СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41
«Агуу их гамшгийн» үед үнэнч байгаарай
«Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа. ЭЗЭН итгэлтэй [«үнэнч», ШЕ] хүнийг хамгаалдаг» (ДУУ. 31:23).
ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе
ТОЙМa
1, 2. а) Хүмүүн удирдагчид удахгүй юу гэж тунхаглах вэ? б) Ямар асуултын хариуг мэдэх шаардлагатай вэ?
ХҮМҮҮН удирдагчид: «Амар тайван, аюулгүй байна!» гэж дөнгөж сая зарлалаа гэж бодъё. Дэлхий ертөнц хэзээ ч ийм амар тайван байгаагүй гэж тэд бахархан ярина. Хүн төрөлхтөнд тулгарч буй бүх асуудлыг шийдвэрлэж чадахаар боллоо гэж бодуулахыг оролдоно. Тэглээ ч гэсэн дараа нь болох үйл явдлыг зогсоож чадахгүй! Яагаад? Библид зөгнөсний дагуу, «гэнэт сүйрнэ». «Тэр үед хүмүүс зугтаж огт чадахгүй» (1 Тес. 5:3).
2 Дараах чухал асуултын хариуг мэдэх шаардлагатай. «Агуу их гамшгийн» үед юу болох вэ? Тэр үед Ехова биднээр юу хийлгэх бол? Агуу их гамшгийн үед үнэнч хэвээрээ байхын тулд одоо ямар бэлтгэл хангах вэ? (Мат. 24:21).
«АГУУ ИХ ГАМШГИЙН» ҮЕД ЮУ БОЛОХ ВЭ?
3. Илчлэл 17:5, 15–18-ыг үзвэл, Бурхан «Агуу Вавилоныг» хэрхэн устгах вэ?
3 Илчлэл 17:5, 15–18-ыг уншина. «Агуу Вавилоныг» устгана! Дээр хэлсэнчлэн, хүмүүн удирдагчид энэ үйл явдлыг зогсоож чадахгүй. Яагаад? Бурхан бүх хуурамч шашныг, ялангуяа, Христ шашны ертөнцийгb устгахыг «санаж зорьсон» бөгөөд энэ бодлоо «час улаан өнгөтэй ... араатны» «арван эврийн» зүрх сэтгэлд хийнэ. Арван эвэр нь «араатныг» дэмждэг бүх засгийн газар, харин араатан нь Нэгдсэн Үндэстний Байгууллага юм (Илч. 17:3, 11–13; 18:8). Тэр засгийн газрууд хуурамч шашны эсрэг үйл ажиллагаа явуулна. Энэ нь агуу их гамшиг эхэлж буйн дохио бөгөөд дэлхий нийтийг хамарсан үнэхээр аймшигтай үйл явдал байх юм.
4. а) Улс үндэстнүүд хуурамч шашин руу довтлох болсон шалтгаанаа хэрхэн тайлбарлаж магадгүй вэ? б) Тэдгээр шашны гишүүн байсан хүмүүс яах бол?
4 Улс үндэстнүүд Агуу Вавилон руу довтлох болсон шалтгаанаа хэрхэн тайлбарлахыг бид мэдэхгүй. Амар тайван байх гэхээр шашнууд саад болдог, улс төрийн хэрэгт байнга хошуу дүрдэг эсвэл шашны байгууллагууд хэтэрхий их эд баялаг, өмч хөрөнгө хуримтлуулсан гэж хэлж магадгүй (Илч. 18:3, 7). Засгийн газрууд хуурамч шашин руу довтлохдоо бүх гишүүнийг нь устгахгүй гэж үзэх нь зүйд нийцнэ. Харин шашны байгууллагуудыг газрын хөрснөөс арчина. Тэдгээр байгууллага байхгүй болчихвол удирдагчид нь амласнаа биелүүлээгүйг гишүүд нь ойлгоно. Тэгээд тэр шашинтай ямар ч холбоогүй гэж хэлж магадгүй.
5. Ехова юу гэж амласан бэ? Яагаад?
5 Агуу Вавилоныг устгах үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэхийг Библид бичээгүй. Гэхдээ тийм ч их удахгүй нь тодорхой (Илч. 18:10, 21). Ехова өөрийн «сонгосон хүмүүс» болон жинхэнэ шашныг устгуулахгүйн тулд гамшгийн «тэр өдрүүдийн тоог» цөөлөхөө амласан (Марк 13:19, 20). Харин агуу их гамшгаас Хармагедон хүртэлх хугацаанд Ехова биднээр юу хийлгэх бол?
ЕХОВАД ҮЙЛЧЛЭГТҮН
6. Хуурамч шашнаас холбоогоо таслах нь хангалттай юу? Яагаад?
6 Агуу Вавилоноос хол бай гэж Ехова үйлчлэгчдэдээ анхааруулдгийг өмнөх өгүүллээр үзсэн. Гэхдээ Агуу Вавилоноос хол байх гэдэг нь хуурамч шашнаас холбоогоо таслаад л болчих төдий юм биш ээ. Жинхэнэ шашинд орох буюу Еховад үйлчлэх ёстой. Хоёр аргыг ярилцъя.
7. а) Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг хэрхэн чанд баримтлах вэ? б) Еврей 10:24, 25-д яагаад хамт цуглахын чухлыг онцолсон бэ? Энэ нь ялангуяа одоо яагаад чухал вэ?
7 Нэгдүгээрт, бид Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлах ёстой. Ертөнцийнхний үнэлж эрхэмлэдэг зүйлийг эрхэмлэж, хэм хэмжээг нь баримталж болохгүй. Жишээлбэл ижил хүйстний гэрлэлт, ижил хүйстэнтэй явалдах гэх зэргийн ямар ч төрлийн садар самуун явдлыг бид сайшаадаггүй (Мат. 19:4, 5; Ром 1:26, 27). Хоёрдугаарт, итгэл нэгтнүүдтэйгээ хамт Бурхнаа шүтэх ёстой. Цуглааны танхимд, шаардлагатай бол айлын гэрт, тэр байтугай нууцаар цуглах болсон ч тэдэнтэйгээ хамт байх учиртай. Юу ч тохиолдсон цуглаандаа явж, Бурхнаа шүтсээр байх ёстой. «Тэр өдөр ойртож байгаа учир» цуглах нь бүр ч чухал болоод байна (Еврей 10:24, 25-ыг уншина).
8. Ирээдүйд бид ямар мэдээ тунхаглах вэ?
8 Агуу их гамшгийн үед бид өөр мэдээ тунхаглана. Одоо бол Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэхийг хичээж байна. Харин тэр үед хөнөөл ихтэй аварга том мөндөр шиг мэдээ тунхаглана (Илч. 16:21). Сатаны ертөнц тун удахгүй бүрмөсөн устгагдана гэсэн мэдээ тарааж магадгүй. Ямар мэдээг яаж тунхаглахыг бид цаг нь болохоор мэднэ. Дэлгэрүүлэх, заах ажлаа хийхийн тулд 100 гаруй жил хэрэглэж ирсэн тэр л аргаа хэрэглэх үү? Эсвэл өөр арга хэрэглэх болов уу? Хүлээгээд, харъя. Ямар ч байсан, Еховагийн шүүх мэдээг тунхаглахын тулд зориг гаргах ёстой болох нь ээ! (Езе. 2:3–5).
9. Үндэстнүүд мэдээг маань сонсоод яах бол? Бид юунд итгэж болох вэ?
9 Үндэстнүүд мэдээг маань сонсоод биднийг бүрмөсөн дуугүй болгохыг оролдоно. Дэлгэрүүлэх ажлаа хийхэд тусална гэж бид Еховад найддаг. Тэр үед ч бас Еховад найдах хэрэгтэй. Бурхан хүсэл тааллаа биелүүлэхийн тулд биднийг «хүч чадлаар ... дүүрэн» болгоно гэдэгт итгэж болно (Мика 3:8).
ҮНДЭСТНҮҮД ДОВТЛОХ ҮЕД БЭЛЭН БАЙГААРАЙ
10. Лук 21:25–28-д зөгнөснөөр, агуу их гамшгийн үед ихэнх хүн яах вэ?
10 Лук 21:25–28-ыг уншина. Хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэвээрээ л байна гэж бодож байсан бүхэн нь агуу их гамшгийн үед задран унахыг хүмүүс хараад цочролд орно. Хүн төрөлхтний түүхийн хамгийн бараан үед амиа алдах нь гэж айж түгшинэ (Зеф. 1:14, 15). Тэр үед Еховагийн ард түмний амьдрал улам хүндрэх нь тодорхой. Ертөнцийнхөнтэй адилгүй учраас хэцүү юм үзэх байх. Амьдралын наад захын хэрэгцээт зүйлээр гачигдаж мэднэ.
11. а) Бүх ард түмэн яагаад Еховагийн Гэрчүүд рүү хамаг анхаарлаа хандуулах вэ? б) Яагаад агуу их гамшгаас айх хэрэггүй вэ?
11 Өөрсдийнх нь шашин устгагдчихаад байхад Еховагийн Гэрчүүдийн шашин ганцаараа үлдсэнийг хараад хүмүүс уурлан хорсох биз ээ. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдээлэх нь ойлгомжтой. Устагдалгүй үлдсэн ганц шашин нь Еховагийн Гэрчүүдийнх гэдгийг мэдээд хүмүүн удирдагчид болон тэдний толгойлогч Сатан биднийг үзэн ядна. Бүх шашныг газрын хөрснөөс арчина гэсэн зорилгоо биелүүлж чадаагүйгээ ойлгоод Еховагийн Гэрчүүд рүү хамаг анхаарлаа хандуулна. Үндэстнүүд эвсэн нэгдэж Магогийн Гогc болмогцоо Еховагийн ард түмэн рүү өргөн фронтоор довтолно (Езе. 38:2, 14–16). Бид агуу их гамшгийн үед юу болохыг тодорхой мэдэхгүйгээсээ болоод санаа зовж магадгүй. Гэхдээ нэг зүйлийг бүү мартаарай. Агуу их гамшгийн үед амиа алдах байх гэж айх хэрэггүй. Ехова заавар өгнө (Дуу. 34:19). Тэгэхэд бид аврагдах «цаг ойртож байгааг» ойлгоод «цэх зогсож, тэргүүнээ өргөнө».d
12. «Итгэмжит, ухаалаг боол» бидэнд хэрхэн тусалж байна вэ?
12 Агуу их гамшгийн үед үнэнч хэвээрээ байхад маань туслах зорилгоор «итгэмжит, ухаалаг боол» олон янзын ажил зохиодог (Мат. 24:45). Нэгийг нь авч үзье. 2016–2018 оны чуулганы хөтөлбөрүүдийг цагаа олсон гэж хэлж болно. Уг хөтөлбөрөөс бид Еховагийн өдөр ойртож буй энэ үед ямар зан чанарыг илүү их анхаарах хэрэгтэйг мэдэж авсан. Тэдгээрийн тухай товч ярилцъя.
ҮНЭНЧ, ТЭВЧЭЭРТЭЙ, ЗОРИГТОЙ БАЙГТУН
13. Еховад үнэнчээ хэрхэн батлах вэ? Одоо батлах нь яагаад чухал вэ?
13 Үнэнч: 2016 оны чуулган «Еховад үнэнч байгтун!» гэсэн сэдэвтэй байсан. Еховатай маш дотно хүн түүнд үнэнч байдгийг уг чуулганаар онцолсон. Чин сэтгэлээсээ залбирч, Үгийг нь нямбай судалбал Еховатай дотносно гэдгийг сануулсан. Ийнхүү дотносвол ямар ч саадыг давж чадна. Сатаны ертөнцийн төгсгөл ойртох тусам бидэнд улам хэцүү асуудал тулгарч Бурханд болон Бурхны Хаант төрд үнэнч эсэх маань соригдох нь зайлшгүй. Биднийг элэглэн дооглохоо болихгүй биз ээ (2 Петр 3:3, 4). Ялангуяа төвийг сахидгаас маань болж улам бүр дооглон тохуурхах нь лавтай. Одоо л чин үнэнч байвал агуу их гамшгийн үед үнэнч байж чадна.
14. а) Бурхны байгууллагын дэлхий дэх хэсгийн удирдлага хэрхэн өөрчлөгдөх вэ? б) Бид тэр үед яагаад үнэнч байх шаардлагатай вэ?
14 Агуу их гамшгийн үед Бурхны байгууллагын дэлхий дэх хэсгийн удирдлага өөрчлөгдөнө. Дэлхий дээр байгаа тослогдогсод бүгдээрээ Хармагедон хэмээх дайнд оролцохын тулд тэнгэрт гарна (Мат. 24:31; Илч. 2:26, 27). Тэгэхээр Удирдах Зөвлөл байхгүй болно гэсэн үг. Гэхдээ үй олон хүн зохион байгуулалттай хэвээрээ байна. «Өөр хоньдын» тоонд багтдаг чадварлаг ах нарт удирдах үүрэг оногдоно. Бид тэднийг дэмжиж, Бурхнаас авсан зааврыг нь дагавал Бурханд үнэнчээ батална. Эсэн мэнд үлдье гэвэл тэдэнд дуулгавартай байх шаардлагатай!
15. Улам илүү тэвчээртэй болохын тулд одооноос яах хэрэгтэй вэ? Энэ нь яагаад чухал вэ?
15 Тэвчээр: 2017 оны чуулган «Бүү бууж өг!» гэсэн сэдэвтэй байсан. Бид энэ чуулганд суугаад зовлонг тэвчих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэйг ойлгосон. Тэвчээртэй байх эсэх нь нөхцөл байдлаас шалтгаалдаггүйг бид мэдэж авсан. Еховад найддаг бол тэвчээртэй байдаг (Ром 12:12). «Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана» хэмээн Есүсийн хэлснийг хэзээ ч мартахгүй байцгаая (Мат. 24:13). Ямар ч бэрхшээл тохиолдсон, бид үнэнч хэвээрээ байх ёстой гэсэн үг. Тулгарч буй бэрхшээл бүрийг даван туулаад байвал агуу их гамшиг эхлэхээс өмнө илүү их сэтгэлийн тэнхээтэй болно.
16. Зоригтой байхын тулд яах хэрэгтэй вэ? Яавал Еховад илүү их найддаг болох вэ?
16 Зориг: 2018 оны чуулган «Зоригтой байгтун!» гэсэн сэдэвтэй байсан. Чадвартай хүн зоригтой байдаг юм биш гэдгийг бид энэ чуулганаас мэдэж авсан. Еховад найдвал тэвчээртэй болдгийн адил, зоригтой байхын тулд Еховад найдах учиртай. Яавал Еховад илүү их найддаг болох вэ? Үгийг нь өдөр бүр уншиж, эртний үйлчлэгчдээ хэрхэн аварч байсныг нь эргэцүүлэн бодох хэрэгтэй (Дуу. 68:20; 2 Петр 2:9). Үндэстнүүд агуу их гамшгийн үед бидэн рүү дайрахад зоригтой байх хэрэгтэй болно. Мөн Еховад урьд урьдынхаас илүү их найдах шаардлага гарна (Дуу. 112:7, 8; Евр. 13:6). Одоо Еховад найддаг бол Гогийн довтолгооны үед зоригтой байна.e
АВРАГДАХ ЦАГАА ХҮЛЭЭГТҮН
17. Яагаад Хармагедоноос айх хэрэггүй вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).
17 Бидний ихэнх нь эцсийн өдрүүдэд амьдарч насаа элээж байгааг өмнөх өгүүлэлд дурдсан. Түүнээс гадна, бид агуу их гамшгийг эсэн мэнд давна гэж найддаг. Хармагедон бол өнөөгийн тогтолцооны төгсгөлийн үеийн эцсийн мөч юм. Гэлээ ч айх хэрэггүй. Яагаад? Энэ бол Бурхны дайн, бид тэмцэх шаардлагагүй (Сур. 1:33; Езе. 38:18–20; Зех. 14:3). Еховаг дохио өгмөгц Есүс Христ цэргүүдээ удирдан тулаанд орно. Их цэрэг нь амилсан тослогдогсод болон тэнгэрийн элч нараас бүрдэнэ. Тэд Сатантай, чөтгөрүүдтэй, дэлхий дэх цэргүүдтэй дайтна (Дан. 12:1; Илч. 6:2; 17:14).
18. а) Ехова юуг батлан хэлсэн бэ? б) Ирээдүйдээ итгэлтэй байх ямар шалтгаан Илчлэл 7:9, 13–17-д байдаг вэ?
18 «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэж Ехова батлан хэлсэн (Ис. 54:17). Еховагийн үнэнч үйлчлэгчдээс бүрддэг «үй олон хүн» «агуу их гамшгийг туулж» эсэн мэнд үлдэнэ! Тэгээд Бурхандаа үйлчилнэ (Илчлэл 7:9, 13–17-г уншина). Ирээдүйд аврагдана гэдэгтээ итгэх олон шалтгааныг Библи хэлж өгдөг. Ехова «итгэлтэй хүнийг хамгаалдгийг» бид мэднэ (Дуу. 31:23). Ехова ариун нэрээ цэвэрлэхэд түүнийг хайрладаг, магтан алдаршуулдаг бүхэн баярлана (Езе. 38:23).
19. Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
19 Сатаны нөлөөнөөс ангижирсан шинэ ертөнцөд амьдрах хүмүүсийг 2 Тимот 3:2–5-д юу гэж бичихийг төсөөл дөө («Хүмүүс ирээдүйд ямар байх вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Удирдах Зөвлөлийн гишүүн асан Жорж Гангэс: «Хүн болгон Еховаг шүтдэг болох цагт дэлхий ямар гайхалтай байх бол оо! Удахгүй та бүхэн шинэ ертөнцөд амьдрах завшаан эдэлнэ. Ехова шиг урт насална. Мөнх амьдарна» гэжээ. Ямар сайхан ирээдүй вэ!
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
a Тун удахгүй дэлхийг хамарсан «агуу их гамшиг» болно. Тэр үед Еховагийн үйлчлэгчдэд юу тохиолдох вэ? Ехова биднээр юу хийлгэх бол? Одоо ямар зан чанарыг анхаарвал үнэнч байж чадах вэ? Энэ өгүүллээс мэдэж авъя.
b ҮГИЙН ТАЙЛБАР: Христ шашны ертөнц нь Христийн гэгддэг шашнуудаас бүрддэг. Тэд Христийг дагадаг гэдэг ч Еховаг хэм хэмжээнийх нь дагуу шүтэхийг хүмүүст заадаггүй.
c ҮГИЙН ТАЙЛБАР: Магогийн Гог (товчилбол Гог) гэдэг нь агуу их гамшгийн үед цэвэр шүтлэгийн эсрэг тэмцэх эвсэн нэгдсэн үндэстнүүд юм.
d Хармагедоны өмнө болох бүх үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7-р сарын 15-ны дугаарын 3–8-р хуудаснаас үзнэ үү. Магогийн Гогийн довтолгооны тухай, мөн Ехова Хармагедоны үед ард түмнээ хэрхэн хамгаалах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 7-р сарын 15-ны дугаарын 14–19-р хуудаснаас үзээрэй.
e Еховагийн хайр халамж, хамгаалалтад байдаг хүн аюулгүй байдгийг «Хайр хэзээ ч дуусдаггүй!» гэсэн сэдэвтэй 2019 оны чуулган онцлон тэмдэглэдэг (1 Кор. 13:8).
f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Агуу их гамшгийн үед хэдэн Гэрч ойд цуглаанаа хийж байна.
g ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховагийн үнэнч үйлчлэгчдээс бүрддэг үй олон хүн агуу их гамшгийг эсэн мэнд давж, баярлан баясна!