Дэд хууль
22 Хэрвээ ах дүүгийнхээ төөрсөн хонь, үхрийг харвал тоохгүй орхиж болохгүй. Заавал ах дүүдээ аваачиж өг. 2 Ах дүү чинь танай ойр амьдардаггүй юм уу чи түүнийг таньдаггүй бол малыг нь гэртээ авчраад сураглаж иртэл нь байлга. Тэгээд түүнд малыг нь өгөх ёстой. 3 Чи ах дүүгийнхээ илжиг, хувцас гээд өөр юуг нь ч олсон бай тоохгүй орхиж болохгүй.
4 Ах дүүгийн чинь илжиг юм уу үхэр зам дээр уначихсан хэвтэж байвал хайхрахгүй орхиж болохгүй. Заавал босго.
5 Эмэгтэй хүн эрэгтэй хүний хувцсыг, эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцсыг өмсөх ёсгүй. Эс бөгөөс Ехова Бурхныхаа жигшлийг төрүүлнэ.
6 Хэрэв явах замд чинь модон дээр эсвэл газарт шувууны үүр тааралдаж, эх шувуу нь ангаахайгаа эсвэл өндгөө дарсан байвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав. 7 Эх шувууг нь заавал тавьж явуулах ёстой. Харин ангаахайг нь авч болно. Ингэвэл чи сайн сайхан явж, урт удаан амьдарна.
8 Шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж цус урссан гэм нь гэрт чинь оногдох вий.
9 Усан үзмийн талбайдаа хоёр өөр төрлийн үр тарьж болохгүй. Эс бөгөөс чиний тарьсан үрээс ургасан бүхэн болон усан үзмийн моддын чинь ургац бүгд ариун газрынх болно.
10 Та нар газар хагалахдаа үхэр, илжиг хоёрыг нэг анжсанд бүү хөллө.
11 Та нар ноосон утас, маалинган утсыг хольж нэхсэн хувцас бүү өмс.
12 Хувцасныхаа дөрвөн үзүүрт унжлага хий.
13 Эр хүн эхнэр авч түүнтэй унтсанаа жигшин зэвүүцэж 14 “Би энэ эмэгтэйтэй гэрлэсэн юм. Харин түүнтэй унтахад онгон гэх шинж тэмдэг байсангүй” хэмээн буруу явдалтай гэж гүтгэн нэр хүндэд нь халдвал 15 эмэгтэйн эцэг эх хотын дааман хаалганы дэргэд ахлагчид дээр очоод охиныхоо онгон байсныг батлах ёстой. 16 Эмэгтэйн эцэг ахлагчдад “Би энэ хүнд охиноо эхнэр болгож өгсөн юм. Гэтэл тэр охиныг маань жигшин зэвүүцэж 17 «Охинд чинь онгон гэх шинж тэмдэг байгаагүй» хэмээн буруу явдалтай гэж гүтгэсэн. Миний охины онгоны баталгаа энэ байна” гэж хэлнэ. Тэгээд тэд хотын ахлагчдын өмнө даавууг нь дэлгэнэ. 18 Тэгэхэд нь хотын ахлагчид өнөөх эрийг барьж аваад сахилгажуулна. 19 Мөн тэд түүнийг 100 мөнгөн шекелээр* торгож, тэр мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Учир нь тэр эрэгтэй Израйлын онгон эмэгтэйг гутаасан юм. Тэр эмэгтэй цаашдаа ч эхнэр нь хэвээрээ байна. Тэр эрэгтэй эхнэрээсээ салалгүй насаараа ханилах ёстой.
20 Нөхрийнх нь буруутгасан үг үнэн байгаад эмэгтэйн онгон байсан нь батлагдахгүй бол 21 тэд бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэнд аваачиж хотынх нь эрчүүд түүн рүү чулуу шидэж алах ёстой. Учир нь тэрбээр эцгийнхээ гэрт садар самуун үйлдэж Израйлд жигшүүрт хэрэг үйлдсэн юм. Та нар ингэж бузар мууг дундаасаа арилгагтун.
22 Хэрэв хэн нэг эрэгтэй өөр хүний эхнэртэй унтаж байгаад баригдвал тэр эрэгтэйг болон түүнтэй унтсан эмэгтэйг хоёуланг нь хөнөө. Ингэж муу муухай явдлыг израйлчуудын дундаас арилгагтун.
23 Сүй тавьсан онгон эмэгтэйтэй нэг эрэгтэй хотод таараад унтвал 24 хоёуланг нь хотын дааман хаалган дээр аваачаад чулуу шидэж хөнөөх ёстой. Учир нь эмэгтэй хотод хашхираагүй бөгөөд эрэгтэй нь элэг нэгтнийхээ эхнэрийг доромжилсон юм. Та нар ингэж бузар мууг дундаасаа арилга.
25 Харин сүй тавьсан бүсгүйтэй хээр таараад хүчээр унтсан бол тэр бүсгүйтэй унтсан эрэгтэйг л хөнөөх ёстой. 26 Бүсгүй үхвэл зохих нүгэл үйлдээгүй учраас түүнд юу ч хийх ёсгүй. Энэ хэрэг нь хүн рүү дайрч амийг нь хөнөөсөн хүний хэрэгтэй адилхан. 27 Учир нь тэр эрийг бүсгүйтэй хээр тааралдахад тэр бүсгүй хашхирсан ч аврах хүн байгаагүй юм.
28 Хэрвээ хэн нэгэн эр сүй тавиагүй онгон бүсгүйтэй тааралдаж түүнийг барьж аваад унтсанд, тэр нь илэрвэл 29 түүнтэй унтсан эрэгтэй бүсгүйн эцэгт 50 мөнгөн шекел өгч, түүнийг эхнэрээ болгоно. Тэр эрэгтэй бүсгүйг доромжилсон учраас салалгүй насаараа ханилах ёстой.
30 Эцгийнхээ эхнэртэй гэрлэх ёсгүй. Гэрлэвэл эцгээ гутаана.