БҮЛЭГ 8
Сайн мэдээ тунхаглагчид
ЕХОВА бидэнд дуурайвал зохих төгс нэгнийг илгээсэн. Тэр нэгэн бол Хүү Есүс Христ нь юм (1 Петр 2:21). Есүсийн дагалдагч болсон хүн Бурхны үйлчлэгчийн ёсоор сайн мэдээг тунхагладаг. Энэ нь бидний урам зоригийг сэргээдгийг Есүс онцолж «Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ. Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн, даруу. Та нар сэргэх болно» гэжээ (Мат. 11:28, 29). Энэ үгийн үнэнийг Есүсийн дагалдагч болсон хүмүүс биеэрээ үзэж байгаа билээ.
2 Бурхны хамгийн агуу Үйлчлэгч Есүс зарим нэг хүнд өөрийнх нь дагалдагч болохыг уриалж байсан (Мат. 9:9; Ёох. 1:43). Тэдэнд сайн мэдээ тунхаглах арга барил эзэмшүүлээд зогсохгүй сайн мэдээ тунхаглуулахаар илгээдэг (Мат. 10:1—11:1; 20:28; Лук 4:43). Хожим нь, өөр 70 хүнийг Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах ажилд томилсон (Лук 10:1, 8–11). Есүс тэднийг илгээхдээ «Та нарыг сонсдог хүн намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн намайг илгээсэн Нэгнийг ч үл хэрэгсэж байгаа юм» хэмээжээ (Лук 10:16). Шавь нартаа хэчнээн чухал үүрэг даалгасныг нь дээрх үгнээс мэдэж болно. Тэд Есүсийг, мөн Хамгийн Дээд Бурхныг төлөөлдөг байжээ! Өнөөдөр ч мөн ялгаагүй. «Ирж миний дагалдагч бол» гэсэн урилгыг нь хүлээн авсан хүн бүхэн Есүсийг, Еховаг төлөөлдөг (Лук 18:22; 2 Кор. 2:17). Бас Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах, шавь бэлдэх тушаалыг биелүүлдэг (Мат. 24:14; 28:19, 20).
3 Есүсийн урилгыг хүлээн авч дагалдагч нь болсон бид Ехова Бурхныг, Есүс Христийг «үргэлж таньж мэдэх» завшаан эдэлдэг (Ёох. 17:3). Бид Еховагийн үзэл бодол, үйл хэргийг мэддэг болсон. Еховагийн ачаар үзэл бодлоо өөрчлөн «шинэ хүнийг өмсөж», зөв шударга хэм хэмжээнд нь нийцүүлж биеэ авч явдаг болсон (Ром 12:1, 2; Эф. 4:22–24; Кол. 3:9, 10). Талархах сэтгэлдээ хөтлөгдөн Еховад амь амьдралаа зориулж, үүнийгээ батлан харуулж баптисм хүртсэн. Баптисм хүртсэнээрээ бид Бурхны үйлчлэгч болсон билээ.
4 Бурхны үйлчлэгчид бид «цэвэр гартай, ариун зүрхтэй» байх хэрэгтэйгээ байнга санаж явах ёстой (Дуу. 24:3, 4; Ис. 52:11; 2 Кор. 6:14—7:1). Мөн Есүс Христэд итгэдэг болсон учраас цэвэр мөс чанартай болсон (Евр. 10:19–23, 35, 36; Илч. 7:9, 10, 14). Еховаг алдаршуулахын төлөө бүхнийг хийж, бусдыг бүдрүүлэх ёсгүйг элч Паул Христийн дагалдагчдад уриалсан байдаг. Бид биеэ үлгэр жишээ авч явдаг бол итгэгч биш хүмүүс үнэнийг мэдэх хүсэлтэй болдгийг элч Петр онцолсон (1 Кор. 10:31, 33; 1 Петр 3:1). Сайн мэдээ тунхагладаг болох шаардлага хангахад нь хүмүүст хэрхэн туслах вэ?
ШИНЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ
5 Та үнэнийг сонирхсон хүнтэй Библийн хичээл хийж эхэлмэгцээ түүнд сурч мэдсэнээ бусадтай хуваалцахыг хэлж, урамшуулж байгаарай. Суралцагч тань гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа болон бусад хүнд сурч мэдсэнээ ярьж болох юм. Албан бусаар дэлгэрүүлэхийг зааж өгөх нь Есүс Христийн дагалдагч, сайн мэдээ тунхаглагч болоход нь тус болно (Мат. 9:9; Лук 6:40). Суралцагч тань ахиц дэвшил гаргаж, албан бусаар дэлгэрүүлж сурах тусам дэлгэрүүлэх ажилд оролцох хүсэл эрмэлзэлтэй болох нь дамжиггүй.
ШААРДЛАГА ХАНГАХ НЬ
6 Суралцагч хүн айлаар дэлгэрүүлэх ажилд оролцохоосоо өмнө тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Албан ёсоор дэлгэрүүлэх ажилд оролцож байгаа хүн өөрийгөө Еховагийн Гэрчүүдийн байгууллагад нэгдсэнээ олон нийтэд мэдэгдэж байгаа хэрэг. Тийм хүн Еховагийн тогтоосон өндөр хэм хэмжээний дагуу амьдардаг, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч гэж тооцогддог.
7 Суралцагчтайгаа хичээл хийж, Библийн зарчмыг ярилцах явцдаа нөхцөл байдлыг нь мэдэж болдог. Сурч мэдсэнээ ажил хэрэг болгож байгааг нь та анзаарч болох юм. Гэхдээ ахлагчид суралцагчийн тань талаар илүү сайн мэдэхийн тулд та хоёртой ярилцана.
8 Та хоёртой ярилцах хоёр ахлагчийг (нэг нь үйлчлэлийн хорооны гишүүн байна) ахлагчдын зөвлөлийн зохицуулагч томилно. Ахлагч цөөтэй хуралд туршлагатай туслах үйлчлэгчийг ахлагчтай хамт томилдог. Томилогдсон эрчүүд цаг алдалгүй ярилцах хэрэгтэй. Хэрэв тэд суралцагчийг тань дэлгэрүүлэгч болох хүсэлтэйг цуглаан дээр мэдсэн бол цуглааны дараа та хоёртой ярилцаж болох юм. Ярилцлагыг биеэ барихгүй, чөлөөтэй байхаар хийх нь чухал. Дараах шаардлагыг хангасан эсэхийг магадалсны дараа баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох эсэхийг шийднэ.
1) Библи бол Бурхны агуу хүчээрээ бичүүлсэн ном гэдэгт итгэдэг байх (2 Тим. 3:16).
2) Библийн үндсэн сургаалыг мэддэг, итгэдэг байх ёстой. Ингэвэл хүмүүсийн тавьсан асуултад хариулахдаа хуурамч шашны сургаал юм уу хувийн үзэл бодолд тулгуурлах бус, Библид үндэслэнэ (Мат. 7:21–23; 2 Тим. 2:15).
3) Хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд, Еховагийн ард түмэнтэй тогтмол цуглах тухай Библийн тушаалыг дагадаг байх (Дуу. 122:1; Евр. 10:24, 25).
4) Гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа, завхайрах, олон эхнэртэй байх, ижил хүйстэнтэйгээ явалдах талаар Библид юу гэж байдгийг мэдэж, тэр дагуу амьдардаг байх ёстой. Хамт амьдардаг эсрэг хүйсийн хүн нь цусан төрлийн хамаатан биш л бол гэрлэлтээ батлуулсан байх (Мат. 19:9; 1 Кор. 6:9, 10; 1 Тим. 3:2, 12; Евр. 13:4).
5) Архидан согтуурахыг хориглосон Библийн тушаалын дагуу амьдардаг, сэтгэцэд нөлөөтэй химийн бодис болон байгалийн гаралтай эм бэлдмэлийг эмчилгээний бус зорилгоор хэрэглэдэггүй байх (2 Кор. 7:1; Эф. 5:18; 1 Петр 4:3, 4).
6) Зохисгүй нөхөрлөлөөс хол байхын чухлыг ойлгодог байх (1 Кор. 15:33).
7) Хуурамч шашны байгууллагын гишүүн байсан бол албан ёсоор холбоогоо тасалсан байх. Бас цуглаанд нь суух юм уу ямар нэг үйл ажиллагаанд нь оролцох эсвэл дэмжихээ бүрмөсөн больсон байх (2 Кор. 6:14–18; Илч. 18:4).
8) Улс төрийн ямар ч үйл хэрэгт оролцдоггүй байх (Ёох. 6:15; 15:19; Яак. 1:27).
9) Улс үндэстнүүдийн зөрчил мөргөлдөөний талаар Исаиа 2:4-т бичсэн зарчмыг ойлгож, тэр дагуу амьдардаг байх.
10) Еховагийн Гэрч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг байх (Дуу. 110:3).
9 Суралцагч хүн дээрх зарчмуудын талаар ямар үзэлтэй байгаа нь тодорхой мэдэгдэхгүй байвал ахлагчид асуулт бүрд буй Библийн зүйлүүдийг уншиж ярилцах хэрэгтэй. Еховагийн Гэрчүүдтэй хамт дэлгэрүүлэх ажилд оролцох хүн Библид байдаг эдгээр шаардлагыг хангасан байх ёстойг суралцагч ойлгох нь чухал. Дэлгэрүүлэгч хүн ямар үүрэг хүлээдгийг мэдэж байгаа эсэхийг, мөн дэлгэрүүлэгч болох шаардлагыг зохих хэмжээнд хангаж байгаа эсэхийг ахлагчид тодорхойлохдоо тухайн хүний хариултад үндэслэдэг.
10 Ахлагч тухайн суралцагчийг дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан эсэхийг нь аль болох хурдан, ер нь ярилцлагын төгсгөлд мэдэгдэх ёстой. Хэрэв дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан бол ахлагчид түүнийг халуун дотноор угтаж авах нь зүйтэй (Ром 15:7). Бас аль болох хурдан дэлгэрүүлэх ажилд оролцохыг хэлж, сарын сүүлд дэлгэрүүлэх ажлын тайлан өгдгийг зааж өгөх хэрэгтэй. Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болж, анхны тайлангаа өгөхөд тухайн хүний нэр бүхий «Хурлын дэлгэрүүлэгчийн мэдээлэл»-ийг нээж, хуралд хадгалдгийг ч тайлбарлаж өгөх ёстой. Ахлагчид ингэж дэлгэрүүлэгчээс хувийн мэдээлэл цуглуулдаг нь Байгууллага маань дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн шашны үйл ажиллагааг удирдаж, хүн нэг бүрд дэлгэрүүлэх үйл хэрэгт оролцох болон Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд нь тус дэм болохын тулд юм. Мөн, шинэ дэлгэрүүлэгчдэд бүх хувийн мэдээллийг jw.org-д байдаг «Мэдээллийн нууцлалыг хамгаалах тухай Еховагийн Гэрчүүдийн олон улсын бодлого»-ын дагуу хадгалах тухай мэдүүлээрэй.
11 Хурлынхан нь шинэ дэлгэрүүлэгчтэй сайн танилцаж, ахиж дэвшиж байгааг нь өндөр үнэлдгээ илэрхийлдэг бол улам хичээж мэрийх нь дамжиггүй. Бас дэлгэрүүлэх ажлын тайлангаа тогтмол өгч, Еховагийн төлөө бүр ч ихийг хийх урам зоригтой болно (Флп. 2:4; Евр. 13:2).
12 Ахлагчид ярилцлагад орсон хүнийг дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан гэж үзвэл «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номыг өгдөг. Дэлгэрүүлэх ажлын тайланг эхний удаа авсны дараа ахлагч тухайн хүнийг дэлгэрүүлэгч болсныг нь хуралд мэдэгдэж товчхон зарлал хэлдэг.
ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ НЬ
13 Хүүхдүүд бас сайн мэдээ тунхаглах шаардлагыг хангаж болох юм. Есүс хүүхэд багачуудыг дуртайяа хүлээн авч, «тэдний дээр гараа» тавьж байсан шүү дээ (Мат. 19:13–15; 21:15, 16). Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахыг чин сэтгэлээсээ хүсэж буй хүүхдэд эцэг эх нь туслах гол үүрэгтэй ч хурлын бусад хүн бас туслахыг хүсэх биз ээ. Эцэг эхчүүд ээ, та нар дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог бол хүүхдээ Еховад идэвх зүтгэлтэй үйлчлэхэд маш их хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Хэрэв хүүхэд тань биеэ зөв авч явдаг, итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярихыг чин сэтгэлээсээ хүсдэг бол түүнд яаж туслах вэ?
14 Та хурлын үйлчлэлийн хорооны аль нэг ахлагчид энэ тухайгаа хэлж дэлгэрүүлэгч болох ярилцлагад орж болох эсэхийг нь асуугаарай. Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч таны хүүхэдтэй ярилцах хоёр ахлагчийг (нэг нь үйлчлэлийн хорооны гишүүн байна) томилно. Тэд Гэрч эцэг эхийг нь эсвэл харж ханддаг хүнийг нь байлцуулан тухайн хүүхэдтэй ярилцлага хийнэ. Хүүхэд Библийн үндсэн сургаалыг мэддэг, дэлгэрүүлэх ажилд оролцохыг хүсдэг нь илэрхий бол ахиц дэвшил гаргаж байгаагийн нэг илрэл юм. Үүнийг бодолцож үзсэний дараа насанд хүрсэн хүнд тавигддаг шаардлагуудыг ерөнхийд нь хэлэлцэж тухайн хүүхэд баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох шаардлага хангаж байгаа эсэхийг хоёр ахлагч шийддэг (Лук 6:45; Ром 10:10). Насанд хүрсэн хүмүүсээс асуудаг асуултуудын заримыг хүүхдээс асуух шаардлагагүй бол тэдгээрийг хэлэлцэх хэрэггүй.
15 Ахлагчид тухайн хүүхэдтэй ярилцлага хийх үедээ ахиц дэвшил гаргаж байгааг нь магтаж, баптисм хүртэх зорилго тавихыг хэлж, урамшуулах учиртай. Эцэг эхчүүд үр хүүхдээ Библийн зарчмын дагуу өсгөж хүмүүжүүлэхийн тулд нөр их хөдөлмөрлөдөг учраас тэднийг бас магтах нь зүйтэй. Хүүхдэдээ цаашдаа ч туслахын тулд энэ номын 179–181 дүгээр хуудсанд буй «Гэрч эцэг эхчүүдэд зориулсан заавар» гэсэн хавсралтыг үзэхийг эцэг эхчүүдэд зөвлөх хэрэгтэй.
БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛЖ, БАПТИСМ ХҮРТЭХ НЬ
16 Хэрэв та Еховаг таньж мэдэн, түүнийг хайрлаж, дэлгэрүүлэгчид тавигдах шаардлагуудыг хангаж дэлгэрүүлэх ажилд оролцдог болсон бол одоо яах нь зүйтэй вэ? Еховатай улам дотно болох хэрэгтэй. Яаж? Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртээрэй (Мат. 28:19, 20).
17 Бурханд өөрийгөө зориулна гэдэг нь ариун зорилгын төлөө тусгаар, ангид байхыг хэлдэг. Еховад өөрийгөө яаж зориулах вэ? Еховагийн төлөө амьдарч, хууль тушаалыг нь хэзээ ямагт биелүүлэхээ амлаж, залбирдаг. Өөрөөр хэлбэл Еховад үүрд, чин үнэнч үйлчлэхээр шийднэ гэсэн үг (Д.хууль 5:9). Энэ бол хувь хүний өөрөө шийдэх зүйл юм. Хэн ч таны өмнөөс шийдвэр гаргах ёсгүй.
18 Та үйлчлэгч нь болох хүсэлтэйгээ Еховад хувьчлан хэлсэн бол үүнийгээ олон нийтэд батлан харуулах хэрэгтэй. Ингэхийн тулд Есүсийн адилаар усанд булхан баптисм хүртэх учиртай (1 Петр 2:21; 3:21). Хэрэв та Еховад үйлчилж, баптисм хүртэхийг хүсэж байвал юу хийх хэрэгтэй вэ? Үүнийгээ ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид хэлэх хэрэгтэй. Таныг баптисм хүртэх шаардлага хангасан эсэхийг мэдэхийн тулд тантай ярилцлага хийх ахлагчдыг тэрээр томилно. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ номын 182–184 дүгээр хуудсан дахь «Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчдэд зориулсан заавар», 185–207 дугаар хуудсан дахь «Баптисм хүртэх хүмүүст зориулсан асуулт» хэсгийг үзнэ үү.
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭ ТАЙЛАГНАХ НЬ
19 Дэлхий дахинд цэвэр шүтлэг хэрхэн түгэн дэлгэрч буйг байгууллага маань жил бүр тайлагнадаг. Энэ нь бидний урам зоригийг бадраадаг. Сайн мэдээг «дэлхий даяар гэрчилнэ» гэсэн Есүсийн үгийг шавь нар нь анх сонсоод яаж ингэх юм бол гэж ихэд сонирхсон биз ээ (Мат. 28:19, 20; Марк 13:10; Үйлс 1:8).
20 Есүсийн эртний дагалдагчид дэлгэрүүлэх ажлын амжилтын талаар шимтэн сонсдог байсан (Марк 6:30). МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхны агуу хүч 120 орчим хүн дээр буусныг «Үйлс» номд тэмдэглэсэн байдаг. Удалгүй шавь нарын тоо 3000-д, дараа нь 5000-д хүрчээ. «Еховагийн ачаар шавь нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж» мөн «тахилчдын дундаас олон хүн шавь болж байв» гэж цааш нь бичжээ (Үйлс 1:15; 2:5–11, 41, 47; 4:4; 6:7). Үүнийг сонсоод шавь нар хэчнээн их баярласан бол оо! Баяр хөөрөөр цалгисан тэд Иудейн шашны удирдагчдын өдөөсөн ширүүн хавчлагыг үл тоон Бурхны даалгасан ажлыг зогсолтгүй хийсээр байв.
21 Паул МЭ 60, 61 оны үед Колосай дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «сайн мэдээ нь дэлхий даяар түгэн дэлгэрч, жимс ургуулж байгааг», «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсаныг» хэлжээ (Кол. 1:5, 6, 23). Есүсийн эртний дагалдагчид Бурхны Үгэн дэх хууль тушаалыг дуулгавартай сахисан бөгөөд МЭ 70 онд иудейн тогтолцоо сүйрэхээс өмнө дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийхэд нь Бурхны агуу хүч тусалсан. Тэдний гаргасан амжилтыг Колосай дахь итгэл нэгтнүүд нь сонсоод урамшин зоригжсон нь лавтай!
Төгсгөл ирэхээс өмнө хүмүүст сайн мэдээ хүргэх ажил хэр өргөн далайцтай өрнөж байгааг та анхаардаг уу?
22 Матай 24:14-т буй «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэсэн зөгнөл хэрхэн биелж байгааг манай байгууллага одоо ч тайлагнадаг. Өөрт нь амь амьдралаа зориулсан үйлчлэгчдэдээ Бурхан хойшлуулшгүй чухал ажил даалгасан. Төгсгөл ирэхээс өмнө бусдад сайн мэдээ хүргэх энэ ажил хэр өргөн далайцтай өрнөж байгааг бид дор бүрнээ анхаарах учиртай. Энэ ажил бүрэн дуусах хүртэл Ехова удирдан чиглүүлнэ. Харин бид сайн мэдээ тунхаглах ажилд хувь нэмрээ оруулдаг бол Еховагийн сайшаалыг хүлээнэ (Езе. 3:18–21).
ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН
23 Бид юу тайлагнадаг вэ? Манай байгууллагаас гаргадаг «Дэлгэрүүлэх ажлын тайлан» гэсэн хуудсанд тайлагнах ёстой зүйлсийг бичсэн байдаг. Энэ хуудсыг яаж бөглөдгийг авч үзье.
24 «Дэлгэрүүлэх ажлын тайлан»-гийн хуудсанд «Тараасан материал (Хэвлэмэл болон цахим)» гэсэн мөр бий. Баптисм хүртээгүй хүмүүст өгсөн бүх хэвлэлийн тоог энэ баганад бичнэ. Ингэхдээ хэвлэмэл болон цахим хэлбэрээр тараасан бүх хэвлэлийг оруулна. «Үзүүлсэн видео» гэсэн дараагийн баганад байгууллагаас гаргасан видеоноос хэдэн удаа үзүүлснээ бичдэг.
25 Баптисм хүртээгүй суралцагч эсвэл сонирхсон хүн дээр дахин очиж, Библийн үнэний тухай ярилцсан бол давтан уулзалт гэж тооцно. Тийм хүмүүстэй нийт хэдэн удаа уулзсанаа «Давтан уулзалт» гэсэн баганад бичнэ. Сонирхсон хүнтэй хувьчлан уулзахаас гадна захиа бичих, утсаар ярих, мессеж бичих, э-мэйл явуулах эсвэл ном хэвлэл өгөх зэрэг ч давтан уулзалтад орно. Мөн Библийн хичээл хийх болгондоо давтан уулзалт гэж тооцно. Эцэг эхчүүдийн хувьд баптисм хүртээгүй хүүхэдтэйгээ долоо хоногт хэдэн ч удаа гэр бүлийн хичээл хийсэн бай, нэг давтан уулзалт гэж тооцон, хичээлээ удирддаг нь бөглөнө.
26 Библийн хичээлийг ихэвчлэн долоо хоног бүр хийдэг ч сарын эцэст нэг хичээл гэж бичдэг. Дэлгэрүүлэгч сарын турш хэд хэдэн хүнтэй Библийн хичээл хийсэн бол суралцагчдын тоог бичнэ. Библийн хичээл хийсэн хүний тоонд баптисм хүртээгүй хүмүүс орно. Бас идэвхгүй болсон хүнтэй хичээл хийхийг Үйлчлэлийн хорооноос танд санал болговол тэр хичээлийг ч оруулна. Түүнээс гадна баптисм хүртсэн ч «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг судалж дуусаагүй хүнтэй хичээл хийдэг бол Библийн хичээл гэж үзнэ.
27 «Цаг» гэсэн хэсгийг үнэн зөв бөглөх ёстой. Ер нь, айлаар дэлгэрүүлсэн, давтан уулзсан, Библийн хичээл хийсэн гэх зэрэг байгууллагын заавраар албан ёсоор дэлгэрүүлсэн бүх цагийг тооцдог. Баптисм хүртээгүй хүмүүст албан бусаар дэлгэрүүлсэн цагийг ч мөн тооцно. Хоёр дэлгэрүүлэгч давтан уулзалт юм уу Библийн хичээл хийхээр хамт явсан тохиолдолд дэлгэрүүлсэн цагаа хоёулаа тооцож болно. Харин давтан уулзалт, Библийн хичээл хийсэн хүн л давтан уулзалтын тоог бичнэ. Хүүхэдтэйгээ гэр бүлийн хичээл хийсэн бол эцэг эхийн хэн хэн нь долоо хоногт дээд тал нь нэг цагийг тооцдог. Гэрч эрчүүд нийтийн илтгэл тавьсан цагаа тооцож болно. Нийтийн илтгэлийг орчуулсан хүн бас цаг тооцож болно. Харин дэлгэрүүлэх ажилд бэлдэх, дэлгэрүүлэх ажлын цуглаанд суух, хувийн ажлаа амжуулах зэрэг заавал хийх хэрэгтэй зүйлийг хийлээ ч дэлгэрүүлсэн цагт оруулдаггүй.
28 Дэлгэрүүлэгч бүр цагаа хэрхэн тооцохоо залбирч байгаад Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу шийдэх нь зүйтэй. Зарим дэлгэрүүлэгч, хүн ам шигүү суурьшсан газар дэлгэрүүлдэг байхад, нөгөө зарим нь хүн ам цөөтэй газар дэлгэрүүлдэг бөгөөд зорьсон газраа очихын тулд тодорхой цаг зарцуулдаг. Дэлгэрүүлэх нутаг дэвсгэр харилцан адилгүй байдаг учраас дэлгэрүүлэгчдийн цагаа тооцох арга нь ялгаатай байдаг. Удирдах Зөвлөл дэлгэрүүлэх ажлын цагийг хэрхэн тооцох талаар дэлхий дахинд буй итгэл нэгтнүүддээ хатуу ягшмал заавар өгдөггүй. Мөн дэлгэрүүлсэн цагаа зөв тооцож байгаа эсэхийг нь шалгадаггүй (Мат. 6:1; 7:1; 1 Тим. 1:5).
29 Дэлгэрүүлэгчид «Цаг» гэсэн хэсгийг бөглөхдөө минутаар биш цагаар бичих ёстой. Гэхдээ онцгой тохиолдол гэж бий. Жишээ нь өндөр настай, хэвтрийн дэглэм сахидаг, асрамжийн газар амьдардаг болон эрүүл мэндийн шалтгаанаас болоод удаан дэлгэрүүлж чаддаггүй дэлгэрүүлэгчид 15 минутыг нэг нэгжид тооцон тайландаа бичиж болдог. Тийм хүн сард 15 минут дэлгэрүүлсэн байлаа ч тайландаа бичих хэрэгтэй. Тэр хүнийг идэвхгүй дэлгэрүүлэгч гэж үзэхгүй. Бас өвчин тусаад сар орчмын хугацаанд хөдөлж чадахгүй болсон, хүнд гэмтэл авсан, эсвэл хүнд өвчин туссан хүн дээрх зарчмын дагуу тайланг бичнэ. Дэлгэрүүлэх боломж тун хомс хүмүүст л энэ журам хамаарна. Хэн энэ журмын дагуу тайлан өгч болохыг Үйлчлэлийн хороо шийддэг.
«ХУРЛЫН ДЭЛГЭРҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ»
30 Сар бүр таны дэлгэрүүлсэн цаг «Хурлын дэлгэрүүлэгчийн мэдээлэл»-д бичигддэг. Энэ мэдээллийг тухайн хурал хариуцдаг. Хэрэв та өөр хурал руу шилжихээр төлөвлөж байгаа бол энэ тухайгаа ахлагчдад мэдэгдэх хэрэгтэй. Хурлын нарийн бичиг таны мэдээллийг шинэ хурал руу илгээнэ. Үүний ачаар шинэ хурлын ахлагчид таныг халуун дотноор угтан авч, Еховатай тогтоосон харьцааг тань бат бэх байлгахад хэрэгтэй тусламжийг үзүүлдэг. Хэрэв та 3 сар хүрэхгүй хугацаанд өөр хуралд байхаар бол дэлгэрүүлэх ажлын тайлангаа өмнөх хурлын ахлагчид руу явуулж байгаарай.
ЯАГААД ТАЙЛАН ӨГДӨГ ВЭ?
31 Та заримдаа тайлангаа өгөхөө мартчихдаг уу? Үнэндээ мартчихдаг үе байдаг. Гэхдээ бид тайлангаа цаг тухайд нь өгөх талаар үргэлж зөв үзэлтэй байж, хэр зэрэг чухал болохыг нь ойлгодог бол тайлангаа аль болох хугацаанд нь тогтмол өгөх биз ээ.
32 Зарим хүнд ийм бодол төрж болох юм. «Ехова өөрт нь хэрхэн үйлчилж байгааг маань мэднэ шүү дээ. Яагаад заавал тайлан бичих ёстой юм бол?». Үнэндээ бол Ехова бидний юу хийж байгааг, өөрт нь чин сэтгэлээсээ үйлчилж байна уу, эсвэл боломж бололцоогоо бүрэн дайчлахгүй хойш суугаад байна уу гэдгийг маань мэддэг. Гэсэн хэдий ч тэрээр Ноа хэдэн өдөр хөвөгч авдарт байсныг, израйлчууд хэдэн жил цөлөөр явсныг өөрийн Үг Библид тэмдэглэн үлдээсэн шүү дээ. Бас үйлчлэгчдийнх нь хэд нь үнэнч байсныг, хэд нь үнэнч бус болсныг бичсэн байдаг. Канаан нутгийг хэрхэн эзэлж авсныг, Израйлын үнэнч шүүгчид ямар амжилт гаргасныг нэг бүрчлэн бичүүлсэн. Ехова үйлчлэгчдийнхээ юу хийж бүтээснийг Библид дэлгэрэнгүй бичүүлсэн байдаг. Энэ бүхнийг агуу хүчээрээ удирдуулан бичүүлснийг нь бодож үзвэл Бурхан болсон явдлыг үнэн зөвөөр нь бичиж үлдээхийг их чухалд үздэг байх нь ээ.
33 Еховагийн ард түмэн болсон явдлыг үнэн зөв тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнийг Библид гардаг түүхэн үйл явдлууд баталдаг. Хэрэв нарийн ширийн тоо баримтыг дурдаагүй байсан бол Библид гардаг олон үйл явдлыг бүрэн дүүрэн ойлгох боломжгүй байсан. Жишээлбэл Эхлэл 46:27; Египетээс гарсан нь 12:37; Шүүгчид 7:7; Хаадын дэд 19:35; Шастирын дэд 14:9–13; Ёохан 6:10; 21:11; Үйлс 2:41; 19:19 зэргийг дурдаж болно.
34 Бид Ехова Бурхныхаа төлөө хийсэн бүхнээ тайландаа нэг бүрчлэн бичдэггүй. Гэхдээ тайлан өгдөг маань байгууллагынхаа үйл ажиллагаанд тус дэм үзүүлж байгаа хэрэг юм. I зуунд элч нар дэлгэрүүлэх аянаас буцаж ирээд «юу хийж, юу зааснаа» Есүст тайлагнасан (Марк 6:30). Байгууллага бидний тайлангаас үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд юуг анхаарах ёстойг мэдэж авдаг. Мөн хаана ахиц дэвшил гарсныг, хаана өсөлт удааширч байгааг, тухайлбал дэлгэрүүлэгчдийн тоо нэмэгдэхгүй байгааг анзаардаг. Ийнхүү дэлгэрүүлэгчдийг хэрхэн урамшуулахаа, ямар асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгааг олж мэддэг. Хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд тайланг хараад хувь хүнд эсвэл хурлынханд ахиж дэвшихэд юу саад болж байгааг анзаарч, шаардлагатай арга хэмжээг авдаг.
35 Аль газар дэлгэрүүлэгч хэрэгтэйг бас тайлангаас мэдэж авдаг. Хаана өсөж байгааг, хаана өсөлт удаан байгааг мэдэж болдог. Хүмүүст үнэнийг хүргэхэд ямар хэвлэл хэрэгтэй байгаа нь ч тайлангаас харагддаг. Түүнээс гадна дэлгэрүүлэх ажилд ямар ямар хэвлэл хэрэгтэй байгааг мэдэж аваад тухайн улс орнуудыг шаардлагатай хэвлэлээр хангадаг.
36 Тайланг үзээд урамшин зоригждог хүн олон. Дэлхий дахины итгэл нэгтнүүд маань сайн мэдээг хэрхэн тунхаглаж байгааг мэдэхлээр бид бүхний сэтгэл хөдөлдөг шүү дээ. Тайланд дурдсан янз бүрийн өсөлтийг хараад байгууллагынхаа хэр өргөжин тэлж байгааг мэдэж авдаг. Дэлгэрүүлэх ажлын сонин сайхныг уншаад зүрх сэтгэл маань баяр хөөрөөр цалгиж улам хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх хүсэл оргилдог (Үйлс 15:3). Тиймээс тайлангаа цагт нь өгөх нь их чухал бөгөөд дэлхий дахины итгэл нэгтнүүддээ санаа тавьж байгаа хэрэг юм. Тайлангаа өгөх нь энгийн зүйл хэр нь байгууллагадаа дуулгавартай байдгийн маань нэг баталгаа болдог (Лук 16:10; Евр. 13:17).
ЗОРИЛГО ТАВИХ НЬ
37 Бид хэрхэн дэлгэрүүлдгээ бусдынхтай харьцуулах шаардлагагүй (Гал. 5:26; 6:4). Хүн бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй шүү дээ. Нөгөө талаас хүн бүр хүрч чадах зорилго тавих нь ач тустай. Тэгсний ачаар дэлгэрүүлэх ажилд хэр ахиц дэвшил гаргаж байгаагаа мэдэж чадна. Тэгээд зорилгодоо хүрч ахиж дэвшихлээрээ сэтгэл хангалуун болдог.
38 Ехова «агуу их гамшгийн» үед аврах хүмүүсээ цуглуулах ажлыг өмнөхөөсөө илүү яаравчилж байгаа нь илт байна. Исаиагийн хэлсэн дараах зөгнөл яг одоо биелж байна. «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» (Илч. 7:9, 14; Ис. 60:22). Өнөөгийн эцсийн өдрүүдэд сайн мэдээ тунхаглагч байна гэдэг маань хэчнээн том завшаан бэ! (Мат. 24:14).