Ромчуудад бичсэн захидал
15 Гэхдээ бат итгэлтэй бид итгэлээр дутмаг нэгэндээ туслах үүрэгтэй бөгөөд өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэх учиргүй. 2 Харин бусдын сайн сайхныг бодон сэтгэлд нь нийцүүлж, урамшуулан зоригжуулцгаая. 3 Яагаад гэвэл Христ ч өөрийнхөө таалалд нийцүүлээгүй юм. Түүний тухай «Таныг яаж доромжилсон, намайг бас тийн доромжилсон» гэж бичсэн байдаг. 4 Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг. 5 Тэвчээртэй байхад тань тусалдаг, тайвшруулдаг Бурхан та нарыг Христ Есүс шиг хандлагатай байлгах болтугай. 6 Тэгвэл та бүхэн Эзэн Есүс Христийн маань Бурхан Эцгийг нэгэн дуугаар эв нэгдэлтэй алдаршуулна.
7 Тиймээс Христ та нарыг хүлээж авсан шиг бие биеэ хүлээн авч Бурхныг алдаршуул. 8 Бурхан хэлснээ биелүүлдгийг батлахын тулд Христ хөвчөө таслуулсан хүмүүсийн үйлчлэгч болсон. Энэ нь өвөг дээдэст нь өгсөн амлалтууд хүчинтэй байгааг харуулах, 9 бас үндэстнүүдээр энэрэнгүй Бурхныг магтуулахын тулд байсан гэдгийг би хэлье. Энэ талаар сударт «Тийм учраас үндэстнүүдийн дунд би таныг магтана. Би таны нэрийг магтан дуулна» хэмээсэн байдаг. 10 Бас «Харь үндэстнүүд ээ, та бүхэн түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гэжээ. 11 «Харь үндэстнүүд ээ, Еховаг* бүгдээрээ магтагтун. Бүх хүн түүнийг магтаг» гэж ч байдаг. 12 Түүнчлэн Исаиа: «Харь үндэстнүүдийг захирах нэгэн Иессийн удмаас гарна. Харь үндэстнүүд түүнд найдна» гэж бичсэн. 13 Найдвар хайрладаг Бурхан өөрт нь найддаг та нарыг баяр хөөр, амар тайвнаар бялхаах болтугай. Тэгвэл агуу хүчнийх нь дэмээр та нар найдвараар бялхана.
14 Ах дүү нар минь ээ, би та нарыг сайн юм хийхэд бэлэн, гүнзгий мэдлэгтэй, бие биедээ зааж зөвлөх чадвартай гэдэгт итгэлтэй байна. 15 Гэхдээ та нарт сануулга болгож зарим зүйлийг шулуухан хэлж байна. Учир нь Бурхан намайг энэрэн нигүүлсээд 16 харь үндэстнүүдийн төлөө Христ Есүсийн үйлчлэгч болгосон юм. Харь үндэстнүүдийг агуу хүчээр нь ариусгагдсан тааламжтай өргөл байгаасай гэсэндээ би Бурхны тухай сайн мэдээ тунхаглах ариун ажлыг хийдэг.
17 Тиймээс Бурхны даалгасан ажлыг хийдэгтээ, Христ Есүсийн шавь гэдэгтээ баярлах шалтгаан надад бий. 18 Надаар дамжуулан Христийн хийснээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харь үндэстнүүдийг дуулгавартай байлгахын тулд үг болон үйлсээр минь, 19 мөн тэмдгүүд үзүүлж, гайхамшиг үйлдэж, Бурхны агуу хүчээр ажилласан. Тиймээс би Иерусалимаас Иллурикумын хоорондох бүх нутагт Христийн тухай сайн мэдээг бүрэн гүйцэд тунхагласан. 20 Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурьсагдаагүй газарт сайн мэдээ тунхаглахыг зорьсон билээ. 21 Сударт «Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй нь ойлгох болно» гэж байдаг шүү дээ.
22 Та нартай уулзахыг олон удаа оролдсон ч очиж чадаагүй минь ийм учиртай. 23 Одоо тэр нутагт сайн мэдээ тунхаглаагүй газар байхгүй. Би ч танай тэнд очихыг олон жил хүсэж байсан. 24 Тиймээс Испани явах замдаа та нартай уулзаж, хэсэг зуур хамт байгаад та нараар үдүүлнэ гэж бодож байна. 25 Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим руу явах гэж байна. 26 Учир нь Македон болон Ахейн ах дүү нар Иерусалимын ариун хүмүүсийн ядарсан нэгэнд хандив өгөхийг хүссэн юм. 27 Тийм ээ, дуртайяа өгсөн. Гэхдээ тэд ариун хүмүүст өртэй. Ариун хүмүүс байгаа бүхнээ Бурхнаас авсан ч харь үндэстнүүдтэй хуваалцсан тул харь үндэстнүүд тэдэнд туслах* учиртай. 28 Тэр хандивыг саадгүй хүргэж өгөх ажлаа амжуулчихаад танай нутгаар дайраад Испани явна. 29 Танай тэнд Христийн ивээлийг арвин ихээр авч очно.
30 Ах дүү нар аа, бид Эзэн Есүс Христэд итгэдэг, Бурхны агуу хүчээр удирдуулж бие биеэ хайрладаг болохоор би та нараасаа гуйя. Би залбирдаг. Та нар ч миний төлөө Бурханд шаргуу залбираарай. 31 Би Христэд итгэдэггүй иудейчүүдээс хамгаалагдаж, Иерусалим дахь ариун хүмүүс тусламжийг минь хүлээж аваасай гэж хүсэж байна. 32 Тэгээд Бурхан таалан соёрхвол би танай нутагт баяр баясгалантай очиж, та нартай хамт урамшин зоригжино. 33 Амар тайвны Бурхан та бүгдтэй хамт байх болтугай. Амен.