Эхлэл
17 Абрамыг 99 настай байхад Ехова түүнд үзэгдэж «Би бол Төгс хүчит Бурхан. Надад үнэнч байж, гэм зэмгүй гэдгээ батлагтун. 2 Би чамтай гэрээ байгуулж, үр удмыг чинь асар олон болгоно» хэмээн айлджээ.
3 Абрамыг сөхөрч мөргөхөд Бурхан цааш нь 4 «Би чамтай гэрээ байгуулсан билээ. Чи олон үндэстний эцэг болно. 5 Би чамайг олон үндэстний эцэг болгох учраас үүнээс хойш чамайг Абрам* гэхгүй, Абрахам* гэнэ. 6 Би чамайг үй олон үр хүүхэдтэй болгоно. Үндэстнүүд чамаас гарч, хаад чамаас төрнө.
7 Би чиний болон үр удмын чинь Бурхан гэдгээ батлахын тулд чамтай, үр удамтай чинь байгуулсан үүрдийн гэрээгээ үеэс үед биелүүлнэ. 8 Чиний харь хүн болж амьдарсан тэр нутаг буюу Канааныг бүхэлд нь би чамд, чиний үр удамд үүрдийн эзэмшил болгон өгч, Бурхан нь болно» хэмээн айлдав.
9 Бурхан цааш нь Абрахамд «Чи ч, чиний үр удам ч миний гэрээг үеэс үед биелүүлэх ёстой. 10 Миний та нартай байгуулсан, чиний болон үр удмын чинь биелүүлэх гэрээгээр та нарын дундах эр хүйстэн бүр хөвчөө таслуулах ёстой. 11 Өөрөөр хэлбэл тээрхийн арьсаа огтлуулах ёстой. Энэ нь миний та нартай байгуулсан гэрээний тэмдэг болно. 12 Танайд төрсөн хүү болгоны хөвчийг найм хоногтойд нь тасал. Харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан, танай удмын биш эрэгтэй хүн бүрийн хөвчийг тасал. Үеэс үед ийн үйлдэх учиртай. 13 Танайд төрсөн эрэгтэй хүн бүр, чиний мөнгөөрөө худалдаж авсан эрэгтэй хүн бүр хөвчөө таслуулах ёстой. Та нарын бие дэх энэ тэмдэг нь миний та нартай байгуулсан үүрдийн гэрээний баталгаа болох юм. 14 Тээрхийн арьсаа огтлуулахгүй бол хөнөөгтүн. Тэр хүн миний гэрээг зөрчсөн хэрэг» гэж хэлжээ.
15 Тэгээд Бурхан Абрахамд «Чи эхнэрээ Сараи* гэж бүү дууд. Яагаад гэвэл түүнийг Сара* гэх болно. 16 Би түүнийг ивээх бөгөөд тэр чамд хүү төрүүлж өгнө. Би түүнийг ивээх бөгөөд үндэстнүүд түүнээс гарна, хаад түүнээс төрнө» гэжээ. 17 Тэгэхэд Абрахам сөхөрч мөргөөд инээн «100 настай хүн хүүхэдтэй болж, 90 настай Сара хүүхэд төрүүлэх гэж үү?» хэмээн дотроо боджээ.
18 Тэгээд Абрахам жинхэнэ Бурханд «Та Ишмаелыг ивээгээрэй» гэхэд 19 Бурхан: «Чиний эхнэр Сара чамд заавал хүү төрүүлж өгнө. Чи хүүдээ Исаак* гэдэг нэр өгөөрэй. Би түүнтэй гэрээ байгуулна. Энэ гэрээ нь Исаакт, Исаакийн үр удамд хамаатай мөнхийн гэрээ байх юм. 20 Ишмаелын тухайд би чиний хүсэлтийг сонслоо. Би түүнийг ивээж үр удмыг нь өнөр өтгөн, бүр асар олон болгоно. Түүнээс 12 удирдагч гарах бөгөөд би түүнийг агуу үндэстэн болгоно. 21 Харин ирэх жилийн өдийд Сарагийн төрүүлэх Исаактай би гэрээ байгуулна» хэмээн айлдав.
22 Бурхан Абрахамтай ярьж дуусаад дээш одлоо. 23 Абрахам тэр өдөртөө хүү Ишмаелаа, өөрийнх нь гэрт төрсөн бүх эр хүйстэн, мөнгөөрөө худалдаж авсан бүх эрэгтэй хүн гээд гэрийнхээ эрчүүдийг бүгдийг нь цуглуулаад Бурхны хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь огтлов. 24 Абрахам 99 настайдаа хөвчөө таслуулжээ. 25 Хүү Ишмаел нь 13 настайдаа хөвчөө таслуулжээ. 26 Яг тэр өдөр Абрахам ч, хүү Ишмаел нь ч хөвчөө таслуулсан юм. 27 Бас эрчүүд нь бүгдээрээ буюу тэднийд төрсөн, харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эрэгтэй тэр өдөр хөвчөө таслуулсан билээ.