Элчүүдийн үйлс
8 Стефаныг алсан хэрэг явдлыг Саул сайшааж байлаа.
Тэр өдрөөс эхлэн Иерусалим дахь хурлыг харгис ширүүн хавчжээ. Элчүүдээс бусад бүх шавь Иудей, Самари даяар тархав. 2 Бурханд үнэнч хүмүүс Стефаныг авч яваад оршуулж, ихэд гашууджээ. 3 Харин Саул хурлыг бусниулж эхлэв. Айлд орж, эр эм гэлгүй чирч гаргаад шоронд хийлгэж байв.
4 Харин тархаж явсан дагалдагчид газар бүр сайн мэдээ тунхаглаж байлаа. 5 Филип Самари хотод* очоод тэндхийн хүмүүст Христийн тухай дэлгэрүүлж эхлэв. 6 Хүмүүс түүний үгийг анхааран сонсож, гайхамшиг үйлдэхийг нь ажиглан хардаг байлаа. 7 Чөтгөрт эзэмдүүлсэн хүн олон байсан бөгөөд чөтгөрүүд хүнээс гарахдаа чанга хашхирдаг байв. Бас саа өвчтэй, доголон хүмүүсийг эдгээжээ. 8 Тиймээс хотынхон үлэмж их баяр хөөр болж байлаа.
9 Тэр хотод Симон гэгч эр байжээ. Тэрээр ид шид үйлдэн Самарийн хүмүүсийг гайхшируулж, өөрийгөө ихэд өргөмжилдөг байв. 10 Хотынхон бүгдээрээ, өчүүхэн нь ч, агуу нь ч түүнийг биширч, «Энэ хүн Бурхнаас хүч чадал авчээ» гэдэг байжээ. 11 Симон олон жил ид шид үйлдсээр хүмүүсийн анхаарлыг татсан байв. 12 Харин Бурхны Хаант төр болон Есүс Христийн* тухай сайн мэдээ тунхаглаж байсан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс баптисм хүртэж байв. 13 Симон ч бас Есүст итгэдэг болж баптисм хүртсэнээсээ хойш Филиптэй хамт байх болжээ. Филипийг гайхамшиг үйлдэхэд тун их гайхдаг байлаа.
14 Самаричууд Бурхны үгийг хүлээж авсныг Иерусалим дахь элчүүд дуулаад Петр Ёохан хоёрыг явуулахад 15 тэнд очоод тэдэнд агуу хүч өгүүлэхийн тулд Бурханд залбирчээ. 16 Учир нь самаричууд Бурхны агуу хүчийг аваагүй, Эзэн Есүсийн нэрээр* баптисм хүртсэн л хүмүүс байлаа. 17 Петр Ёохан хоёрыг тэдэн дээр гараа тавихад тэд Бурхны агуу хүчийг авчээ.
18 Элчүүдийг гараа тавихад Бурхан дагалдагчдад агуу хүч өгөхийг харсан Симон тэдэнд мөнгө амлан 19 «Намайг бас ийм эрх мэдэлтэй болгож өгөөч. Би ч бас хүмүүсийн дээр гараа тавьж, Бурхны агуу хүчийг өгмөөр байна» гэхэд 20 Петр: «Чи Бурхны бэлгийг мөнгөөр авч болдог гэж санаа юу? Мөнгө чинь чамтай хамт сөнөг. 21 Бурхан шударга бусыг чинь харж байгаа учраас энэ үйл хэрэгт чамайг оролцуулахгүй. 22 Тиймээс гэмш, энэ явдлаа орхи. Еховагаас* гуйж, буруу бодлоо зас. Тэгвэл Бурхан чамайг уучилна. 23 Чи дэндүү атаархуу* бөгөөд муу юманд боолчлогджээ» гэж хэлэв. 24 Тэгэхэд Симон тэдэнд «Ийм юм надад бүү тохиолдог. Та миний төлөө Еховагаас* гуйж өгөөч» гэж хэлжээ.
25 Ийнхүү Петр Ёохан хоёр сайтар гэрчилж, Еховагийн* үгийг тунхаглаад Иерусалим руу буцав. Тэд замдаа самаричуудын тосгодоор дайран сайн мэдээ түгээж явлаа.
26 Еховагийн* тэнгэрийн элч: «Бос, өмнө зүг рүү явж, Иерусалимаас Газ хүрэх зам руу оч. (Энэ нь цөлийн зам)» гэж Филипт хэлэхэд 27 босож яваад Этиопын хатан Кандакт үйлчилдэг, эрдэнэсийн санг нь хариуцдаг тайгантай* тааралдав. Тэр хүн Бурханд мөргөхөөр Иерусалим орчихоод 28 буцаж явжээ. Тайган тэргэндээ суугаад зөнч Исаиагийн номыг чангаар уншиж байлаа. 29 Бурхан агуу хүчээрээ Филипт заавар өгч «Тэр тэргийг гүйцэж оч» гэхэд 30 Филип гүйсээр зэрэгцэж очтол өнөөх хүн зөнч Исаиагийн номоос чанга дуугаар уншиж байгаа нь сонсдов. Тэгээд Филип: «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» гэж асуухад 31 «Хэн ч тайлбарлаж өгөхгүй бол би яаж ойлгох билээ» гээд Филипийг тэргэндээ суулгав. 32 Тайган Судраас «Тэрээр, нядлагч руу хонь мэт хүргэгдэв. Хурга хяргуулахдаа дуугүй байдгийн адил дуугүй байна. 33 Тэд шударга ёсыг уландаа гишгэн түүнийг доромжлов. Түүний удам судрын талаар хэн ярих вэ? Учир нь тэрээр хөнөөгдөнө, дэлхий дээр байхгүй болно» гэж бичсэнийг уншиж байлаа.
34 Өнөөх тайган: «Энэ зөнч хэний тухай хэлээд байна вэ? Өөрийнхөө тухай юу? Өрөөл бусдын тухай юу? Надад хэлж өгөөч» гэхэд 35 Филип Судрын тэр хэсгийг эхэлж тайлбарлаад Есүсийн тухай сайн мэдээг хүргэжээ. 36 Тэд явсаар устай газар хүрч ирэхэд тайган хүн: «Ус байна. Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» гэж хэлэв. 37 —* 38 Тэгээд тэргийг зогсоохыг тушаагаад хоёулаа ус руу орж, Филип түүнд баптисм хүртээв. 39 Тэднийг уснаас гарахад Ехова* агуу хүчээрээ Филипийг тэр даруй авч одлоо. Тайган түүнийг дахин хараагүй ч сэтгэл дүүрэн цааш явжээ. 40 Харин Филип Ашдодод ирсэн байлаа. Тэгээд тэр нутгаар явж, Цезариад хүртлээ бүх хотод сайн мэдээ тунхагласаар байлаа.