Еховаг ямагт санаж явагтун
«Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан» (ДУУ. 16:8).
1. Библид бичсэн түүх ямар ач холбогдолтой вэ?
ЕХОВАГИЙН ҮГ гайхалтай түүх өгүүлдэг. Бурхан хүн төрөлхтөнд хэрхэн ханддаг хийгээд Бурхны санаа зорилго биелэхэд хувь нэмрээ оруулсан олон хүний тухай энэ ном хэлж өгдөг. Тэдний хэлсэн ярьсан, хийсэн бүтээснийг зүгээр нэг сонин болгох гэж бичсэн юм биш ээ. Чухамдаа бол биднийг Бурхантай улам дотно харьцаатай болоход туслах зорилгоор бичжээ (Иак. 4:8).
2, 3. Дуулал 16:8-ыг тайлбарлана уу.
2 Абрахам, Сара, Мосе, Рут, Давид, Естер, элч Паул нарын Библийн алдартай баатруудын жишээ бидэнд их сургамжтай. Бас бидний тэр бүр сайн мэддэггүй Библийн баатруудын түүх ч ач тустай. Тэдний түүх намтрыг уншиж, эргэцүүлэн боддог бол «Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» хэмээсэн дуулалч шиг байж чадна (Дуу. 16:8). Дуулалчийн үгийг сайн ойлгоход дараах жишээ тусална.
3 Эрт цагт цэргүүд сэлмээ баруун гартаа, бамбайгаа зүүн гартаа барин тулалддаг байсан учир баруун тал нь бүрэн хамгаалалтгүй байв. Гэхдээ үнэнч нөхөр нь баруун талд нь тулалдаж, хамгаалдаг байжээ. Бид Бурхныг «өөрийн өмнө... тавих» буюу ямагт санаж, хүсэл тааллыг нь биелүүлдэг бол тэрбээр биднийг хамгаална. Итгэлээ бэхжүүлэн, «ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж тавихын» тулд Библийн баатруудын жишээг эргэцүүлэн бодох нь ямар ач тустайг энэ өгүүллээр үзье.
Ехова бидний залбиралд хариулдаг
4. Бурхан залбиралд хариулдгийг батлах Библийн жишээ хэлнэ үү.
4 Еховаг ямагт санаж явбал залбиралд маань хариулна (Дуу. 65:2; 66:19). Абрахамын хамгийн ахмад зарцад тохиолдсон явдал үүнийг баталдаг. Тэр зарц нь Елиезер байсан бололтой. Абрахам хүү Исаактай нь гэрлэх, Ехова Бурхныг шүтдэг бүсгүйг олуулахаар зарц Елиезерийг Месопотами руу явуулжээ. Елиезер Еховагаас удирдлага гуйн залбирдаг. Тэгээд Ребека гэдэг бүсгүйтэй тааралдаж, тэр бүсгүй тэмээнүүдийг нь услахад Бурхан залбиралд нь хариулсныг ойлгодог. Тэрбээр шаргуу залбирсныхаа ачаар л Исаакийн хайрыг булаасан эхнэр болох хүнийг олжээ (Эхл. 24:12–14, 67). Бид Абрахамын зарц шиг тусгай даалгавар аваагүй боловч Бурхныг залбиралд маань хариулна гэдэгт итгэлтэй байцгаая.
5. Дотроо товчхон залбирахад ч Ехова сонсдог гэж хэлэхийн учир юу вэ?
5 Хоромхон хугацаанд амжиж залбиран тусламж гуйх хэрэг гарч болох юм. Нэгэн удаа Персийн Артаксеркс хаан, сөнч Нехемиагийн гунигтай байхыг ажиглаад: «Чи юу гуймаар байна вэ?» хэмээн асуужээ. Нехемиа тэр даруйд «тэнгэрийн Бурханд залбирлаа» гэж Библид байдаг. Тэрбээр хоромхон зуур залбирсан бололтой. Хожим нь хаан Иерусалимын хэрмийг сэргээн барихад тусалсан нь Бурхан тэр залбиралд нь хариулсан хэрэг байжээ (Нехемиа 2:1–8-ыг уншина уу). Дотроо товчхон залбирахад ч Бурхан сонсдогийг энэ явдал баталж байна.
6, 7. а) Епафр ямар жишээ үлдээсэн бэ? б) Бусдынхаа төлөө залбирахын учир юу вэ?
6 Бусдын төлөө залбирахад Бурхан яаж хариулдгийг сайн мэдэхгүй байлаа ч, бид «бие биеийнхээ төлөө залбирах» учиртай (Иак. 5:16). «Христийн итгэлт үйлчлэгч» Епафр итгэл нэгтнүүдийнхээ төлөө шаргуу залбирдаг хүн байжээ. Элч Паул Ромд байхдаа Колоссай хотын христиануудад: «Та нарын нэг, Христ Есүсийн боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурхны бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна. Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна» хэмээн бичжээ (Кол. 1:7; 4:12, 13).
7 Колоссай, Лаодик, Хиерапол бол Бага Азийн хотууд байсан юм. Хиераполын христиануудад дарь эх Кибелаг шүтдэг хүмүүс, Лаодикийн христиануудад эд баялгийн хойноос хөөцөлдөх үзэл, харин колоссайчуудад гүн ухааны сургаал аюул учруулж байжээ (Кол. 2:8). Тэгэхлээр, Колоссайн уугуул Епафр яагаад хотынхоо итгэл нэгтнүүдийн төлөө «үргэлж залбиран тэмцэлдэж байсан» нь ойлгомжтой боллоо. Бурхан залбиралд нь хариулсан эсэхийг Библид бичээгүй боловч Епафр итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирахаа болиогүй биз ээ. Бид ч итгэл нэгт ах дүүсийнхээ төлөө үргэлж залбирах учиртай. Христиан хүн «бусдын хэрэгт хошуу дүрдэггүй» боловч хүнд сорилтод орсон гэр бүлийн гишүүн, итгэл нэгт нөхдөдөө санаа тавих ёстой (1 Петр 4:15). Тиймээс, ганцаараа залбирахдаа тэдний төлөө залбирах нь зүйтэй. Итгэл нэгтнүүдийнх нь залбирал Паулд их дэм өгдөг байсан шиг бидний залбирал ч бусдад тус болно (2 Кор. 1:10, 11).
8. а) Ефесийн ахлагчид Бурханд залбирах завшааныг эрхэмлэдэг байсан нь юунаас харагддаг вэ? б) Бид залбирлыг юу гэж үзэх ёстой вэ?
8 Тэгвэл та Бурханд залбирах завшааныг эрхэмлэн, тогтмол, шаргуу залбирдаг уу? Паул Ефес хотын хурлын ахлагчидтай уулзаад, «тэдний хамт өвдөг сөгдөн залбирав». Тэгтэл тэд «чангаар уйлалдан, Паулыг тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа». Учир нь «түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв» (Үйлс 20:36–38). Библид тэдний нэрийг бичээгүй боловч залбирах завшааныг өндөр үнэлдэг хүмүүс байсан нь илэрхий байна. Бид Бурханд залбирах завшаанаа эрхэмлэж, тэнгэрийн Эцэг маань хариулна гэсэн итгэлтэйгээр «ариун гараа өргөх» учиртай (1 Тим. 2:8).
Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байх нь
9, 10. а) Зелофехадын охид ямар жишээ үлдээсэн бэ? б) Ганц бие христианууд Зелофехадын дуулгавартай охидыг хэрхэн дуурайж болох вэ?
9 Еховаг ямагт санаж явах нь дуулгавартай байхад тустай бөгөөд ивээл авчирдаг (Дэд.х. 28:13; 1 Сам. 15:22). Юуны түрүүнд, Бурханд дуулгавартай байя гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй. Мосегийн үед амьдарч байсан Зелофехадын таван охины жишээг үзье. Израильчууд эд хөрөнгөө хөвгүүддээ өвлүүлдэг уламжлалтай байв. Гэтэл Зелофехадыг нас барахад өв залгамжлах хүү байгаагүй тул Ехова бүх хөрөнгийг нь охидод нь өгөхөөр болж, нэгэн болзол тавьжээ. Тэд Манассе овгийн хөвгүүдтэй гэрлэх ёстой болов. Ингэвэл тэдний өв эцгийнх нь овогт харьяалагдан үлдэх байлаа (Тоо. 27:1–8; 36:6–8).
10 Зелофехадын охид Бурханд дуулгавартай л байвал эцэстээ бүх юм сайнаар эргэнэ гэдэгт итгэж байв. Тиймээс «ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв. Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн... авгуудын хөвгүүдтэй гэрлэв. Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв» гэж Библид бичсэн байдаг (Тоо. 36:10–12). Тэд Еховагийн тушаасныг дуулгавартай биелүүлжээ (Иош. 17:3, 4). Өнөөдөр тэдэн шиг бат итгэлтэй, ганц бие, төлөвшсөн христианууд «зөвхөн Эзэн дотор гэрлэх» тушаалыг дуулгавартай сахидаг (1 Кор. 7:39).
11, 12. Калеб Бурханд найддагаа хэрхэн харуулсан бэ?
11 Бас Калеб гэдэг израиль хүн Еховад чин сэтгэлээсээ дуулгавартай байхын үлгэр жишээг үзүүлсэн юм (Дэд.х. 1:36). МЭӨ 16-р зуунд израильчуудыг Египетээс гарсны дараа Мосе Канаан нутгийг тагнуулахаар 12 хүн явуулдаг. Тэднээс Иошуа Калеб хоёр л ард олныг Бурханд бүрэн дүүрэн найдаж, тэр нутагт орохыг уриалж байв (Тоо. 14:6–9). Тэр үеэс хойш дөч орчим жил өнгөрөхөд Иошуа Калеб хоёр урьдын адил Еховаг бүрэн дагаж байсан бөгөөд Иошуа израильчуудыг Амласан нутагт оруулах удирдагчаар томилогдсон байжээ. Харин үнэнч бус арван туршуул цөлөөр 40 жил тэнүүчлэх үедээ үхсэн (Тоо. 14:31–34).
12 Эсэн мэнд үлдсэн Калеб: «Би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан» гэж хэлжээ (Иошуа 14:6–9-ийг уншина уу). Бурхан түүнд уулархаг нутгийг шагнал болгон өгөхөөр амласан байв. Тэр нутагт дайснууд аугаа том бэхлэлт бүхий хотуудад сууж байсан ч наян таван настай Калеб Бурхны амласан нутгийг авахаар болсон (Иош. 14:10–15).
13. Бэрхшээлтэй тулгарсан ч ивээл хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
13 Бурханд үнэнч, дуулгавартай Калебыг дуурайн Еховаг «бүх зүрх сэтгэлээрээ дагадаг» бол бид ч бас Бурхныхаа дэмжлэгийг авна. Хэчнээн их саад тотгор учирсан ч Еховаг «бүх зүрх сэтгэлээрээ дагаж» байсан цагт ивээл хүртэнэ. Гэхдээ Калеб шиг насан туршдаа Бурханд дуулгавартай байх амаргүй. Соломон, хаан болохдоо Еховад дуулгавартай байсан боловч насных нь эцэст эхнэрүүд нь сэтгэлийг нь хуурамч бурхад руу эргүүлсэн учир тэрбээр «эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй» (Х.дээд 11:4–6). Ямар ч сорилт бэрхшээлтэй тулгарсан, Бурхнаа ямагт санаж, чин сэтгэлээсээ дуулгавартай байцгаая.
Еховад үргэлж найдах нь
14, 15. Бурханд найддаг Наомийн жишээ танд ямар сургамжтай вэ?
14 Ирээдүй баргар санагдаж, зовж шаналсан ч Еховад найдах хэрэгтэй. Эр нөхөр, хоёр сайхан хүүгээ алдаж, хагацал үзсэн Наомиг санацгаая. Тэрбээр нас дээр гарсан хойноо Моабаас Иуда нутагтаа ирээд: «Намайг Наоми [„Миний тааламж“ гэсэн утгатай] гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара [„Гашуун“ гэсэн утгатай] хэмээн дууд. Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ?» гэж гашуудан хэлжээ (Рут 1:20, 21).
15 «Рут» номыг анхааралтай уншихад Наоми шаналж байхдаа ч Еховад найдаж байсан нь харагддаг. Тэгтэл үнэхээр санаанд оромгүй явдал болж, Наомийн бэлэвсэн бэр Рут Боазтай гэрлэж, хүү төрүүлсэн! Наоми тэр хүүг асарч, «хөрш эмэгтэйчүүд нь „Наомид хүү төрөв“ хэмээн өгүүлэлдэж, ...тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм» гэж Библид бичсэн байдаг (Рут 4:14–17). Наоми дахин амилаад Рутыг Мессиагийн элэнц эх болсныг мэдэхлээрээ хэчнээн их баярлах бол оо! Тэр үед Рут ч бас амилна (Мат. 1:5, 6, 16). Өнөөдөр тохиолдоод байгаа таагүй явдал алсдаа яахыг бид ч гэсэн мэдэхгүй шүү дээ. Тиймээс, «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн Сургаалт үгс 3:5, 6-д бичсэний дагуу Бурхандаа үргэлж итгэж найдацгаая.
Ариун сүнсэнд найдах нь
16. Бурхны ариун сүнс эртний Израилийн ахмадуудад яаж тусалсан бэ?
16 Еховаг ямагт санаж явбал биднийг ариун сүнсээрээ удирдана (Гал. 5:16–18). Израилийн «ард түмний ачааг... үүрэлцэх» үүрэг хүлээж, Мосед туслахаар томилогдсон 70 ахмадад Бурхан ариун сүнсээ өгсөн. Тэднээс Елдад Медад хоёрын нэрийг л Библид бичсэн байдаг боловч тэд бүгдээрээ ариун сүнсний дэмжлэгтэйгээр үүргээ биелүүлсэн нь гарцаагүй (Тоо. 11:13–29). Далан ахмад урьд нь сонгогдсон хүмүүсийн адилаар Бурхнаас эмээдэг, чадварлаг, шударга, чин сэтгэлтэй хүмүүс байсан нь лавтай (Ег. 18:21). Өнөөгийн христиан ахлагчид бас тэдэн шиг зан чанартай хүмүүс билээ.
17. Израильчуудыг асар барихад Еховагийн ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
17 Израильчуудыг цөлд асар барихад Еховагийн ариун сүнс чухал үүрэг гүйцэтгэсэн. Ехова асар барих ажлыг Безалелд голлон хариуцуулж, амласан ёсоороо түүнийг «мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт ...сүнсээрээ дүүргэсэн» билээ (Ег. 31:3–5). Бас Бурхнаас «ур чадвар» авсан хүмүүс Безалел болон түүний туслах Охолиабтай хамтран энэ завшаантай ажлыг хийсэн. Түүнээс гадна, «зүрхнээсээ өгөхийг хүссэн» хүмүүс Еховагийн ариун сүнсэнд хөтлөгдөн өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн түүхтэй (Ег. 31:6; 35:5, 30–34). Өнөөдөр ч гэсэн ариун сүнс орчин үеийн христиануудад Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавих хүсэл төрүүлдэг (Мат. 6:33). Христиан хүн авьяас чадвартай байж болох ч Бурхны өгсөн даалгаврыг биелүүлье гэвэл ариун сүнс гуйж залбиран, ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй (Лук 11:13).
Еховаг сүсэглэн хүндэтгэх нь
18, 19. а) Ариун сүнс бидэнд ямар хүсэл төрүүлдэг вэ? б) Симеон Анна хоёрын жишээ танд ямар сургамжтай вэ?
18 Еховаг ямагт санаж, сүсэглэн хүндэтгэх хүслийг ариун сүнс төрүүлдэг. Бурхан эртний ард түмэндээ: «Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн... бол түмэн цэргийн ЭЗЭН [Ехова] юм» гэж хэлсэн (Ис. 8:13). Нэгдүгээр зуунд Иерусалимд амьдарч байсан Симеон Анна хоёр Еховаг сүсэглэн хүндэтгэдэг хүмүүс байсан (Лук 2:25–38-ыг уншина уу). Симеон Мессиагийн талаарх зөгнөлд итгэж, «Израилийн тайтгарлыг хүлээж байсан». Бурхан түүнийг амьд байлган, Мессиаг үзүүлнэ гэж амласан байжээ. МЭӨ 2 онд Бурхан энэ амлалтаа биелүүлсэн. Нэгэн өдөр хойд эцэг Иосеф, эх Мариа нь нялх Есүсийг сүмд авчрахад Симеон ариун сүнсээр удирдуулан, Мессиагийн талаар болон хожим нь Есүсийг тарчлаах шонд хадуулан үхэхэд Мариагийн гашуудах талаар зөгнөлийн утгатай үг хэлжээ. Тэрбээр «Эзний Христийг» тэврээд хэчнээн их баярласан бол оо! Симеон Бурхныг сүсэглэн хүндэтгэхийн үнэхээр сайхан жишээг орчин үеийн христиануудад үлдээжээ.
19 Мөн 84 настай бэлэвсэн эмэгтэй Анна «сүмийг хэзээ ч орхилгүй», «мацаг барилт болон залбирлаар» Еховад өдөр шөнөгүй үйлчилдэг хүн байв. Нялх Есүсийг сүмд авчрахад Анна ч бас тэнд байсан билээ. Ирээдүйн Мессиаг үзсэндээ хэчнээн их баярласан бол оо! Анна тэр даруй «Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай ...ярив». Тэрбээр энэ сайн мэдээг хэлэхгүй байж чадаагүй. Өнөөдөр өндөр настай христианууд Бурханд үйлчлэхдээ Симеон Анна хоёр шиг баяртай байдаг. Бурханд үйлчлэхэд хүн хэзээ ч хөгшдөхгүй.
20. Бид хөгшин залуу гэлгүй яах ёстой вэ? Яагаад?
20 Бид хөгшин залуу гэлгүй, Еховаг ямагт санаж явах учиртай. Тэгсэн цагт Хаанчлал болон гайхамшигт үйлсийнх нь талаар хүмүүст дуулгах гэсэн хичээл зүтгэлийг маань Бурхан ивээнэ (Дуу. 71:17, 18; 145:10–13). Гэхдээ Еховаг сүсэглэн хүндэтгэхийн тулд түүнд таалагддаг зан чанар хөгжүүлэх хэрэгтэй. Тийм зан чанартай болохын тулд Библийн бусад баатрын жишээнээс юу сурч болох вэ?
Хариулна уу
• Ехова залбирлыг сонсдог нь юунаас харагддаг вэ?
• Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байхын учир юу вэ?
• Зовж шаналсан ч Еховад найдах хэрэгтэйн учир юу вэ?
• Бурхны ариун сүнс ард түмэнд нь яаж тусалдаг вэ?
[4-р хуудасны зураг]
Нехемиагийн залбирал үр дүнтэй байсан
[5-р хуудасны зураг]
Наоми эцэстээ ивээл хүртсэнийг бодохлоор Еховад найдах хүсэл төрдөг