Хаггаи
2 Долоо дахь сарын 21-ний өдөр Ехова зөнч Хаггаид ийн хэлэв. 2 «Шеалтиелын хүү, Иудагийн захирагч Зеруббабел, Иехозадакийн хүү, тэргүүн тахилч Иошуа болон бүх ард түмнээс ийн асуугаарай. 3 “Энэ өргөө* урьд нь ямар сүрлэг байсныг харсан хүн та нарын дунд байна уу? Тэгтэл одоо ямар харагдаж байна вэ? Өмнөхтэй нь харьцуулахын аргагүй байгаа биз дээ?
4 Зеруббабел аа, зоригтой бай. Иехозадакийн хүү, тэргүүн тахилч Иошуа, зоригтой бай” гэж Ехова тунхаглаж байна.
“Энэ нутгийн ард түмэн та нар, бүгдээрээ зоригтой байж ажиллагтун” гэж Ехова тунхаглаж байна.
“Учир нь би та нартай хамт байна” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна. 5 “Та нарыг Египетээс гарахад юу гэж амласныг минь, одоо ч агуу хүчээрээ та нарыг удирдан чиглүүлж байгааг минь сана. Бүү ай!
6 Би удахгүй тэнгэр, газар, тэнгис, хуурай газрыг дахин нэг удаа сэгсэрнэ” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
7 “Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэгэхэд бүх үндэстнээс үнэтэй нь цуглана. Би энэ өргөөг сүр жавхлангаар дүүргэнэ” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
8 “Мөнгө ч минийх, алт ч минийх” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
9 “Энэ өргөө урьдынхаасаа илүү сүр жавхлантай болно” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
“Би энэ газарт амар тайвныг соёрхоно” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна».
10 Дариус хааны хоёр дахь жилийн ес дэх сарын 24-ний өдөр Ехова зөнч Хаггаид 11 «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би ийн айлдаж байна. “Тахилчдаас хуулийн тухайд 12 «Хэрэв хүн хувцасныхаа хормойд ариун мах хийгээд авч явж байтал хувцас нь талх, шөл, дарс, тос юм уу өөр ямар нэгэн хүнсэнд хүрвэл тэр юм ариусах уу?» гэж асуугаарай”» гэж хэлэв.
Тахилчид: «Ариусахгүй» гэж хариулжээ.
13 Хаггаи тэгэхэд нь «Тэгвэл цогцост хүрээд бузартсан хүн тэдгээрийн аль нэгэнд хүрвэл тэр юм нь бузартах уу?» гэж асуув.
Тахилчид: «Бузартана» гэж хариулжээ.
14 Хаггаи хариуд нь ингэж хэлэв. «Ехова ийн тунхаглаж байна. “Тэгвэл энэ ард түмэн, энэ үндэстэн миний өмнө яг ийм байдалтай байна. Тэдний үйлс бүхэн ийм л байдаг. Тэнд тэд юу ч өргөсөн тэр нь бузар юм.
15 Гэхдээ өнөөдрөөс үүнийг нухацтай бодоорой. Еховагийн сүм нэг чулуу нь нөгөө чулуун дээр тавигдахаас өмнө 16 ямар байсан билээ? Хүн 20 хэмжүүр тариа байгаа гэж бодоод тариан овоон дээр очтол 10 хэмжүүр л байдаг байсан. Дарсны шахуургын тосгуураас 50 хэмжүүрийг авна гээд очтол 20 хэмжүүр л байдаг байсан. 17 Би та нарыг болон хүчээ зарж ургуулсан бүхнийг чинь халуун салхи, хөгц, мөндрөөр нэрвэсэн хэдий ч та нарын нэг нь ч над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
18 Бас тэрбээр: “Иймээс үүнийг нухацтай бодоорой. Өнөөдрөөс, ес дэх сарын 24-ний өдрөөс, Еховагийн сүмийн суурь тавигдсан өдрөөс үүнийг нухацтай бод. 19 Агуулахад чинь үр байна уу? Усан үзэм, инжир, анар, чидуны мод жимслээгүй байгаа биз дээ? Тэгвэл өнөөдрөөс би ивээнэ” гэж айлдаж байна» гэв.
20 Уг сарын 24-ний өдөр Ехова хоёр дахь удаагаа Хаггаид үгээ айлдлаа. 21 «Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэлэгтүн. “Би тэнгэр газрыг сэгсрэх гэж байна. 22 Би хаадын сэнтийг хөмөрч, үндэстнүүдийн хүчийг үгүй хийнэ. Би морин тэргийг морьтонтой нь хөмөрнө. Морьд нь үхэж, морьтнууд нь бие биеэ илдээр хөнөөнө”.
23 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тунхаглаж байна. “Шеалтиелын хүү Зеруббабел аа, тэр өдөр би чамайг өөртөө дахин үйлчлүүлнэ” гэж Ехова тунхаглаж байна. “Чи бол миний сонгосон хүн. Иймээс би чамайг тамгат бөгж мэт болгоно” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна» гэжээ.