Матайн бичсэн сайн мэдээ
27 Өглөө болоход ахлах тахилчид, ард олны ахлагчид бүгдээрээ Есүсийг алуулахаар зөвлөлджээ. 2 Түүнийг хүлж авч яван захирагч Пилатад тушаав.
3 Есүст алах ял оноохыг харсан урвагч Юудас харамсаж 30 мөнгөн зоосыг ахлах тахилчид, ахлагчдад буцаан өгч 4 «Гэмгүй хүнийг та нарт барьж өгснөөрөө би нүгэл үйлджээ» гэхэд нь тэд: «Чиний хэрэг бидэнд хамаагүй!» гэжээ. 5 Юудас мөнгөн зооснуудыг чулуудчихаад сүмээс гарч яван өөрийгөө дүүжилжээ. 6 Харин ахлах тахилчид мөнгөн зооснуудыг аваад «Хүний амь хөнөөлгөхөөр* өгсөн энэ мөнгийг сүмийн эрдэнэсийн санд хийх ёсгүй» гэцгээн 7 хэлэлцэж байгаад харийн хүмүүсийг оршуулах газар болгохоор ваарчны талбайг худалдаж авав. 8 Тиймээс тэр талбайг одоо ч Цуст талбай гэдэг. 9 Энэ нь зөнч Иеремиагийн хэлсэн нь биелсэн хэрэг байв. Тэрээр: «Нэгэн хүний үнэ болгон Израйлын хөвгүүдийн тогтоосон 30 мөнгөн зоосыг тэд авч 10 ваарчны талбайг худалдан авсан нь Еховагийн* надад тушааснаар болсон» гэжээ.
11 Есүсийг авчрахад захирагч: «Та иудейчүүдийн Хаан юм уу?» гэж асуухад Есүс: «Та өөрөө ч хэлж байна» гэжээ. 12 Харин ахлах тахилчид, ахлагчид өөрийг нь буруутгахад Есүс юу ч хариулсангүй. 13 Тэгэхэд нь Пилат: «Таныг олон юмаар буруутгаж байгааг дуулахгүй байна уу?» гэж асуусан ч 14 Есүс нэг ч үг хэлсэнгүй. Захирагч үүнд их гайхжээ.
15 Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байлаа. 16 Тэр үед Бараб гэгч зартай этгээд хоригдож байв. 17 Ард олныг цуглахад Пилат: «Та нар хэнийг суллуулмаар байна вэ? Барабыг уу? Эсвэл Христ гэгддэг Есүсийг үү?» гэж асуужээ. 18 Есүст атаархсандаа барьж өгснийг Пилат мэдэж байлаа. 19 Бас шүүгчийн суудалдаа сууж байхад нь «Тэр гэмгүй хүнд юу ч бүү хий. Би түүнийг зүүдлээд ихэд шаналлаа» хэмээн эхнэр нь хэлүүлжээ. 20 Харин ахлах тахилчид, ахлагчид Барабыг суллуулж, Есүст үхлийн ял оноохыг гуйлгахаар ард олныг ятгажээ. 21 Захирагч: «Энэ хоёрын хэнийг суллуулмаар байна вэ?» гэж дахин асуухад «Барабыг» гэцгээв. 22 Пилат: «Тэгвэл Христ гэгддэг Есүсийг би яах болж байна вэ?» гэхэд бүгд л «Шонд хад!» гэлээ. 23 «Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?» гэж Пилатыг асуухад «Шонд хад!» гэж улам чанга хашхирч байлаа.
24 Хэлсэн үг нь нэмэр болоогүйг, харин ч ард олон дуугаа өндөрсгөн хашхирч байгааг Пилат хараад ус авчруулж, хурсан олны өмнө гараа угаан «Гэмгүй хүний үхлийн* буруутан нь би биш. Та нар хариуцлагыг нь хүлээнэ шүү» гэхэд 25 ард олон: «Бид болон үр хүүхэд маань хүлээнэ*» гэж хариулжээ. 26 Тэгэхэд Пилат Барабыг суллаж, харин Есүсийг ташуурдуулав. Тэгээд шонд хадуулахаар өгчээ.
27 Захирагчийн цэргүүд Есүсийг захирагчийн ордны хашаанд авчраад бүх цэргийг цуглуулж, түүнийг тойруулан зогсоов. 28 Тэд хувцсыг нь тайлж, час улаан өнгийн нөмрөг нөмрүүлж, 29 өргөст ургамлаар титэм сүлжээд толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс бариулав. Тэгээд өмнө нь сөхөрч суугаад «Иудейчүүдийн Хаан таны амрыг эрье!» гэж доромжлон гутаав. 30 Тэгснээ Есүс рүү нулимцгааж, бариулсан хулсаа авч толгойг нь цохицгоожээ. 31 Ингэж доромжилсныхоо дараа нөмрөгийг нь тайлж аваад гадуур хувцсыг нь өмсгөж, шонд хадахаар авч явлаа.
32 Тэд замдаа тааралдсан Күрений Симон гэгч хүнийг албадаж Есүсийн тарчлаах шонг* үүрүүлэв. 33 Гавал гэсэн утгатай Голгота гэдэг газар ирээд 34 түүнд гашуун өвстэй дарс өгөхөд амсаж үзээд уусангүй. 35 Цэргүүд Есүсийг шонд хадав. Тэд шодож байгаад гадуур хувцсыг нь хувааж аваад 36 манаж суужээ. 37 Буруутгасны учрыг бичсэн пайзыг толгойнх нь дээд талд хаджээ. Тэнд «Энэ бол иудейчүүдийн Хаан Есүс» гэсэн байв.
38 Хоёр дээрэмчнийг Есүсийн баруун, зүүн талын шонд хаджээ. 39 Хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс толгой сэгсрэн Есүсийг доромжилж 40 «Сүмийг нурааж гурван өдрийн дотор барьдаг хүн гуай, өөрийгөө авраач! Бурхны хүү мөн юм бол тарчлаах шонгоосоо* буугаач!» гэж байв. 41 Ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид түүнийг доромжлон 42 «Бусдыг аварсан мөртлөө өөрийгөө аварч чаддаггүй ээ! Энэ чинь Израйлын Хаан биз дээ. Тарчлаах шонгоосоо* буугаад ирэг, тэгвэл түүнд итгэе. 43 Энэ хүн Бурханд найддаг биз дээ. Хэрэв Бурхан түүнийг таалалдаа багтаадаг юм бол одоо л авраг. “Би бол Бурхны Хүү” гэж өөрөө хэлсэн биз дээ» хэмээцгээв. 44 Хажуугийнх нь шонд хадуулсан хоёр дээрэмчин ч Есүсийг бас тийн доромжилж байлаа.
45 Зургаадугаар цагаас* есдүгээр цагийн* хооронд тэр нутаг даяар харанхуй болжээ. 46 Есдүгээр цагийн алдад Есүс чанга дуугаар «Эли, Эли, лама сабахтани?» гэж хэлэв. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэсэн үг ажээ. 47 Тэнд байсан хүмүүсийн зарим нь үүнийг дуулаад «Энэ хүн Елиаг дуудаж байна» гэжээ. 48 Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөнд исгэлэн дарс шингээгээд хулсанд торгоон Есүст уулгахаар өгөв. 49 Тэгтэл бусад нь «Байз! Елиа аврахаар ирэх эсэхийг харъя» гэлээ. 50 Есүс дахин чанга хашхираад амьсгаа хураав.
51 Тэгтэл сүмийн хөшиг дээрээсээ доош урагдан хоёр хэсэг болж, газар хөдөлж, хад чулуу хагарчээ. 52 Булшнууд нээгдэж, нас барсан ариун хүмүүсийн цогцос ил гарсныг 53 олон хүн харжээ. (Есүсийг амилсны дараа, оршуулгын газар байсан хүмүүс ариун хот* руу очсон*)* 54 Харин цэргийн дарга, мөн Есүсийг манаж байсан хүмүүс газар хөдлөхийг болон бусад бүх явдлыг хараад ихэд айн «Энэ хүн үнэхээр Бурхны Хүү байжээ» гэцгээв.
55 Бас Галилаас Есүсийг дагаж гараад түүнд тусалж байсан олон эмэгтэй холоос харж байлаа. 56 Тэдний дунд Магдалын Мариа, Яаков Ёос хоёрын эх Мариа, Зебедэйн эхнэр байв.
57 Орой нь, Есүсийн шавь болсон Аримат нутгийн Иосеф гэгч баян хүн ирж 58 Пилатад бараалхан Есүсийн шарилыг гуйхад Пилат өгөхийг тушаажээ. 59 Иосеф шарилыг цэвэрхэн, сайн чанарын маалинган даавуунд ороож авч яваад 60 хад ухаж хийсэн шинэ булшиндаа тавив. Тэгээд том чулуу өнхрүүлэн амыг нь таглаад явжээ. 61 Харин Магдалын Мариа нөгөө Мариа хоёр булшны урд талд суусаар үлджээ.
62 Энэ явдал Бэлтгэлийн өдөр болжээ. Маргааш нь Амралтын өдөр болоход ахлах тахилчид, фарисайчууд Пилатын өмнө цуглаж 63 «Захирагч аа, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурван өдрийн дараа амилна” гэж байсныг бид санаж байна. 64 Тэгэхээр, та булшийг гурав дахь өдөр нь болтол манахыг тушаана уу. Эс бөгөөс шавь нар нь ирж түүнийг хулгайлж авчихаад “Есүс амилсан!” гэж ард олонд хэлж мэднэ шүү. Тэгвэл олон түмэн урьдынхаасаа ч илүү мэхлэгдэнэ» гэхэд 65 Пилат: «Харуул авч яваад сайн мануул» гэжээ. 66 Тэгээд тэд булш руу очиж чулууг лацдаад харуул зогсоов.