Яаков
3 Ах дүү нар аа, бидний ажлыг Бурхан илүү нарийн шалгах тул бүгдээрээ багш болох гэж бүү яар. 2 Яагаад гэвэл бид бүгдээрээ алддаг. Хэрэв ярихдаа алдаа гаргадаггүй хүн байвал, тэр хүн биеэ бүхэлд нь хянаж чаддаг төгс хүн байх нь. 3 Морь залахын тулд амгайвч хийж, бүх биеийг нь залдаг. 4 Бас усан онгоц нь том бөгөөд хүчит салхинд туугддаг. Харин залуурчин өчүүхэн залуураар хүссэн зүгтээ залдаг шүү дээ.
5 Түүнчлэн, хэл бол жижиг эрхтэн атлаа сайрхахдаа гарамгай. Ойн асар их модыг шатаах түймэр өчүүхэн цогноос гардаг шүү дээ! 6 Хэл бол гал. Биеийн бүх эрхтний дундаас хорон муу нь хэл бөгөөд биеийг бүхэлд нь бузарладаг. Хэл хүний амьдралыг сүйтгэдэг. Тийм учраас Гехеннатай* адил юм. 7 Хүмүүс төрөл бүрийн араатан амьтан, шувуу, хэвлээр явагч, усны амьтныг номхруулдаг, номхруулсаар ч ирсэн. 8 Гэхдээ ямар ч хүн хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол жолоодоход амаргүй, хөнөөлтэй, үхлийн хороор дүүрэн эд юм. 9 Бид хэлээр Эцэг Еховаг* магтдаг атлаа «Бурхны дүр төрхөөр» бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. 10 Нэг л амнаас магтаал ч, хараал ч гардаг.
Ах дүү нар минь, ийм байж болохгүй. 11 Булгийн нэг эхээс цэнгэг ус, давстай ус зэрэг гардаг билүү? 12 Ах дүү нар аа, инжрийн модноос чидун, усан үзмийн модноос инжир ургадаггүй биз дээ? Давстай булгаас цэвэр ус гарахгүй.
13 Та нарын дунд мэргэн, ухаалаг хүн байна уу? Тийм хүн биеэ зөв авч явахын зэрэгцээ аливааг үйлдэхдээ дөлгөөн байж мэргэн ухаантайгаа харуулах учиртай. 14 Хэрэв та нар атаархуу, өрсөлдөөнч бол мэргэн гэж бүү сайрх. Сайрхдаг бол худал ярьсантай адил. 15 Ийм мэргэн ухаан дээрээс ирдэггүй, харин газрынх, махан биедээ захирагддаг хүмүүсийнх бас чөтгөрийнх юм. 16 Учир нь хаана атаархал, өрсөлдөөн байна, тэнд замбараагүй явдал, муу муухай бүхэн байдаг.
17 Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн юуны түрүүнд ариун, бас эв эеийг эрхэмлэдэг, зөрж гөждөггүй, дуулгавартай, өршөөнгүй, сайн юм хийдэг*, хэнийг ч алаг үздэггүй, хоёр нүүр гаргадаггүй. 18 Түүнчлэн, эв эеийг эрхэмлэгчдийн ачаар амар тайван ноёлдог бөгөөд энэ нь тэдний сайн үйлсийн үр дүн юм.