Матайн бичсэн сайн мэдээ
14 Тэр үед Херод* хаан* Есүсийн тухай сонсоод 2 «Энэ бол баптисм хүртээгч Ёохан байна. Тэр амилжээ. Тэгээд энэ гайхамшгуудыг үйлдэж байгаа юм байна» гэж зарц нартаа хэлжээ. 3 Херод, ах Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Ёоханыг баривчлуулан гинжлээд шоронд хорьсон байв. 4 Учир нь Ёохан түүнд «Та Херодиатай гэрлэх ёсгүй» гэж хэлдэг байжээ. 5 Херод Ёоханыг алах бодолтой байсан ч ард олон түүнийг зөнч гэж үзэж байсан учир тэднээс айж байлаа. 6 Херодын төрсөн өдрийн найран дээр Херодиагийн охин бүжиглэжээ. Херод ихэд таашаан 7 охинд юу хүссэнийг нь өгөхөө амлав. 8 Эхийнхээ ятгалгад автсан охин: «Баптисм хүртээгч Ёоханы толгойг царан дээр тавьж өгнө үү» гэв. 9 Хаан харамссан боловч зочдын өмнө нэгэнт амласан учир Ёоханы толгойг охинд өгөхийг тушаалаа. 10 Ингээд шорон руу хүн явуулж түүнийг цаазлуулжээ. 11 Ёоханы толгойг царан дээр тавьж авчрахад охин эхдээ өгөв. 12 Ёоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад энэ тухай Есүст дуулгав. 13 Энэ явдлын талаар сонссон Есүс ганцаараа байх гэж завинд суун эзгүй газар луу явав. Тэгтэл хүмүүс үүнийг мэдээд тус тусынхаа хотоос гарч араас нь явган явжээ.
14 Эрэг дээр ирээд үлэмж олон хүн цугласныг харлаа. Есүс тэднийг өрөвдөн өвчтэй хүмүүсийг нь эдгээв. 15 Орой болоход шавь нар нь ирээд «Энэ газар зэлүүд, цаг ч орой болжээ. Энэ хүмүүсийг явуулъя. Тэд тосгонд очоод юм авч идэг» гэжээ. 16 Харин Есүс: «Эндээ байг. Та нар тэдэнд идэх юм өг» гэхэд 17 шавь нар нь: «Бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юу ч алга» гэв. 18 Есүс: «Байгаагаа аваад ир» гэлээ. 19 Тэгээд зүлгэн дээр суухыг олон түмэнд хэлээд таван талх, хоёр загасыг авч тэнгэр өөд харан залбирав*. Дараа нь талхыг хуваан шавь нартаа өгөхөд тэд хүмүүст тараажээ. 20 Ингээд бүх хүн идэж цаджээ. Үлдэгдлийг нь цуглуулахад 12 сагс дүүрэв. 21 Тэнд хүүхэд эмэгтэйчүүдээс гадна 5 000 орчим эрэгтэй байсан юм. 22 Есүс шавь нараа өөрөөсөө түрүүлж нөгөө эрэг рүү явуулах гэж завинд яаравчлан суулгангаа хүмүүсийг буцаав.
23 Есүс хүмүүсийг явуулчихаад ганцаарчлан залбирахаар уулан дээр гарчээ. Шөнө орой болоход тэрээр ганцаараа байлаа. 24 Харин завь эргээс их* холдсон, салхи сөрөн давалгаанд цохиулж явав. 25 Тэгтэл шөнийн дөрөвдүгээр манааны үед* Есүс тэдэн рүү очихоор нууран дээгүүр явлаа. 26 Нууран дээгүүр алхаж яваа түүнийг шавь нар нь хараад айж «Хий үзэгдэл байна!» гэжээ. Тэгээд айсандаа хашхиралдлаа. 27 Тэгэхэд нь Есүс: «Би байна. Бүү ай!» гэж тэдэнд хэлэхэд 28 Петр: «Эзэн, хэрэв та мөн юм бол усан дээгүүр явж өөр дээр тань очихыг надад тушаагаач» гэв. 29 Есүс: «Хүрээд ир!» гэхэд Петр завинаасаа гарч түүн рүү чиглэн усан дээгүүр явлаа. 30 Гэхдээ шуурга болохыг хараад айн живж эхлэв. Тэгээд «Эзэн, намайг авраач!» гэж хашхирав. 31 Есүс бушуухан гараа сунгаад түүнийг барин «Чи яагаад эргэлзэв? Бат итгэхгүй байна даа» гэжээ. 32 Тэднийг завинд суухад шуурга намдав. 33 Тэгтэл завинд байсан хүмүүс түүнийг хүндэтгэн мэхийж «Та үнэхээр Бурхны Хүү байна» хэмээв. 34 Тэд нуурыг гаталж Генесаретийн нутагт ирэв.
35 Түүнийг таньсан нутгийн олон Есүс ирлээ гэсэн зарыг ойр хавийн нутгуудаар тараахад хүмүүс өвчтэй бүх хүнээ Есүс рүү авч очлоо. 36 Тэд хувцасныхаа цацагт хүргүүлэхийг Есүсээс гуйв. Хүрсэн бүх хүн бүрмөсөн эдгэжээ.