Ёоханд илчилсэн нь
6 Тэгээд Хурга долоон лацны нэгийг салгахыг би харсан бөгөөд дөрвөн амьд бүтээлийн нэг тэнгэр нүргэлэх мэт дуугаар «Нааш ир!» гэхийг сонсов. 2 Тэгтэл би цагаан морь харлаа. Цагаан морийг унасан нэгэн нумтай байв. Түүнд титэм өгсөн байлаа. Тэрээр ялахын тулд ялсаар явлаа.
3 Хурга хоёр дахь лацыг салгахад хоёр дахь амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. 4 Гал улаан өнгөтэй өөр морь гарч ирлээ. Хүмүүсийг бие биеэр нь хөнөөлгөхийн тулд дэлхийн энх тайвныг үгүй хийх эрхийг энэ морийг унасан нэгэнд өгсөн ажээ. Түүнд том илд өгсөн байлаа.
5 Хурга гурав дахь лацыг салгахад гурав дахь амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. Би хар морь харлаа. Энэ морийг унасан нэгэн гартаа хос жинлүүртэй байв. 6 Дөрвөн амьд бүтээлийн дундаас нэг дуу гарч, «Нэг денараар* нэг кварт* буудай, нэг денараар гурван кварт арвай. Тос ба дарсыг бүү сүйтгэ» гэхийг би сонссон юм.
7 Хурга дөрөв дэх лацыг салгахад дөрөв дэх амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. 8 Тэгтэл би зэвхий саарал морь харлаа. Энэ морийг унасан нэгний нэрийг Үхэл гэдэг бөгөөд түүний ард холгүйхэн Булш* дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг урт илд, өлсгөлөн, хөнөөлт тахал болон зэрлэг араатнуудаар хөнөөх эрхийг тэдэнд өгчээ.
9 Хурга тав дахь лацыг салгав. Бурхны үгийг дагаснаас, бас гэрчлэх ажил хийснээс болж хөнөөгдсөн хүмүүсийн цус* тахилын ширээн доор байгааг би харлаа. 10 Тэд чанга дуугаар «Ариун, үнэн, хамгийн дээд Эзэн минь ээ, та хэдий болтол шүүхгүй, дэлхий дээр нутагладаг, цусыг маань асгаруулсан хүмүүсээс өшөө авахгүй байх юм бэ?» гэж хашхирав. 11 Тэгэхэд тэдэнд тус бүрд нь цагаан хувцас өгөв. Өөрсөдтэй нь адил хөнөөгдөх гэж буй хамтран зүтгэгч боолууд болон ах дүүгийнх нь тоо гүйцтэл түр зуур амарч байхыг тэдэнд хэлсэн ажээ.
12 Намайг харж байхад Хурга зургаа дахь лацыг салгахад газар хүчтэй хөдөлж, нар хялгасан* таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт болж, 13 догшин салхи боловсроогүй инжрийг модноос нь унагадаг шиг тэнгэрийн одод газар дээр уналаа. 14 Хуйлмал ном хуйлагдах адил тэнгэр алга болж, бүх уул, бүх арал байрнаасаа хөдлөв. 15 Дэлхийн хаад, эрх мэдэлтнүүд, жанжнууд, баячууд, хүчтэнүүд, боол болон эрх чөлөөтэй бүх хүн агуй болон уулсын хадан дунд нуугдав. 16 Тэд уулс ба хаднуудад хандан «Бидний дээрээс унаж, сэнтийд залрагч Нэгний нүүр, Хурганы уур хилэнгээс биднийг далдлаач. 17 Учир нь тэдний уур хилэнгийн агуу өдөр болжээ. Хэн давж гарч чадах билээ?» гэцгээж байлаа.