УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
Хагацал үзсэн хүн яадаг вэ?
Мэргэжилтнүүдийн хэлснээр, хагацал үзсэн хүний сэтгэл олон янзаар хувирдаг аж. Гашуудаж буй сэтгэлээ илэрхийлэх арга нь ч бусдынхтай адилгүй. Тэгвэл зарим нь тэгтлээ их гашууддаггүй, эсвэл сэтгэлээ «барьж» чаддаг гэсэн үг үү? Заавал тийм байна гэсэн үг биш ээ. Эмгэнэн шаналж байгаагаа илэрхийлэх нь тайвшрахад тустай байдаг. Уй гашууг тайлахад «энэ л сайн арга» гэж тогтоох боломжгүй. Тухайн хүний ахуй соёл, зан араншин, үзэж туулсан амьдрал, хайртай хүн нь ямархуу байдалтайгаар нас нөгчсөн гэх зэргээс хамаараад уй гашуугаа тайлах нь өөр өөр байна.
ХЭР ХҮНД БАЙДАГ ВЭ?
Хүн хагацал үзэхлээр сэтгэл санаагаа хэр өөрчлөгддгийг мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ямар бэрхшээл тулгарч, сэтгэл санаа ямар болохыг мэдэж болдог. Яг яадаг вэ?
Сэтгэл санаа тогтворгүй болно. Уйлах, нас барсан хүнээ үгүйлэн санах, сэтгэл санаа огцом өөрчлөгдөх энүүхэнд. Тод томруунаар дурсаж, зүүдлэхлээр бүр нэрмээс болдог. Ер нь хүмүүс эхэндээ цочролд орж, итгэж чаддаггүй. Нөхөр Тимогоо гэнэт алдсан Тийна: «Эхэндээ би нам дэлсүүчихсэн юм шиг болчихсон. Уйлж ч чаддаггүй юм билээ. Дотор давчдаад амьсгалж ч чадахгүй. Болсон явдалд итгэж чадахгүй байсан» хэмээн дурссан юм.
Уурлаж уцаарлана, сэтгэл зовнино, буруутган чичилнэ. «Эрик маань өнгөрснөөс хойш хэсэг хугацааны дараа Ёланда бид хоёр маш их ууртай болсон. Бид өөрсдийгөө тийм ууртай хүмүүс гэж бодоогүй. Бас хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийгээгүй юм шиг санагдаж, өөрсдийгөө буруутгасан» хэмээн 24 настай хүүгээ алдсан Иван хэлжээ. Эхнэр нь өвчиндөө удаан шаналж нас барахад Алехандро: «Эхлээд Бурхан намайг ингэж их зовохыг зөвшөөрч байгааг бодоход би их л муу хүн юм байна гэж бодогдсон. Тэгээд Бурхныг буруутгаад байгаа ч юм шиг санагдаад тэрэндээ ичсэн» гэж хэлсэн юм. Өмнөх өгүүлэлд дурдсан Костас: «София намайг орхисныг бодохлоор хааяа уур хүрдэг байсан. Тэгээд тийм юм бодсон өөртөө уур хүрсэн. Тэрний минь буруу гэж юу байх вэ дээ» гэжээ.
Бодол санаа үймэрч самуурна. Үе үе сонин бодол орж ирнэ. Жишээлбэл, нас барсан хүн нь нүдэнд харагдаж, үг яриа нь сонсогдох шиг болж, дэргэдээ байгаагаар ч төсөөлж мэднэ. Уй гашууд автсан хүний ухаан санаа нь төвлөрөхгүй, юмыг мартаж санана. Тийна: «Хүнтэй ярьж байгаа мөртлөө шал өөр юм бодчихсон байдаг. Тимогийн үхэлтэй холбоотой бодол л эргэлдээд байсан. Ухаан санаагаа төвлөрүүлж ерөөсөө чаддаггүй байсан» гэж ярьсан юм.
Олноос хөндийрч зожгирно. Уй гашуу үзэж байгаа хүн олны дунд ороход хэцүү санагддаг байж мэдэх юм. Костас: «Хосуудын дунд байхлаар би илүү юм шиг санагддаг. Ганц бие хүмүүсийн дунд ч байх газраа олдоггүй юм» гэжээ. «Зовлонгоо ярьж байгаа хүмүүсийг сонсохоос төвөгшөөдөг болчихдог юм билээ. Тэдний зовлон биднийхийг бодвол юу ч биш шүү дээ! Бас зарим нь үр хүүхдээ сайн сайхан явааг ярьдаг. Тэрэнд нь баярладаг л даа. Гэхдээ л яг үнэнийг хэлэхэд, тийм яриа сонсмооргүй байдаг. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдгийг нөхөр бид хоёр ойлгож байсан, гэхдээ яагаад ч энэ байдлыг давах, тэвчих хүсэлгүй байсан юм» гэж Иваны эхнэр Ёланда дурссан юм.
Эрүүл мэнд муудна. Хоолны дуршил, биеийн жин, нойр хэвийн бус болно. Аавыгаа өнгөрснөөс хойш Аарон нойр муутай болжээ. «Би шөнө болгон тогтсон нэг цагт сэрдэг байсан. Аавын нас барсан бодогдоод байдаг» гэж тэрээр хэлсэн юм.
Алехандрогийн бие нэг л муудаад байгаа юм шиг байжээ. «Би хэд хэдэн удаа эмчид үзүүлсэн. Эмч намайг зүгээр байна гэсэн. Тэгэхлээр одоо байгаа зовуурь шаналгаа хэт их гашуудсанаас болоод байгаа юм байна гэж бодсон» хэмээн дурссан юм. Яваандаа бие нь өвдөхөө больсон байна. Хэдий тийм байсан ч Алехандро эмчид үзүүлсэн нь оножээ. Уй гашууд автсан хүний дархлаа сулардаг, архаг өвчин нь сэдэрдэг, бүр нэмж өвчин тусдаг байна.
Чухал ажил амжуулж чадахгүйд хүрнэ. Иван: «Эрикийн нас барсныг ах дүү, найз нөхөддөө төдийгүй, даргад нь мэдэгдэх хэрэгтэй болсон. Хуулийн олон бичиг баримт бөглөх шаардлагатай байлаа. Эрикийн эдэлж хэрэглэж байсан юмыг яах вэ гэсэн асуудал тулгарсан. Бие сэтгэлээр тамирдаж гүйцсэн бид хоёрт энэ бүхнийг анхаарах тэнхээ байгаагүй» гэж дурссан юм.
Зарим хүнд бүр хожим ярвигтай асуудал тулгардаг. Нас барсан дотнын хүнийхээ хийж байсан ажлыг нь хийх хэрэг гардаг. Тийнад ийм юм тохиолджээ. Тэрээр: «Тимо маань ажил хэрэг, мөнгө санхүүтэй холбоотой бүхнийг амжуулдаг байсан юм. Одоо энэ бүхэн над дээр буусан. Энэ нь надад бүр нэрмээс болсон. Хэрээс минь хэтэрсэн юм шиг л санагдсан» гэж ярьжээ.
Дээр дурдсан бие болон сэтгэл санааны зовуурь шаналгааг бодохлоор уй гашууг давна гэдэг амаргүй байх нь ээ. Дотнын хүнээ алдсаны дараа ямар ч хүн зовж шаналах нь ойлгомжтой. Гэхдээ чухам юу болдгийг мэдвэл тайвшрахад нэмэр болно. Хүн бүр яг адилхан гашуудаж зовдоггүйг санаарай. Хагацал үзсэн хүн гашуудсандаа сэтгэл санаа нь огцом өөрчлөгддөг. Үүнийг байх ёстой юм гэж хүлээж авбал арай уужирна.
УЙТГАР ГУНИГ ХЭЗЭЭ АРИЛАХ ВЭ?
Гашуудал хүнд яаж нөлөөлдөг вэ? Үүрд мөнх гашуудна гэж байхгүй. Сэтгэлийн зовлон яваандаа арилна. Гэхдээ бүрмөсөн арилж үгүй болдоггүй. Бас нас барсан хайртай эрхэм хүмүүсээ мартчихна гэсэн үг ч биш. Сэтгэл хүнд байсныгаа бодвол арай гайгүй болдог. Дурсамж сэргэхэд юм уу тэмдэглэлт ой гэх мэтийн онцгой өдрүүдээр гэнэт сэтгэлийн шарх сэдэрдэг. Гэвч аажимдаа сэтгэл санаа нь тогтворжиж, хэвийн амьдралдаа буцаж ордог. Ялангуяа уй гашуугаа давах гэж өөрөө хичээдэг, гэр бүл, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авдаг бол бүр сайн.
Гашуудал хэр удаан үргэлжилдэг вэ? Зарим хүний хувьд хамгийн удаандаа хэдэн сар байдаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санаа нь 1-ээс 2 жил хямрах нь бий. Бүр удаан гашууддаг хүмүүс ч байдаг.a «Миний сэтгэл бараг гурван жил хүнд байсан» гэж Алехандро дурсжээ.
Өөрийгөө битгий хүчлээрэй. Хэдий хэр хугацаа шаардагдана, өөрийнхөө аясаар байгаарай. Уй гашуу хэзээ нэгэн цагт арилна гэдгийг санаарай. Тэгвэл зовлонгоо нимгэлэх арга чарга байдаг болов уу? Урт удаан шаналахгүйн тулд яах вэ?
Сэтгэл санаа огцом өөрчлөгддөгийг байх ёстой юм гэж хүлээж авбал арай уужирна.
a Урт удаан шаналж гашуудсанаас болоод сэтгэл зүйн «архаг» өвчтэй болдог хүн цөөн боловч байдаг. Ийм хүмүүс эмч мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй байж болох юм.