Эхлэл
28 Иймд Исаак Иаковыг дуудаж ирүүлээд ерөөж, ийн тушаав. «Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав. 2 Паддан-Арам руу явж ээжийнхээ эцэг Бетуелийн гэрт оч. Тэнд очоод ээжийнхээ ах Лабаны охидоос эхнэр ав. 3 Төгс хүчит Бурхан чамайг ивээж, олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болгоно. Чамаас нэгэн агуу үндэстэн гарна. 4 Бурхан Абрахамыг ерөөсөн шигээ чамайг болон чиний үр удмыг ерөөнө. Чи харь хүн болж суугаа газраа буюу Бурхны Абрахамд өгсөн газрыг эзэмшил болгон авна» хэмээжээ.
5 Ингээд Исаак Иаковыг явуулсанд Иаков Паддан-Арам руу Лабаныг зорин гарав. Лабан бол арам хүн Бетуелийн хүү, Иаков Есав хоёрын эх Ребекагийн ах билээ.
6 Исаак Иаковыг ерөөн, Паддан-Арамаас эхнэр авхуулахаар явуулж, түүнийг ерөөхдөө «Канаанчуудын охидоос эхнэр бүү ав» гэж тушаахыг, 7 Иаков ч эцэг эхийнхээ үгэнд орж Паддан-Арам руу явахыг Есав харжээ. 8 Тэгээд канаанчуудын охид эцэг Исаакийнх нь сэтгэлд нийцдэггүйг ойлгоод 9 Ишмаел дээр очиж эхнэрүүд дээрээ нэмээд Махалатыг эхнэр болгон авчээ. Махалат бол Абрахамын хүү Ишмаелын охин, Небаиотын дүү билээ.
10 Иаков Беершебагаас гарч Хараны зүг явсаар 11 нэгэн газар хүрч тэндээ хонохоор болжээ. Учир нь нар жаргасан байлаа. Тэгээд тэр газрын нэг чулууг авч дэрлэж хэвтэв. 12 Иаков зүүд зүүдэлжээ. Газраас тэнгэрт хүрсэн нэг шат байх бөгөөд Бурхны тэнгэрийн элчүүд тэр шатаар өгсөж, уруудах ажээ. 13 Дээр нь Ехова заларч байлаа! Тэрбээр:
«Би бол Ехова. Чиний өвөг эцэг Абрахам, Исаакийн Бурхан. Би чиний хэвтэж байгаа энэ газрыг чамд болон үр удамд чинь өгнө. 14 Чиний үр удмыг шорооны ширхэг мэт тоолшгүй олон болгоно. Үр удам чинь баруун, зүүн, хойд, өмнө зүгт тархана. Чиний ачаар, үр удмын чинь ачаар газар дэлхий дээрх бүх гэр бүл ивээл хүртэх юм*. 15 Би чамтай хамт байгаа бөгөөд чамайг хаана ч явсан хамгаалж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлтлээ чамайг орхихгүй» гэж айлдлаа.
16 Иаков сэрээд «Ехова энэ газар байдаг юм байна. Гэтэл би мэдсэнгүй» гэж хэлэв. 17 Тэрбээр айн сүрдэж «Ямар сүрдмээр газар вэ! Бурхны өргөө байх нь гарцаагүй. Тэнгэрийн хаалга байх нь» гэв. 18 Иаков өглөө эрт босоод дэрлэсэн чулуугаа багана мэт босгож тавиад дээр нь тос асгав. 19 Ингээд тэр газрыг Бетел* гэж нэрлэжээ. Өмнө нь тэр хотыг Луз гэдэг байсан юм.
20 Иаков: «Бурхан надтай хамт байж, аян замд намайг хамгаалж, идэх талх, өмсөх хувцас өгч, 21 эцгийн минь гэрт эсэн мэнд буцааж авчирвал Ехова миний Бурхан гэдгээ баталсан хэрэг болно. 22 Миний багана мэт босгож тавьсан энэ чулуу Бурхны өргөө болно. Таны надад өгсөн бүхний аравны нэгийг би танд заавал өгнө» гэж тангараглажээ.