АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
«Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
1, 2. Мариагийн аян замыг дүрслэн хэлнэ үү? Яагаад амаргүй байсан бэ?
АЧАА тэгнэсэн илжгэн дээр Мариа тухгүйхэн явна. Нэлээд хэдэн цаг ингэж явжээ. Иосеф илжгээ хөтлөн явна. Тэд алс холын Бетлехемийг зорин яваа нь энэ. Гэдсэн дэх үр нь хөдлөхийг Мариа дахин мэдэрлээ.
2 Мариа тэр үед «амаржих дөхсөн байжээ» гэж Библид бичсэн байдаг (Лук 2:5). Бетлехем орох замд олон тариалангийн талбай байдаг ажээ. Иосеф Мариа хоёрыг тариалангийн талбайн хажуугаар өнгөрөхөд тариаланчид Мариаг хараад гайхаж байсан нь эргэлзээгүй. Мариа төрөх дөхсөн хэр нь яагаад Назараас Бетлехем рүү явж байгаа юм бол?
3. Мариад ямар үүрэг оногдсон бэ? Бид Мариагаас юу сурах вэ?
3 Мариа хэний ч авч байгаагүй онцгой даалгаврыг хэдэн сарын өмнө авчээ. Бурхны Хүүг буюу Мессиа болох нэгнийг төрүүлэх даалгавар авсан байв (Лук 1:35). Төрөх цаг нь дөхөхөд алс холын Бетлехем рүү явах хэрэгтэй болжээ. Ийнхүү итгэлийг нь сорьсон бэрхшээл ар араасаа гарч ирэв. Ийм үед ч Мариа хэрхэн бат итгэлтэй байсныг авч үзье.
Бетлехем рүү явсан нь
4, 5. а) Иосеф Мариа хоёр яагаад Бетлехемийг зорьсон бэ? б) Цезарь зарлиг гаргаснаар ямар зөгнөл биелсэн бэ?
4 Тухайн үед Иосеф Мариа хоёроос гадна холын аянд гарсан хүн олон байлаа. Цезарь Август эзэнт гүрнийх нь нутаг дэвсгэрт амьдардаг бүх хүнийг төрөлх хотдоо очиж бүртгүүлэх зарлиг гаргажээ. Иосеф яасан бол? «Иосеф Давидын удмын хүн тул Галилын Назар хотоос Давидын хот гэгддэг Иудейн Бетлехем рүү» явлаа гэж Библид гардаг (Лук 2:1–4).
5 Цезарийн гаргасан энэ зарлиг цаанаа их учиртай байлаа. Мессиаг Бетлехемд төрнө гэдгийг 700-гаад жилийн өмнө зөгнөсөн байв. Назараас 11 километрийн зайд Бетлехем гэдэг нэг хот байжээ. Гэхдээ Мессиаг «Бетлехем Ефрата» гэдэг газар төрөхийг дээрх зөгнөлд бичжээ (Мика 5:2-ыг уншина). Назараас Бетлехем Ефратад очихын тулд Самарийг дайран 130 километр орчим зам туулна. Бетлехем Ефрата бол Давидын удмынхны өлгий нутаг ажээ. Иосеф Мариа хоёр Давидын удмын хүмүүс учраас тэнд очиж бүртгүүлэх ёстой болов.
6, 7. а) Бетлехем рүү явах нь Мариагийн хувьд яагаад амаргүй байсан байж болох вэ? б) Мариа Иосефын эхнэр болсныхоо дараа яаж шийдвэр гаргадаг болсон бэ? (Зүүлт үзнэ үү).
6 Иосефынхоо шийдвэрийг Мариа дагах болов уу? Үнэндээ бол хүндхэн аялал түүнийг хүлээж байлаа. Тэгээд ч намрын эхэн үе байсан бөгөөд хатсан газрыг услах шиврээ борооны улирал эхэлж байв. Тэрчлэн, грек эх бичигт «Галил өөд явсан» гэснийг үзвэл тэд өгсүүр газраар явах хэрэгтэй байсан нь харагдаж байна. Бетлехем нь далайн түвшингөөс 760 метрийн өндөрт оршдог учир хэдэн өдөр явсны эцэст уул давах байв. Мөн Мариа замдаа олон удаа амрах хэрэгтэй байсан биз ээ. Тэгэхээр жирийн үеийнхээс илүү удаан явсан байж таарна. Мариа амаржих дөхсөн учир гэнэт өвдвөл гэрийнхнээсээ тусламж авахыг хүсэх нь мэдээж. Тиймээс Иосефыг даган холын аянд явахад эр зориг хэрэгтэй байсан нь эргэлзээгүй.
7 Хэдий тийм ч Иосеф «эхнэр Мариатайгаа хамт бүртгүүлэхээр явав» хэмээн Лук бичжээ (Лук 2:4, 5). Мариа нөхөрт гарахаасаа өмнө нь бүх шийдвэрийг ганцаараа гаргадаг байсан бол одоо энэ нь өөрчлөгджээ. Нөхрөө өрхийн тэргүүн хэмээн үзэж, гаргасан шийдвэрийг нь дэмжин Бурхны оноосон туслагчийн үүргээ сайн биелүүлжээ.a Тиймээс Мариа дуулгавартай байснаараа тулгарч болох бэрхшээлийг тойрон гарсан.
8. а) Мариа ямар учраас Иосефыг даган Бетлехем рүү явсан байж болох вэ? б) Мариа ямар сайхан жишээ үлдээсэн бэ?
8 Мариа дуулгавартай байсан нь өөр ямар учиртай байж болох вэ? Мессиаг Бетлехемд төрнө гэсэн зөгнөлийг мэдэж байсан юм болов уу? Энэ талаар Библид байдаггүй. Гэхдээ уг зөгнөлийг шашны удирдагчид төдийгүй жирийн ард олон ч мэддэг байсныг бодож үзвэл Мариа энэ талаар мэдэж байсан байх (Мат. 2:1–7; Ёох. 7:40–42). Тэрээр Судрыг сайн мэддэг байсан шүү дээ (Лук 1:46–55). Мариа нөхөртөө дуулгавартай байя, эсвэл Цезарийн зарлигийг дагая гээд явсан юм болов уу? Аль эсвэл Еховагийн зөгнөснийг биелүүлэх гээд явахаар шийдсэн юм болов уу? Аль нь ч байлаа гэсэн Мариа дуулгавартай байхын сайхан жишээ үлдээжээ. Ехова эрэгтэй эмэгтэй гэлгүй даруу, дуулгавартай хүмүүсийг машид эрхэмлэдэг. Дуулгаваргүй байдал газар авсан өнөө үед амьдарч байгаа бидэнд Мариа ямар сайхан жишээ үлдээгээ вэ!
Христ мэндэлсэн нь
9, 10. а) Бетлехемд дөхөж ирээд Иосеф Мариа хоёр юуг санасан байж болох вэ? б) Иосеф Мариа хоёр хаана хонохоор болсон бэ? Яагаад?
9 Бетлехемд дөхөж ирээд Мариагийн сэтгэл уужирсан биз ээ. Уул толгод руу өгсөж, жимсийг нь хураасан чидун моднуудын дундуур явахдаа Иосеф Мариа хоёр энэ жижигхэн тосгоны үүх түүхийг санасан нь эргэлзээгүй. Зөнч Микагийн хэлсэнчлэн Иудагийн хотуудтай харьцуулахад үнэхээр жижигхэн тосгон байлаа. Гэхдээ л энд 1 000 гаруй жилийн өмнө Наоми, Боаз дараа нь Давид төрсөн түүхтэй.
10 Тосгон хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа. Бүртгүүлэхээр ирсэн хүн олон байсан тул Иосеф Мариа хоёрт хоноглох газар олдсонгүй.b Малын саравчинд хонохоос өөр аргагүй болов. Эхнэр нь хэзээ ч мэдэрч байгаагүй төрөхийн өмнөх хүчтэй өвдөлтөөс болж орь дуу тавьж байгааг харах Иосефт хэчнээн хэцүү байсан бол оо. Ядахад малын саравчинд шүү.
11. а) Мариагийн зовлонг ямар ч эмэгтэй сайн ойлгоно гэж яагаад хэлж болох вэ? б) Есүсийг яагаад ууган Хүү гэж болох вэ?
11 Мариад хэчнээн хэцүү байсныг ямар ч эмэгтэй сайн ойлгоно. Нүгэл удамшсанаас болоод эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ зовдог болно гэж 4 000 орчим жилийн тэртээ Ехова хэлсэн (Эх. 3:16). Мариа ч тэр зовлонг амссан нь эргэлзээгүй. Лук Мариагийн тухай бичихдээ хэр зэрэг өвдөж зовсныг нь дурдаагүй. Харин «ууган хүүгээ төрүүлэв» гэсэн байдаг (Лук 2:7). Ийнхүү Мариа ууган хүүгээ өлгийдөн авав. Тэрээр багаар бодоход 7 хүүхэд төрүүлжээ (Марк 6:3). Харин ууган хүү нь бусдаасаа онцгой байлаа. Есүс зөвхөн Мариагийн ууган хүү төдийгүй Бурхны «бүх бүтээлийн анхных» бөгөөд цорын ганц Хүү нь юм! (Кол. 1:15).
12. Мариа хүүгээ хаана төрүүлсэн бэ? Энэ нь зураг хөрөгт дүрсэлснээс ямар ялгаатай вэ?
12 «Лук» номонд бас нэг зүйлийг тэмдэглэжээ. Мариа «хүүгээ даавуунд өлгийдөөд малын тэжээлийн тэвшинд тавьжээ» гэсэн байдаг (Лук 2:7). Уг үйл явдлыг зураг хөрөгт хэтрүүлэн дүрсэлсэн байдаг. Үнэндээ яг юу болсныг бодож үзье. Тэд малын саравчинд хоносон шүү дээ. Үхэр мал хашдаг газрын агаар, орчин тойрон ямар байдаг билээ дээ. Өөр хонох газар байсан бол ямар ч эцэг эх хүүхдээ малын саравчинд өлгийдөн авахгүй нь лав. Ер нь эцэг эх үр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэр тусмаа Мариа Иосеф хоёр Бурхны Хүүд хамгийн сайныгаа зориулахыг хүссэн нь ойлгомжтой.
13. а) Иосеф Мариа хоёр амаргүй нөхцөлд байсан ч хэрхэн чадах бүхнээ хийсэн бэ? б) Ухаалаг эцэг эхчүүд Иосеф Мариа хоёрын адилаар юуг хамгийн чухалд үздэг вэ?
13 Гэхдээ тэд амаргүй нөхцөл байдалд байсан ч шантралгүй, чадах бүхнээ хийсэн. Дөнгөж төрсөн нялх үрээ Мариа өөрөө асарч, даарч хөргөхгүй гэсэндээ даавуунд өлгийдөн тэжээлийн тэвшинд хэвтүүлдэг. Амаргүй нөхцөлд байгаагаа бодоод байлгүй, хүүгээ чадах ядахаараа асарсан. Хамгийн гол нь хүүгээ Еховаг хайрладаг хүн болгож өсгөх нь чухал гэдгийг Мариа Иосеф хоёр мэдэж байлаа (Дэд хууль 6:6–8-ыг уншина). Өнөө үед олон хүн Бурханд үйлчлэх тухай боддоггүй. Харин ухаалаг эцэг эхчүүд Иосеф Мариагийн адилаар хамгийн чухал зүйлийг анхаардаг.
Баярт мэдээ
14, 15. а) Хоньчид яагаад хүүхдийг харахаар яаран ирсэн бэ? б) Тэжээлийн тэвшинд буй Есүсийг хараад хоньчид яасан бэ?
14 Иосеф Мариа хоёрыг гайхшируулсан нэгэн явдал болов. Хэдэн хоньчин тэднийг, ялангуяа дөнгөж төрсөн хүүг харах гэж малын саравч руу яаран ирлээ. Хоньчдын нүүрэнд баярын мишээл тодорно. Сүргээ манаж байсан тэд уулнаас буун ирээд байгаа нь энэ.c Тэд үзэж харсан бүхнээ Иосеф Мариа хоёрт сэтгэл догдлон ярьж өгөв. Хоньчдыг шөнө дунд сүргээ манаж байтал гэнэт тэнгэрийн элч үзэгджээ. Еховагийн цог жавхлан эргэн тойрныг нь гэрэлтүүлж, Христ буюу Мессиа дөнгөж сая Бетлехемд төрснийг өнөөх тэнгэрийн элч дуулгав. Тэрээр цааш нь «Даавуунд өлгийдөж, малын тэжээлийн тэвшинд тавьсан хүүхдийг та нар олно» хэмээн хоньчдод хэлжээ. Дараа нь бүр ч гайхамшигтай явдал болов. Тоо томшгүй тэнгэрийн элч үзэгдэж Бурхныг магтсан аж! (Лук 2:8–14).
15 Тийм учраас даруу зантай хоньчид Бетлехем рүү яаран иржээ. Тэнгэрийн элчийн хэлсэнчлэн, тэжээлийн тэвшинд буй дөнгөж төрсөн хүүг хараад баярлаж догдолсон нь эргэлзээгүй. Тэгээд «тэнгэрийн элчээс сонссоноо ярьжээ. Хоньчдын ярихыг сонссон бүх хүн гайхжээ» (Лук 2:17, 18). Тухайн үеийн шашны удирдагчид хоньчдыг дорд үздэг байв. Харин Ехова тэдгээр даруу, үнэнч хүмүүсийг үнэлж эрхэмлэжээ. Мариа хоньчидтой уулзаад яасан бол?
Ехова даруу, үнэнч хоньчдыг үнэлж эрхэмлэсэн
16. Мариа аливааг эргэцүүлж боддог хүн байсан нь юунаас харагддаг вэ? Ямар учраас бат итгэлтэй байсан бэ?
16 Нялх биетэй Мариа ядарч сульдаж байсан нь эргэлзээгүй. Гэсэн ч хоньчдын үг бүрийг анхааралтай сонсож байв. Зүгээр сонсоод өнгөрөлгүй, «энэ бүхнийг тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан» (Лук 2:19). Мариа юмыг эргэцүүлэн боддог хүн байв. Тэнгэрийн элчийн хэлсэн үг их чухал гэдгийг тэрээр мэдэж байв. Хүүг нь чухамдаа хэн болохыг, ямар чухал үүрэг гүйцэтгэхийг Ехова Бурхан нь түүнд ойлгуулах гэсэн ажээ. Мариа хоньчдын ярьсныг сэтгэл зүрхэндээ хадгалж сар жил өнгөрөх тусам эргэцүүлж боддог байв. Ийм ч учраас насан туршдаа бат итгэлтэй байсан (Еврей 11:1-ийг уншина).
17. Мариагаас юу сурах вэ?
17 Бид Мариагаас юу сурах вэ? Ехова маш чухал үнэнийг Библийн хуудас бүрд бичүүлсэн. Харин бид анхааралтай уншиж байж л ач тусыг нь хүртэнэ. Библийг уран зохиолын ном бус, Бурхны агуу хүчээрээ бичүүлсэн ном гэдгийг санаж, тогтмол уншиж судлах хэрэгтэй (2 Тим. 3:16). Бид Мариагийн адилаар Еховагийн тухай сурч мэдэн, түүнийгээ эргэцүүлэн бодож, сэтгэл зүрхэндээ хоногшуулах нь амин чухал. Хэрэв бид Библиэс уншсанаа эргэцүүлэн бодож, мөн заавар зөвлөгөөг нь хэрхэн хэрэгжүүлэхээ тунгаан боддог бол итгэлээ батжуулна.
Мариа «сэтгэлдээ хадгалсан»
18. а) Есүсийг бага балчир байхад Иосеф Мариа хоёр Мосегийн Хуулийг хэрхэн сахисан бэ? б) Иосеф Мариа хоёрын өргөсөн тахилыг бодож үзвэл ямар амьдралтай хүмүүс байсан бэ?
18 Хүүгээ төрөөд найман хоногтой байхад Иосеф Мариа хоёр Мосегийн Хуулийн дагуу хөвчийг нь таслан, тэнгэрийн элчийн хэлсэн ёсоор Есүс гэж нэрлэжээ (Лук 1:31). 40 дэх өдөр нь, Мариагийн цэвэрших хугацаа дуусахад хүүгээ аваад Бетлехемээс 10 орчим километрийн зайтай Иерусалимын сүмд тахил өргөхөөр ирэв. Ядуу хүмүүс хоёр тагтаа юм уу хоёр хүүрзгэнэ өргөж болохыг Хуульд заасан байжээ. Мариа Иосеф хоёр ядуу байсан тул тэр хуулийн дагуу тахил өргөжээ. Бусад гэр бүлийн адилаар хониор тахил өргөж чадаагүйдээ санаа нь зовсон байж болох ч үүнийг хэтэрхий анхаараагүй. Юутай ч, сүмд ирээд урам зориг нь бадарчээ (Лук 2:21–24).
19. а) Мариагийн зүрх сэтгэлд хоногшим ямар үгийг Симеон хэлсэн бэ? б) Анна Есүсийг хараад яасан бэ?
19 Нас өндөр болсон Симеон тэдэнтэй уулзаж, Мариагийн зүрх сэтгэлд хоногшим үгс хэлэв. Симеоныг нас барахаасаа өмнө Мессиаг харна гэж Бурхан түүнд амласан байжээ. Бас урьдаас зөгнөсөн Аврагч бол бяцхан Есүс гэдгийг Бурхны агуу хүч ойлгуулжээ. Симеон Мариаг нэгэн өдөр «зүрхээ илдээр сүлбүүлэх мэт зовж шанална» гэдгийг хэлэв (Лук 2:25–35). Мариа үүнийг сонсоод цочирдсон ч 30-аад жилийн дараа тэр хэцүү бэрхийг тэсэж тэвчихэд нь тус болно гэдгийг яахин мэдэх билээ. Анна гэдэг зөнч бас нялх Есүсийг харахаар ирэв. Тэгээд тэрээр: «Иерусалимыг Бурхан аврахыг хүлээж байсан бүх хүнд тэр хүүхдийн талаар ярьж эхлэв» (Лук 2:36-38-ыг уншина).
20. Есүсийг Иерусалимд авчирсан нь яагаад зөв байсан бэ?
20 Иосеф Мариа хоёр хүүгээ Еховагийн сүмд авчирсан нь ямар сайн хэрэг байж вэ! Ийнхүү Еховагийн сүмд тогтмол очих эхлэлийг нь хүүдээ тавьж өгчээ. Иосеф Мариа хоёр сүмд байхдаа боломж бололцоондоо тохируулан Еховад хамгийн сайныгаа өргөжээ. Мөн тодорхой заавар болон урмын үг сонсжээ. Сүмээс явахад нь Мариагийн итгэл батажсан нь лавтай. Эргэцүүлэн бодож, бусадтай хуваалцах олон сайхан зүйлийг Мариа зүрх сэтгэлдээ «хадгалжээ».
21. Мариагийн адилаар итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ?
21 Өнөөдөр тэдний жишээг дагадаг эцэг эхчүүдийг харах хэчнээн сайхан гээч! Еховагийн Гэрч эцэг эхчүүд цуглаанд хүүхдүүдээ дагуулж ирдэг нь итгэлийнх нь тод илрэл юм. Тэд Еховагийн төлөө чадах бүхнээ хийж, итгэл нэгтнүүдээ урмын үгээр тэтгэдэг. Цуглааны танхимаас эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн гарч явдаг бөгөөд бусадтай хуваалцах олон сайхан зүйлээр зүрх сэтгэл нь бялхсан байдаг. Ийм хүмүүстэй дотносон нөхөрлөх нь үнэхээр ач тустай! Хэрэв тэдэнтэй ойр дотно байдаг бол Мариагийн адилаар бидний итгэл бат бэх болно.
a Энэ удаагийн аяллыг Елизабеттай уулзахаар явсан аялалтай харьцуулбал эрс ялгаатайг тэмдэглүүштэй. Мариаг Елизабетынх руу «яаран явсан» гэж бичсэн байдаг (Лук 1:39). Тэр үед тэрээр сүй тавьсан ч гэрлээгүй байсан учраас Иосефтой зөвлөлгүйгээр явсан аж. Харин одоо тэд гэрлэсэн тул Бетлехем рүү явах шийдвэрийг Мариа биш Иосеф гаргасан гэж байдаг.
b Тухайн үед хотынхон аянд яваа хүмүүст болон жинчдэд хоноглох газар гаргаж өгдөг уламжлалтай байжээ.
c Христийг төрөхөд хоньчид сүргээ манаад хээр хонож байжээ. Үүнээс Христ хэзээ төрснийг мэдэх боломжтой. Христ 12-р сард төрөөгүй, харин 10-р сарын эхээр төржээ. Яагаад гэвэл хоньчид 12-р сард сүргээ хээр бус, гэрийнхээ ойр орчимд хотлуулдаг байсан.