Ёоханд илчилсэн нь
17 Долоон аягатай долоон тэнгэрийн элчийн нэг нь ирээд надад ийн хэлэв. «Нааш ир, их усан дээр сууж буй агуу янхныг хэрхэн шүүхийг чамд үзүүлье. 2 Дэлхийн хаад энэ янхантай садарлан самуурч*, дэлхийн хүмүүс түүний садар самуун* явдлын дарснаас ууж согтсон билээ».
3 Тэгээд тэр тэнгэрийн элч намайг Бурхны агуу хүчээр цөлд аваачив. Долоон толгойтой, арван эвэртэй, час улаан өнгөтэй, Бурхныг доромжилсон нэрсээр дүүрэн араатан дээр сууж буй эмэгтэйг би харлаа. 4 Эмэгтэй ягаан, улаан өнгийн хувцас өмсөж, алт, үнэт чулуу, сувдаар гоёсон бөгөөд жигшүүрт юм, садар самуун* явдлынхаа бузар булай юмаар дүүргэсэн алтан аяга барьсан байлаа. 5 Мөн духан дээр нь «Янхнуудын болон дэлхийн жигшүүрт юмсын эх Агуу Вавилон» гэсэн нууц нэр бичээстэй ажээ. 6 Тэрээр ариун хүмүүс болон Есүсийн гэрчүүдийн цуснаас ууж согтсоныг би харав.
Би түүнийг хараад мэл гайхав. 7 Тиймээс тэнгэрийн элч надад «Чи юунд гайхна вэ? Би чамд энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгой, арван эвэртэй араатны нууцыг хэлж өгье. 8 Чиний харсан араатан байсан боловч байхгүй. Гэхдээ удахгүй ёроолгүй нүхнээс гарч ирэх бөгөөд устаж үгүй болно. Араатан байсан ч байхгүй болоод дахин гарч ирэхийг дэлхийн хүмүүс хараад гайхна. Тэд бол ертөнцийн суурийг тавигдсанаас хойш нэр нь амийн номонд бичигдээгүй хүмүүс юм.
9 Үүнийг ойлгоход мэргэн ухаан хэрэгтэй. Долоон толгой нь эмэгтэйн сууж буй долоон уул юм. 10 Мөн долоон хааныг бэлгэддэг. Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй. Ирэхээрээ түр зуур байх юм. 11 Байсан ч байхгүй болсон тэр араатан бол найм дахь хаан юм. Гэхдээ энэ нь өнөөх долоогоос гарах бөгөөд яваандаа сүйрэх ажээ.
12 Чиний харсан арван эвэр бол хаанчлах эрхээ хараахан аваагүй байгаа арван хаан юм. Гэхдээ тэд араатантай хамт хаанчлах эрх авах бөгөөд энэ эрхээ нэг цагийн турш эдэлнэ. 13 Арвуулаа санаа нэгтэй учир хүч, эрх мэдлээ араатанд өгнө. 14 Тэд Хургатай тулалдах боловч Хурга тэднийг ялна. Учир нь Хурга бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Хургатай хамт байгаа дуудагдсан, сонгогдсон, үнэнч хүмүүс ч бас ялна» гэж хэллээ.
15 Тэнгэрийн элч: «Чиний харсан, янхны сууж буй ус бол ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд юм. 16 Чиний харсан арван эвэр болон араатан янхныг үзэн ядаж, сүйрүүлж, нүцгэлж, махыг нь идээд галд бүрмөсөн шатаана. 17 Үүнийг Бурхан тэдний зүрх сэтгэлд хийсэн нь санаж зорьсноо гүйцэлдүүлэхийн тулд юм. Бурхны үг биелэх цаг болтол тэд эрх мэдлээ араатанд өгнө гэсэн нэг санаатай байна. 18 Чиний харсан эмэгтэй бол дэлхийн хаадыг захирдаг агуу хот юм» гэж надад хэлэв.