Ромчуудад бичсэн захидал
10 Ах дүү нар аа, би тэднийг аврагдаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж, Бурхнаас шаргуу гуйдаг. 2 Тэд Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилдгийг би гэрчилнэ. Гэхдээ тэд Бурхны талаар үнэн зөв мэддэггүй. 3 Бурхан юуг үндэс болгон шударга сайнд тооцдогийг мэддэггүй учир тэд өөрсдийнхөөрөө шударга сайнд тооцогдохыг оролддог бөгөөд Бурхны шударга зарчмыг дагадаггүй. 4 Христ бол Хуулийн төгсгөл. Тэгэхээр түүнд итгэдэг бүхэн шударга сайнд тооцогдоно.
5 Учир нь Хуулийн дагуу шударга сайнд тооцогдох тухайд Мосе бичихдээ «Хууль сахидаг хүн үүнийхээ ачаар амьд явна» гэсэн. 6 Харин итгэсний үрээр шударга сайнд тооцогдох тухайд «“Хэн тэнгэрт гарах вэ?” гэж дотроо бүү ярь. Энэ нь “Христийг доошоо буулгахаар хэн тэнгэрт гарах вэ?” гэсэнтэй адил юм. 7 Эсвэл “Хэн ёроолгүй гүн рүү явах вэ?” гэж бүү асуу. Энэ нь Христийг үхэгсдээс босгохоор хэн доошоо явах вэ гэж асуусантай адил юм» гэсэн байдаг. 8 Бурхны үгэнд юу гэж байдаг вэ? «Үг чамд ойр, аманд чинь, зүрхэнд чинь байна» гэдэг. Энэ үг бол итгэх хэрэгтэй, бидний тунхагладаг мэдээ юм. 9 Есүс бол Эзэн гэдгийг олон нийтэд тунхаглаж, Бурхан түүнийг амилуулсан гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг бол аврагдана. 10 Учир нь хүн зүрх сэтгэлээрээ итгэдэг бол шударга сайнд тооцогдоно. Мэдээг олон нийтэд тунхагладаг бол аврагдана.
11 Сударт «Түүнд итгэдэг хүн харамсахгүй» гэж бичсэн байдаг. 12 Учир нь иудей болон грек хүний хооронд ямар ч ялгаа байхгүй. Тэд бүгдээрээ өөрөөс нь гуйдаг нэгэнд өгөөмөр ханддаг нэг Эзэнтэй билээ. 13 «Еховагийн* нэрээр дууддаг хүн бүр аврагдана» гэсэн байдаг. 14 Гэхдээ түүнд итгээгүй бол яаж нэрээр нь дуудах билээ? Түүний талаар сонсоогүй бол түүнд яаж итгэх билээ? Сайн мэдээг тунхаглах хүнгүй бол яаж сонсох билээ? 15 Нөгөөтээгүүр, илгээхгүй бол тэд яаж тунхаглах билээ? «Сайн мэдээ тунхаглагчийн хөл юутай сайхан!» гэж бичсэн байдаг.
16 Гэвч бүгдээрээ сайн мэдээг хүлээж авсан юм биш. Учир нь Исаиа: «Ехова*, биднээс сонссон зүйлд хэн итгэсэн юм бэ?» гэжээ. 17 Хүн сонсож байж итгэдэг. Харин сонссон юм нь Христийн тухай үг юм. 18 Тэгвэл тэд сонсож байгаагүй хэрэг үү? Үгүй ээ, сонссон. Үнэндээ, «Мэдээ дэлхий даяар түгсэн билээ. Алс холын хүмүүс ч сонссон» гэсэн байдаг. 19 Тэгвэл израйлчууд мэдээгүй хэрэг үү? Мосе: «Би үндэстэн биш хүмүүсээр та нарт атаархал төрүүлнэ, мунхаг үндэстнээр та нарыг уурлуулна» хэмээн Бурхны үгийг тунхагласан байдаг. 20 Харин Исаиа их зоригтойгоор «Намайг хайгаагүй хүмүүст би өөрийгөө илчилж, Надаас гуйгаагүй хүмүүст би өөрийгөө мэдүүлнэ» хэмээсэн. 21 Харин Израйлын тухай тэрээр: «Би дуулгаваргүй, зөрүүд хүмүүсийн зүг өдөржин гараа сунгаж байсан» хэмээсэн билээ.