Нэгдүгээр Петр
1 Понт, Галат, Кападок, Ази, Битун нутгаар тархан түр оршин сууж буй сонгогдсон хүмүүст Есүс Христийн элч Петр би бичиж байна. 2 Бурхан Эцэг урьдаас мэдсэнийхээ дагуу та нарыг сонгосон бөгөөд ариусгахын тулд агуу хүчийг өгсөн. Энэ нь та нарыг өөртөө дуулгавартай болгож, та нар дээр Есүс Христийн цусыг цацах гэснийх юм.
Бурхан та нарыг арвин их нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
3 Эзэн Есүс Христийн маань Бурхан Эцэг магтагдах болтугай. Учир нь тэрээр биднийг өршөөн нигүүлсээд шинээр төрүүлж, үүрдийн найдвар хайрласан. Есүс Христийг амилуулсан болохоор бид ийм найдвар өвөрлөсөн. 4 Шинээр төрнө гэдэг бол алга болохооргүй, бузартаагүй, мөхөхгүй өв юм. Үүнийг та нарын төлөө тэнгэрт хадгалж байгаа билээ. 5 Итгэдэг та нарыг хүчит Бурхан үеийн төгсгөлд илчлэгдэх авралын төлөө хамгаалж байгаа. 6 Та нар түр зуур янз бүрээр соригдсон ч ийм найдвар өвөрлөдөг учир ихэд баярлаж байгаа. Гэхдээ ийн соригдох шаардлагатай бөгөөд 7 соригдсон итгэл бол галаар цэвэршдэг боловч устаж үгүй болдог алтнаас ч илүү үнэтэй. Ийм итгэлтэй хүн Есүс Христийг илчлэгдэхэд магтуулна, алдаршина, хүндлүүлнэ. 8 Та нар түүнийг хэзээ ч хараагүй боловч хайрладаг. Одоо хардаггүй ч түүнд итгэдэг бөгөөд үгээр хэлэхийн аргагүй баяраар бялхаж, ихэд баярладаг. 9 Учир нь та нар итгэдгийнхээ ачаар аврагдахаа мэддэг.
10 Та нарын хүртсэн Бурхны агуу нигүүлслийн талаар тунхагласан зөнчид энэ авралын талаар лавлан асууж, нарийн судалж байсан. 11 Христ зовох болон өргөмжлөгдөхийг Бурхан агуу хүчээрээ тэдэнд урьдаас мэдэгдэж байсан. Тиймээс тэд Христэд хэзээ, юу тохиолдохыг мэдэх гэж судалдаг байв. 12 Өөрсдийнхөө төлөө бус, та нарын төлөө үйлчилж байсныг нь Бурхан зөнчдөд ойлгуулсан. Тэдний бичсэн нь тэнгэрээс илгээсэн агуу хүчний тусламжаар эдүгээ та нарт тунхагласан сайн мэдээ юм. Эдгээрийг ойлгохыг тэнгэрийн элчүүд чин сэтгэлээсээ хүсдэг.
13 Тиймээс ихийг хийхийн төлөө оюун ухаанаа дайчлан, аливаад ухаалаг байж, Есүс Христийг илчлэгдэхэд агуу нигүүлсэл хүртэнэ хэмээн найдаж явагтун. 14 Дуулгавартай хүүхдүүд та нар Бурхны талаар мэддэггүй байсан үеийнхээ хүсэлд автахаа боль. 15 Харин та нарыг сонгосон Ариун Нэгнийг дуурайж, бүх талаар үргэлж ариун бай. 16 Яагаад гэвэл «Би ариун учир та нар ариун байх ёстой» гэж бичсэн байдаг.
17 Хэнийг ч алаг үздэггүй, ажил үйлээр нь шүүдэг Нэгнийг та нар Эцгээ гэдэг юм бол түр оршин суух хугацаандаа түүнээс эмээн биеэ зөв авч яв. 18 Учир нь эцэг өвгөд шигээ утгагүй амьдарч ирсэн та нарыг алт мөнгө гэх мэтийн устаж үгүй болдог юмаар зольж аваагүй, 19 харин үнэт цус буюу өөгүй, толбогүй хурга мэт Христийн цусаар зольж авсныг мэднэ шүү дээ. 20 Ертөнцийн суурь тавигдахаас өмнө Бурхан түүнийг сонгосон нь үнэн. Гэхдээ тэрээр үеийн төгсгөлд та нарын төлөө илэрхий болсон. 21 Түүний хийсэн зүйлийн ачаар та нар Бурханд итгэдэг болсон. Бурхан та нарыг өөрт нь итгэж, найдаасай гэсэндээ түүнийг амилуулж, өргөмжилсөн билээ.
22 Та нар үнэн сургаалын дагуу дуулгавартай байснаараа өөрсдийгөө ариусгасан. Үүний ачаар бие биеэ чин сэтгэлээсээ ах дүү шиг хайрладаг болсон. Тиймээс одоо нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрла. 23 Учир нь та нар ялзардаг бус, харин ялзардаггүй үрээр, амьд бөгөөд үүрд мөнх оршдог Бурхны үгийн дагуу шинээр төрчихөөд байна. 24 «Бүх махан бие* өвс мэт, сүр алдар нь талын цэцэг мэт. Өвс хагдардаг, цэцэг хатдаг. 25 Харин Еховагийн* үг мөнхөд байдаг». Энэ «үг» бол та нарт тунхагласан сайн мэдээ юм.