Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу. Давидыг Батшебатай завхайрсны дараа зөнч Натан түүн дээр иржээ.
51 Бурхан минь ээ, та үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг өрөвдөөч.
Агуу их энэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн гэм нүглийг минь арилгаач.
2 Намайг угааж алдаа дутагдлаас минь салгаж өгөөч.
Намайг цэвэрлэж нүглийг минь зайлуулж өгөөч.
3 Би гэм буруугаа сайн мэдэж байна.
Үйлдсэн нүгэл минь бодогдоод болохгүй байна.
4 Би хамгийн гол нь* таны эсрэг нүгэл үйлджээ.
Буруу гэж таны үздэг зүйлийг хийчихжээ.
Тийм учраас намайг буруутгах нь таны зөв.
Намайг яллах нь шударга юм.
5 Би нүгэлтэй төрсөн.
Эх минь намайг олсон цагаас л би нүгэлтэй болсон.
6 Та зүрх сэтгэлийн минь угт байх үнэнд баярладаг.
Зүрх сэтгэлд минь жинхэнэ мэргэн ухааныг зааж өгөөч.
7 Нүглээс минь намайг хиссопоор ариусгаач, тэгвэл би цэвэр болно.
Намайг угаагаач, тэгвэл би цаснаас цагаан болно.
8 Намайг дахин баяр хөөртэй болгож өгөөч.
Тэгвэл таны үйрүүлсэн яс эдгэрнэ*.
9 Нүглээс минь нүүрээ буруулаач.
Алдаа бүхнийг минь арчин зайлуулаач.
10 Бурхан минь ээ, цэвэр зүрхтэй болоход минь туслаач.
Байнга зөв юм хийх хүсэлтэй болгож өгөөч.
11 Та намайг дэргэдээсээ бүү холдуулаач.
Агуу хүчээ надаас бүү аваач.
12 Та намайг аврахдаа мэдрүүлсэн баяр хөөрийг дахин мэдрүүлж өгөөч.
Танд үргэлж дуулгавартай байх хүсэлтэй болгож өгөөч.
13 Нүгэлтнүүдэд би таны хууль зарчмыг заана.
Тэгвэл тэд тан руу буцаж ирнэ.
14 Аврагч Бурхан минь ээ, хүнийг үхэлд хүргэсэн намайг өршөөгөөч.
Тэгвэл би таны зөв шударгыг баяртайгаар тунхаглана.
15 Ехова! Ярих зориг хайрлаач.
Тэгвэл би таныг магтан алдаршуулна.
16 Танд тахил чухал биш. Тийм байсан бол би авчрах сан.
Таныг баярлуулдаг юм шатаалт тахил биш.
17 Бурханд таалагддаг тахил бол эмтэрсэн зүрх.
Сэтгэлдээ шархтай, санаагаар унасан хүнийг Бурхан та жигшдэггүй.
18 Энэрэнгүй сэтгэлдээ хөтлөгдөн Сионд сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг босгооч.
19 Тэгвэл та зөв шударга хүмүүсийн тахилд буюу
Шатаадаг, бүтнээр нь өргөдөг бүх тахилд баярлана.
Таны тахилын ширээн дээр бухуудыг өргөнө.