Тооллого
36 Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн ач, Махирын хүү Гилеадын ургийн тэргүүнүүд нь Мосе болон Израйлын бусад ургийн тэргүүнүүд буюу удирдагчид дээр очоод 2 «Израйлчуудад өв болох газар нутгийг шавгаар хуваарилж өгөхийг эзэн танд Ехова тушаасан билээ. Бас Ехова Зелофехад ахын маань өвийг охидод нь өгөөрэй гэж эзэн танд тушаасан. 3 Хэрэв охид нь Израйлын өөр овгийн хүнтэй суувал тэдний өв хөрөнгө эцэг өвгөдийн маань өв хөрөнгө биш болж, суух хүнийх нь овгийн өв хөрөнгө болно. Тэгээд бид шавгаар оногдсон өв хөрөнгөөсөө алдана. 4 Израйлчуудын Чөлөөлөлтийн жил болоход охидын өв хөрөнгө харьяалагдаж байгаа овгийнх нь өв хөрөнгө дээр нэмэгдэнэ. Харин эцэг өвгөдийн маань овгийн өв хөрөнгөөс хасагдана» гэв.
5 Тэгэхэд нь Мосе Еховагийн тушаалаар израйлчуудад «Иосефын хөвгүүдийн овгийнхон зөв үг хэллээ. 6 Ехова Зелофехадын охидын талаар ингэж тушааж байна. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэж болно. Гэхдээ эцгийнхээ овгийн ургийн хүнтэй л гэрлэх ёстой. 7 Израйлчуудын өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй. Учир нь израйлчууд эцэг өвгөдийнхөө овгийн өвийг авч үлдэх ёстой. 8 Израйлын овгуудын дунд өв эзэмшдэг эмэгтэй эцгийнхээ овгийн хүнтэй суух ёстой. Ингэж байж израйлчууд эцэг өвгөдийнхөө өв эзэмшлийг авч үлдэнэ. 9 Нэг овгийн өвийг нөгөө овог руу шилжүүлэх ёсгүй. Яагаад гэвэл Израйлын овгууд өөр өөрсдийнхөө өвийг хадгалж үлдэх ёстой”» гэлээ.
10 Зелофехадын охид Еховагийн Мосед тушаасныг яг таг биелүүлжээ. 11 Зелофехадын охид болох Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар авгуудынхаа хөвгүүдтэй гэрлэв. 12 Тэд Иосефын хүү Манассегийн ургуудын эрчүүдтэй гэрлэж, тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлджээ.
13 Ехова эдгээр тушаал, шийдвэрийг Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд Мосегоор дамжуулан израйлчуудад өгсөн юм.