Дэд хууль
12 Та нар эцэг өвгөдийнхөө Бурхан Еховагийн эзэмшүүлэхээр өгөх газар нутагт амьдран суух бүхий л хугацаандаа эдгээр зарлиг, шийдвэрийг чанд сахигтун. 2 Эзлэн авах нутгийнхаа үндэстнүүдийн бурхдадаа үйлчилж байсан газруудыг бүрэн сүйтгэ. Тэр нь өндөр уулс, толгодын дээр, сүрлэг моддын доор гээд хаана ч байсан сүйтгэ. 3 Та нар тахилын ширээнүүдийг нь нурааж, ариун багануудыг нь хэмхчиж, ариун шонгуудыг* нь шатааж, сийлмэл шүтээнүүдийг нь цавчин унагаж, бурхдынх нь нэрийг тэр газраас бүрмөсөн арч.
4 Тэд бурхдаа яаж шүтдэг шиг та нар Ехова Бурхнаа тэгж шүтэж болохгүй. 5 Харин овгуудын чинь дунд нэрээ алдаршуулахаар Ехова Бурхныхаа сонгосон орших газарт нь очиж түүнийг шүтэж байгтун. 6 Тэнд шатаалт тахилууд, бусад тахил, аравны нэг, хандивууд, тангаргийн өргөлүүд, сайн дурын өргөлүүд, үхэр, хонь, ямааныхаа уугануудыг авчрах ёстой. 7 Ехова Бурхан чинь та нарыг ивээсээр ирсэн учраас та нар гэр хотлоороо Ехова Бурхныхаа өмнө хооллож, хийсэн бүтээсэн бүхнийхээ төлөө баярлан баяс.
8 Энд бидний хийж байгааг цаашид дуурайж болохгүй. Одоо бол хүн бүр өөрийн зөв гэж үзсэнээ* хийж байгаа. 9 Яагаад гэвэл Ехова Бурхныхаа өв болгон өгч байгаа амьдран суух газартаа хараахан очоогүй байна. 10 Та нарыг Иорданыг гатлаад Ехова Бурхныхаа эзэмшүүлэхээр өгч байгаа нутагт амьдран суухад тэрбээр бүх дайснаас чинь хамгаалж, аюулгүй аж төрүүлнэ. 11 Та нар Ехова Бурхныхаа нэрээ алдаршуулахаар сонгосон газарт миний авчраарай гэж тушаасан шатаалт тахилууд, бусад тахил, аравны нэг, хандивууд, Ехова Бурхандаа өгнө гэж тангарагласан тангаргийн тахилуудаа аваачаарай. 12 Та нар хөвгүүд охид, зарц шивэгчдийнхээ хамт Ехова Бурхныхаа өмнө баярлан баяс. Танай хотуудад буй левичүүдэд ах дүүсийнх нь дунд хувь ч, өв ч өгөөгүй учраас тэд ч бас та нартай хамт баярлан баясна. 13 Шатаалт тахилуудаа хаа хамаагүй газар өргөж болохгүй. 14 Ехова аль овгоос газар сонгож авна, тэнд л шатаалт тахилуудаа өргөж, тушаасан бүхнийг минь биелүүлэгтүн.
15 Харин мал нядалж идэхээр бол та нар аль ч хотод хүссэн үедээ Ехова Бурхныхаа ивээсэн ёсоор малаа нядалж идэж болно. Тэр махнаас бузартсан болон цэвэр хүний аль аль нь зээр, бугын махнаас иддэг шигээ идэж болно. 16 Гэхдээ цусыг нь идэж болохгүй. Газарт ус шиг асга. 17 Та нарын хотууддаа идэж ууж болохгүй зүйлс нь үр тариа, шинэ дарс, тосны чинь аравны нэг, үхэр, хонь, ямааны чинь ууганууд, тангаргийн тахилууд, сайн дурын өргөлүүд, хандивууд чинь юм. 18 Тэдгээрийг та нар Ехова Бурхныхаа сонгосон газар Ехова Бурхныхаа өмнө хөвгүүд охид, зарц шивэгчид, хотуудад чинь суудаг левичүүдтэй хамт идэх ёстой. Тийнхүү хийж бүтээсэн бүхнийхээ төлөө Ехова Бурхныхаа өмнө баярлан баяс. 19 Та нар нутагтаа амьдран суухдаа левичүүдийг тоохгүй байж болохгүй.
20 Ехова Бурхан чинь амласан ёсоороо газар нутгийг чинь тэлэх үед та нар хүссэн үедээ мах идэж болно. 21 Ехова Бурхны чинь нэрээ алдаршуулахаар сонгосон газар хэтэрхий хол байвал Еховагийн өгсөн үхэр, хонь, ямаанаас миний тушаасан ёсоор нядалж, хүссэн үедээ хотууддаа идэж болно. 22 Тэр махнаас цэвэр хүн ч, бузар хүн ч зээр, бугын махнаас иддэг шигээ идэж болно. 23 Гэхдээ цус идэхгүй байхаар бат шийдэгтүн. Яагаад гэвэл цус бол амь юм. Амийг махтай нь идэж болохгүй. 24 Та нар цус идэх ёсгүй. Газарт ус шиг асга. 25 Цус бүү ид. Цуснаас цээрлэвэл Еховагийн зөв гэж үздэг юмыг хийж байгаа учраас та нар ч, хүүхдүүд чинь ч сайн сайхан амьдарна. 26 Еховагийн сонгосон газар очихдоо ариун бэлгүүд болон тангаргийн тахилуудаа л авч очих ёстой. 27 Тэнд та нар шатаалт тахилынхаа мах, цусыг Ехова Бурхныхаа тахилын ширээн дээр өргөнө. Бусад тахилынхаа цусыг Ехова Бурхныхаа тахилын ширээний хажуу руу асгах ёстой бөгөөд махнаас нь идэж болно.
28 Миний өгч байгаа бүх тушаалыг чандлан сахигтун. Чандлан сахивал Ехова Бурхныхаа зөв гэж үздэг юмыг хийж байгаа учраас та нар ч, хүүхдүүд чинь ч сайн сайхан амьдарна.
29 Ехова Бурхан чинь та нарын эзэмших гэж байгаа нутгийн үндэстнүүдийг устгахад та нар тэнд амьдарна. 30 Бурхны устгасан тэдгээр үндэстнийг бүү дуурай. “Тэр үндэстнүүд бурхдаа яаж шүтдэг байсан юм бэ? Би бас тэгье” гэж бурхдынх нь тухай бүү асууж сурагла. 31 Тэд бурхдаа шүтэхдээ Еховагийн жигшдэг бүхнийг хийдэг. Бүр хөвгүүд, охидоо бурхдынхаа төлөө галд шатаадаг. Та нар Ехова Бурхнаа ингэж шүтэж болохгүй. 32 Миний өгч байгаа бүх тушаалыг чанд сахигтун. Юу ч бүү нэм, юу ч бүү хас.