«Мөхөс» нэгэндээ Ехова шиг хандъя
«Сул дорой мэт санагдах эрхтэн ...биед бүр ч их хэрэгтэй байдаг аж» (1 КОР. 12:22).
1, 2. Паул сул дорой хүмүүсийг яагаад ойлгож өрөвддөг байсан бэ? Ядарсан нэгэндээ Ехова шиг хандаж сурах вэ?
ХҮН болгонд л ядарч сульдах, тэнхээ тасрах үе байдаг. Ханиад хүрсэн юм уу харшил хөдөлсөн хэд хоногт бие сулраад өдөр тутам хийдэг юмаа ч хийхэд хэцүү болдог. Тэгвэл ганц хоёр долоо хоног бус, бүр хэдэн сараар тамир тэнхээ орохгүй байна гээд төсөөл дөө. Ийм үед хүмүүс таныг ойлгож өрөвдөн, тусалж дэмжвэл баярлана биз дээ?
2 Итгэл нэгтнүүд болон итгэгч бус хүмүүсийн дарамт шахалтаас болж сэтгэлийн зовлон амсах үе Паулд байжээ. Тэрбээр ямар ч тэнхээгүй болтлоо туйлдаж явсан удаатай (2 Кор. 1:8; 7:5). Өөрөө янз бүрийн зовлон амсаж, хүнд бэрхийг туулсан болохоор ядарч сульдсан нэгнээ сайн ойлгодог байв. Элч Паул: «Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү?» хэмээн бичжээ (2 Кор. 11:29). Христиан хурлын гишүүдийг хүний биеийн эрхтнүүдтэй зүйрлээд «сул дорой мэт санагдах эрхтэн ... бүр ч их хэрэгтэй байдаг» гэжээ (1 Кор. 12:22). Үүнийг юу гэж ойлгох вэ? Сул дорой мэт харагддаг хүмүүсийг Ехова хэрхэн үздэг вэ? Бид Еховаг хэрхэн дууриах вэ? Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
ЕХОВА СУЛ ДОРОЙ ХҮНИЙГ ХЭРХЭН ҮЗДЭГ ВЭ?
3. Юунаас болж итгэл нэгтнийхээ талаар таагүй юм боддог болж мэдэх вэ?
3 Хүмүүс хүч чадал, залуу насыг эрхэм чухалд үзэж, бие биеэсээ илүү гарах гэж цаг ямагт өрсөлддөг. Хүссэнээ олж авахын тулд сул дорой нэгнээ өчүүхэн төдий ч боддоггүй. Ертөнцийн энэ хандлага бидэнд нөлөөлж болзошгүй. Тус дэм хэрэгтэй нэгнийхээ талаар, тэр байтугай христиан ах дүүсийнхээ талаар таагүй юм боддог болох аюул бий. Яавал ядарсан нэгэндээ Ехова шиг хандаж сурах вэ?
4, 5. а) 1 Коринт 12:21–23-т байдаг жишээнээс харвал Ехова сул дорой хүмүүсийг хэрхэн үздэг вэ? б) Сул дорой хүмүүст туслах нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
4 Ехова хурлын гишүүн нэг бүрийг үнэлж эрхэмлэдэг нь Коринтын христиануудад бичсэн элч Паулын эхний захидлаас тодорхой харагддаг. Ач холбогдол багатай эсвэл хамгийн сул дорой гэж санагдсан эрхтэн ч чухал үүрэгтэйг уг захидлын арван хоёрдугаар бүлэгт бичжээ (1 Коринт 12:12, 18, 21–23-ыг уншина уу). Эволюцийн онолыг баримтлагчид хүний биеийн зарим эрхтнийг хэрэггүй гэж үздэг байсан. Гэтэл ач холбогдолгүйд тооцдог байсан эрхтнүүд маш чухал үүрэг гүйцэтгэдгийг судалгаа харуулжээ.a Жишээ нь, зарим хүн хөлийн чигчий хурууг чухал үүрэгтэй гэж боддоггүй байв. Үнэндээ бол тэнцвэрээ хадгалахад багагүй үүрэгтэй нь эдүгээ тодорхой болжээ.
5 Христиан хурлын гишүүн бүр үнэ цэнэтэй гэдгийг Паулын татсан жишээ харуулдаг. Сатан биднийг хэнд ч хэрэггүй гэж бодуулахыг оролддог (Иов 4:18, 19). Харин Ехова бүх үйлчлэгчээ, түүний дотор сул дорой гэмээр хүмүүсийг ч «хэрэгтэй» гэж үздэг. Үүнийг бодохлоор бид хуралдаа ч, Бурхны байгууллагад ч хэрэгтэй хүн гэдгээ ойлгоод сэтгэл тэнэгэр явдаг. Жишээ нь, та настай хүнтэй хамт алхаа гишгээнд нь тааруулж удаан явснаа санаж байгаа байх. Тэр хүн баярласан нь лавтай. Санаа тавьсандаа та өөрөө ч баярласан биз ээ. Бусдад туслахлаар баяр хөөр эдэлж, тэвчээртэй болж, ах дүүсээ илүү их хайрладаг, бас төлөвшдөг (Еф. 4:15, 16). Сул дорой мэт харагдсан итгэл нэгтнүүдээ хүртэл эрхэмлэн хайрлаасай гэж Ехова биднээс хүсдэг. Хэрэв бид ах дүүгээ эрхэмлэн үздэг бол хэр чадлаас нь хэтэрсэн юмыг шаардахгүй. Ингэвэл бие биеэ бүр ч их хайрладаг болно.
6. Паул «мөхөс», «хүчтэй» гэдэг үгийг ямар утгаар хэрэглэдэг байсан бэ?
6 Паул Коринтын христиануудад бичсэн захидалдаа «мөхөс» гэдэг үг хэрэглэсэн. Тэр үед хүмүүс христиануудыг мөхөс гэж үздэг байсан учраас ийн бичжээ. Бас Паул заримдаа өөрийнхөө тухай ингэж бичдэг байв (1 Кор. 1:26, 27; 2:3). Түүнчлэн «хүчтэй» христиануудын талаар бичсэн байдаг. Гэхдээ тэднийг бусдаас илүү гэж хэлэх гээгүй юм (Ром 15:1). Төлөвшсөн христианууд туршлага багатай нэгэндээ тэвчээртэй хандах ёстойг хэлсэн хэрэг.
ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ БИЗ?
7. «Дорой хүмүүст» туслахад яагаад амаргүй санагдаж магадгүй вэ?
7 «Дорой хүмүүст» тусалбал Еховаг дууриагаад зогсохгүй сайшаалыг нь хүлээнэ (Дуу. 41:1; Еф. 5:1). Гэхдээ тийм хүмүүст тусламжийн гараа сунгах амаргүй санагдаж мэднэ. Яагаад? Хүн бүр ачаагаа өөрөө л үүрэх ёстой гэж үздэгээс болж болох юм. Эсвэл юу хэлэхээ мэдэхгүйгээсээ болоод уулзахаас зайлсхийдэг. Синтиаb гэдэг Гэрч эмэгтэйг нөхөр нь хаяад явчихжээ. Тэрбээр: «Зовж явахад хүний тусламж ус агаар мэт хэрэгтэй байдаг. Гэтэл тийм үед итгэл нэгтнүүд зай барих юм уу дотны найзууд хөндий харьцаад байвал гомдмоор санагдах байх» гэж ярьсан юм. Анд нөхөд зай барихад ямар хэцүү байдгийг Давид хаан биеэрээ амсжээ (Дуу. 31:12).
8. Тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүдээ илүү сайн ойлгодог болохын тулд яах вэ?
8 Тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүдээ илүү сайн ойлгодог болохын тулд яах вэ? Тэдний дунд өвчин эмгэг, сэтгэл гутралаас болоод шаналдаг хүн цөөнгүй байдгийг санаарай. Гэрийнхэн нь итгэл үнэмшлийг нь хуваалцдаггүй хүн ч олон бий. Хэрэв танд тийм бэрхшээл тулгарвал хүмүүс намайг ойлгож өрөвдөөсэй гэж хүсэх нь лавтай. Израильчуудын тухай бодоод үзье. Тэд Египетэд байхдаа ядуу тарчиг амьдарч, их зовлон үзсэн билээ. Гэхдээ Ехова тэднийг Амласан газар луу оруулахынхаа өмнө «Хатуу зүрх сэтгэл бүү гарга» хэмээн сануулсан нь ядуу тарчиг, сул дорой нэгэндээ туслаасай гэснийх аж (Д.хууль 15:7, 11; Лев. 25:35–38).
9. Итгэл нэгтэн маань хэцүү байдалд орвол бид яах үүрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
9 Сул дорой нэгэндээ шүүмжлэнгүй хандах юм уу хар буруу санахын оронд тайвшруулах хэрэгтэй (Иов 33:6, 7; Мат. 7:1). Мотоцикл унаж яваад осолд орсон хүн эмнэлэгт хүргэгджээ гэж бодъё. Эмч сувилагч нар ослын шалтгааныг тогтоох гэж дэмий цаг үрэх үү? Яалаа гэж дээ. Харин ч яаралтай эмчилгээ хийнэ. Үүнтэй адилаар, итгэл нэгтэн маань хувийн асуудлаас болж зовбол сүнслэг тусламж үзүүлэх нь бидний үүрэг мөн (1 Тесалоник 5:14-ийг уншина уу).
10. Сул дорой харагддаг хүмүүсийг «итгэл дотор баян» гэхийн учир юу вэ?
10 Ах дүүсийнхээ талаар эргэцүүлэн бодвол тэд үнэн хэрэгтээ сул дорой хүмүүс биш гэдгийг ойлгоно. Нөхөр нь байнга эсэргүүцдэг эмэгтэйчүүдэд ямар хэцүү байдгийг төсөөл дөө. Өрх толгойлсон эмэгтэйчүүд орон гэрээ авч явах гэж зүтгэхийн хажуугаар хүүхдээ дагуулаад цуглаанд тогтмол очихын тулд ямар их мэрийдгийг бод доо. Үе тэнгийнхнийхээ муу нөлөөнд авталгүй, үнэний замаас бат зуурч яваа өсвөр үеийнхнийг хараад та бахархдаггүй гэж үү? Тэд бүгдээрээ Еховад чин сэтгэлээсээ хайртай учраас үнэнч байхаар бат шийджээ. Сул дорой мэт харагддаг хүмүүс Еховад үйлчлэхийн төлөө ямар их хичээл зүтгэл гаргадгийг энэ мэтээр эргэцүүлэн бодвол «итгэл дотор баян» хүмүүс болохыг нь ойлгоно (Иак. 2:5).
ЕХОВАГ ДУУРИАГААРАЙ
11, 12. а) Алдаа гаргасан итгэл нэгтэндээ Еховагийн үзэл бодлоор хандахын тулд яах хэрэгтэй вэ? б) Ехова Аароныг яагаад уучилсан бэ? Эндээс юу сурах вэ?
11 Итгэл нэгтнүүд маань алдаа гаргалаа ч тэдэндээ Еховагийн үзэл бодлоор хандах учиртай. Үүний тулд Ехова үйлчлэгчдээ хэрхэн үздэгийг харуулах үйл явдлыг Библиэс уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй (Дуулал 130:3-ыг уншина уу). Жишээ нь, Аароныг алтан тугал хийснийхээ дараа биеэ өмөөрч шалтаг тоочиж байх үед та өөрийгөө Мосегийн дэргэд байна гээд төсөөл дөө. Та Аароныг юу гэж бодох байсан бэ? (Ег. 32:21–24). Эсвэл эгч Мириамынхаа нөлөөнд автан Мосег харь эхнэр авлаа гэж шүүмжлэхийг нь сонссон бол танд ямар санагдах байсан бэ? (Тоол. 12:1, 2). Мерибагийн хаднаас гайхамшгаар ус гаргасан Еховад алдрыг өргөөгүй Аарон Мосе хоёрын дэргэд байсан бол та яах байсан бэ? (Тоол. 20:10–13).
12 Аароныг алдаа гаргах болгонд Ехова шууд шийтгэж болох л байсан. Гэхдээ түүнийг засаршгүй муу хүн гэж бодоогүй. Аарон хүнд байдалд орж бусдын муу нөлөөнд автсаныхаа гайгаар нүгэл үйлдсэн. Гэсэн хэдий ч өөрийнхөө буруугаас болж алдаж эндсэнээ хүлээн зөвшөөрч, Еховагийн зааврыг дуулгавартай дагажээ (Ег. 32:26; Тоол. 12:11; 20:23–27). Чин сэтгэлээсээ гэмшсэн болохоор нь Ехова түүнийг уучилсан билээ. Олон зуун жил өнгөрсөн ч Аарон болон үр удмыг нь Еховагаас «эмээгчид» хэмээн дурссан байдаг (Дуу. 115:10–12; 135:19, 20).
13. Үзэл бодлоо өөрчлөхийн тулд яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
13 Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болъё гэвэл сул дорой мэт харагддаг хүмүүсийн талаар юу гэж боддогоо шалгах хэрэгтэй (1 Сам. 16:7). Жишээлбэл, өсвөр насны хүүхэд чөлөөт цагаа зохисгүй өнгөрүүлж, тэрслүү зан гаргавал та яах вэ? Шүүмжлэхийн оронд төлөвшихөд нь хэрхэн туслахаа бодож болохгүй нь юу билээ? Сул дорой нэгэндээ тус дэм болохын тулд санаачилга гаргадаг бол тэднийгээ ойлгож, улам хайрладаг болно.
14, 15. а) Айж хулчийсан Елиад Ехова хэрхэн хандсан бэ? б) Елиад тохиолдсон явдлаас юу сурах вэ?
14 Сэтгэл санаагаар унасан үйлчлэгчдэдээ Ехова хэрхэн ханддаг вэ? Елиагийн жишээг авч үзье. Баалын 450 зөнчийг хөнөөж эр зориг гаргасан хэдий ч Иезебел хатан өөрийг нь алах гэж байгааг дуулаад зугтсан. Беер-шеба хүртэл 150 километр замыг явган туулж, цаашаа цөл рүү явжээ. Төөнөм халуун наранд аяншиж ядарсан тэрбээр модны сүүдэрт суугаад «үхэхийг хүсэмжилсэн» (Х.дээд 18:19; 19:1–4).
15 Цөхөрч туйлдсан зөнчөө Ехова тэнгэрээс хараад яасан бол? Хэсэгхэн зуур сэтгэлээр унаж, айж хулчийсных нь төлөө зөнчөө орхисон уу? Үгүй. Тэнгэр элчээ илгээж Елиад туслуулсан. Тэнгэр элч түүнийг хоёр удаа хооллож аяллаа үргэлжлүүлэх хүч тэнхээтэй болгосон (Хаадын дээд 19:5–8-ыг уншина уу). Ехова заавар өгөхөөсөө өмнө зөнчийнхөө яриаг сонсож, яг хэрэгтэй үед нь тусламж үзүүлжээ.
16, 17. Ах дүүстээ туслахдаа Еховаг хэрхэн дууриах вэ?
16 Халамжит Бурхнаа хэрхэн дууриах вэ? Христиан ах дүүстээ яаран зөвлөгөө өгөх гэсний хэрэггүй (Сур. 18:13). Сэтгэл санаагаар унаад, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж ярихад нь чих тавин сонсож, зовлонг нь ойлгож байгаагаа илэрхийлээрэй (1 Кор. 12:23). Тэгсэн цагт яг юу хэрэгтэйг нь мэдээд тусалж чадна.
17 Дээр дурдсан Синтиад тохиолдсон явдлыг саная. Нөхөр нь хаяад явахад хэнд ч хэрэггүй болчихсон юм шиг санагджээ. Хоёр охинтойгоо гурвуулаа сэтгэл нь хямарсан тэр хэцүү үед хурлынхан нь яаж тусалсан бол? Синтиа: «Юу болсныг утсаар ярьсан чинь тэд 45-хан минутын дотор манайд хүрч ирээд бидэнтэй хамт уйлж билээ. Эхний хоёр гурван хоног дэргэдээс маань холдоогүй. Бид гурвын сэтгэл санаа хямраад хоол ч олигтой идэж чадахгүй байх хэд хоногт тэд л асарч халамжилж байлаа» хэмээн ярьсан юм. Та үүнийг уншаад Иаковын хэлсэн үгийг санаж байгаа байх. Тэрбээр: «Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм» хэмээн бичсэн байдаг (Иак. 2:15–17). Итгэл нэгтнүүд нь яг хэрэгтэй үед очиж тусалсны ачаар Синтиа хоёр охинтойгоо сэтгэлийн зовлонгоо давж, зургаан сарын дараа туслах эхлэгчээр үйлчилжээ (2 Кор. 12:10).
БҮГДЭД ТУСТАЙ
18, 19. а) Сул дорой нэгэндээ хэрхэн туслах вэ? б) Сул дорой хүмүүст туслах нь хэнд ач тустай вэ?
18 Удаан хугацаагаар өвдсөн хүн бүрэн эдгэхэд их цаг хэрэгтэй байдаг. Үүнтэй адилаар, итгэл нэгтэн маань алдаа гаргасан эсвэл хүнд хэцүү байдалд орсон бол эргээд сүнслэгээр хүчтэй болоход цаг хугацаа хэрэгтэй. Тэр хүн өөрөө Бурхны Үгийг бие дааж судлан, залбирч, христиан үйл хэрэгт идэвхтэй оролцож байж ийм хүч тэнхээтэй болох нь мэдээж. Гэхдээ бидний тус дэм ч зайлшгүй шаардлагатай. Тэдэнд тэвчээртэй хандах нь чухал. Хайртай гэдгээ байнга мэдрүүлж, хуралдаа хэрэгтэй хүн гэдгийг ойлгуулах нь зүйтэй (2 Кор. 8:8).
19 Ах дүүстээ туслахын хэрээр өгөхийн жаргал эдэлдэг. Түүнчлэн бусдыг ойлгож сурна, тэвчээртэй болно. Өөр хэнд ач тустай вэ? Хурлын бүх гишүүн бие биеэ улам их хайрладаг болно. «Сул дорой нэгэндээ тус болдог» бол, хамгийн гол нь, Еховаг дууриаж байгаа хэрэг. Хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань хүн нэг бүрийг эрхэмлэн үздэг (Үйлс 20:35).
a Чарлз Дарвин «Хүний гарал үүсэл» номдоо биеийн зарим эрхтнийг «үүрэггүй» хэмээн бичжээ. Мухар олгой, сэрээ булчирхай гэх зэргийн хэрэгцээгүй эрхтэн олон гэж эволюцийн онолч өөр нэг хүн хэлжээ.
b Нэрийг өөрчлөв.