Ехова бидний «орших газар» мөн
«Өө, ЭЗЭН, Та үеийн үед бидний орших газар байсан билээ» (ДУУ. 90:1).
1, 2. Бурхны үйлчлэгчид энэ тогтолцоог юу гэж үздэг вэ? Тэд ямар гэртэй вэ?
ЁС БУС энэ ертөнцөд та гэртээ байгаа юм шиг айх аюулгүй, тав тухтай амьдардаг уу? Ингэж санагддаггүй бол та ганцаараа биш ээ! Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс энэ ертөнцөд харийн хүн мэт амьдарч байсныг түүх харуулдаг. Жишээлбэл, Канаан нутагт нүүдэллэн амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчид «өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрч» бүх нийтэд тунхагладаг байжээ (Евр. 11:13).
2 «Иргэний харьяалал нь тэнгэрт байгаа» Христийн тослогдсон дагалдагчид ч өөрсдийгөө энэ ертөнцөд «харь хүмүүс болон түр хугацаагаар байгч» гэж үздэг (Флп. 3:20; 1 Петр 2:11). «Өөр хонинууд» мөн ялгаагүй. «[Есүс] ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» (Иох. 10:16, ШГ; 17:16). Гэхдээ Бурхны ард түмэнд гэр орон бий. Тэд амар тайван ноёлсон, хайраар бялхсан «гэртэй». Энэ гэрийг итгэлийн нүдээр л харж болдог. Мосе: «Өө, ЭЗЭН, Та үеийн үед бидний орших газар байсан билээ»a хэмээн бичжээ (Дуу. 90:1). Ехова эртний үнэнч үйлчлэгчдийнхээ «орших газар» байсныгаа хэрхэн батлан харуулсан бэ? Орчин үеийн үйлчлэгчдэдээ хэрхэн «орших газар» нь болдог вэ? Ирээдүйд яаж цорын ганц найдвартай «орших газар» болох вэ?
ЕХОВА ЭРТНИЙ ҮЙЛЧЛЭГЧДИЙНХЭЭ «ОРШИХ ГАЗАР» БАЙСАН
3. Дуулал 90:1-д Еховаг юутай адилтгасан байдаг вэ? Яагаад?
3 Библид заримдаа, Еховаг бидний мэддэг зүйлтэй адилтгасан байдаг нь зан чанарыг нь илүү сайн ойлгуулах гэснийх юм. Жишээлбэл, Дуулал 90:1-д Еховаг «орших газар» буюу гэр оронтой адилтгасан байна. Гэр орон гэвэл таны санаанд юу буух вэ? Хайраар бялхсан, тайван амгалан, айх аюулгүй газрыг төсөөлөх байх. Ехова тэр чигээрээ хайр учир ард түмнээ хайрлан хамгаалдаг (1 Иох. 4:8). Бас амар амгалангийн Бурхан учир тэднийгээ «аюулгүй аж төрүүлдэг» (Дуу. 4:8). Жишээ болгон Абрахам Исаак Иаков нарын эртний үнэнч үйлчлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байсныг авч үзье.
4, 5. Ехова Абрахамд хэрхэн «орших газар» болсон бэ?
4 Ехова Абрахамд «Чи төрсөн нутгаа, төрөл садангаа ... орхиж, миний чамд зааж өгөх газар уруу яв» хэмээн айлджээ. Энэ үг Абрахамд ямар санагдсаныг төсөөлөхөд төвөггүй. Санаа нь зовсон хэдий ч Еховагийн хэлсэн дараах үгийг сонсоод тайвширсан нь лавтай. Тэрбээр: «Би чамайг агуу үндэстэн болгож, чамайг ерөөн, алдар нэрийг чинь агуу болгоно. ... Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагч нэгнийг Би хараана» гэжээ (Эх. 12:1–3).
5 Ехова амласан ёсоороо Абрахам болон үр удмыг нь ивээж хамгаалан «орших газар» нь болсон (Эх. 26:1–6). Жишээлбэл Египетийн фараон, Герарын хаан Абимелех нар Сараг Абрахамаас булаан авч эхнэрээ болгох гэхэд нь саад хийдэг. Исаак Ребека хоёрт бас ийм явдал тохиолдоход ч хамгаалсан (Эх. 12:14–20; 20:1–14; 26:6–11). «[Ехова] тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд тэдний төлөө хаадыг ч зэмлэн „Миний тослогдогчдод бүү хүр, Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ“ гэв» хэмээн Библид бичсэн байдаг (Дуу. 105:14, 15).
6. Исаак Иаковт юу гэж захисан бэ? Иаковт юу бодогдсон бол?
6 Еховагийн «эш үзүүлэгчдийн» нэг нь Абрахамын ач хүү Иаков юм. Иаковыг эхнэр авах болоход эцэг Исаак нь түүнд «Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав. Чи Паддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав» хэмээн хэлжээ (Эх. 28:1, 2). Иаков ч эцгийнхээ үгэнд орж, Канаан нутагт амьдарч байсан хайртай гэр бүлийнхнийгээ орхиод олон зуун километрийн алсад оршдог Хараныг ганцаараа зорьсон аж (Эх. 28:10). Тэрбээр: «Би гэрийнхнээсээ хэр удаан хол байх бол? Нагац ах маань намайг хараад баярлах болов уу? Би Бурхнаас эмээдэг эхнэр олж чадах болов уу?» гэж бодоод санаа зовсон байж болох юм. Харин Беершебагаас 100 километр зайтай орших Лузад хүрч очоод санаа зовохоо больсон нь лавтай. Яагаад тэр вэ?
7. Бурхан Иаковыг яаж тайвшруулсан бэ?
7 Иаковыг Лузад ирэхэд Ехова зүүдэнд нь үзэгдэж «Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй» гэж айлджээ (Эх. 28:15). Тийм үг сонсоод Иаков хэчнээн их тайвширсан бол оо! Еховаг амласнаа хэрхэн биелүүлэхийг үзэхийн хүслэн болж яаран явсан биз ээ. Та гэрээсээ хол амьдардаг, өөр улсад үйлчилдэг бол Иаковт ямар санагдаж байсныг төвөггүй ойлгох байх. Бас Ехова танд хэр их санаа тавьдгийг биеэрээ мэдэрсэн нь гарцаагүй.
8, 9. Ехова Иаковт хэрхэн «орших газар» нь болсон бэ? Эндээс бид юу мэдэж болох вэ?
8 Иаковыг Харанд ирэхэд нагац ах Лабан нь баярлан угтжээ. Леа, Рахел хоёрыг ч эхнэр болгон өгсөн. Гэвч яваандаа Иаковт шударга бус зан гаргаж, ажлын хөлсийг нь арван удаа өөрчилжээ! (Эх. 31:41, 42). Ехова тусалж дэмжинэ гэдэгт бат итгэж байсан Иаков энэ бүхнийг тэвчсэн. Үнэхээр ч Ехова хайр халамжаар дутаагаагүй юм! Бурхны зааврыг дагаж Канаан руу буцах болоход Иаков «үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болсон» байлаа (Эх. 30:43). Еховад ихэд талархсан Иаков: «Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон» хэмээн залбирчээ (Эх. 32:10).
9 Эдгээр жишээг эргэцүүлэн бодохлоор Мосегийн хэлсэн үг юутай үнэн бэ! Тэрбээр: «Өө, ЭЗЭН, Та үеийн үед бидний орших газар байсан билээ» хэмээн залбирчээ (Дуу. 90:1). Еховад «өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй». Тэрбээр одоо ч үнэнч үйлчлэгчдээ хайрлан хамгаалж, санаа тавьдаг (Иак. 1:17). Яаж гэдгийг авч үзье.
ЕХОВА БИДНИЙ «ОРШИХ ГАЗАР» БОЛДОГ
10. Ехова цаашдаа ч бидний «орших газар» байна гэдэгт яагаад итгэж болох вэ?
10 Та өөрийгөө шүүхийн танхимд байгаагаар төсөөл дөө. Олон улсад хууль бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эсрэг мэдүүлэг өгч байна гэнэ. Тэр байгууллагын удирдагч нь маш зальтай, нөлөө ихтэй, хайр найргүй худлаа ярьдаг, өрөвдөх сэтгэлгүй алуурчин аж. Та тэр оройгоо шүүхийн танхимаас гараад гэр лүүгээ сэтгэл амар явж чадах уу? Чадахгүй шүү дээ! Амь насанд тань аюул учирч болзошгүй тул хамгаалуулах зайлшгүй шаардлагатай. Еховагийн заналт дайсан Сатаныг зоригтой илчилдэг Гэрчүүдийн нөхцөл байдлыг энэ жишээ тодорхой харуулдаг (Илчлэлт 12:17-г уншина уу). Сатан Бурхны ард түмнийг дуугүй болгож чадах уу? Хэзээ ч чадахгүй! Яагаад? Ехова цаг үргэлж, ялангуяа, эцсийн энэ өдрүүдэд ард түмнийхээ «орших газар» нь болдог учраас бидний үйл ажиллагаа зогсолтгүй өргөжин тэлдэг (Исаиа 54:14, 17-г уншина уу). Харин Сатанд мэхлүүлээд орших газраасаа гарвал Ехова биднийг хамгаалах аргагүй болно.
11. Абрахам Исаак Иаков нарын жишээнээс юунд суралцаж болох вэ?
11 Абрахам Исаак Иаков нарын жишээнээс өөр юунд суралцаж болох вэ? Тэд Канаан нутагт амьдардаг ч тэндхийн хүмүүсийн бузар муу хэрэг, ёс суртахуунгүй явдлыг жигшдэг байсан учир нөлөөнд нь автаагүй (Эх. 27:46). Ехова Бурхныг болон зан чанарыг нь сайн мэддэг байсан болохоор юу хийх ёстой, юу хийх ёсгүйг бичсэн урт жагсаалт шаардлагагүй байсан. Еховаг орших газраа болгосон тэд ертөнцөөс тусгаар байхын тулд чадах бүхнээ хийсэн. Ямар сайхан жишээ вэ! Та найз нөхдөө сонгохдоо, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ энэ үнэнч хүмүүсийг дууриадаг уу? Харамсалтай нь, хурлын зарим хүн Сатаны ертөнцөд гэртээ байгаа юм шиг тав тухтай амьдардгаа ямар нэг байдлаар харуулдаг. Танд иймэрхүү хандлага өчүүхэн ч атугай байгаа бол Еховагаас тусламж гуйн залбираарай. Энэ ертөнц Сатаных гэдгийг бүү мартаарай. Сатан биднийг огтхон ч хайрлаж энэрдэггүй, амин хувиа л боддог (2 Кор. 4:4; Еф. 2:1, 2).
12. а) Ехова ард түмнийхээ төлөө ямар арга хэмжээ авдаг вэ? б) Та эдгээр арга хэмжээг юу гэж үздэг вэ?
12 Сатаны заль мэхэнд унахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ехова өөрийг нь орших газраа болгосон үнэнч үйлчлэгчдийнхээ төлөө цуглаан, гэр бүлийн хичээл гэх зэргийн сүнслэг арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ бүхнийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Бас ахлагчдыг хүн «бэлгүүд» болгон өгсөн. Бидэнд бэрхшээл тулгарахад тэд тусалж дэмжин, тайвшруулж тайтгаруулдаг билээ (Eph. 4:8-12). Олон жил Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Жорж Гангэс: «Би [Бурхны ард түмний] дунд байхдаа гэртээ аав ээж, ах дүүтэйгээ хамт байгаа юм шиг л байдаг» хэмээн бичжээ. Танд бас ингэж санагддаг уу?
13. Еврей 11:13-аас ямар чухал зүйлийг сурч болох вэ?
13 Эртний үнэнч үйлчлэгчид эргэн тойрныхоо хүмүүсээс ялгарч өөр харагдахаас огт эмээдэггүй байсан нь бидэнд бас үлгэр дууриал болдог. Тэд «өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрч» бүх нийтэд тунхагладаг байсныг өгүүллийн эхэнд дурдсан билээ (Евр. 11:13). Та ертөнцийнхнөөс ялгардаг уу? Үргэлж ийм байх амаргүй. Гэхдээ Бурхан болон итгэл нэгтнүүдийнхээ тус дэмээр чадна. Бас ганцаараа биш гэдгээ санаарай. Еховад үйлчлэхийг хүсдэг бүх хүн тэмцдэг! (Еф. 6:12). Еховад итгэж найддаг, түүнийг орших газраа болгодог хэн ч энэ тэмцэлд заавал ялна.
14. Абрахамын хүлээж байсан «хот» нь юу вэ?
14 Бид Абрахамыг дууриаж шагналаа бодож явах учиртай (2 Кор. 4:18). Элч Паул: «Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» гэж бичжээ (Евр. 11:10). «Хот» нь Мессиагийн Хаанчлалыг бэлгэддэг. Абрахам энэ «хотыг» хүлээх ёстой байсан. Харин бид хүлээх шаардлагагүй. Мессиагийн Хаанчлал тэнгэрт байгуулагдчихаад байна. Удахгүй дэлхийг бүхэлд нь захирахыг Библид тодорхой бичсэн байдаг. Та Бурхны Хаанчлалд итгэдэг үү? Итгэдэг бол Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, ертөнцөөс тусгаар байдаг уу? (2 Петр 3:11, 12-ыг уншина уу).
ЕХОВА ЦААШДАА Ч БИДНИЙ «ОРШИХ ГАЗАР» БАЙНА
15. Өнөөгийн ертөнцөд итгэл найдвараа тавьдаг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
15 Сатаны ертөнцийн төгсгөл ойртох тусам «төрөх өвдөлт» улам бүр хүчтэй болох нь гарцаагүй (Мат. 24:7, 8). Агуу их гай гамшгийн үед амьдрал бүр ч дордох нь тодорхой. Дэлхий даяар үймж бужигнан, эвдрэл сүйрэл болж хүмүүс айж түгшинэ (Хаб. 3:16, 17). Туйлдаж цөхөрсөндөө «агуй болоод уулсын хавцалд нуугдацгаана» гэж Библид байдаг (Илч. 6:15–17). Гэхдээ ямар ч агуйд хоргодлоо гээд амиа аварч чадахгүй. Бас бэлгэдлийн уул болсон улс төр, худалдааны байгууллагууд ч хүмүүсийг хамгаалж чадахгүй.
16. Цуглааныг юу гэж үзэх ёстой вэ? Яагаад?
16 Агуу их гай гамшгийн үед Ехова ард түмнээ аюулгүй байлгана. Тэд зөнч Хабаккукийн адилаар «ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана» (Хаб. 3:18). Төгсгөлийн хэцүү цагт Ехова ард түмэндээ яаж жинхэнэ «орших газар» нь болох вэ? Хүлээгээд харах хэрэгтэй. Египетээс гарсан израильчуудын адилаар «үй олон хүн» зохион байгуулалттай байж, Еховагийн зааврыг хүлээнэ (Илч. 7:9; Египетээс гарсан нь 13:18-ыг уншина уу). Ехова заавраа хурлаар дамжуулан өгнө. Исаиа 26:20-д Бурхны ард түмнийг хамгаалдаг «өрөөний» тухай гардаг. Дэлхий даяар буй олон мянган хурлыг «өрөө» гэсэн байж болох юм (Уншина уу). Та цуглааныг чухалд үздэг үү? Цуглаанаар өгдөг Еховагийн заавар зөвлөгөөг хэр хурдан хүлээж авдаг вэ? (Евр. 13:17).
17. Ехова нас барсан үнэнч үйлчлэгчдийнхээ «орших газар» болдог гэхийн учир юу вэ?
17 Ехова агуу их гай гамшиг болохоос өмнө нас барсан үнэнч үйлчлэгчдийнхээ «орших газар» болно. Яаж? Абрахам Исаак Иаков нараас хойш олон жилийн дараа Мосед «Би ... Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан» гэж айлдсан (Ег. 3:6). Есүс энэ үгийг иш татаад, «Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг» гэжээ (Лук 20:38). Тийм ээ, нас барсан үнэнч үйлчлэгчдээ Ехова амилуулах учир тэд түүний хувьд амьд байгаатай адил юм (Ном. 7:1).
18. Шинэ ертөнцөд ч Ехова хэрхэн «орших газар» маань болох вэ?
18 Ехова өнөөдөр бидний «орших газар» болоод зогсохгүй шинэ ертөнцөд ч «орших газар» маань болно. Илчлэлт 21:3-т «Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно» гэж байдаг. Эхлээд, Ехова хүн төрөлхтнийг мянган жилийн турш Есүс Христээр удирдуулна. Ингэж «тэдний дунд нутаглана». Есүс дэлхийн талаарх санаа зорилгыг нь бүрэн биелүүлсний дараа буюу мянган жилийн эцэст Хаанчлалыг Эцэгтээ буцааж өгнө (1 Кор. 15:28). Дараа нь Ехова төгс болсон хүн төрөлхтнийг Есүсийн оролцоогүйгээр удирдана. Ийм гайхалтай ирээдүй биднийг хүлээж байна! Тиймээс эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар Еховаг «орших газраа» болгоцгооё.
a Дуулал 90:1-ийг Библийн өөр нэг орчуулгад «Бидний Эзэн, та үеийн үед бидний гэр байсаар ирсэн» гэж хөрвүүлсэн байдаг («The Contemporary English Version»).