Ёоханд илчилсэн нь
3 Сард дахь хурлын элчид ингэж бич. Бурхны долоон хүч болон долоон одтой нэгэн эдгээрийг айлдаж байна. “Би чиний ажил үйлсийг, амьд нэртэй боловч үхсэн гэдгийг чинь мэдэж байна. 2 Сэргэг бай. Үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь чи Бурхны минь өмнө хийх ёстой юмаа бүрэн гүйцэд хийгээгүй байна. 3 Тиймээс яаж хүлээж авснаа, яаж сонссоноо сана. Түүнийгээ хадгал, гэмш. Хэрэв сэрэхгүй бол би хулгайч шиг очно. Хэзээ очихыг минь чи огт мэдэхгүй.
4 Гэхдээ хувцсаа бузарлаагүй цөөн хүн* Сард хуралд бий. Тэд надтай хамт цагаан хувцастай алхана. Учир нь тэд зохистой хүмүүс юм. 5 Ялсан нэгэн цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номноос хэзээ ч арилгахгүй бөгөөд Эцгийнхээ болон элчүүдийнх нь өмнө нэрийг нь хүлээн зөвшөөрнө. 6 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.
7 Филаделф дахь хурлын элчид ингэж бич. Хэн ч хааж чадахааргүй нээдэг, хэн ч нээж чадахааргүй хаадаг, Давидын түлхүүртэй, үнэн, ариун нэгэн эдгээрийг айлдаж байна. 8 “Би чиний ажил үйлсийг мэднэ. Хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг би чиний өмнө тавьсан. Чи хүч чадал багатай ч үгийг минь дагасан, миний нэрийг үгүйсгээгүйг мэднэ. 9 Иудей биш атлаа өөрсдийгөө иудей гэдэг, худал яригч, Сатаны синагогийн хүмүүсийг би ирүүлээд хөлийн чинь өмнө сөхрүүлж, чамайг хайрласан гэдгээ тэдэнд мэдүүлнэ. 10 Чи намайг дуурайж тэвчсэн учир дэлхий дахиныг хамарч, дээр нь нутагладаг бүх хүнийг сорих тэр сорилтын цаг болоход би чамайг хамгаална. 11 Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахиж бай.
12 Ялагчийг би Бурхныхаа сүмд багана болгоно. Түүнийг хэн ч тэндээс гаргахгүй. Би түүн дээр Бурхныхаа нэрийг, тэнгэрээс миний Бурхнаас буун ирэх шинэ Иерусалим буюу Бурхныхаа хотын нэрийг, өөрийнхөө шинэ нэрийг бичнэ. 13 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.
14 Лаодик дахь хурлын элчид ингэж бич. Амен, үнэнч бөгөөд жинхэнэ гэрч, Бурхны анхны бүтээл эдгээрийг айлдаж байна. 15 “Би чиний ажил үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг мэднэ. Чамайг хүйтэн, эсвэл халуун байгаасай гэж хүсэж байна. 16 Чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн учраас би бөөлжиж, чамайг амнаасаа гаргана. 17 Яагаад гэвэл, чи: «Би баян. Эд баялаг хураасан бөгөөд дутах юм огт алга» гэдэг. Гэхдээ чи хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. 18 Баяжихын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслах буюу нүцгэн гэдгээ хүмүүст харуулж ичгүүр болохгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдний тос надаас худалдаж авахыг би чамд зөвлөе.
19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс хичээл зүтгэлтэй бай, гэмш. 20 Би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэн дууг минь сонсоод үүдээ нээнэ, би гэрт нь орно. Би түүнтэй, тэрээр надтай хамт оройн зоог барина. 21 Намайг ялахад сэнтийд нь хамт суухыг Эцэг минь зөвшөөрсөн билээ. Үүнчлэн сэнтийд минь надтай хамт суухыг ялсан хүнд би зөвшөөрнө. 22 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”».