мэдэрсэн учраас Ноагийн эцэг Ламех «ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөр» хэмээн дурджээ (Эхлэл 5:29). Ехова Усан галавын дараа Ноа болон хөвгүүдийг нь ивээж, дэлхийг тэднээр дүүргэнэ гэсэн санаа зорилгоо хэлсэн (Эхлэл 9:1). Ийнхүү газарт буусан Бурхны хараал арилсан бололтой (Эхлэл 13:10).
it-2 186
Төрөх гэж өвдөх
Хүүхэд төрүүлэхэд мэдрэгддэг өвдөлт. Анхны эмэгтэй Еваг нүгэл үйлдсэний дараа Бурхан түүнд нүглийн үр дагавар хүүхэд төрүүлэхэд хэрхэн нөлөөлөхийг хэлж өгсөн. «ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд тэр харууслыг эс авчирдаг» учраас Ева үргэлж дуулгавартай байсан бол Бурхны ивээлийг байнга хүртэж, хүүхэд төрүүлэх нь тэр чигээрээ баяр хөөртэй явдал болох байсан (Сургаалт үгс 10:22). Гэхдээ одоо төгс бус махан биеэс болж өвдөж шаналах болсон. Тиймээс Бурхан (ер нь Бурхны зөвшөөрсөн зүйлийг Бурхан хийсэн гэж хэлдэгтэй адил) «Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно» гэж хэлжээ (Эхлэл 3:16).
Эрдэнэс хайх нь
it-2 192 ¶5
Ламех
Эхнэрүүддээ зориулсан Ламехын шүлгээс (Эх 4:23, 24) тухайн үе хүчирхийллээр дүүрсэн байсныг мэдэж болно. Ламехын шүлэгт «Миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа, Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа. Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно» гэж гардаг. Ламех хүний амийг Каин шиг санаатайгаар хөнөөгөөгүй гэж өөрийгөө өмгөөлж байгаа бололтой. Тэрбээр өөрийг нь гэмтээж шархдуулсан хүнийг алсан нь өөрийгөө хамгаалж байгаад санамсаргүй болсон явдал гэж хэлсэн. Тиймээс өөрийг нь шархдуулсан хүнийг алсан энэ явдлын төлөө хэн нэгэн өшөө авах гэвэл үүнээс мултрах зорилготой шүлэг юм.
it-1 338 ¶2
Бурхныг доромжлох
Усан галаваас өмнө Еношийн үед «ЭЗЭНий [Еховагийн, ШЕ] нэрийг дуудах болжээ» гэдгээр Еховаг зүй ёсоор дуудахыг хэлээгүй нь тодорхой. Учир нь түүнээс бүр өмнө Абел Бурхныг нэрээр нь дуудаж Бурханд ойртсон нь дамжиггүй (Эх 4:26; Ев 11:4). Хэрвээ зарим эрдэмтний хэлдэг шиг Бурхны нэрийг дуудах гэдгээр нэрийг нь буруугаар ашиглах юм уу хүн эсвэл хиймэл шүтээнд нэрийг нь оноосон зүй бус хэргийг хэлсэн бол энэ нь Бурхныг доромжилсон хэрэг байх юм.
1-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 6–8
w13 4/1 14 ¶1
Тэрбээр «Бурхантай хамт явсан»
Хөвөгч авдрыг барьж дуусахад олон арван жил, магадгүй 40–50 жил шаардагдсан байх. Модыг цавчиж зөөгөөд тохиромжтой хэлбэр, хэмжээгээр зүсэн ховил гаргаад угсрах хэрэгтэй байсан. Хөвөгч авдар гурван давхартай, олон тасалгаатай бөгөөд хажууд нь хаалга байх ёстой байв. Хамгийн дээд хэсэгт нь цонхнууд гаргаж, дээвэрийнх нь гол хэсгийг жаахан өндөрлөсөн учраас ус урсах боломжтой байсан бололтой.
Эрдэнэс хайх нь
w04 1/1 29 ¶7
Эхлэл номын онцлох санаа—I
7:2—Амьтдыг юунд үндэслэн цэвэр болон бузар гэж тогтоосон бэ? Идэж болох эсэхээр бус, Бурхныг шүтэхдээ тахил болгон өргөх боломжтой эсэхээр нь ялгасан бололтой. Хүн Усан галаваас өмнө амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй байсан. Хоолыг зөвхөн Мосегийн хуулиар «цэвэр» ба «бузар» гэж ялгасан бөгөөд Мосегийн хууль хүчингүй болсны дараа ингэж ялгахгүй болсон (Үйлс 10:9–16; Эфэс 2:15). Бурхныг шүтэхдээ тахил болгон өргөх зохистой амьтан юу болохыг Ноа мэддэг байсан нь тодорхой. Тэрбээр хөвөгч авдраас гарангуутаа «ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтан, бүх цэвэр шувуунаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв» (Эхлэл 8:20).
w04 1/1 30 ¶1
Эхлэл номын онцлох санаа—I
7:11—Дэлхий дахиныг хамарсан Усан галавын ус хаанаас эхтэй вэ? Бүтээх ажлын хоёр дахь үе буюу хоёр дахь «өдөр» «огторгуй» бий болж, ус нь «огторгуйн дээр» болон «огторгуйн доор» байх болсон. Огторгуйн «доорх» ус нь анхнаасаа дэлхий дээр байсан ус юм. Огторгуйн «дээрх» ус нь газар дээгүүр өндөрт байсан их хэмжээний чийг байсан бөгөөд энэ чийг нь «гүний бүх булгийг» бүрдүүлж байсан. Энэ ус Ноагийн үед дэлхий дээр цутгагдсан.
1-Р САРЫН 27—2-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 9–11
«Бүх дэлхий нэг хэлтэй байлаа»
it-1 239
Агуу Вавилон
Эртний Вавилоны онцлог. Шинарын талд Вавилон хотыг байгуулсан үе нь Бабел цамхгийг барихыг оролдсон үетэй давхацдаг (Эх 11:2–9). Уг цамхаг болон хотыг барьсан хүмүүс Бурхны нэрийг алдаршуулах биш, гол нь өөрсдийнхөө нэрийг «алдаршуулах» зорилгоор барьжээ. Эртний Вавилоны балгас болон Месопотамийн өөр янз бүрийн газраас олдсон зиггурат цамхгийг харахад Бабелын цамхаг нь хэлбэр, загвар хамаарахгүйгээр үндсэндээ шашны чанартай байсныг баталж байгаа бололтой. Бурхан шийдэмгий арга хэмжээ авч уг сүмийг барих ажлыг зогсоосон нь түүнийг хуурамч шашнаас үүсэлтэй хэмээн буруутгасныг харуулж байна. Уг хотод өгсөн Вавилон гэдэг еврей нэр нь «Самуурал» гэсэн утгатай байхад сумер нэр (Кадингирра) болон аккад нэр (Бабилү) хоёулаа «Бурхны хаалга» гэсэн утгатай. Үүнээс харахад уг хотод үлдсэн оршин суугчид хотынхоо нэрийг өөрчилж, Бурхнаар шийтгүүлсэн гэсэн санаанаас зугтахыг оролдсоныг мэдэж болно. Гэхдээ шинэ буюу орлуулсан нэр нь ч уг хотыг шашны чанартай байсныг харуулдаг.
it-2 202 ¶2
Хэл
Эхлэл номыг үзвэл Усан галаваас хойш зарим хүн Ноа болон хөвгүүдэд нь Бурхны хэлсэн санаа зорилгыг эсэргүүцэх зорилгоор нэгдсэнийг мэдэж болно (Эх 9:1). Тэд өргөн тархаж «газар дэлхийг дүүргэхийн» оронд Месопотамийн Шинар гэж хожим нь нэрлэгдэх болсон газар цуглан суурьшиж хүний нийгмийг нэгтгэн төвлөрүүлэхээр шийдсэн. Мөн энэ газар шашны чанартай нэгэн цамхаг барьж, түүнийгээ шашны төв болгох гэж байсан бололтой (Эх 11:2–4).
it-2 202 ¶3
Хэл
Төгс хүчит Бурхан тэдний хэлийг хутгалдуулан хамтын үйл ажиллагааг нь зогсооход тэдгээр бардам хүмүүсийн санаж зорьсон нь талаар болсон. Үүнээс болж тэд барилга дээр хамтарч ажиллах боломжгүй болж, дэлхий дахинд тарж бутарсан. Хэлийг нь хутгалдуулсан нь бас тэднийг буруу зүг буюу Бурхныг үл тоомсорлох зүг рүү явахад нь саад болох юм уу хурдыг нь сааруулсан. Учир нь хэлийг нь хутгалдуулснаар тэд бардам зорилгынхоо төлөө хүч оюунаа нэгтгэхэд хэцүү болсон. Мөн шинээр үүссэн өөр хэлний бүлгүүдийн цуглуулсан мэдлэгийг (Бурхнаас гаралтай биш, хүний туршлага болон судалгаанаас олсон мэдлэг) ашиглахад хэцүү болсон (Но 7:29; Ху 32:5-тай харьцуулах). Тиймээс хүний хэл хутгалдсан нь хүн төрөлхтний нийгмийг талцан хуваадаг гол шалтгаан болсон хэдий ч, үнэн хэрэгтээ аюултай, хохиролтой санаа зорилгыг биелүүлэхэд саад болж хүн төрөлхтний нийгэмд гавьяа байгуулсан (Эх 11:5–9; Ис 8:9, 10-тай харьцуулах). Өнөө үед хүмүүс цуглуулсан мэдлэгээ буруу ашигласнаас болж ямар үр дагаварт хүрдгийг бодох төдийд л Бабелд болсон явдалд саад хийгээгүй бол юу болох байсныг Бурхан урьдаас мэдсэнийг ойлгож болно.
it-2 472
Үндэстнүүд
Хэлний ялгаанаас үүссэн саад бэрхшээлээс болж хэлний бүлгүүд тусгаарлагдаж, аливааг хийдэг өөрийн гэсэн аргынхаа дагуу соёл, урлаг, уламжлал, зан заншил, шашныг хөгжүүлсэн (Ле 18:3). Бурхнаас хөндийрсөн олон ард түмэн өөрсдийнхөө домогт гардаг бурхдын шүтээнийг бүтээсэн (Ху 12:30; Х.дэ 17:29, 33).
Эрдэнэс хайх нь
it-1 1023 ¶4
Хам
Канаан өөрөө уг хэрэг явдалд орооцолдсон ч эцэг Хам нь Канааныгаа засаж залруулаагүй байж магадгүй. Эсвэл Ноа Бурхнаар удирдуулан зөгнөхдөө Канаанд илэрсэн байж болох Хамын муу хандлагыг Канааны үр удам өвлөхийг урьдчилж мэдсэн бололтой. Шемийн үр удам болох израйлчууд Канаанчуудыг эзлэхэд уг хараал хэсэгчлэн биелсэн. Устгагдаагүй канаанчууд (жишээ нь, гибеончууд [Иош 9]) нь Израйлын боол болсон. Хэдэн зууны дараа Хамын хүү Канааны үр удам нь Иафетаас гаралтай дэлхийн хүчит гүрэн болох Меде болон Перс, Грек, Ромын захиргаан дор ороход уг хараал илүү өргөнөөр биелсэн.
it-2 503
Нимрод
Нимродын хаант улсад эхлээд Бабел, Ерех, Аккад, Калне гэдэг хотууд багтдаг байсан бөгөөд эдгээр нь бүгд Шинарын газар нутагт байжээ (Эх 10:10). Тиймээс Бабел хот болон цамхгийг барих ажил түүний удирдлага дор явагдсан бололтой. Ингэж дүгнэх нь иудейчүүдийн уламжлалт үзэлтэй нийцдэг. Түүхч Иосеф: «[Нимрод] хүмүүсийг өөрийнхөө хүчинд үргэлж найддаг болгож байж л тэднийг Бурхнаас айхгүй болгоно гэж үзээд захиргааныхаа хэлбэрийг аажмаар дарангуйлан захирах дэглэм болгон өөрчилсөн. Тэрбээр хэрвээ Бурхан дэлхийг дахин усанд автуулах гэж байвал өшөө авна хэмээн заналхийлсэн. Усанд автахааргүй өндөр цамхаг барьж, устгагдсан өвөг дээдсийнхээ өшөөг авахыг оролдсон. Хүмүүс Бурханд захирагдахыг боолчлолд орох явдал хэмээн үзэж [Нимродын] энэ зөвлөгөөг идэвхийлэн дагасан бөгөөд тэд цамхаг барьж эхэлсэн. ... Цамхаг нь хэний ч төсөөлж чадамгүй хурдаар баригдаж байсан («Jewish Antiquities» I, 114, 115 (iv, 2, 3)).