Лукийн бичсэн сайн мэдээ
2 Тэр үед эзэнт гүрний* бүх хүнийг бүртгэх тухай Цезарь* Августын зарлиг гарав. 2 (Сирийг Күрэни захирч байхад анхны энэ бүртгэлийг хийсэн юм.) 3 Тиймээс бүх хүн бүртгүүлэхээр төрсөн хот руугаа явлаа. 4 Иосеф Давидын удмын хүн тул Галилын Назар хотоос Давидын хот гэгддэг Иудейн Бетлехем рүү 5 эхнэр Мариатайгаа хамт бүртгүүлэхээр явав. Мариа амаржих дөхсөн байжээ. 6 Тэнд очсоны дараа Мариагийн амаржих цаг болж 7 ууган хүүгээ төрүүлэв. Хүүгээ даавуунд өлгийдөөд малын тэжээлийн тэвшинд тавьжээ. Учир нь тэдэнд хоноглох газар олдоогүй ажээ.
8 Нутгийн хэдэн хоньчин шөнө сүргээ манаад хээр хонож байв. 9 Гэнэт Еховагийн* тэнгэрийн элч үзэгдэж, Еховагийн* цог жавхлангийн улмаас эргэн тойронд нь гэрэл цацрахад тэд их айжээ. 10 Харин тэнгэрийн элч: «Бүү ай. Бүх хүнийг ихэд баярлуулах сайн мэдээг та нарт тунхаглая. 11 Юу гэвэл, та нарыг аврах Эзэн Христ Давидын хотод өнөөдөр мэндэллээ. 12 Даавуунд өлгийдөж, малын тэжээлийн тэвшинд тавьсан хүүхдийг та нар олно. Энэ бол тэмдэг юм» гэж хэлжээ. 13 Тэгтэл өнөөх тэнгэрийн элчийн хажууд тоо томшгүй тэнгэрийн элч* үзэгдэж, Бурхныг магтан 14 «Тэнгэр дэх Бурхан алдаршиг, Бурхны тааллыг олсон хүмүүс дэлхий дээр амар тайван байг» хэмээв.
15 Тэнгэрийн элчүүдийг тэнгэр өөд одоход хоньчид: «Бүгдээрээ Бетлехемд очиж, Еховагийн* бидэнд мэдэгдсэн зүйлийг үзэцгээе» гэж хэлээд 16 яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшинд тавьсан хүүг олж очжээ. 17 Хоньчид үүнийг хараад нялх хүүхдийн талаар тэнгэрийн элчээс сонссоноо ярьжээ. 18 Хоньчдын ярихыг сонссон бүх хүн гайхжээ. 19 Харин Мариа энэ бүхнийг тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан юм. 20 Тэнгэрийн элчүүдийн мэдэгдсэний дагуу байгааг хоньчид үзээд, үзэж сонссон болгоныхоо төлөө Бурхныг магтан алдаршуулсаар буцацгаав.
21 Төрөөд найм дахь өдөр нь болоход хүүгийн хөвчийг тасалж, Есүс гэж нэрлэв. Хүүг Мариагийн хэвлийд бий болохоос өмнө тэнгэрийн элч энэ нэрийг өгчээ.
22 Мосегийн хуулийн дагуу цэвэрших хугацаа нь дуусахад тэд хүүгээ Еховад* үзүүлэхээр Иерусалимд авчрав. 23 Учир нь Еховагийн* хуульд «Ууган хүү бүрийг Еховад* зориулах ёстой» хэмээсэн байдаг. 24 Еховагийн* хуульд «хос хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаагаар» хэмээсний дагуу тэд тахил өргөв.
25 Симеон гэдэг хүн Иерусалимд амьдардаг ажээ. Тэрээр Бурхан Израйлд туслах цагийг хүлээдэг, Бурхны агуу хүчээр удирдуулдаг, таалалд нь нийцдэг, үнэнч хүн байв. 26 Түүнээс гадна, өөрийнх нь илгээх Христийг үзэхээс нааш үхэхгүйг нь Ехова* түүнд агуу хүчээрээ илчилсэн байжээ. 27 Хуульд заасныг сахихын тулд эцэг эх нь нялх Есүсийг сүмд авчрахад Бурхны агуу хүчээр удирдуулан Симеон тэнд ирчихсэн байв. 28 Тэгээд хүүг тэврэн Бурхныг магтаж 29 «Хэмжээгүй эрхт эзэн минь, та хэлсэн ёсоороо боол намайг амар тайван явуулж байна. 30 Учир нь илгээсэн аврагчийг тань би үзлээ. 31 Бүх хүнд харуулахын тулд таны бэлдсэн аврагч бол 32 үндэстнүүдийг нөмөрсөн харанхуйг гийгүүлэх гэрэл, таны ард түмэн Израйлын алдар билээ» гэж өгүүлэв. 33 Ийн хэлэхэд эцэг эх нь гайхаж байлаа. 34 Симеон хүүхдийн эцэг эхийг ерөөжээ. Эх Мариад нь «Бурхан энэ хүнийг илгээсэн бөгөөд түүнээс болж зарим хүн унана, зарим нь босно. Бурхан түүнтэй хамт байдгаа батлан тэмдэг үзүүлэх боловч олон хүн түүнийг эсэргүүцэн ярина. 35 Олон хүний бодол санаа илчлэгдэнэ. (Харин Мариа чи урт илдээр зүрхээ сүлбүүлэх мэт зовж шанална)» гэж хэлжээ.
36 Ашер овгийн Фануелын охин Анна гэдэг зөнч эмэгтэй байв. Гэрлэснээсээ хойш нөхөртэйгөө долоон жил амьдраад бэлэвсэрч, нас дээр гарсан тэрээр 37 84 настай бөгөөд өдөр шөнөгүй мацаг барьдаг, залбирдаг, сүмд байнга очдог ажээ. 38 Яг тэр үед Анна тэдэнд дөхөж очоод Бурханд талархав. Тэгээд Иерусалимыг Бурхан аврахыг хүлээж байсан бүх хүнд тэр хүүхдийн талаар ярьж эхэлжээ.
39 Тэд Еховагийн* хуулийн дагуу бүхнийг үйлдээд Галилын Назар хот руугаа буцав. 40 Хүүхэд өсөж торнин, мэргэн ухаантай болж, Бурхан түүнийг таалан соёрхож байлаа.
41 Эцэг эх нь жил бүр Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим руу явж заншсан ажээ. 42 Есүсийг 12 настай байхад тэд заншсан ёсоороо баяр тэмдэглэхээр явав. 43 Баярын өдрүүд өнгөрөхөд тэд нутаг буцахаар явж байв. Харин хүү Есүс нь Иерусалимд үлдсэнийг эцэг эх нь анзаарсангүй. 44 Хүмүүсийн дунд яваа гэж бодоод нэг өдрийг ардаа орхижээ. Тэгээд хамаатан садан, танилуудынхаа дундаас хайж эхлэв. 45 Гэвч олоогүй тул Иерусалимд буцаж очоод газар сайгүй хайв. 46 Гурван өдрийн дараа Есүсийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, тэднээс асууж байхад нь олжээ. 47 Есүсийг сонссон бүх хүн түүний сайн ойлгодгийг, сайн хариулдгийг гайхан биширч байлаа. 48 Эцэг эх нь түүнийг олж хараад гайхав. Эх нь: «Хүү минь, чи яагаад бидэнд ингэж хандав аа? Аав ээж хоёр нь чамайг хайж их сандарлаа» гэхэд 49 Есүс: «Яагаад намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг минь мэдээгүй гэж үү?» хэмээн хариулжээ. 50 Гэвч тэд ингэж хэлснийх нь учрыг ойлгосонгүй.
51 Тэрээр эцэг эхтэйгээ хамт Назарт буцаж ирээд дуулгавартай байсаар байв. Эх Мариа нь энэ бүхнийг сэтгэлдээ тээж явжээ. 52 Есүс өсөж торнин улам бүр мэргэн ухаантай болж байлаа. Бурхан болон олон түмэн түүнийг сайшааж байв.