Естер
4 Мордехаи болсон бүхнийг дуулаад хувцсаа урж, таар нөмрөн, толгой дээрээ үнс цацав. Тэгээд чанга дуугаар гашуудан уйлж, хотын төв рүү явжээ. 2 Таар нөмөрсөн хүн ордонд орж болохгүй учир Мордехаи ордны дааман хаалга хүртэл явав. 3 Хааны тушаал хүрсэн муж бүрд иудейчүүд асар ихээр гашуудан, мацаг барьж, уйлан гасалж байлаа. Олон хүн таар нөмрөн, үнсэн дээр хэвтжээ. 4 Шивэгчид болон тайганууд нь Естер хатан дээр ирж үүнийг мэдэгдэхэд тэрбээр ихэд шаналав. Дараа нь Естер Мордехаи руу хувцас өгч явуулан таарыг нь тайлуулах гэсэн боловч Мордехаи зөвшөөрсөнгүй. 5 Естер өөрт нь үйлчлэхээр томилогдсон хааны тайгануудын нэг Хатахыг дуудан гадуур юу болоод байгаа, ямар учиртайг Мордехаигаас асууж мэдэхийг тушаав.
6 Хатах ордны дааман хаалганы өмнөх, хотын талбай дээр байсан Мордехаи руу очлоо. 7 Мордехаи түүнд өөртөө тохиолдсон бүгдийг ярьж, Хаман иудейчүүдийг устгахын тулд хааны эрдэнэсийн санд төлнө гэж амласан мөнгөний тоог яг таг хэлж өгчээ. 8 Мөн иудейчүүдийг хүйс тэмтрэх тухай Сусад гарсан зарлигийн хуулбарыг Хатахт өгөв. Хатах түүнийг нь Естерт үзүүлж, тайлбарлах ёстой болов. Бас «Хаанд бараалхан ард түмнийхээ төлөө өршөөл, ивээл гуйгтун» гэсэн Мордехаин үгийг уламжлах заавар авчээ.
9 Хатах буцаж ирээд Естерт Мордехаин хэлснийг уламжлав. 10 Естер хариуд нь Мордехаид Хатахаар ингэж хэлүүллээ. 11 «Дуудагдаагүй хэр нь хааны өргөөний үүдэнд ирсэн эрэгтэй эмэгтэй хэн боловч үхнэ гэсэн ганц л хуультай бөгөөд гагцхүү хаан түүн рүү очирт алтан таягаа сунгасан цагт амьд үлддэгийг хааны бүх албат, хаант улсын бүх мужийн ард иргэд сайн мэднэ. Гэтэл хаан намайг энэ 30 хоногт дуудаагүй байна».
12 Мордехаи Естерийн хэлснийг сонсоод 13 ийн хариулав. «Чи хааны ордонд байгаагаараа бүх иудейчүүдийн дотроос ганцаархнаа аврагдана гэж битгий бодоорой. 14 Хэрэв чи энэ цагт дуугүй байвал иудейчүүдэд өөр хэн нэгэн тусалж, тэднийг аврах л байлгүй. Харин чи болон эцгийн чинь голомт сүйрнэ. Чи энэ цагийн төлөө хатны суудалд суусан ч юм билүү, хэн мэдлээ?».
15 Естер Мордехаид ийн хэлэв. 16 «Явж, Сусад байгаа иудейчүүдийг бүгдийг нь цуглуулагтун. Миний төлөө мацаг барьж гурван өдөр, гурван шөнө юу ч битгий идэж уугаарай. Би ч гэсэн шивэгчидтэйгээ хамт мацаг барина. Тэгээд хууль зөрчин байж хаанд бараалхъя. Үхвэл үхье». 17 Ингээд Мордехаи явж, Естерийн хэлсэн бүхнийг ёсоор болгожээ.