Маркийн бичсэн сайн мэдээ
7 Иерусалимаас ирсэн фарисайчууд болон хэдэн хуулийн багш Есүсийн дэргэд цуглав. 2 Есүсийн зарим шавь бохир гараар буюу гараа угаалгүй* хоол идэхийг тэд харжээ. 3 (Учир нь фарисайчууд болон иудейчүүд бүгдээрээ өвөг дээдсийнхээ ёс заншлыг чанд баримталж гараа тохойгоо хүртэл угаагаагүй л бол, 4 захаас ирээд биеэ угаагаагүй л бол хоол иддэггүй байв. Түүнчлэн аяга, домбо, зэс сав суулгыг усаар булхах гэх мэтийн эртний олон ёс заншлыг чанд мөрддөг байв.) 5 Тиймээс өнөөх фарисайчууд болон хуулийн багш нар: «Таны шавь нар яагаад өвөг дээдсийн заншлыг сахидаггүй юм бэ? Хоол идэхээсээ өмнө гараа угаахгүй юм» гэжээ. 6 Есүс тэдэнд «Хоёр нүүртэй та нарын талаар Исаиа онож хэлжээ. “Энэ ард түмэн намайг аман дээрээ хүндэлдэг боловч үнэндээ хайрладаггүй*. 7 Тэд хүний тушаалыг миний үг мэтээр заадаг учир намайг дэмий хоосон шүтдэг” гэж зөгнөсөн байдаг. 8 Та нар Бурхны тушаалуудыг үл тоон хүний заншлыг чанд баримталдаг» гэж хэлэв.
9 Есүс цааш нь «Та нар ёс заншлаа сахих гэсэндээ Бурхны тушаалуудыг сахихгүй байх зальжин арга сэддэг. 10 Жишээ нь, Мосе: “Эцэг эхээ хүндэл”, “Эцэг эхээ хараадаг* хүнийг алах ёстой” гэсэн байхад 11 та нар: “«Байгаа бүхэн минь корбан (Бурханд өргөсөн бэлэг гэсэн утгатай) тул танд тусалж чадахгүй нь» гэж хэлж болно” хэмээн сургаж 12 эцэг эхийнх нь төлөө юу ч хийлгэдэггүй. 13 Та нар уламжилж авсан ёс заншлаараа Бурхны үгийг ийнхүү хүчингүй болгосон. Энэ мэтийн олон юмыг та нар хийдэг» хэмээн өгүүлэв. 14 Тэгээд Есүс ард олныг дахин дуудаад «Бүгдээрээ намайг сонс. Хэлэх үгийг минь ойлго. 15 Аманд ордог юм хүнийг бузарладаггүй, харин зүрх сэтгэлээс гардаг юм бузарладаг» гэж хэлэв. 16 —*
17 Есүс олон түмнийг орхин яваад нэг айлд ороход шавь нар татсан жишээнийх нь учрыг асуув. 18 Тиймээс Есүс: «Та нар бас ойлгохгүй байна уу? Аманд ордог юм хүнийг бузарладаггүй гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 19 Учир нь аманд ордог юм зүрх сэтгэлд биш, гэдсэнд ороод биеэс гадагшилдаг» хэмээн ямар ч хоол хүнс бузар биш гэдгийг ойлгуулжээ. 20 Есүс цааш нь «Зүрх сэтгэлээс нь гардаг юм хүнийг бузарладаг. 21 Учир нь дотроос буюу зүрх сэтгэлээс хорон санаа, садар самуун*, хулгай, аллага, 22 завхайрал, шунал, хорон муу явдал, заль мэх, эрээ цээргүй хэрэг*, атаархал*, доромжлол, бардамнал, мунхаг явдал гардаг. 23 Эдгээр хорон муу юм дотроос гарч, хүнийг бузарладаг» гэж хэлжээ.
24 Есүс тэндээс явж Тир, Сидоны нутагт ирээд нэг айлд оров. Тэнд ирснээ хүнд мэдэгдэхгүй байх санаатай байсан ч хүмүүс мэджээ. 25 Нэг эмэгтэй Есүсийн ирснийг дуулаад тэр даруй ирж өмнө нь сөхөрч суув. Тэрээр чөтгөрт эзэмдүүлсэн жаахан охинтой ажээ. 26 Эмэгтэй Сирофоеникт амьдардаг* грек хүн байв. Охинд нь шүглэсэн чөтгөрийг зайлуулж өгөхийг Есүсээс гуйж байлаа. 27 Гэвч Есүс түүнд «Эхлээд хүүхдүүд цадаг. Учир нь хүүхдүүдийнхээ талхыг гөлгөндөө хаяж өгөх нь буруу» гэхэд 28 эмэгтэй: «Таны хэлдэг зөв. Гэхдээ хүүхдүүдийн унагасан үйрмэгийг ширээн доорх гөлөг иддэг шүү дээ» гэлээ. 29 Тэгэхэд Есүс: «Та ингэж хэлсэн учир гэртээ харь. Чөтгөр охиноос чинь зайлсан» гэж хэлэхэд 30 эмэгтэй гэртээ очоод охин нь орон дээр хэвтэж байхыг харав. Чөтгөрийг охиноос нь зайлуулсан байлаа.
31 Есүс Тирийн нутгаас гарч Сидоноор дайран Декаполоор* өнгөрч Галил нуур луу очжээ. 32 Хүмүүс дүлий, талтираа хэлтэй хүнийг авчраад түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. 33 Есүс тэр хүнийг олноос зайдуу аваачаад хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрлээ. 34 Тэгээд тэнгэр өөд харан гүн санаа алдаад «Еффата» буюу «Онгой» гэж түүнд хэлэв. 35 Тэгтэл өнөөх эрийн чих онгойж, хэлгий нь засарч, жирийн хүн шиг ярьдаг болжээ. 36 Энэ талаар хэнд ч хэлэхгүй байхыг Есүс хүмүүст тушаав. Гэвч тушаах тусам хүмүүс бүр их ярьж байв. 37 Тэд гайхахын ихээр гайхаж «Энэ хүний хийдэг бүхэн биширмээр юм. Дүлийг сонсголтой, хэлгүйг хэлтэй болгох юм» гэв.