Лук
5 Нэгэн удаа Есүс Генесарет* нуурын эрэг дээр Бурхны үгийг зааж сургахад олон түмэн түүнийг тойрон бүчээд сонсож байв. 2 Эрэг дээр хоёр завь байсан бөгөөд загасчид завинаасаа буугаад тороо угааж байгааг Есүс харлаа. 3 Тэрээр нэг завин дээр гараад эргээс жаахан холдуулж өгөхийг завины эзэн Симоноос хүсжээ. Тэгээд завинд сууж байгаад хүмүүст сургаал айлдаж эхлэв. 4 Ярьж дуусаад Симонд «Сэлүүрдээд гүн рүү нь очиж тороо хая» гэхэд 5 Симон: «Багш аа, бид шөнөжингөө загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ таныг хэлж байгаа болохоор хаяад үзье» гэжээ. 6 Тэгээд тороо хаятал маш их загас баригдсан тул тор нь урагдаж эхлэв. 7 Тиймээс ирж туслаач гэж дохиход нөгөө завин дээрх хамтрагчид нь ирэв. Хоёр завь загасаар дүүрсэн тул живж эхлэх нь тэр. 8 Үүнийг хараад Петр гэгддэг Симон Есүсийн өмнө сөхөрч «Эзэн минь, та яваач. Би нүгэлтэй хүн» гэж хэлэв. 9 Симон ч, хамтрагчид нь ч тийм олон загас барьсандаа тун их гайхжээ. 10 Хамтрагчид буюу Зебедэйн хүү Яаков Ёохан хоёр ч гайхаж хоцров. Тэгэхэд Есүс Симонд «Айх хэрэггүй. Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» гэж хэлэв. 11 Тэд завинуудаа эрэг рүү авчраад бүх юмаа орхин Есүсийг дагах болжээ.
12 Есүсийг нэгэн хотод байхад хамаг бие нь уяман өвчинд баригдсан хүн түүнийг хараад дөхөж ирээд сөхөрч, «Эзэн, та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» гэжээ. 13 Есүс гараа түүнд хүргэж, «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэсэнд өнөөх хүн тэр даруй эдгэв. 14 Энэ явдлын талаар хэнд ч хэлэхгүй байхыг Есүс тэр хүнд тушаан «Явж, тахилчид үзүүл. Цэвэршсэн учир Мосегийн хуульд заасан ёсоор тахил өргөөрэй. Энэ нь тахилчдад гэрчлэл болно» гэжээ. 15 Гэвч Есүсийн тухай зар тарсаар байв. Асар олон хүн түүнийг сонсох гэж, өвчин эмгэгээ эдгээлгэх гэж ирж байлаа. 16 Харин тэрээр залбирах гэж зэлүүд газар очдог байв.
17 Нэг өдөр Есүсийг сургаалаа айлдаж байхад нь тэнд Галил болон Иудейн бүх тосгон, Иерусалимаас ирсэн фарисайчууд болон хуулийн багш нар байжээ. Ехова* түүнд эдгээх хүч өгсөн байв. 18 Хүмүүс саа өвчтэй хүнийг дамнуургаар авчраад гэрт оруулж, Есүсийн урд тавих гэсэн боловч 19 олон хүнтэй байсан учир дотогш оруулж чадсангүй. Тиймээс байшингийн дээвэр дээр гарч, дээврийнх нь хэсэг газрын шаврыг хуулаад өнөөх хүнийг доош нь буулгаж Есүсийн урд байсан хүмүүсийн дунд тавьжээ. 20 Тэд итгэж байгааг Есүс мэдээд саа өвчтэй хүнд «Нүглийг чинь уучилсан» гэж хэлэв. 21 Тэгтэл хуулийн багш нар болон фарисайчууд: «Бурхныг доромжилдог энэ хүн чинь хэн гэгч вэ? Бурхнаас өөр хэн нүглийг уучилдаг билээ?» гэж бодоод ярилцжээ. 22 Есүс тэдний бодлыг мэдээд «Та нар яагаад ингэж бодов? 23 “Нүглийг чинь уучилсан” гэж хэлэх эсвэл “Босоод яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 24 Гэхдээ хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйгээ та нарт мэдүүлэхийн тулд...» гэснээ саа өвчтэй хүнд хандан «Босож дамнуургаа аваад гэртээ харь» гэжээ. 25 Хүмүүсийг харсаар байтал өнөөх хүн босож, дамнуургаа аваад Бурхныг магтан алдаршуулсаар гэртээ харив. 26 Тэгэхэд бүх хүн гайхаж, Бурхныг алдаршуулж эхлэв. Хүмүүс: «Өнөөдөр бид гайхалтай юм үзлээ!» хэмээн биширч байлаа.
27 Дараа нь Есүс тэндээс гарч яваад татварын газар сууж буй Леви* гэгч татвар хураагчийг хараад түүнд «Намайг дага» гэжээ. 28 Леви бүх юмаа орхин босож түүнийг дагав. 29 Леви Есүст зориулж гэртээ том найр хийхэд зочдын дунд татвар хураагч олон байлаа. 30 Тэгтэл фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийн шавь нарт «Та нар яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм бэ?» гэжээ. 31 Тэгэхэд Есүс тэдэнд «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. 32 Би шударга сайн хүнд бус, нүгэлтэнд гэмш гэж уриалахаар ирсэн юм» гэж хэлжээ.
33 Тэд Есүст «Ёоханы шавь нар ч, фарисайчуудын шавь нар ч тогтмол мацаг барьж, залбирдаг. Харин таны шавь нар дандаа идэж уух юм» гэхэд 34 Есүс: «Хүргэнийг байхад найзуудыг нь мацаг бариулж болохгүй шүү дээ. Тийм биз дээ? 35 Харин хүргэнийг авч явах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина» гэж өгүүлэв.
36 Есүс жишээ татан «Хэн ч шинэ хувцаснаасаа урж аваад хуучин хувцсаа нөхдөггүй. Нөхвөл шинэ нөхөөсөндөө татагдаж хуучин хувцас урагдана. Шинэ хуучин хоёр тохирохгүй. 37 Хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Хэрэв хийвэл шинэ дарс тулмаа зад татан асгарч, тулам хэрэгцээгүй болно. 38 Харин шинэ дарсыг шинэ тулманд хийдэг. 39 Хуучин дарс уучихаад шинэ дарс ууя гэдэг хүн байхгүй. Яагаад гэвэл “Хуучин нь сайн” гэдэг шүү дээ» гэж ярив.