Нэгдүгээр Коринт
5 Харь үндэстнүүдийн дунд ч гардаггүй тийм садар самуун* явдалд орооцолдсон хүн та нарын дунд байгааг би дууллаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй амьдардаг гэнэ. 2 Энэ явдлаар та нар бахархаад байгаа юм уу? Харамсан гашуудаж, тэр этгээдийг дундаасаа зайлуулах ёстой биш үү? 3 Би биеэрээ биш боловч сэтгэлээрээ та нартай хамт байна. Тиймээс би дунд чинь байгаа мэтээр тэр этгээдийг шүүчихээд байна. 4 Эзэн Есүсээс эрх мэдэл авсныг, сэтгэлээрээ хамт байгааг минь мэддэг та нар Эзэн Есүсийн дагалдагчдын хувьд* цуглахдаа 5 нүгэл үйлдсэн тэр хүний муу нөлөөг үгүй болгож, хурлынхныг Эзний өдөр болтол зөв үзэлтэй байлгахын тулд түүнийг Сатанд тушаа.
6 Бардамнах нь сайн юм биш ээ. Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй юү? 7 Та нар шинэхэн зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгөө хая. Уг нь, та нар бол исгээгүй гурил юм. Яагаад гэвэл бидний Дээгүүр өнгөрөх баярын хурга буюу Христ тахил болгон өргөгдсөн. 8 Тиймээс Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхдээ хуучин хөрөнгө ч, нүгэл болон хорон мууг бэлгэддэг хөрөнгийг ч хэрэглэхгүй байцгаая. Харин сайн болон үнэнийг бэлгэддэг исгээгүй талх идэцгээе.
9 Садар самуун* явдалтай хүмүүсээс холбоогоо тасал гэж бичсэн минь 10 энэ ертөнцийн садар самуун* явдалтай, шуналтай, дээрэмчин, шүтээн шүтдэг хүмүүстэй харьцаж огт болохгүй гэсэн үг биш ээ. Харьцаж болохгүй бол та нар хүний нийгмээс бүрмөсөн ангид байх ёстой болно шүү дээ. 11 Харин Христийн дагалдагч болсон хэр нь садар самуун* явдалтай, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтдэг, эсвэл үг хэлээр дайрч доромжилдог, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнээс холбоогоо тасал гэсэн үг юм. Тийм хүнтэй хамт хоол идэж ч болохгүй гэсэн үг. 12 Хурлын гишүүн бус хүнийг шүүх хэрэг надад хамаатай гэж үү? Та нар хурлын гишүүнийг шүүх ёстой. 13 Гадны хүнийг Бурхан шүүнэ. «Өнөөх бузар хүнийг дундаасаа зайлуул».