Эхлэл
12 Ехова Абрамд «Чи нутгаасаа гарч, төрөл садангаа, эцгийнхээ гэр бүлийг орхиж, миний зааж өгөх нутагт оч. 2 Би чамайг агуу үндэстэн болгож, ерөөж, алдар нэртэй болгоно. Чиний ачаар хүмүүс ивээл хүртэнэ. 3 Чамайг ерөөсөн хүнийг би ерөөнө, хараасан хүнийг хараана. Чиний ачаар газар дэлхий дээрх бүх үндэстэн ивээл хүртэнэ» гэж айлджээ.
4 Ингээд Абрам Еховагийн айлдсанаар явлаа. Лот түүнтэй хамт явав. Абрам 75 настайдаа Харанаас явсан юм. 5 Абрам эхнэр Сараи, ахынхаа хүү Лот болон Харанд хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө авч, мэдэлдээ байсан хүмүүсээ дагуулаад Канаан нутгийг зорин явжээ. Канаанд ирээд 6 Абрам тэр нутгаар явсаар Морегийн том моддоос холгүй байдаг Шехем гэдэг газарт хүрчээ. Тэр үед канаанчууд уг нутагт суудаг байв. 7 Тэгэхэд Ехова Абрамд үзэгдэж «Би энэ нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө» гэж хэлжээ. Абрам өөрт нь үзэгдсэн Еховад зориулж тэнд тахилын ширээ босгов. 8 Дараа нь Абрам цааш хөдөлж Бетелээс зүүн зүг дэх уулархаг нутагт очоод Бетелийн зүүнтээ, Аин баруунтаа майхнаа барив. Тэндээ Еховад зориулж тахилын ширээ босгоод Еховагийн нэрийг дуудах* болжээ. 9 Дараа нь Абрам цааш Негевийг зорин нэг газраас нөгөө рүү нүүдэллэв.
10 Тэр нутагт их өлсгөлөн болсон тул Абрам Египетэд түр суухаар явжээ. 11 Тэрбээр Египетэд дөхөж очоод эхнэр Сараидаа «Одоо миний юу хэлэхийг сонс. Чи минь дэндүү үзэсгэлэнтэй эмэгтэй. 12 Египетчүүд чамайг хараад “Энэ эмэгтэй эхнэр нь юм байна” гэх нь гарцаагүй. Тэгээд намайг ална, чамайг амьд үлдээнэ. 13 Чи өөрийгөө миний дүү гэж хэлж тус болооч. Тэгвэл надад муу юм тохиолдохгүй, би амьд гарна» гэж хэлэв.
14 Абрамыг Египетэд очмогц египетчүүд Сараигийн дэндүү үзэсгэлэнтэйг үзжээ. 15 Фараоны ноёд ч түүнийг хараад фараонд магтан ярив. Ингээд Сараиг фараоны ордонд аваачжээ. 16 Фараон Сараигийн төлөө Абрамд сайн хандаж, хонь, үхэр, эр эм илжиг, зарц, шивэгчин, тэмээ өгчээ. 17 Тэгтэл Ехова Абрамын эхнэр Сараигийн улмаас фараон болон ордныхонд нь хөнөөлт гамшиг учруулав. 18 Иймээс фараон Абрамыг дуудаж ирүүлээд «Чи юунд ингэв? Яагаад Сараиг эхнэрээ гэж хэлэлгүй, 19 дүүгээ гэсэн юм бэ? Би түүнийг эхнэрээ болгох шахлаа. Эхнэр чинь энд байна. Одоо эхнэрээ аваад яв!» гэж хэлжээ. 20 Фараон Абрамын талаар тушаал гаргаж хүмүүстээ мэдэгдэхэд тэд Абрамыг эхнэр, хамаг юмтай нь явуулав.