Эхлэл
27 Исаак хөгширч хараа нь ихэд мууджээ. Тэрбээр том хүү Есаваа дуудаж ирүүлээд «Миний хүү!» гэхэд хүү нь: «За, аав аа» гэжээ. 2 Исаак: «Би хөгширчээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй байна. 3 Иймээс чи одоо ангийн хэрэгсэл, нум саадгаа авч хээр очоод надад зориулж ан хий. 4 Тэгээд миний дуртай, амттай хоолыг хийгээд надад авчир. Би тэр хоолыг идээд, үхэхээсээ өмнө чамайг ерөөе» гэжээ.
5 Исаакийг хүү Есавтайгаа ярьж байхыг Ребека сонсжээ. Есав ан хийж авчрахаар хээр тал руу явлаа. 6 Ребека хүү Иаковтаа «Аав чинь чиний ах Есавт ингэж хэлэхийг би сая сонслоо. 7 “Надад ангийн мах авчраад амттай хоол хийж өг. Би идээд, үхэхээсээ өмнө Еховагийн өмнө чамайг ерөөе” гэж байна. 8 Тэгэхээр одоо миний хүү, хэлэхийг минь сайн сонсоод хийгээрэй. 9 Яваад сүргээсээ хоёр сайн ишиг аваад ир. Ээж нь аавынх нь дуртай, амттай хоолыг хийж өгье. 10 Чи тэр хоолыг авч очоод аавдаа өгөөрэй. Тэгвэл аав чинь үхэхээсээ өмнө чамайг ерөөнө» гэж хэлжээ.
11 Иаков эх Ребекадаа «Есав ах үсэрхэг хүн шүү дээ. Харин би тийм биш. 12 Аав надад хүрч үзвэл яана? Би ааваар доог тохуу хийсэн болж ерөөлгөх биш, хараалгана шүү дээ» гэжээ. 13 Тэгэхэд эх нь: «Хүү минь, тэр хараал надад хүрэг. Ээжийнхээ хэлснээр хий. Яваад ишигнүүд аваад ир» гэв. 14 Ингээд Иаков явж эхдээ ишигнүүд авчирч өгөхөд эх нь эцгийнх нь дуртай, амттай хоолыг хийлээ. 15 Тэгээд Ребека том хүү Есавынхаа хамгийн сайн хувцсыг гэрээсээ авч бага хүү Иаковтаа өмсгөв. 16 Бас нөгөө ишигнүүдийн арьсаар хүүгийнхээ гарыг, хүзүүнийх нь үсгүй хэсгийг ороожээ. 17 Тэгээд хийсэн амттай хоол, барьсан талхаа хүү Иаковтаа өглөө.
18 Иаков эцэг дээрээ очиж «Аав аа!» гэхэд эцэг нь: «Миний хүү, чи хэн бэ?» гэж асуув. 19 Иаков: «Би таны ууган хүү Есав байна. Таны хэлсэн бүхнийг хийчихлээ. Та өндийж суугаад миний ангийн махнаас иднэ үү. Тэгээд намайг ерөөгөөч» гэжээ. 20 Тэгэхэд нь Исаак: «Хүү минь, ийм хурдан ан хийгээ юү?» гэхэд хүү нь: «Таны Бурхан Ехова өглөө» гэж хариулав. 21 Тэгэхэд Исаак Иаковт «Хүү минь, надад ойртооч. Аав нь хүүдээ хүрч Есав яг мөн үү биш үү гэдгийг мэдье» гэлээ. 22 Иймд Иаков эцэг Исаактаа ойртож очиход эцэг нь түүнд хүрээд «Дуу нь Иаковынх байдаг, тэгсэн гар нь Есавынх юм» гэжээ. 23 Иаковын гар ах Есавынх шиг нь үсэрхэг байсан тул эцэг нь түүнийг танилгүй ерөөжээ.
24 Тэгээд эцэг нь: «Чи миний хүү Есав яг мөн үү?» гэхэд Иаков: «Мөн байна» гэлээ. 25 Тэгэхэд нь «Миний хүү ангийн махнаасаа аваад ир. Тэгээд би чамайг ерөөе» гэжээ. Иаков эцэгтээ мах өгсөнд идэж, дарс авчирсанд уув. 26 Исаак хүүдээ «Миний хүү, наашаа ирээд намайг үнс» гэлээ. 27 Иаков очиж үнссэнд хувцасных нь үнэр Исаакт үнэртжээ. Тэгээд хүүгээ ерөөн
«Миний хүүгийн үнэр бол Еховагийн ивээсэн хээрийн үнэр мөн. 28 Жинхэнэ Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, үржил шимтэй газар, элбэг дэлбэг үр тариа, шинэ дарсыг хайрлах болтугай. 29 Ард түмнүүд чамд үйлчилж, үндэстнүүд чамд бөхийнө. Чи ах дүүгээ захирна, эхийн чинь хөвгүүд чамд бөхийнө. Чамайг хараасан хүн бүр хараагдана, ерөөсөн хүн бүр ерөөгдөнө» хэмээжээ.
30 Исаак Иаковыг ерөөж, Иаков эцэг Исаакаа дөнгөж орхин гармагц ах Есав нь ангаас буцаж ирэв. 31 Есав ч бас амттай хоол хийж эцэгтээ авчраад «Аав минь, босож хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү. Тэгээд намайг ерөөгөөч» гэжээ. 32 Тэгэхэд эцэг нь: «Чи хэн бэ?» гэж асуухад хүү нь: «Би таны хүү, таны ууган хүү Есав байна» гэлээ. 33 Исаак ихэд цочирдон салганаж «Тэгвэл ан хийж надад мах авчирсан хүн хэн байсан юм бэ? Би чамайг ирэхээс өмнө хоолыг нь идчихээд тэр хүнийг ерөөсөн. Тэр хүн л ерөөгдөнө» гэж хэлжээ.
34 Есав эцгийнхээ үгийг сонсоод халаглан харуусаж, чанга гэгч нь хашхиран эцэгтээ «Намайг ерөөгөөч. Намайг бас ерөө л дөө, аав аа!» гэжээ. 35 Тэгтэл Исаак: «Дүү чинь ирж намайг мэхлээд чиний оронд ерөөлгөжээ» гэв. 36 Есав: «Түүнийг Иаков* гэсэн нь яг оножээ! Миний байрыг хоёр ч удаа эзэллээ. Ууган хүүгийн эрхийг минь авчихаад одоо миний оронд ерөөлгөлөө!» гэснээ «Та намайг ч бас ерөөж болохгүй юм уу?» гэж асуулаа. 37 Исаак: «Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг нь түүний зарц болгосон. Үр тариа, шинэ дарсаар хангасан. Тэгэхээр одоо, хүү минь, би чамд юу өгөх билээ?» гэж хэлжээ.
38 Есав эцэгтээ «Аав аа, та ганц л удаа ерөөдөг юм уу? Намайг ерөөгөөч. Намайг бас ерөө л дөө, аав аа!» гээд чанга гэгч нь асгартал уйлав. 39 Исаак хүүдээ
«Чи үржил шимтэй газраас алсад, дээд тэнгэрийн шүүдрээс хол суух болно. 40 Чи сэлмээрээ амьдарч, дүүдээ үйлчилнэ. Тэвчээр чинь барагдахаар хүзүүнээсээ түүний буулгыг авч хаяна» гэжээ.
41 Есав Иаковт өш санажээ. Учир нь Иаков эцгээрээ ерөөлгөсөн юм. Есав: «Аавын араас гашуудах цаг ойртож байна. Аавыг өнгөрөхөөр дүү Иаковаа алъя» гэж боддог болжээ. 42 Том хүү Есавынхаа юу төлөвлөж байгааг Ребека дуулсан даруйдаа бага хүү Иаковаа дуудуулаад «Есав ах чинь чамайг алж өшөө авах гэж байна*. 43 Тэгэхээр миний хүү, хэлснээр минь хий. Эндээс зугтаж, Харанд байдаг миний ах Лабан дээр оч. 44 Ахын чинь уур гарч, 45 хилэн нь дарагдаж чиний яасныг марттал тэндээ бай. Би чамайг буцааж авчруулна. Та хоёрыг нэг өдөр алдмааргүй байна» гэж хэлэв.
46 Үүнээс хойш Ребека Исаакт «Хит охидоос болж амьд явах хүсэлгүй боллоо. Иаков бас энэ нутгийн хит охидоос эхнэр авбал надад амьд явахын хэрэг юу байна вэ?» гэх болжээ.