Лукийн бичсэн сайн мэдээ
10 Үүний дараа Эзэн 70 хүнийг сонгоод очих гэж буй хот тосгод руугаа хоёр хоёроор нь илгээв. 2 Тэгээд тэдэнд ийн өгүүлэв. «Ургац арвин боловч ажилчид цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ажилчдыг явуулахыг гуй. 3 За явцгаа! Чонон дунд байгаа хонь мэт та нарыг би илгээж байна! 4 Хэтэвч, хоол хийх уут, шаахай бүү авч яв. Замдаа хэнтэй ч битгий мэндэл. 5 Ямар ч айлд орсон, эхлээд “Амар амгалан байх болтугай” гэж хэл. 6 Хэрэв тэр айлд амар тайвныг эрхэмлэдэг хүн байвал та нарын амар тайван түүн дээр оршино. Байхгүй бол амар тайван та нарт буцаж ирнэ. 7 Тэр айлдаа байж, өгснийг нь идэж уу. Учир нь ажилчин хөлсөө авах зохистой. Айл айлд бүү буу.
8 Түүнчлэн аль ч хотод очсон, та нарыг хүлээж авсан хүмүүс юу өгнө, түүнийг ид. 9 Өвчтэйг нь эдгээж, “Бурхны Хаант төр та нарт ойрхон байна” гэж хэл. 10 Харин очсон хотын чинь хүмүүс та нарыг хүлээж авахгүй байвал гол гудамжинд нь очоод 11 “Та нарт сануулга болгож, хөлд наалдсан хотын чинь тоосыг гөвж байна. Гэхдээ Бурхны Хаант төр ойрхон байгааг мэдтүгэй” гэж хэлээрэй. 12 Тэр өдөр тэр хотынхныг Содомын хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ.
13 Харамсалтай яа, Хоразин, Бетсайдагийн хүмүүс ээ! Та нарын үзсэн гайхамшгийг Тир, Сидоны хүмүүс үзсэн бол тэр даруй гэмшиж, таар нөмрөн үнсэн дунд суух байсан. 14 Тиймээс шүүх өдөр та нарыг Тир, Сидоны хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ. 15 Капернаумын хүмүүс ээ, та нар тэнгэрт өргөмжлөгдөх үү? Үгүй ээ, Булшинд* хаягдана!
16 Та нарыг сонсдог хүн намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн намайг илгээсэн Нэгнийг ч үл хэрэгсэж байгаа юм».
17 Баяр хөөр болсон 70 шавь эргэж ирээд «Эзэн, таны нэрээр тушаахад чөтгөрүүд хүртэл бидэнд захирагдаж байсан» гэхэд 18 Есүс тэдэнд «Тэнгэрээс цахилгаан гялсхийх мэт хаягдсан Сатаныг би харлаа. 19 Би та нарт могой, хилэнцэт хорхойг хөл дороо гишгэчих эрх мэдэл, хүчирхэг дайсныг ялах хүч өглөө. Та нарт юу ч хор учруулахгүй. 20 Чөтгөрүүдийг захирсандаа бүү баярла. Харин нэрс тань тэнгэрт бичигдсэнд баярлацгаа» хэмээв. 21 Яг тэр үед Есүс ихэд баярлаж, Бурхны агуу хүчээр удирдуулан «Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь. Таныгаа би олон түмэнд магтъя. Учир нь та эдгээрийг эрдэм номтой, мэргэн хүмүүсээс чандлан нууж балчир хүүхдүүдэд илчилсэн. Тийм ээ, Эцэг минь, энэ нь таны хүсэл байсан. 22 Эцэг минь надад бүхнийг даатгасан бөгөөд Хүүг Эцэг шиг нь мэддэг хэн ч байхгүй. Эцгийг Хүү шиг нь мэддэг хэн ч байхгүй. Мөн Хүү Эцгээ хэнд мэдүүлнэ, тэр хүн шиг мэддэг хэн ч байхгүй» гэж хэлэв.
23 Тэгээд Есүс зөвхөн шавь нартаа «Та нарын харсныг харсан нэгэн жаргалтай. 24 Учир нь та нарын харж байгааг олон зөнч, хаан харахыг хүссэн ч харж чадаагүй, сонсож байгааг сонсохыг хүссэн ч сонсож чадаагүй юм шүү» гэжээ.
25 Хуулийг сайн мэддэг нэгэн хүн Есүсийг сорьж «Багш аа, мөнх амийг өвлөе гэвэл би яах ёстой вэ?» гэж асуужээ. 26 Есүс хариуд нь «Хуульд юу гэж бичсэн байдаг билээ? Чи юу гэж ойлгодог вэ?» гэхэд 27 «“Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал*, бүхий л хүч чадал, бүхий л оюун ухаанаараа Ехова* Бурхнаа хайрла” бас “Өөрийгөө хайрладаг шигээ хөршөө* хайрла”» гэж хариулжээ. 28 Есүс түүнд «Чиний хэлдэг зөв. Эдгээрийг үйлдэж бай. Тэгвэл чи мөнх амьдарна» хэмээв.
29 Харин өнөөх хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүсээс «Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэж асуулаа. 30 Есүс түүнээс «Нэгэн хүн Иерусалимаас гарч Иерихо орохоор уруудан явахдаа дээрэмдүүлжээ. Дээрэмчид түүнийг нүцгэлж, зодоод амьтай төдий орхиод явжээ. 31 Нэгэн тахилч тэр замаар явахдаа өнөөх хүнийг харсан ч өнгөрөөд явчихав. 32 Мөн леви хүн түүгээр явж байгаад өнөөх хүнийг харсан ч бас л өнгөрөөд явчихжээ. 33 Харин тэр замаар явж байсан самари хүн өнөөх дээрэмдүүлсэн хүнийг хараад өрөвдөж 34 түүн рүү очоод шархан дээр нь тос, дарс асгаж боожээ. Тэгээд илжгэндээ тэгнэн дэн буудалд хүргээд асрав. 35 Маргааш нь самари хүн буудлын эзэнд хоёр денар* өгөөд “Энэ хүнийг асарч байгаарай. Хэрэв та илүүг зарвал би буцаж ирэхдээ өгье” гэжээ. 36 Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон хүний хөрш гэдгээ баталсан бэ?» гэж асуухад 37 «Энэрэнгүй хандсан нь» гэж хариулав. Есүс түүнд «Тэгвэл явж тийнхүү үйлд» гэлээ.
38 Тэд замдаа нэгэн тосгоноор орлоо. Марта гэдэг эмэгтэй Есүсийг гэртээ урьж дайлжээ. 39 Дүү Мариа нь Есүсийн хөл хавьд суугаад яриаг нь сонсож байлаа. 40 Харин Марта олон юм хийсээр ажилдаа дарагджээ. Тэгээд Есүс рүү ирээд «Эзэн, дүү минь намайг энэ их ажилтай орхиод явсныг та харахгүй байна уу? Тусал гэж хэлээч» гэжээ. 41 Эзэн түүнд «Марта, чи мөн ч олон юманд санаа зовох юм даа. 42 Бидэнд олон юм хэрэггүй. Үнэндээ, ганц л байхад болно. Мариа чухал юмыг* сонгожээ. Үүнийг нь хэн ч авч чадахгүй» гэв.