Тооллого
24 Израйлыг ерөөх нь Еховад таалагдсаныг Балаам ойлгоод Израйлд ямар нэг муу юм тохиолдох эсэхийг дахин мэдэх гэж явсангүй. Харин цөл рүү харав. 2 Балаам овог овгоороо буудалласан израйлчуудыг харлаа. Тэгтэл Бурхны агуу хүч түүн дээр буув. 3 Тэрбээр дараах үгийг шүлэглэн хэлжээ.
«Беорын хүү Балаамын үг
Нүд нь нээлттэй хүний үг
4 Бурхны үгийг сонссон
Төгс хүчит Нэгний үзэгдлийг үзсэн
Нүд нь нээлттэй сөгдөж мөргөсөн хүний үг
5 Иаков аа, чиний майхнууд хэчнээн сайхан бэ!
Израйл аа, чиний сууцууд хэчнээн үзэсгэлэнтэй вэ!
6 Тэдгээр нь тал хөндий* мэт
Голын дэргэдэх цэцэрлэг мэт
Еховагийн тарьсан агар мэт
Усны дэргэдэх хуш мэт
Үргэлжилсэн урт билээ
7 Хоёр ширэн ховооноос нь ус гоожих агаад
Их усны дэргэд үр* нь таригдсан байна
Хаан нь Агагаас илүү агуу байх бөгөөд
Хаант төр нь өргөмжлөгдөнө
8 Египетээс гаргасан Бурхан нь
Тэдний хувьд зэрлэг бухын эвэр мэт билээ
Тэрбээр өстөн дайсан үндэстнүүдийг нь залгиж
Ясыг нь мэрж, тэднийг нум сумаараа сүлбэнэ
9 Тэрбээр арслан мэт мяраан хэвтэв
Арслан шиг түүнийг хэн босгож зүрхлэх билээ?
Чамайг ерөөсөн нь ерөөгдөж
Хараасан нь хараагдана» гэв.
10 Тэгэхэд нь Балак Балаамд уурлан хилэгнэж, хорсолтойгоор алгаа хавсран «Би таныг дайснуудаа хараалгах гэж дуудсан. Тэгэхэд та хараах нь битгий хэл, бүр гурван удаа ерөөчихлөө шүү дээ! 11 Одоо бушуухан харьж үз. Би таныг хүндлэхийн дээдээр хүндэлнэ гэж бодож байсан юм. Харин таныг хүндлэхийг Ехова болиуллаа» гэжээ.
12 Балаам Балакт «Би таны явуулсан элчүүдэд 13 “Балак надад алт мөнгөөр дүүрэн гэр орноо өгөх байлаа ч би өөрийн дураар Еховагийн тушаалыг зөрчих юм юу ч хийхгүй. Жижиг юман дээр ч, том юман дээр ч зөрчихгүй. Еховагийн хэлснийг л ярина” гэж хэлсэн шүү дээ. 14 Одоо би хүмүүс рүүгээ явлаа. Гэхдээ энэ ард түмэн ирээдүйд танай ард түмэнд юу хийхийг одоо би танд хэлье» гэлээ. 15 Тэгээд тэрбээр дараах үгийг шүлэглэн хэлжээ.
«Беорын хүү Балаамын үг
Нүд нь нээлттэй хүний үг
16 Бурхны үгийг сонссон
Хамгийн дээд Нэгний мэдлэгийг эзэмшсэн
Төгс хүчит Нэгний үзэгдлийг үзсэн
Нүд нь нээлттэй сөгдөж мөргөсөн хүний үг
17 Би түүнийг харах ч одоо харахгүй
Би түүнийг үзэх ч ойрдоо үзэхгүй
Иаковаас од гарч
Израйлаас очирт таяг босож
Моабын дух, үймээн дэгдээгчдийн гавлыг хага цохино
18 Тэрбээр Едомыг эзэлнэ
Тийм ээ, Сеир дайсандаа эзлэгдэнэ
Израйл эр зоригоо харуулна
19 Иаковаас гарах нэгэн ялсаар байх бөгөөд
Хотоос амь зулбасан хэнийг ч бай устгана» гэв.
20 Балаам Амалекийг хараад үргэлжлүүлэн шүлэглэж
«Амалек үндэстнүүдийн эхнийх* байсан ч
Эцэстээ устгагдана» гэлээ.
21 Тэрбээр кенчүүдийг хараад
«Орон гэр чинь бат бөх, орогнох үүр чинь хадан дээр суурилжээ
22 Гэвч нэг нь кенчүүдийг* бүрмөсөн шатаана
Ассиричууд тэднийг олзолтол хэр удах вэ?» гэв.
23 Тэрбээр цааш нь
«Бурхан үүнийг хийхэд хэн ч аврагдахгүй тул золгүй еэ!
24 Киттимийн эргээс хөлөг онгоцнууд ирж
Ассирийг зовооно
Мөн Еберийг зовооно
Гэсэн хэдий ч өөрөө бас бүрмөсөн сүйрнэ» гэжээ.
25 Тэгээд Балаам Балак хоёр салж явав.