Нэгдүгээр Коринт
1 Бурхны таалалд нийцсэн учир Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би итгэл нэгт Состентой хамт байгаа бөгөөд 2 Коринт дахь Бурхны хуралд бичиж байна. Та нар Христ Есүстэй нэгдэж ариусгагдсан бөгөөд Эзэн Есүс Христийн маань нэрэнд итгэдэг газар газрын бүх хүнтэй хамт ариун хүмүүс байхаар дуудагдсан билээ. Есүс Христ бол тэдний ч, бидний ч Эзэн билээ.
3 Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христ та нарыг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
4 Христ Есүсээр дамжуулан та нарыг нигүүлссэн Бурхандаа би үргэлж талархдаг. 5 Учир нь Христийн дагалдагч болсон та нарыг үг тунхаглах чадвартай, арвин их мэдлэгтэй болгон бүх талаар баяжуулсны ачаар 6 та нар Христийн тухай гэрчлэлийг өөрийн болгожээ. 7 Тиймээс та нар бидний Эзэн Есүс Христийн илчлэгдэхийг хүлээж байхдаа юугаар ч дутахгүй. 8 Бидний Эзэн Есүс Христийн өдөр иртэл гэм зэмгүй байгаасай гэсэндээ Бурхан та нарыг батжуулна. 9 Та нарыг өөрийн Хүү, бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлүүлэхээр дуудсан Бурхан үнэнч билээ.
10 Ах дүү нар минь, Эзэн Есүс Христийнхээ нэрээр та нарт уриалъя. Та нар адилхан юм ярьж бай. Та нарын дунд хагарал бүү гараг. Санаа, зорилго нэгтэй байцгаа. 11 Ах дүү нар аа, та нарын дунд хагарал гарсныг би Хлоегийн гэрийнхнээс дууллаа. 12 Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, та нарын зарим нь: «Би Паулын шавь», «Харин би Аполын шавь», «Би Кефийн шавь шүү дээ», «Харин би Христийн шавь» гэдэг ажээ. 13 Христ хуваагдсан юм уу? Паул та нарын төлөө шонд хадуулаагүй биз дээ? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? 14 Би Бурханд талархдаг. Яагаад гэвэл би Крисп Гаи хоёроос өөр хүнд баптисм хүртээгээгүй. 15 Тиймээс миний нэрээр баптисм хүртсэн гэж хэлэх хүн та нарын дундаас гарахгүй. 16 Бас Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Тэднээс өөр хүнд баптисм хүртээсэн эсэхээ мэдэхгүй байна. 17 Христ намайг баптисм хүртээ гэж бус, сайн мэдээ тунхагла гэж явуулсан. Христ тарчлаах шонд* хадуулж үхсэнийг талаар болгохгүйн тулд би сайн мэдээг эрдэмтэн мэргэд шиг ярьдаггүй.
18 Христ шонд хадуулж үхсэн тухай мэдээ нь сүйрэл рүү явж байгаа хүмүүсийн хувьд мунхаг явдал, харин аврал руу явж байгаа хүмүүсийн хувьд Бурхны хүч чадлын илрэл юм. 19 Учир нь «Би мэргэдийн мэргэн ухааныг устгаж, цэцэрхэгсдийн цэцэрхлийг хэрэгсэхгүй» гэж бичсэн байдаг. 20 Энэ нийгмийн* мэргэд, хуулийн багш нар, мэтгэлцэгчид хаана байна вэ? Бурхан ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? 21 Ертөнц мэргэн ухаанаараа Бурхныг таньж чадаагүй. Харин итгэдэг хүмүүсийг тунхаглагдаж буй тэр мунхаг явдлаар аврахыг Бурхан сайн гэж үзсэн билээ. Бурхны мэргэн ухаан үүгээр батлагддаг.
22 Иудейчүүд гайхамшиг үзэхийг хүсдэг. Грекчүүд мэргэн ухаанд дурладаг. 23 Харин бид шонд хадагдсан Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдийг бүдрүүлдэг, харь үндэстнүүдэд мунхаг гэж санагддаг. 24 Харин иудей ч бай, грек ч бай, дуудагдсан хүмүүсийн хувьд Христ бол Бурхны хүч, мэргэн ухаан мөн. 25 Учир нь мунхаг гэж хүмүүсийн боддог Бурхны юм хүнийхээс мэргэн, сул дорой гэж хүмүүсийн боддог Бурхны юм хүнийхээс хүчтэй.
26 Ах дүү нар минь ээ, Бурхан та нарыг дуудахад мэргэн ухаантай гэж ертөнцийнхний үздэг хүн олон байгаагүй. Нөлөө бүхий хүн ч, язгууртан хүн ч олон байгаагүй шүү дээ. 27 Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмыг, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн сул дорой юмыг сонгосон. 28 Бурхан байгааг байхгүй болгохын тулд, ертөнцийн чухал биш, дорд үзэгддэг, юу ч бишийг* нь сонгожээ. 29 Тэгэхээр хэн ч Бурхны хажууд сайрхах аргагүй юм. 30 Гэхдээ Бурхны ачаар та нар Христ Есүсийн шавь болсон. Тэрээр бидэнд Бурхны мэргэн ухааныг илчилж, Бурхны хувьд зөв хүн байх замыг нээж, биднийг ариусгаж, нүглээс чөлөөлөхийн тулд амиа өгсөн. 31 Энэ нь «Сайрхагч нь Еховагаар* сайрхаг» гэж бичсэнтэй нийцдэг юм.