Дуулал
Удирдаачид: «Бүү сүйтгээч»-д тааруулав. Давидын дуу. Миктам*. Саул Давидыг алахыг санаархан гэр лүү нь хүн явуулжээ.
59 Бурхан минь, намайг дайснуудаас авраач.
Миний эсрэг босогчдоос хамгаалаач.
2 Мууг үйлдэгчдээс авраач.
Хэрцгий хүмүүсээс* хамгаалаач.
3 Тэд намайг отдог.
Хүчит эрчүүд над руу дайрдаг.
Гэтэл би тэрслэн босоогүй, нүгэл үйлдээгүй шүү дээ, Ехова минь.
4 Би буруу юм хийгээгүй ч тэд над руу дайрахаар гүйж ирдэг.
Тусламж гуйн хашхирахад минь босоод хараач.
5 Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова та бол Израйлын Бурхан мөн.
Сэрж, бүх үндэстэнд анхаарлаа хандуулаач.
Хорон санаат урвагчдад өршөөл бүү үзүүлээч. (Села)
6 Тэд үдэш бүр буцан ирж
Ноход мэт архиран* хотоор хэсүүчилдэг.
7 Амнаас нь юу гарч байгааг хараач.
Үг* нь илд л гэсэн үг.
Учир нь тэд: «Хэн сонсох юм бэ?» гэдэг.
8 Харин Ехова та тэднийг шоолж,
Бүх үндэстнийг тохуурхана.
9 Хүч чадал минь ээ, танаас би харцаа салгахгүй.
Учир нь миний Бурхан та бол найдвартай хоргодох газар минь юм.
10 Намайг үнэнчээр хайрладаг Бурхан надад туслахаар ирнэ.
Дайсан шившигтэйгээр ялагдахыг Бурхан надад үзүүлнэ.
11 Тэднийг шууд бүү алаач. Тэгвэл миний ард түмэн мартахгүй.
Хүч чадлаа үзүүлж, тэднийг тэнүүчлүүлээч.
Бамбай болсон Ехова минь, тэднийг сүйрүүлээч.
12 Тэд амныхаа нүглээс,
Хараал зүхэл, худал үгээсээ болж
Бардамналынхаа урхинд ороосой!
13 Өөрийн уур хилэнгээр тэднийг зүйл дуусгаач.
Нэгийг нь ч үлдээлгүй зүйл дуусгаач.
Бурхан Иаковыг болон дэлхийг бүхэлд нь захирдгийг тэд мэдэг. (Села)
14 Тэд үдэш нь буцан ирж
Ноход мэт архиран* хотоор хэсүүчлэг.
15 Идэх юм хайж тэнүүчлэг.
Бүү цадаасай, хонох газар бүү олоосой.
16 Харин би таны хүч чадлын тухай дуулна.
Өглөө таны үнэнч хайрын тухай баяртайгаар ярина.
Учир нь та миний найдвартай хоргодох газар,
Зовох цагт зугтаж очих газар минь билээ.
17 Хүч чадал минь ээ, би таныг магтан дуулъя*.
Учир нь та бол миний найдвартай хоргодох газар, намайг үнэнчээр хайрладаг Бурхан билээ.