Ёоханы бичсэн сайн мэдээ
2 Хоёр хоногийн дараа Галилын Кана хотод нэг хурим болоход Есүсийн эх тэнд байв. 2 Есүс ч, шавь нар нь ч бас уригдсан байжээ.
3 Дарс дуусахад эх нь Есүст «Эдний дарс дуусаж байна» гэхэд 4 Есүс: «Та бид хоёрт хамаагүй шүү дээ. Миний цаг хараахан болоогүй байна» гэлээ. 5 Есүсийн эх тэнд үйлчилж байсан хүмүүст «Хэлсэн бүгдийг нь хийгээрэй» хэмээв. 6 Тэнд усны зургаан том чулуун сав байсан бөгөөд тус бүр нь хоёр юм уу гурван хэмжүүр* шингэн багтаадаг ажээ. Ийм савыг иудейчүүд ариусгалын ёслолд хэрэглэдэг байлаа. 7 Есүс тэдэнд «Савнуудыг усаар дүүргэ» гэхэд амсарт нь хүртэл дүүргэжээ. 8 Тэгээд Есүс: «Утгаад найрын ахлагчид аваачиж өг» гэхэд тэд аваачиж өгөв. 9 Найрын ахлагч дарс болж хувирсан усыг амсаж үзжээ. Яаж дарстай болсныг үйлчилж байсан хүмүүс мэдэж байсан ч найрын ахлагч мэдээгүй юм. Тэгээд хүргэнийг дуудаж 10 «Ер нь хүн сайн дарсаа эхэлж өгөөд хүмүүсийг согтохоор тааруухан дарс гаргадаг. Харин чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ» гэж хэлэв. 11 Есүс Галилын Кана хотод анхны гайхамшгаа ийнхүү үйлдэж, эрх мэдэл, хүч чадалтайгаа харуулахад шавь нар нь түүнд итгэв.
12 Дараа нь Есүс эх, дүү нар болон шавь нартайгаа уруудан Капернаумд очсон боловч тэнд олон хоносонгүй.
13 Иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр дөхөж байв. Есүс Иерусалим руу явлаа. 14 Сүмд ороход хүмүүс үхэр, хонь, тагтаа зарж, мөнгө солигчид суудалдаа сууж байв. 15 Есүс хонь, үхрийг дээсээр шилбүүрдэн тууж сүмээс гаргахад наймаачид ч гарлаа. Мөнгө солигчдын зоосыг асгаж, ширээг нь хөмрүүлэв. 16 Тагтаа зарж байсан хүмүүст Есүс: «Энэ юмнуудаа эндээс ав! Эцгийн минь өргөөг худалдаа наймааны газар болгохоо боль!» гэв. 17 Шавь нар «Таны өргөөний төлөө зүтгэх сэтгэл намайг бүрэн эзэмдэнэ» гэж бичсэн байдгийг санажээ.
18 Тэгтэл иудейчүүд түүнд «Та ийм юм хийх эрхтэйгээ ямар гайхамшиг үйлдэж батлах вэ?» гэхэд 19 Есүс: «Энэ сүмийг нураа. Би гурван өдрийн дотор босгоно» гэж хариулав. 20 Иудейчүүд: «Энэ сүмийг 46 жил барьсан атал та гурван өдрийн дотор босгоно гэж үү?» гэцгээв. 21 Харин Есүс сүм гэдгээр биеэ хэлсэн байжээ. 22 Ийн хэлдэг байсныг нь шавь нар амилсных нь дараа санаж, судар болон Есүсийн үгэнд итгэдэг болов.
23 Нөгөөтээгүүр, Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалимд байхдаа гайхамшиг үйлдэхийг нь үзсэн олон хүн түүнд* итгэдэг болжээ. 24 Харин Есүс тэдэнд бүрэн найддаггүй байв. Учир нь хүний мөн чанарыг мэддэг, 25 хүний талаар хэнээр ч заалгах шаардлагагүй байлаа. Хүний доторхыг Есүс мэддэг байв.